Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02700

 

 

 

 

 

 

     2018 оны 9 сарын 03 өдөр

          Дугаар 102/ШШ2018/02700

              Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 125-405 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5502802 регистртэй, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн наран 6-128 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5180503 регистртэй, Н ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвд байрлах, хуулийн этгээдийн 5031621 регистртэй, Г ХХК-иудад холбогдох,

            Н ХХК-иас 255,236,937 төгрөг, Г ХХК-иас 87,058,332 төгрөг, нийт 342,295,269 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй, Н ХХК-ийн Т ХХК-иас 194,135,659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, Р.Пүрэвлхам, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Бадрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани Н ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 03-наас 29-ний хооронд тээвэрлэсэн нийт ачаанаас Н ХХК нь 11 чингэлэг ачаа, Г ХХК нь 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан боловч, ачаа тээврийн зуучлалын хөлс болох 228,196,846.50 төгрөгийг төлөөгүй байна. Тус компаниудын ачааг 2013 оны 9 дүгээр сараас хойш тээвэрлэж байсан. Иймд Н ХХК-иас 64,045 евро буюу 170,157,958.25 төгрөг, алданги 85,078,979.13 төгрөг, Г ХХК-иас тээвэрлэлт, зуучлалын хөлс 21,845 евро буюу 58,038,888 төгрөг, алданги 29,019,444 төгрөг, нийт 87,058,332 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч Г ХХК нь бараа хугацаа хоцорч ирсэн талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй. 1 чингэлгийн бараа алдагдсанаас болж 11 чингэлгийн мөнгийг төлөхгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Н ХХК-ийн тээвэрлэлтүүдийн тооцоог эхнээс нь шахахаар 64,035 евро, Г ХХК 21,845 еврогийн өглөгтэй. Манай байгууллага хариуцагч нарын нийт 73 чингэлэг тээвэрлэсэн накладууд байгаа. Хариуцагч тал наклад дээр маргахгүй гэдэг. Хариуцагч талын төлөгдсөн гэж буй үнийн дүнгүүдийг манайх бүгдийг нь өмнөх тээвэрлэлтүүдийн төлөлтөд суутгаж оруулсан байгаа. Хариуцагч тал тооцоогоо хэрхэн гаргадгийг мэдэхгүй байна. Тээвэрлэлтийн явцад ачааны чанарт өөрчлөлт орох, ачилтын нөхцөл алдагдсан, түргэн муудах барааг зориулалтын бус сав баглаа боодол хэрэглэж ачаа тээвэрлэснээс үүсэх хохирлыг гэрээний 2.1.7-д зааснаас бусад тохиолдолд зуучлагч хариуцахгүй гэж заасан байгаа. Маргаан бүхий энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүний чанарт нөлөөлж муудсан бараа бүтээгдэхүүн байгаагүй. Т ХХК нь тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага учир тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй. Иймд хариуцагч тал хохирлоо У ХНН-ээс тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэв.

            Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Н ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-тай Ачаа тээврийн зуучлалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу бид өөрийн бараанаас гадна манай компанийн хувьцаа эзэмшигч Г ХХК, “Сээкл” ХХК-иудын өмнөөс тэдний барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг Т ХХК-д өгдөг байсан. Нэхэмжлэгч нь манай компаниас 2014 оны 7 дугаар сард Монгол улсад ирсэн 11 чингэлгийн тээврийн хөлсөнд 64,045 евро, алдангид 32,023 евро, нийт 96,068 евро нэхэмжилсэн билээ. Н ХХК-ийн [email protected] цахим хаягт Т ХХК-ийн тээврийн менежер Б.Уранчимэгийн [email protected] цахим хаягнаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн “invoice 7 sar” гэсэн гарчигтай цахим шуудангаар тэдгээр 11 чингэлгийн тээврийн хөлсний нэхэмжлэхийг явуулсны Scan7.pdf нэртэй хавсралт файлд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1423 дугаартай нэхэмжлэхээр UNDU2707325 зэрэг 11 чингэлгийн төлбөр 61,380 еврог Н ХХК-иас нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ дүн 64,045 евро болж 2,665 еврогоор нэмэгдсэн байна. Нэмэгдсэн шалтгаан нь дээр дурдсан нэхэмжлэх дээр байсан UNDU2707325 тоот чингэлгийн төлбөр 5,300 (4,300+1,000) евро дээр 2,665 евро нэмэгдэж 7,965 евро болсон байсан. Уг цахим шууданд мөн Г1426 тоот нэхэмжлэх байсан ба, түүнд Н ХХК-ийн UNDU2707325 тоот чингэлгийн төлбөрт 2,665 евро, Г ХХК-ийн CSUU0221645 тоот чингэлгийн төлбөрт 1,985 евро, нийт 6,635 еврог Г оос нэхэмжилсэн байсан. Г  нь Н ХХК болон Г ХХК-иудын гаалийн асуудлыг хариуцсан ажилтан бөгөөд, тус компаниуд нь гаалийн байгууллагад тээврийн хөлсийг хоёр хувааж мэдүүлэх үүднээс өөрсдийн ажилтан Г ийн нэр дээр тусдаа нэхэмжлэх хүлээн авч, Г ийн нэрээр Т ХХК-д төлбөрийг төлдөг байсан. Г1426 тоот нэхэмжлэхээр шаардсан 6,635 еврог Г оос “7 сарын тээвэр” гэсэн утгатайгаар 2014.10.30-ны өдөр төлсөн.

Т ХХК нь UNDU2707325 тоот чингэлгийн тээврийн хөлс 7,965 еврогийн төлбөрөө Н ХХК-иас 5,300 евро, Г оос 2,665 евро гэж салгаж нэхэмжилснийх нь дагуу Г  2014.10.30-ны өдөр 2,665 еврог төлсөн байхад уг төлбөрийг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын Голомт банк дахь еврогийн харилцах 1705044669 тоот дансны хуулгаар 2014.10.30-ны өдөр Н ХХК-иас 7 дугаар сарын төлбөрийн урьдчилгаа гэж 8,612 евро төлсөн нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд, 2014 оны 7 дугаар сард ирсэн чингэлгүүдээс бусад саруудын чингэлгийн тээврийн хөлсний хувьд талуудын хооронд ямар нэг маргаан байхгүй. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь РТСБ компанид төлсөн гэх 11 чингэлгийн тээврийн хөлс 55,115 еврогоос Н ХХК-ийн төлсөн 11,277 /8,612+2,665/ еврог хасч тооцохгүй нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т ХХК нь Монголын төмөр замд төлсөн болон хот доторхи тээврийн зардал, компанийн дотоод зардал гэх төгрөгөөр гарсан 11,527,400 төгрөгийн зардлыг 2014 оны ханшаар еврод шилжүүлэн нэхэмжлээд, дараа нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн еврогийн ханшаар төгрөгт шилжүүлж нэхэмжилсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөний улмаас дээрх зардлын 11,527,400 төгрөг дээрээ 12,198,270 төгрөгийг илүү нэмж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь Г ХХК-ийн тээвэрлүүлсэн PONU2853707 тоот чингэлгийн ачаа алдагдсанаас учирсан хохирол 59,678.42 еврог олох байсан орлогын хамт төлөх ёстой тул 11 чингэлгийн тээврийн хөлс 55,115 еврогоос Н ХХК-ийн төлсөн 11,277 еврог хасч тооцсоны дараах 43,838 евро, мөн төгрөгөөр гарсан зардал болох 11,527,400 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Т ХХК-ийн ХБНГУ дахь төлөөлөгч нь манай захиалгыг хүлээн авч, тариф санал болгосон бөгөөд, бид зөвшөөрснөөр тэд ачааг тээвэрлэж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр энэ талаарх мэдээг ирүүлсэн. Энэхүү тээвэрлэлтийн PONU2853707 дугаартай чингэлэгт Г ХХК-ийн ачаа болох ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64,663.03 еврогийн үнэ бүхий 1,361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13,198.16 кг, 1,075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3,597.43 кг 286 хайрцаг Гауда нэрийн бяслагийг ачуулсан. Уг ачаа бидэнд санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014.5.19-ний өдөр Т ХХК-ийн Улаанбаатар дахь менежер ачаа ирснийг мэдэгдсэн. Г ХХК нь ачааг хүлээн авахад 1,257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох алдагдсан 59,678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65,000 еврогийн хохирлыг барагдуулахыг Т ХХК-иас шаардсан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр алдагдсан ачаа нь Г ХХК-ийн өмч боловч тус компани шаардах эрхээ манай компанид шилжүүлсэн тул PONU2853707 чингэлгээр ачигдсан ачааны хохирлыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тээвэрлүүлсэн бараа бүрэн бүтэн ирээгүй учраас Т ХХК нь бидэнд учруулсан хохирлоо хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Иймд Т ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг үндэслэн алдагдсан бяслагны үнэ 59,678.42 евро бяслагийг худалдаад олох ёстой байсан ашиг болох 38,842,862 төгрөг, нийт 194,135,659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Т ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор учруулсны хохирол гаргуулах гэж тодорхойлсон. Гэтэл Г ХХК-ийн ачаа нь Т ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаагүй. Тиймээс алдагдсан бяслагны үнэ болон худалдаад олох ёстой байсан ашгийг төлөх үндэслэлгүй. Г ХХК-ийн PONU2853707 дугаартай чингэлэг нь Н ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй. Н ХХК нь 2013 оны 10 сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд, энэ гэрээгээр Г ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар ямар ч заалт байхгүй байна. Г ХХК нь бие даасан хуулийн этгээд учраас бичгээр байгуулах шаардлагатай байсан. Хоёр тусдаа хуулийн этгээдийн ачаа тээвэр нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр дугаартай, өөр тоо ширхэгтэй контейнэрээр ирсэн, нэг нь бичгээр байгуулсан гэрээтэй, нөгөө нь огт гэрээ хийгээгүй байхад тээвэр зуучийн компанид тээвэр зуучийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй компани нь нөгөө компанидаа эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгох үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Иргэний хуулийн 380.2-т заасны дагуу ачааг төмөр замаар тээвэрлэж ирсэн учир төмөр замын тээврийн үндсэн дүрмийг удирдлага болгон У ХНН хариуцлагыг хүлээнэ гэж зааж өгсөн байгаа. Тээвэрлэгч нь У ХНН, харин зуучлагч байгууллага нь Т ХХК юм. Алдагдсан чингэлгийн гаалийн бүрдүүлэлтэд илгээгч байгууллага нь ОХУ-ын “Интермоз транс”, хүлээн авагч Г ХХК гэж заасан байгаа. Т ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх тээвэрлэлтийг хариуцаж, бусад хэсгийн тээвэрлэлтийг ОХУ-ын “РТСБ” ХХК хариуцсан. Мөн тээвэрлэгч нь өөрсдийн тээвэрлэх хэсгийг хариуцна гэсэн заалт байдаг. Чингэлэг ирсний дараа онгойлгож үзэхэд ачаа дутсан байсан учраас өөрсдийн үүргийн дагуу ХАҮТ-д хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулан Төмөр замын байгууллагын тээврийн актад ачаа дутсан талаар мэдүүлсэн. Уг чингэлгийн тээврийн захиалгыг Н ХХК-иар авсан. Харин наклад бичигдээд наашаа гарахдаа Г ХХК-ийн нэрээр гарч тээвэрлэлт хийгдсэн байсан. Манай компани Г ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. Гэрээ байгуулаагүй боловч накладаар бичигдээд орж ирдэг учир төлбөрийн нэхэмжлэхийг Г ХХК-иар бичиж шаарддаг байсан. Г ХХК-ийн ачааг энэ удаад анх тээвэрлэж байгаа биш, өмнө нь хэд хэдэн ачаа тээвэрлэж байсан. Г ийн төлсөн төлбөрийг Н ХХК-иас хасч тооцдог ба, Г ХХК нь өөрийн нэрээрээ орж ирдэг.

Манай байгууллага хаалганаас хаалга хүртэл гэсэн зарчмаар тээвэр зуучлалын хөлсийг тооцдог. Нэг хэсгийг нь ХБНГУ-д шилжүүлээд, дотоод зардал, тээврийн хөлсөө Төмөр замд шилжүүлдэг ба, бүх зардлууд дээрээ ашгаа нэмээд нэг чингэлгийн үнэ нь ихэвчлэн 5,000-7,285 еврогийн хооронд байдаг. Энэ үнэнд бусад бүх зардлууд шингэсэн байдаг. Бид хариуцагч талаас тайлбарласан шиг тээвэрлэлтээс гарсан зардлуудыг еврод шилжүүлээд төлбөрийг нэхэмжлээгүй. Үйлчлүүлэгчтэй тээврийн болон зуучлалын хөлс гэж ялгаж тохиролцдоггүй. Хариуцагчийн төлсөн төлбөрийг өмнөх тээвэрлэлтийн зардлаас нь суутгаад явдаг байгаа. Тэдний төлсөн 10,600 еврог хасаад 3 чингэлгийн төлбөр одоо үлдсэн. 2014 оны 7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй, өмнөх төлөлтүүд дууссан гэв.

            Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, өмгөөлөгч Л.Бадралын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            2014 оны 7 дугаар сарын чингэлгийн тээвэрлэлтэд 22,232 еврог нэхэмжилсэн ба, тус мөнгийг төлөөгүй гэдэг нь тооцоо нийлсэн актаас харагдана. Бид 52,768 еврог төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч төлөх үндэслэл байхгүй. Г ХХК нь Н ХХК-иар дамжуулан Т ХХК-д захиалга өгдөг. Эдгээр компаниудын дунд Т ХХК-тай харилцдаг 1 ажилтан байдаг. Тиймээс барааг ачуулахад барааний мэдээлэл ирдэг ба, нэхэмжлэгч Г ХХК-ийг чингэлэг ачуулж байсныг анхнаасаа мэдэх боломжтой байсан. Тус компани нэхэмжлэгчээр 10 гаруй удаа бараа тээвэрлүүлж, холбогдох баримт бичгүүдийг төмөр замын тээвэрлэлтэд өгч байсан. Тиймээс Т ХХК нь Г ХХК-ийн ачуулсан барааны талаар мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч гэрээний харилцаа үүссэн. Т ХХК-иас Г ХХК-иас 21,845 еврог нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. Н ХХК-ийн хувьд Т ХХК-тай нэхэмжлэхээ өгснөөр тооцоо хийгдэхээр харилцан тохиролцсон гэрээтэй. Т ХХК нь алдагдсан бяслагийн тээврийн хөлсөнд ОХУ-ын РТСБ ХХК-д 6,645 евро төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримт байдаггүй. РТСБ ХХК-д төлбөр төлсөн жагсаалтад алдагдсан PONU2853707 чингэлгийн дугаар байдаггүй. Бяслагтай чингэлэг алдагдсаны дараа РТСБ ХХК-ийн төлөөлөгчид Монгол улсад ирж Г ХХК-тай уулзалт хийж, “танай хохирлыг зохих журмын дагуу барагдуулж өгнө, “Ти Ай Ложичтик” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа, ... хохирол барагдтал чингэлгийн хөлсийг төлөх шаардлагагүй” гэж хэлж байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ чингэлгийн төлбөрийг Г ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. Бидний зүгээс Т ХХК-ийг бяслагтай чингэлгийн төлбөрийг төлөөгүй гэж үздэг. Хэрэв төлсөн бол баримт байх ёстой. Одоо Н ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ ач холбогдолгүй байна. Харин талуудын хооронд үүссэн харилцааны хувьд Г ХХК гадаад улсад байгаа бяслагийг тээвэрлүүлэхээр Т ХХК-д хандаж, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Энэ дунд хэдэн тээвэрлэгч байх нь нэхэмжлэгч байгууллагуудын асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хөлс нэхэмжилсэн байгаа. Иймээс Г ХХК болон Т ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн. Бид тээвэрлэлтийн хөлсийг Т ХХК-д төлдөг, тус компани нь тээвэрлэгчийн гүйцэтгээгүй үүргийг өөр дээрээ авч байна. Энэ үүднээс тээвэрлэлтийн хөлсийг шаардаж байгаа гэв.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК-иас Ачаа тээврийн зуучлалын гэрээний үүрэгт 64,045 евро буюу 170,157,958 төгрөг, алданги 85,078,979 төгрөг, нийт 255,236,937 төгрөг гаргуулахаар, мөн хариуцагч Г ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 21,845 евро буюу 58,038,888 төгрөг, алданги 29,019,444 төгрөг, нийт 87,058,332 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргах бөгөөд, Н ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан Г ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн явцад алдагдсан барааны үнэ 59,678.42 евро буюу 155,292,797 төгрөг, олох байсан орлого 38,842,862 төгрөг, нийт 194,135,659 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зуучлагч Т ХХК нь зуучлуулагч Н ХХК-тай “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, зуучлагч нь ХБНГУ-аас зуучлуулагчийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улс руу тээвэрлэхэд гадаадын тээврийн компанитай холбон зуучлах, ачаа барааг тээвэрлүүлэх, тээвэрлүүлсэн ачаа барааг тохиролцсон газар хүргэх үүргийг хүлээж, зуучлуулагч нь тээвэр зуучлалын хөлс төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр зуучлалын гэрээ байна. /1-р хх 6-8/

Хариуцагч Н ХХК нь дээрх гэрээний хугацаанд хүлээн авсан нийт чингэлгийн тээвэрлэлтүүдээс 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тээвэрлүүлсэн 11 чингэлэг ачааны тээврийн хөлс нийт 64,045 еврог төлөх үүргээ биелүүлээгүй учир төлбөрийг гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Харин нэхэмжлэгчийн шаардаж буй дээрх төлбөрөөс хариуцагч Н ХХК нь тэдгээр 11 ширхэг чингэлгийг хүлээн авч, тээврийн хөлсөөс 52,768 еврог төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрөн, зөрүү 11,277 еврог тус компанийн ажилтан Г.Г  2,665 еврогоор, Н ХХК 8,612 еврогоор тус тус 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан учир нэгэнт төлөгдсөн төлбөрийг дахин шаардаж буй нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхүүд болон хоёр байгууллагын цахим шууданд шүүхийн журмаар үзлэг хийлгэж баримтжуулсан байна.

Гэрээний дагуу төлөгдөөгүй гэх 52,768 еврогийн хувьд хариуцагч Г ХХК-ийн алдагдсан ачааны хохиролд тооцуулах тул энэ төлбөрийг Т ХХК-д төлөх үндэслэлгүй гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн авлага, алдангийн тооцоо болон нэхэмжлэгчээс хариуцагчид илгээсэн төлбөрийн нэхэмжлэхээр дээрх 11 ширхэг чингэлгийн тээврийн хөлс нийт 64,045 евро болсон нь харагдах боловч тэдгээр төлбөрийн нэхэмжлэхүүдэд чингэлгийн дугааруудыг давхардуулан, мөн салгаж Н ХХК, Г ХХК-иуд болон иргэн Г.Г  нараас тус тус өөр нэхэмжлэхүүдээр шаардсаны улмаас хариуцагч нарын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлөгдсөн зарим төлбөрийг Т ХХК нь дахин гаргуулахаар шаардаж байна гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал: Нэхэмжлэгчийн шаардаж буй 11 ширхэг чингэлгийн төлбөрийг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1423 дугаар нэхэмжлэхээр 61,380 еврог Н ХХК-иас, мөн Г1426 тоот нэхэмжлэхээр тус компанийн ажилтан Г.Г оос 6,635 еврог тус тус шаардсан байх бөгөөд, үүний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н ХХК-иас 8,612 евро, мөн Г.Г  нийт 6,635 еврог Т ХХК-д төлснөөс 2,665 нь Н ХХК-ийн чингэлгийн төлбөр байна. /1р хх-51, 220/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгээр нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Н ХХК-д хүргүүлсэн Г1423, Г1424, Г1426 зэрэг төлбөрийн нэхэмжлэхүүдээр хариуцагч Н ХХК-ийн 11 чингэлгийн төлбөр, хариуцагч Г ХХК-ийн 3 чингэлгийн төлбөр зэргийг хэн, хэнээс, хэрхэн шаардсан болохыг дараах байдлаар тодрууллаа.

Н ХХК-иас:

Чингэлгийн дугаар

Төлбөр

Огноо

Төлбөр шаардсан нэхэмжлэх №

1

ZCSU8347193

5,608 евро

2014.07.03

Г1423

2

GATU8439494

5,608 евро

2014.07.03

Г1423

3

HLXU6143485

5,608 евро

2014.07.10

Г1423

4

UNDU2707325

7,965 евро

2014.07.16

Г1423 (5,300 еврог Нордлайн ХХК)

Г1426 (2,665 еврог Г.Г оос)

5

ETTU6169170

5,608 евро

2014.07.16

Г1423

6

ETTU5022034

5,608 евро

2014.07.17

Г1423

7

HLXU6131144

5,608 евро

2014.07.17

Г1423

8

ETTU6207691

5,608 евро

2014.07.17

Г1423

9

ETTU4540086

5,608 евро

2014.07.29

Г1423

10

ETTU6101734

5,608 евро

2014.07.29

Г1423

11

ETTU4610136

5,608 евро

2014.07.29

Г1423

Бүгд

64,045 евро

 

 

Хариуцагч Н ХХК-ийн тээвэрлүүлсэн 11 ширхэг чингэлгийн нийт төлбөр 64,045 евро байх бөгөөд, тэдгээр чингэлгүүдээс UNDU2707325 дугаартай чингэлгийн төлбөрийг хоёр хувааж, 2,665 еврог иргэн Г.Г оос Г1426 нэхэмжлэхээр шаардаж, үлдэх 5,300 еврог Г1423 нэхэмжлэхээр бусад 10 ширхэг чингэлгийн хамт шаардсан байна. /1-р хх-221, 2-р хх 237-238/  

Г ХХК-иас:

Чингэлгийн дугаар

Төлбөр

Огноо

Төлбөр шаардсан нэхэмжлэх №

1

CSUU0221645

7,285 евро

2014.07.16

Г1424 (5,300 еврог “Голден Свит”

            ХХК-иас)

Г1426 (1,985 еврог Г.Г оос)

2

EMJU5623937

7,285 евро

2014.07.24

Г1424 (5,300 еврог “Голден Свит”

            ХХК-иас)

Г1426 (1,985 еврог Г.Г оос)

3

PONU2853707

7,275 евро

2014.07.24

Г1423

Бүгд

21,845 евро

 

 

 

Хариуцагч Г ХХК-ийн тээвэрлүүлсэн 3 ширхэг чингэлгийн нийт төлбөр 21,845 евро байх бөгөөд, PONU2853707 дугаартай чингэлгээс бусад хоёр чингэлгийн төлбөрийг хувааж, иргэн Г.Г оос Г1426 нэхэмжлэхээр тус компанийн чингэлгийн төлбөрөөс 3,970 евро шаардаж, Г1424 нэхэмжлэхээр Г ХХК-иас үлдэх 17,875 еврог шаардсан байна. /1-р хх-221, 2-р хх 237, 238/

Дээрх төлбөрийн нэхэмжлэхүүд бүгд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн ба, шаардсан төлбөрийг нэгтгэн дүгнэвэл: Г1423 нэхэмжлэхээр Н ХХК-иас 61,380 евро, Г1424 нэхэмжлэхээр Г ХХК-иас 10,600 евро, Г1426 нэхэмжлэхээр Г.Г оос 6,635 евро нэхэмжилсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н ХХК 8,612 еврог “7-р сарын тээврийн хөлс” гэх утгатайгаар, Г ХХК 10,600 еврог “7-р сарын тээврийн хөлс” гэх утгатайгаар, мөн Г.Г  6,635 еврог “7-р сарын тээврийн хөлс” гэх утгатайгаар тус тус төлж барагдуулжээ. /1-р хх-51/

Г.Г  нь хариуцагч байгууллагуудын гаалийн асуудлыг хариуцсан ажилтан бөгөөд, ажлын шаардлагаар төлбөрийн нэхэмжлэх түүний нэр дээр бичигдэж, төлбөр төлөгдөж байсан гэх хариуцагч талын тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Г.Г ийн мэдүүлэг болон төлбөрийн нэхэмжлэхүүдээр тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч тал няцаагаагүй болно. /3-р хх 1-3/

Хариуцагч Н ХХК нь 11 ширхэг чингэлгийн төлбөрөөс Г1423 нэхэмжлэхийн дагуу төлсөн 8,612 евро, Г.Г ийн Г1426 нэхэмжлэхийн дагуу төлсөн UNDU2707325 чингэлгийн 2,665 евро, нийт 11,277 евро төлөгдсөн байх тул нэхэмжлэгч Т ХХК-д гэрээний дагуу төлвөл зохих үлдэгдэл 52,768 евро гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар тээвэр зуучлалын хөлс 52,768 евро буюу 140,196,660 төгрөгийг хариуцагч Н ХХК-иас шаардах эрхтэй.

Т ХХК-ийн төлбөрийн тооцоололд дурдагдсан дотоод зардал, төмөр замд төлсөн, хот доторх тээврийн зардал гэж нэрлэгдсэн Монгол төгрөгөөр тооцоологдсон зардлууд талуудын гэрээгээр тохиролцсон зуучлалын хөлсөнд орж тооцогддог ба, талууд тээврийн хөлс болон зуучлалын хөлсийн үнийг тусгайлан тохиролцоогүй, 1 чингэлгийн үнэ 5,600-7,285 евро байх, уг үнэ төлбөрт бүх зардал орж тооцогдсон байхаар тохирсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Монголбанкны зарласан еврогийн ханш 2,656.85 төгрөгөөр харьцуулан үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй байна.

Түүнчлэн, талууд гэрээний 3.1.2 дахь хэсэгт “... зуучлуулагч нь тээврийн хөлсөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн календарын хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож нэмж төлнө” гэж тохирсон байх бөгөөд, гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш Т ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох 140,196,660 төгрөгийн 50 хувиар тооцон 70,098,330 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-иас шаардах эрхтэй.

Хэдийгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх анзын хэмжээг багасгаж болох боловч, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн төлвөл зохих нийт анзын хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тогтоон багасгасан ба, хариуцагчийн зүгээс анзын хэмжээг багасгуулахаар үндэслэл тайлбар гаргаагүй, хэргийн нөхцөл байдлаас анзын хэмжээ илт их байх нөхцөл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Н ХХК-иас нийт 210,294,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 44,941,947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Г ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Т ХХК нь тээврийн хөлс 21,845 евро буюу 58,038,888 төгрөг, алданги 29,019,444 төгрөг, нийт 87,058,332 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Т ХХК нь Г ХХК-тай тээвэрлэлтийн болон тээвэр зуучлалын гэрээ бичгээр байгуулаагүй боловч тус компанийн ачаа, чингэлгүүдийг Н ХХК-ийн ачаа хэмээн ойлгож тээвэрлэдэг байсан бөгөөд, хариуцагчийн зүгээс захиалга Н ХХК-ийн нэрээр өгөгдөж, чингэлэг Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирэхдээ Г ХХК-ийн нэр дээр Замын хуудас бичигдсэний улмаас тээврийн хөлсийг тус компаниас шаардан нэхэмжлэх бичигддэг байсан гэж тайлбарлаж байна.

Гэтэл хариуцагч Г ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Т ХХК-ийн Н ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ачаа тээврийн зуучлалын гэрээний дагуу чингэлгүүдийг тээвэрлүүлдэг байсан гэж тайлбарлах боловч уг гэрээнд Г ХХК-ийн ачааг тээвэрлэх ажлыг зохион байгуулах талаар тусгагдаагүй, гэрээний талууд энэ талаар бичгээр тохиролцоо хийгдээгүй байх тул Т ХХК болон Г ХХК-ийн хооронд тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1 дэх хэсэгт “... ачаа тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Г ХХК-тай тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээ байгуулаагүй гэж тайлбарлах боловч, тус компанийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргахгүй бөгөөд, хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс гаргуулахаар шаардаж байгаа учир тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г ХХК нь хэлцлийн дагуу хүлээн авсан чингэлгүүдээс 2014 оны 7 дугаар сард төлбөр төлөгдөөгүй гэх CSUU0221645 дугаартай 7,285 евро, EMJU5623937 дугаартай 7,285 евро, PONU2853707 дугаартай 7,275 евро бүхий үнэлгээтэй 3 чингэлгийн төлбөрийг нэхэмжлэгч Т ХХК шаардсанаас Г ХХК нь тэдгээр тээврийн хөлснөөс алдагдсан PONU2853707 дугаар чингэлгээс бусад 2 чингэлгийн тээврийн хөлсөнд Т ХХК-иас ирүүлсэн Г1424 төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 10,600 еврог шилжүүлсэн учир төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна. 

2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1424 тоот нэхэмжлэхээр 10,600 еврог (CSUU0221645 чингэлгийн 5,300 + EMJU5623937 чингэлгийн 5,300), мөн иргэн Г.Г оос Г1426 нэхэмжлэхээр дээрх 2 чингэлгийн 3,970 евро, нийт 14,570 евро төлбөр төлөхийг тус тус шаардсаны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Г  3,970 евро, Г ХХК нь 10,600 еврог тус тус төлж, нийт 14,570 еврог төлж барагдуулжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хэдийгээр дээрх төлбөрийг өмнөх тээвэрлэлтийн хөлсөнд суутгасан гэж тайлбарлах боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, тус компанийн гаргасан нэхэмжлэхийн дагуу төлөлтүүд хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин PONU2853707 тоот чингэлгийн 7,275 еврогийн тухайд чингэлгийн төлбөр төлөхийг шаардсан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч, уг чингэлгийг тээвэрлэсэн талаар зохигчид маргаагүй тул хэлцлийн дагуу дээрх чингэлгийг Монгол улсад авчрах үүргээ Т ХХК биелүүлсэн учир түүний төлбөр 7,275 еврог хариуцагч Г ХХК төлөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхэд Монголбанкны зарласан еврогийн ханш 2,684.21 төгрөг байх боловч нэхэмжлэгч уг ханшаар бус, шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкны зарласан еврогийн ханш 2,656.85 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-иас тээврийн хөлс 7,275 евро буюу 19,328,584 төгрөг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г ХХК-тай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар тохиролцсон баримтгүй тул хэлцлийн талууд алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэн 29,019,444 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Н ХХК нь Г ХХК-ийн Т ХХК-иар PONU2853707 дугаартай чингэлгийг тээвэрлүүлэх явцад алдагдсан барааны үнэ 59,678.42 евро буюу 155,292,797 төгрөг, олох байсан орлого 38,842,862 төгрөг, нийт 194,135,659 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тодруулбал: Г ХХК-д учирсан дээрх хохирлыг шаардах эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Н ХХК-д “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна.

Дээрх шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагч Н ХХК нь ачаа алдагдсантай холбоотой хохирлыг тээвэрлэгчээс шаардах эрхтэй.

Т ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс Г ХХК-ийн ХБНГУ-ын “ДМК Дойчэ Милчконтор” компаниас худалдан авсан нийт 64,663.03 евро үнэ бүхий 1,261 хайрцаг, 13,198.16 кг Эдам бяслаг, 3,597.43 кг Гауда нэрийн бяслаг зэргийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр захиалагч чингэлгийг хүлээн авсан боловч тээвэрлэлтийн явцад уг чингэлгээс 1,257 хайрцаг бяслаг алдагдаж, 104 хайрцаг бяслаг үлдсэн болох нь Төмөр замын тээврийн акт, Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертийн дүгнэлт, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын ариун цэврийн хяналтын албаны 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мал эмнэлэг-ариун цэврийн үзлэгийн 383825 дугаар акт зэрэг баримтаар тогтоогджээ. /1-р хх-132, 134-137, 2-р хх-12-17, 25-30/

Шүүх нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Г ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт “тээвэрлэгч ачааг хүлээн авч тээвэрлүүлэгчид хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд ачаа алдагдсаны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасны дагуу алдагдсан ачааны үнийг хохиролд тооцон Н ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-иас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2, 393.4 дэх хэсэгт ачаа алдагдсан болон дутагдсантай холбоотой үүсэх хариуцлагаас тээвэрлэгч чөлөөлөгдөх үндэслэлүүдийг тухайлан заасан бөгөөд, тийнхүү хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн болохоо тээвэрлэгч Т ХХК нотлох үүрэгтэй.

Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93/71 тоот албан бичиг, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын ариун цэврийн хяналтын албаны 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мал эмнэлэг, ариун цэврийн үзлэгийн 383825 тоот акт, Үндэсний танхим дахь Худалдаа эдийн засгийн экспорт импортын барааны шалгалтын хэлтсийн Хяналт шалгалтын гэрчилгээ №0020814, тээврийн замын хуудсууд гэх зэрэг баримтуудаар хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул тээвэрлэгч Т ХХК захиалагч Г ХХК-ийн ачаа алдагдсаны улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ.

Түүнчлэн, Т ХХК нь ОХУ-ын “РТСБ” компанид хариуцагчийн тээвэрлүүлсэн чингэлгийн төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, харин Т ХХК-ийн тээвэрлэлтийн хөлс бүрэн төлөлтийг баталгаажуулсан “РТСБ” компанийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Баталгаажуулалт” гэх баримтад Г ХХК-ийн тээвэрлүүлсэн PONU2853707 дугаартай чингэлгийн мэдээлэл тусгагдаагүй, тус чингэлгийн тээвэрлэлтийн хөлс шаардсан нэхэмжлэл хэрэгт баримтаар авагдаагүй байна. /1-р хх-245, 2-р хх-31/

Иймд хариуцагчийн тээвэрлүүлсэн чингэлгээс алдагдсан барааны үнэ 59,678.42 еврог сөрөг нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Монголбанкны зарласан еврогийн ханш 2,602 төгрөгт тооцож 155,292,797 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-иас гаргуулан Н ХХК-д олгох нь зүйтэй.

Харин хариуцагч Н ХХК нь ачаа алдагдсаны улмаас 38,842,862 төгрөгийн орлогыг бодитоор олох байсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй, хэрэгт нотлох баримтаар гаргасан “Моннидер” ХХК-ийн №8169535 тоот Орлогын ордер гэх баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38,842,862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 210,294,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Г ХХК-иас 19,328,584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112,671,695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-иас 155,292,797 төгрөгийг гаргуулан харицуагч Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 38,842,862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,027,376 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,128,700 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч Н ХХК-иас төлсөн 1,209,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХКи-ас 1,209,425 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 254,593 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д, нэхэмжлэгч Т ХХК-иас 934,414 төгрөг гаргуулан хариуцагч Н ХХК-д тус тус олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА