Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2018/00009

 

  “Монголын конвейерын тээвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2018/00065 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, MW Плаза, 106 тоот хаягт байрлах, “Монголын конвейерын тээвэр” ХХК /хуулийн этгээдийн РД:5838304, утас:70000255, 99113149/-ийн  нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах, “Шивээ-Овоо” ХК /хуулийн этгээдийн РД:2004879, утас:70546464/-д холбогдох, гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн нэхэмжлэгч “Монголын конвейерын тээвэр” ХХК-д холбогдуулан гаргасан илүү шилжүүлж олгосон 1 432617 төгрөг, 2016 оны шатхууны үлдэгдэл төлбөр 827750 төгрөг нийт 2260367 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Үүрцайх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Монголын конвейерын тээвэр” ХХК-ийн төлөөлөгч Ц.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Монголын конвейерын тээвэр” ХХК нь Шивээ Овоо ХК-тай 15 496 800 төгрөгийн үнийн дүн бүхий ШО-17-03 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шивээ Овоо ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг /гучин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуун наян гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг авахаас:

1. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/

2. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг Шивээ-Овоо ХК шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 8 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэлүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах “Шивээ-Овоо” ХК-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон. Иймд “Монголын Конвейерын Тээвэр” ХХК нь “Шивээ-Овоо” ХК-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна. Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 нийт 11 130 365,94 төгрөгийг “Шивээ-Овоо” ХК-аас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Монголын конвейерын тээвэр” ХХК-ийн төлөөлөгч Ц.Үүрцайх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ цуцалсан мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлахаас өмнө гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг дутагдлыг арилгах үүрэгтэй. Түүнийг гэрээний 3.2-т зааснаар манайд 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж байна. Гэтэл “Шивээ-Овоо” ХК манай бүтээгдэхүүнийг чанарын доголдолтой гэдгийг тодорхойлж чадаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй байж гэрээг цуцалсныг ойлгохгүй байна. Тиймээс “Шивээ-Овоо” ХК дангаараа гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. “Шивээ-Овоо” ХК төлбөрөө шилжүүлэхдээ тийм гэрээний төлбөр шүү гэж шилжүүлээгүй, адилхан бөөнд нь шилжүүлдэг байсан. “Шивээ-Овоо” ХК-ийн шилжүүлсэн төлбөрийг Монголын конвейерын тээвэр ХХК хүлээж авсан. Нягтлан бодох бүртгэлийн үнийн дүнгээр 7 917 383 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр нь он сарынхаа хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл гэж үзэж байна. Шивээ-Овоо ХК эхлээд өмнөх гэрээний төлбөрийг төлж дуусгасны дараа сүүлд байгуулсан гэрээний төлбөрийг төлдөг байх гэж бодож байна. ШО-17-02 дугаартай гэрээ нь эхэлж байгуулагдсан, ШО-17-03 дугаартай гэрээ нь дараа нь байгуулагдсан. Дугаарынхаа хувьд бол ШО-17-03 дугаарын үлдэгдэл төлбөр гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-ийг төлөөлж Ц.Үүрцайх сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шивээ-Овоо ХК-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээ баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. Шивээ-Овоо ХК нь түрээсийн компрессорт хийсэн түлшний мөнгийг нэхэмжлээд байна. Энэ нь Шивээ-Овоо ХК-тай байгуулсан ШО-16-102 дугаар гэрээний 2.6-д зааснаар ажил гүйцэтгүүлэгч нь ажлын талбар дээр зарцуулах түлшийг бүрэн хариуцна гэсэн заалттай. Тэгэхээр үүнийг Шивээ-Овоо ХК хариуцах ёстой. Шүүхэд өгсөн баримт дээр Шивээ-Овоо ХК-д ашигласан компрессорт хийсэн дизель түлш гэж тодорхой бичсэн байгаа. Түүнээс биш Монголын конвейерын тээвэр ХХК ашиглаагүй гэжээ.

            Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шивээ-Овоо ХК нь Монголын конвейерын тээвэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Шивээ-Овоо ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн Монголын конвейерын тээвэр ХХК-нд нэг ч төгрөгний өр төлбөр байхгүй. Харин ч Монголын конвейерын тээвэр ХХК-аас авах авлагатай байна. Үүрэг биелэгдсэн авлагатай байгаа нөхцөлд алданги, замын зардал төлөх нь хууль зүйн үндэслэлгүй болно. Шивээ-Овоо ХК нь Монголын конвейерын тээвэр ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээ байгуулж 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээ байгуулж редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн тус тус нэмэгдсэн өртөгийн албан татвар шингэсэн үнэ бүхий сэлбэг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. Монголын конвейерын тээвэр ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу сэлбэг хэрэгслийг Шивээ-Овоо ХК-д нийлүүлсэн байна. Шивээ-Овоо ХК нь Монголын конвейерын тээвэр ХХК-аас нийлүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээний редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хүлээн авч орлогод авсан болно. Харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээний 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо гэх зүйлийг Монголын конвейерын тээвэр ХХК-аас хүлээн авсан боловч өөрийн орлогод бүртгэж аваагүй болно. Учир нь энэ бараа нь гэрээний 3.1 Худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна 8.2 худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. гэсэн заалтуудыг зөрчсөн доголдолтой бараа байсан. ЭШ-25/90 алхагч экскаваторын явах цилиндрийн кольцо нь стандартаар гангийн маркийн хувьд 40-Х, металлын хатуулаг нь НВ-217 байх ёстой байхад Монголын конвейерын тээвэр ХХК-аас нийлүүлэгдсэн кольцог МЕТ-У1А гангийн хатуулаг шалгах багажаар хэмжин шалгаж үзэхэд НВ-145 хатуулагтай гарсан болно. Энэ нь чанар, стандартын шаардлага хангахгүй, ган төмөрийн стандарт зөрчсөн, ган бус махан төмрөөр хийгдсэн эд зүйл болох нь тогтоогдсон юм. ЭШ-25/90 экскаватор бол зөвхөн уул уурхайн олборлолтын зориулалтаар ашиглагддаг, уурхайн карьерт хөрс хуулалтын ажлыг аюултай орчинд хийж гүйцэтгэдэг, өдөрт 8 ажилтан 2 ээлжээр тасралтгүй ажилладаг техник юм. Чанаргүй сэлбэг тавигдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол гарч ажилтан, албан хаагчид бэртэх, амь насаа алдах, нөхөж болшгүй ноцтой хохирол учрах юм. Цаашлаад гэмтлээс үүдсэн хохирол, компанийн ашгийн алдагдал, эрүүгийн журмаар шалгагдах хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчсөн ноцтой асуудлыг бий болгоно. Доголдолтой бараа болохыг захирал Ц.Үүрцайхад санхүү эдийн засаг, хангамжийн хэлтсийн дарга С.Ариунзул мэдэгдэж байсан бөгөөд гэрээний дагуу худалдагчид барааны доголдлыг арилгаж чанар, стандартын шаардлага хангасан бараа нийлүүлэх эсхүл доголдолтой барааг буцаан авах шаардлага тавьж, барааг орлогод авахгүйг амаар тайлбарлаж, холбогдох баримтыг үзүүлсэн болно. Гэвч дээрхи шаардлагыг эс зөвшөөрч чанар, стандартын шаардлага хангаагүй барааг Шивээ-Овоо ХК-ийг авахыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байдаг. Монголын конвейерын тээвэр ХК нь иргэний хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй биет байдлын доголдолтой барааг нийлүүлсэн учир гэрээнд заасан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Шивээ-Овоо ХК нь өмнөх оны үлдэгдэл төлбөр 6459983 төгрөг, ШО17-2/02 дугаар гэрээний төлбөр 15496800 төгрөгний төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулсан болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө гэж дурдсан байгаа. Энэ нь аль гэрээний ямар үлдэгдэл бэ гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн нийт үнийн дүнгээр бодсон мөнгөн дүн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслээд алданги бодсон байна. Аль гэрээний аль заалтаас алданги тооцож бодсон бэ, нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой ойлгомжтой байх ёстой, үүнийг шүүх нотлох баримтын хүрээнд тусад нь шийдэх ёстой. Гэтэл алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө нь дурдаад байгаа 6 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 15 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 9 000 000 төгрөг гэсэн гэрээнээс үүсч байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн замын зардалд нэхэж байгаа баримтууд нь хаана юунаас олгосон, Шивээ-Овоо ХК руу очсон зардал мөн эсэх нь тодорхой биш байна. Нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тохиолдолд нотариатын зардал хамт үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон гэж үзэж байна. Шивээ-Овоо ХК нь ШО17-03 гэсэн гэрээний үүргийг биелүүлсэн. ШО-17-02 дугаартай гэрээг цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүй учраас Шивээ-Овоо ХК нь цуцалсан гэрээнд төлбөр төлөхгүй. Гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хүчингүй болгуулах шаардлага гаргаж ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа төлбөр хаанаас, юунаас үүссэн төлбөр гэдэг нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр Монголын конвейерын тээвэр ХХК, Шивээ-Овоо ХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/01 дүгээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна. Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж Шивээ-Овоо ХК нь 6.459.983 төгрөгний үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд Монголын конвейерын тээвэр ХХК түрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827.750 төгрөгний үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. Шивээ-Овоо ХК, Монголын конвейерын тээвэр ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23.389.400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23.389.400 төгрөгөөс ШО17-2/02 гэрээний төлбөр 15.496.800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6.459.983 төгрөг хасч тооцоход 1432617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1432617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөг нийт 2.260.367 төгрөгийг Монголын конвейерын тээвэр ХХК-аас гаргуулж Шивээ-Овоо ХК-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Шивээ-Овоо ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 8 046 936 төгрөг 70 мөнгө, алданги 2 125 000 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10 184 436 төгрөг 90 мөнгийг /арван сая нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг ерэн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 945 929 төгрөг 04 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 192.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-аас илүү төлсөн төлбөр болон шатахууны төлбөр нийт 2 260 367 төгрөг гаргуулах тухай хариуцагч Шивээ-Овоо ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193 036 төгрөг, хариуцагч Шивээ-Овоо ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 177901 төгрөгийг хариуцагч Шивээ-Овоо ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран давж заалдах гомдолдоо: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран миний бие нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2018/00065 дугаартай шийдвэрийг иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран  миний бие нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2018/00065 дугаартай шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан болно.

Анхан шатны шүүх “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шивээ-Овоо ХК-д холбогдох 11.130.365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааны товыг 2018.04.09-ний өдрийн 134/ШЗ2018/00223 дугаар “иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр зарласан юм.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь “Монголын конвейерийн тээвэр” ХХК-нд илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахууны төлбөрт төлсөн нийт 2.260.367 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. 73.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” хэмээн заасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан тохиолдолд шүүхэд гаргасан хэргийн оролцогчийн хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг гагцхүү шүүх хуралдааны үед буюу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шатанд шийдвэрлэх ёстой.

Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан шүүх хуралдааны хэрэг хэлэлцэж эхлэх шатнаас өмнө сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхээ шүүх шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргах ёстой байсан.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн дээрх үүргийг биелүүлэхгүйгээр “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн хувийг 2018.04.12-ны өдөр ямар нэг шийдвэр гаргалгүйгээр гардуулсан. Хуулиар олгогдсон ИХШХШТХ-н 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй, шүүхийн процесс ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болно.

Мөн шүүх хуралдаанаар иргэний хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа гаргасан “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч “Шивээ-Овоо” ХК-иас нотлох баримт гаргуулах 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШЗ2018/00240 дүгээр захирамжийг гаргасан. Шүүх хуралдаан зарласан тохиолдолд ИХШХШТХХуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” Гэсэн процесс ажиллагааг зөрчсөн.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэргийг шийдвэрлэх ёстой атал хөндлөнгийн байх зарчмаа алдаж, нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй, тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх маргааныг өөрийн санаачлагаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан хэмээн үзэж байна.

Учир нь: “Монголын конвейерийн тээвэр” ХХК, “Шивээ-Овоо” ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 7917383.2 төгрөг, алданги 2934710,7 төгрөг, замын зардал 265772 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 12500 нийт 11130365.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй, алданги аль гэрээнээс бодож байгааг дурьдаагүй, аль гэрээний заалтыг дурьдаж байгааг тодруулаагүй байхад алдангийг гэрээ бүр дээр шүүх өөрийн санаачлагаар бодсон.

“Шивээ-Овоо” ХК нь 2018.04.05-ны өдрийн 1/431 дүгээр “гэрээ цуцлах мэдэгдэлээр” “Монголын конвейерийн тээвэр” ХХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/01 дүгээр худалдах, худалдан авах гэрээ буюу /ЭШ25/90 алхагч экскаваторын явах цилиндрийн кольцо худалдах, худалдан авах гэрээг/ цуцалсан болно.

“Монголын конвейерийн тээвэр” ХХК нь худалдах, худалдан авах гэрээг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад огт дурьдагдаагүй байхад анхан шатны шүүх “Шивээ-Овоо” ХК нь иргэний хуулийн 255.1.1, 255.1.2-д заасан үүргээ биелүүлээгүй тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэрээ цуцлах эрхгүй гэсэн дүгнэлтийг өгч “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй /зарим/ төлбөрийг шийдвэрлэсэн ноцтой алдаа гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй үйл баримтанд өөрийн санаачлагаар дүгнэлт өгч иргэний хэргийг шийдвэрлэсэн.

Гэрээ байгуулагч талуудын эрх тэгш байх зарчимд хөндлөнгөөс нөлөөлж хөндлөнгийн байх зарчим, мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлж цуглуулах, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргах эрхэнд халдсан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад хэрэглэж иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан хэмээн үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2018/00065 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч өгч “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Монголын конвейерийн тээвэр” ХХК нь хариуцагч “Шивээ-Овоо” ХК-д  холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл 7917383,2 төгрөг, алданги 2934710,74 төгрөг, шатахууны зардал 265772 төгрөг, нотариатын зардал 12500 төгрөг нийт 11130365,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь гэрээг цуцалсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч илүү шилжүүлсэн мөнгө болон 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр нийт  2260367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу шүүх хуралдаан товлон зарласны дараа гаргасан байх ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан  байна.

Шүүх, “Монголын конвейерийн тээвэр” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэрээний үлдэгдэл төлбөр 8046936 төгрөг 70 мөнгө, алданги  2125000 төгрөг, нотариатын зардал 12500 төгрөг нийт 10184436 төгрөг 90 мөнгийг  гаргуулж, үлдэх 945929,04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргагч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэх шатнаас өмнө хүлээн авах эсэхээ шийдвэрлэлгүй нэхэмжлэгчид гардуулсан, ИХШХШТХуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасан үүргийг биелүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн,  мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсаны дараа нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан нь ИХШХШТХуулийн 105 дугар зүйлийн 105.1-д заасан ажиллагааг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үйл баримтад өөрийн санаачлагаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан  байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

ИХШХШТХуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан.

Хэргийн материалаас үзэхэд:  хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө  нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба  сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулсан  нь /бар№4хх-78/  хууль зөрчөөгүй  байна.

Гэвч анхан шатны шүүх  хариуцагч талыг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, улмаар ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  уг асуудлаар  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ нь ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Түүнчлэн зохигчдод эрх, үүрэг танилцуулсан баримт №5 /хх-32/-д нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцан гарын үсэг зурсан хэдий боловч тэдэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, үүргийг хуульд зааснаар бүрэн тайлбарлан танилцуулаагүй  гэж үзнэ. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд  шатахууны төлбөрийн тооцоо гэсэн баримтыг шүүхэд өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэл хх-98/ гэсэн тайлбар, мөн хэрэгт авагдсан /нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн/ ажил гүйцэтгэх гэрээ/хх-122/, Шивээ-Овоо ХК-с худалдан авсан шатахууны тооцоо /хх-125/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэх, өөрөөр хэлбэл,  ИХШХШТХулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нхэмжлэлтэй хамт шийдвэрлэх, эсхүл тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх боломжтой эсэхийг шийдвэрлэлгүй хэргийн оролцогчийг холбогдох нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан эсэх зэргийг анхаарах нь хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангах  үндэслэл болно.

 Хэдийгээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан   нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байх боловч энэ шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулаагүй тул дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Монголын конвейерын тээвэр” ХХК–ийн нэхэмжлэлийн шаардлага дахь үлдэгдэл төлбөр гэх 7917383,2 төгрөгийг нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар нэмэгдүүлээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төгсгөл болон тогтоох хэсэгт үлдэгдэл төлбөр гэж 8046936,7 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагыг 129553,5 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

Харин давж заалдах гомдлын зарим  үндэслэлийн хувьд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул  дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг нээж, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох, ямар шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэх гэж байгааг зарлан мэдэгдэх байтал сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагчийн шаардлагыг зарлан мэдэгдэлгүй  орхигдуулсан /хх- 89/, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн “192.1.1 “ гэж хуулийн заалтыг буруу бичсэн зэрэг зөрчил гаргасаныг дурдаж байна.

 

ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн зүйлийн 167.1 ,167.1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2018/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                         Г.ТЭГШСУУРЬ