Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2018/00141

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М-ийн гаргасан,

Хариуцагч: Ш-д холбогдох,

 

гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр,

 

нэхэмжлэгч М-аас холбогдуулан илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахуун төлбөр нийт 2 260 367 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ш-ийн сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч Ш-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Мөн хариуцагч Ш нь гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг нэхэмжлэгч М-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Мнь Ш ХК-тай 15 496 800 төгрөгийг үнийн дүн бүхий ШО-17--- тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шивээ Овоо ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг /гучин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуун наян гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг авахаас:

1. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/

2. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг Ш шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 8 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэлүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Ш-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон. Иймд Мнь Ш-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна. Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 нийт 11 130 365,94 төгрөгийг Ш-аас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мнь 2017 оны 01 дүгээр сарын 02, 01 дүгээр сарын 09-ны өдрүүдэд Ш ХХК-тай сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сэлбэгээ цаг хугацаанд нь, зарлагын баримтаа үйлдэж, эрх бүхий ажилтнаар нь гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш олон удаа барааны төлбөрийг нэхэж албан бичиг, төлбөрийн даалгавар өгсөн боловч төлбөрөө төлөөгүй утл шүүхэд төлбөрөө гаргуулах нэхэмжлэлээ гаргасан. Тухайн нэхэмжлэлдээ 2 гэрээний үлдэгдэл, өмнөх оны гэрээний үлдэгдэл, эдний шилжүүлсэн мөнгийг хасахаар Ш ХХК манай компанид 7 917 333 төгрөг 20 мөнгөний өртэй, дээр нь төлбөрийг цаг хугацаанд шилжүүлээгүй тул гэрээний 4.2-т зааснаар 30 хоног хэтэрсэн учир 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцож 2 934 710 төгрөг 74 мөнгө, Ш-д албан бичиг, нэхэмжлэх, зарлагын падаан хүргэж өгөхөөөр очиход гарсан зардал 265 772 төгрөг, шүүхэд материалаа бүрдүүлж өгөхөд нотариатаар батлуулахад гарсан зардал 12 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлахаас өмнө гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг дутагдлыг арилгах үүрэгтэй. Түүнийг гэрээний 3.2-т зааснаар манайд 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж байна. Гэтэл Ш манай бүтээгдэхүүнийг чанарын доголдолтой гэдгийг тодорхойлж чадаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй байж гэрээг цуцалсныг ойлгохгүй байна. Тиймээс Ш дангаараа гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Ш төлбөрөө шилжүүлэхдээ тийм гэрээний төлбөр шүү гэж шилжүүлээгүй, адилхан бөөнд нь шилжүүлдэг байсан. Ш-ийн шилжүүлсэн төлбөрийг Мхүлээж авсан. Нягтлан бодох бүртгэлийн үнийн дүнгээр 7 917 383 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр нь он сарынхаа хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл гэж үзэж байна. Ш эхлээд өмнөх гэрээний төлбөрийг төлж дуусгасны дараа сүүлд байгуулсан гэрээний төлбөрийг төлдөг байх гэж бодож байна. ШО-17-02 дугаартай гэрээ нь эхэлж байгуулагдсан, ШО-17--- дугаартай гэрээ нь дараа нь байгуулагдсан. Дугаарынхаа хувьд бол ШО-17-03 дугаарын үлдэгдэл төлбөр гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж Ү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ш-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээний баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. Ш нь барааг хүлээж авчихаад өөрсдийн дотоод үйл ажиллагааны бурууг өөр компаниас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эд нар тооцооллын аргаар гаргасан болохоос биш бодит байдлаараа илүү төлсөн юм байхгүй гэв.

            Хариуцагч Ш-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш, М ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ШО17/02/-- худалдах, худалдан авах гэрээгээр ЭШ25-90 экскаваторын явах цилиндрийн түгжээ, кольцо гэх барааг 8 500 000 төгрөөр НӨАТ шингээгүй үнээр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулагдсан боловч Ш-д Мнь гэрээнд заагдсан хугацаа болон үүргийн дагуу сэлбэгийг шилжүүлж хүлээлгэж өгөөгүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно, 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэсний дагуу гэрээний 1.1-т Худалдагч нь хавсралтанд заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй сэлбэг эд материал, түүний бусад бичиг баримтыг хамт худалдан авагчид шилжүүлэх ба худалдан авагч нь барааг хүлээн авснаар төлбөрийг хийнэ гэсэн эхний заалт, 3.1-т Худалдагчаас нийлүүлж байгаа бараа үйлдвэрлэгчийн мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна, 4.2-т худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор шилжүүлнэ, 3.2-т Худалдан авагч гэрээний дагуу ирсэн барааг шалгаж авах, 6.2-т Барааг хүлээн авахдаа тоо чанар иж бүрдэлийг шалгаж, акт үйлдэж зохих бичиг баримтыг бүрдүүлнэ, 7.2-т Худалдан авагч барааг хүлээн авах акт үйлдсэн бол барааг бүрэн хүлээн авсанд тооцно гэж гэрээнд заасан боловч Мүүргээ зөрчсөн. Яагаад гэвэл Мнийлүүлэх ёстой явах эд ангийн цилиндр гэх зүйлийг талууд акт үйлдэж хүлээн авахаар тохиролцожээ. Гэтэл Мнь нийлүүлсэн гэх сэлбэгээ ямар нэгэн байдлаар акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Гэрээний 11.1-т гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж акт үйлдэж тооцоо нийлснээр дуусна. Ийм зүйл байхгүй. Гэрээний анхны үүрэг буюу акт үйлдэнэ гэдгээ биелүүлээгүй, хүлээлгэж өгсөн гэдгээ нотолсон баримтыг Мгаргаж өгөөгүй. Харин Ш-аас гэрээ цуцалсан мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Гэрч нарын мэдүүлэг байгаа Батмөрөн, Ариунзул, Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, планец гэх төмрийн сорьцыг шалгасан тодорхойлолт, Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх,нөөц бүрдүүлэх, орлогод авах зарлага гаргах журам-ын 7.2, 7.3, 7.5-т зааснаар гэрч Ариунзулын мэдүүлэгтэй уялдаж байгаа. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төлбөр төлөх болон алданги тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу барааны үнэ, алдангийг зөвшөөрөхгүй байна. Ирж буцах зардал гэж хавтаст хэргийн 8-р талд НӨАТын баримтууд байгаа. Ямар учраас Ш-нд ирж буцсан юм, энэ баримтууд нь юуг нотлох гээд байгаа тэр нь тодорхойгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Нотариатын зардал байгаа Ш энийг хариуцахад бол хэцүү, Ш бол Монголын конвейерын тээвэр ХХК-тай 3 төрлийн гэрээ байгуулсан. 2017 онд 2 гэрээ байгуулсан 1 гэрээний төлбөрийг хүлээж аваад төлөх ёстой гээд шилжүүлсэн, урд оны үлдэгдэл гэрээний төлбөрийг бас шилжүүлсэн, ганцхан энэ явах эд ангийн түгжээ, кольцо гэх зүйлийг Ш хүлээж аваагүй гэрээний үүрэг биелэгдээгүй учраас шүүхэд өгөхөд гарсан зардлыг Ш төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Ш шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр М ХХК, Ш-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/-- дүгээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна. Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж Ш нь 6.459.983 төгрөгний үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд Мтүрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827.750 төгрөгний үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. Ш, М ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23.389.400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23.389.400 төгрөгөөс ШО17-2/-- гэрээний төлбөр 15.496.800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6.459.983 төгрөг хасч тооцоход 1432617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1432617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөг нийт 2.260.367 төгрөгийг М ХХК-аас гаргуулж Ш-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөгийн шаардлагаа дараа нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд гаргана гэсэн үндэслэлээр татан авч байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М нь хариуцагч Ш-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш нь нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй, гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч нэхэмжлэгч талаас авах авлагатай байна хэмээн гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хувьд дүгнэхэд:

1.Худалдагч М ХХК, худалдан авагч Ш нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг бүр нь 1 512 000 төгрөгийн үнэ бүхий нийт 7 560 000 төгрөгийн редукторын 88-тай том араа 5 ширхэг, мөн нэг бүр нь 1 088 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 528 000 төгрөгийн редукторын жижиг араа 6 ширхэг, нийт 14 088 000 төгрөг дээр НӨАТ тооцож, бүгд 15 496 800 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17--- дугаартай,

2.мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо 8 500 000 төгрөгийн үнэ дээр НӨАТ тооцож, бүгд 9 350 000 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-02 дугаартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна.

Худалдан авагч нь дээрх 2 гэрээний үүргийг 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биелүүлж, барааг худалдан авагчийн эрх бүхий албан тушаалтанд зарлагын баримтанд гарын үсэг зуруулж, бодитоор хүлээлгэн өгсөн болох нь 01, 02 тоот зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

Хариуцагч гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ШО-17-02 дугаартай гэрээгээр нийлүүлсэн экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо нь дагалдах бичиг баримтгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, манайд гэрээний дагуу акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, орлогод аваагүй, гэрээг цуцалсан тул төлбөр төлөхгүй хэмээн маргана.

 

Маргаан бүхий барааны чанарын талаар гэрээний 3.1-т худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна гэж заасан хэдий ч барааны гангийн чанарын талаар урьдчилж ярилцаж тохиролцоогүй болох нь хэн алиных нь тайлбараар тогтоогдож байна.

 

Гэхдээ худалдагчаас нийлүүлсэн бараа нь зориулалтын дагуу ашиглахад чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Батмөрөнгийн ...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МЕТ-У1А маркийн багажаар хэмжиж шалгахад гангийн хатуулаг нь НВ-145, гангийн марк нь ойролцоогоор 15-тай байсан. Энэ нь чанарын шаардлага хангахгүй, хром багатай махан төмөрт тооцогдоно гэсэн, гэрч Д.Мөнх-Эрдэнийн ...хатуулгыг бриннеллийн аргаар хэмжихэд дунджаар 145 гэсэн хэмжээтэй гарч байсан. ЭШ-25/90 экскаваторт ашиглах кольцог интернэтээс харахад хатуулаг нь 217НВ байсан. 145 хатуулагтай ган бол бага нүүрстөрөгчит ганд ордог. Миний мэргэжлийн хувьд дүгнэхэд нилээн их зөрүүтэй гэсэн мэдүүлгүүд, худалдан авагчийн зүгээс тухайн барааг шалгаж гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл худалдагчаас нийлүүлсэн бараа материал нь ЭШ-25/90 экскаваторт суурилуулахад тухайн барааг хийсэн гангийн чанараас шалтгаалаад, зориулалтаар нь ашиглах боломжгүй, ашигласан тохиолдолд ихээхэн хохирол учирч болзошгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.

 

Хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар доголдол илэрсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгчид мэдэгдэх, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор мөн зүйлийн 254.1-т заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

 

Гэтэл хариуцагч Ш нь хүлээн авсан эд хөрөнгийг шалгаж, доголдолтой эд хөрөнгө болохыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн хэрнээ нэхэмжлэгч М ХХК-д албан ёсоор огт мэдэгдээгүй, шүүхэд маргаан үүссэний дараа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээ болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болохоо гэрч С.Ариунзулын мэдүүлэгт үндэслэж тайлбарлаж байгаа боловч гэрчийн мэдүүлэгт ...2017 оны 06 дугаар сард Үүрцайх ирж уулзахад нь механикууд махан төмрөөр хийсэн гээд орлогод авахгүй гэж хэлээд байна, тэд нартай очиж уулзаад учраа ол гэж хэлсэн. Гэхдээ би сольж өг гэдэг утгаар хэлж байгаагүй гэснээс үзвэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу тухайн бараа материалыг шалгадаг багаж байсаар байхад /дээрх тодорхойлолтыг гаргах үндэслэл болсон МЕТ-У1А багажийг Ш нь 2013 оны 01 дүгээр сарын 11-нд орлогод авсан болох нь орлогын баримт, сэлбэг материалын үнэлгээ зэргээр тогтоогдсон/ шалгаж аваагүй сүүлд шалгаж авсан, улмаар шалгаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа явдал нь түүний доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч талаас гэрээ байгуулахад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар батлагдсан Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, орлогод авах, зарлага гаргах журам-ыг үндэслэдэг учир уг журмыг нэхэмжлэгч М ХХК баримтлах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байх боловч энэ нь тухайн компанийн эрх бүхий ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг болох тулд гэрээний оролцогч буюу худалдагч талд хамааралгүй юм.

 

Тиймээс хариуцагч Ш нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах дарааллыг баримтлалгүйгээр орлого болгож хүлээж аваагүй, гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

 

Хариуцагч талаас, нэхэмжлэгч нь аль гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа тул шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж шүүхийн шийдвэр гаргах ёсгүй гэсэн тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, Ш-ийн санхүү, захирал нарт хүргүүлж байсан албан бичгүүд /хх-ийн 19-23/, нэхэмжлэх /хх-ийн 25-26/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ...ШО-17-02 тоот гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн хариу тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Тухайлбал дээрх 2 гэрээг байгуулсаны дараа хариуцагч Ш нь сэлбэгийн үнэ гэсэн утгатайгаар 4 удаагийн төлбөрийн баримтаар /хх-ийн 41-43/ нийт 23 389 400 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлжээ. Үүнээс нэхэмжлэгч нь урьд онд хийгдсэн гэрээний үлдэгдэл төлбөр 6 459 983,2 төгрөгийг болон төлбөр төлсөн огноог харгалзан 2 гэрээний дүнгээс хасч тооцож, үлдэгдэл төлбөрт нь алданги бодож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь тодорхой байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т зааснаар ...худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тогтоон худалдагчид төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцжээ.

 

Иймд талууд гэрээний үнийн дүн болон төлсөн төлбөр, хугацааны талаар маргаангүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан тооцооллыг баримтлан хариуцагч Ш-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс үүссэн хохирол болох нотариатын зардал 12 500 төгрөг шаардсан нь нотлох баримтаар /хх-ийн 8/ тогтоогдож байх тул нийт 10 864 593 төгрөг 94 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Харин шатахууны төлбөр болох 265 772 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.

 

Учир нь хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахууны баримт /хх-ийн 8/ байгаа боловч энэ нь түүнийг хариуцагч Ш-аас төлбөрөө нэхэмжлэх зорилгоор явахдаа зарцуулснаас үүссэн хохирол, улмаар ийм зардал гаргаж очиж төлбөрөө нэхэмжлэх зайлшгүй шаардлага байсан гэдгийг нотлох баримт болохгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

Хариуцагч Ш нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Ш-аас худалдан авсан шатахууны тооцоо гэсэн нягтлан бодогчийн гаргасан баримтанд үндэслэжээ.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар уг шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үлдсэн илүү төлсөн 1 432 617 төгрөг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дүгнэлтээр үгүйсгэгдсэн тул нэхэмжлэгч М ХХК-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй учир уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 13/, фото зургийн хуулбарууд /хх-ийн 50, 51, 65/, ЭШ-25/90 экскаваторын каталоги / хх-ийн 68/, МЕТ-У1А багажийг гаалиар нэвтрүүлсэн гэх гадаад хэл дээр бичигдсэн баримт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193 036 төгрөг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тул хариуцагч Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51 116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 188 783 төгрөгийг хариуцагч Ш-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ш-аас гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг, 74 мөнгө нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10 864 593 төгрөг 94 мөнгийг /арван сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 265 772 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш нь нэхэмжлэгч М ХХК-аас шатахууны төлбөр 827 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М ХХК-аас илүү төлсөн төлбөр 1 432 617 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193 036 төгрөг, хариуцагч Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-аас улсын тэмдэгтийн хураамжинд 188 783 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ