| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2019/00911/И |
| Дугаар | 001/ХТ2021/00843 |
| Огноо | 2021-06-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/00843
Өргөө майнинг ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр магадлалтай,
Өргөө майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Өргөө майнинг ХХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133 дугаар байрны 1-1 тоот, 1-2 тоот, 1-3 тоот, 1-4 тоот, 2-1 тоот, 2-2 тоот, 2-3 тоот, нийт 216.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 172,094,664 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 162,982,480 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133 дүгээр байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин Вендо ХХК-иас 172,992,378 төгрөгөөр үнэлсний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 121,094,664 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019.03.12-ны өдрийн 3/3761 тоот мэдэгдлийг 2019.09.13-ны өдөр хүлээн авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2013 онд 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсныг 750,000 төгрөгөөр үнэлж өгөхийг хүссэн боловч шинжээч хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Өргөө майнинг ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн үнэлгээгээ 70 хувиар тооцож, дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдий нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч өөрийн эд хөрөнгөө бодитой, зах зээлийн ханшаар, шударгаар үнэлүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар язгуур эрх байгаа. Энэ эрхийг хөндөж, зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар үнэлж тогтоосон нь цаашлаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байх төдийгүй, дуудлага худалдааны үйл ажиллагааны үр дүнгээс үлдсэн хэсгийг өөрийн өмчлөлдөө авах эрхэд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлж байна. Хөрөнгө үнэлсэн Вендо ХХК нь зах зээлийн жишиг үнэлгээгээр үнэлсэн боловч үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтаас харахад Вендо ХХК-ийн үнэлгээ ойлгомжгүй, хуульд нийцсэн байх зарчмыг зөрчиж хийгдсэн байна. Мөн 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр үнэлээд нийт үнэлгээ гарсан үндэслэл нь тодорхойгүй байна. Иймд уг үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн учраас хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 1229 дүгээр шийдвэрээр Өргөө майнинг ХХК-иас 163,955,342 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Өргөө майнинг ХХК-ийн өмчлөлийн Ү-2201033152, Ү-2201033153, Ү-2201033154, Ү-2201033158, Ү-2201033159, Ү-2201033160, Ү-2201033161 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоотуудад байрлах зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019.02.21-ний өдөр 17360038/047 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч болох Вендо ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээний тайланг би өөрөө бичиж ирүүлдэггүй, үнэлгээний компани ирүүлдэг учраас хуулийн шаардлагад нийцээгүй гэдэг асуудлыг манай байгууллагад холбогдуулан гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Энэхүү үнэлгээний тайланг хуульд нийцэж гарсан, хүчинтэй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоот хаягт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 172,992,378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Өргөө майнинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Өргөө майнинг ХХК-иас нөхөн төлүүлэх шүүхийн зардал 300,000 төгрөгийг гаргуулж шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 399 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэн хэвээр үлдээсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ...нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр үнэлүүлэхээр, төлбөр авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 1 м.кв талбайг 500,000 төгрөгөөр үнэлүүлэхээр тус тус санал гаргасан тул Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 1 м.кв талбайг нь 797,198 төгрөгөөр тогтоосон нь төлбөр төлөгчийн санал болгосон үнээс өндөр байх тул зах зээлийн ханшаас хэтэрхий багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 163,955,342 төгрөгийг Чингэлтэй дүүргийн шүүхэд төлөхөөр болсон. Гэтэл дуудлага худалдааны доод үнийг 121,094,664 төгрөгөөр тогтоохоор төлөх төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 1 м.кв талбайг нь 750,000 төгрөгөөр тооцон 162,000,000 төгрөгөөр доод үнийг тогтоох санал гаргасан ингэсэн тохиолдолд төлөх ёстой төлбөрийн хэмжээнээс илүү үнээр зарагдах боломжтой. Вендо ХХК-ийн үнэлгээ тодорхой бус, Хөрөнгийн үнэлгээний тухай хууьд заасан үнэлгээний тайлангийн шаардлагыг хангахгүй байсан. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээг метр квадратыг үнэлж гаргасан нь тодорхой бус, хагас подвол бүхий эд хөрөнгө байхад, энгийн подвол гэж үзсэн, зориулалтыг нь харгалзсан эсэх нь тодорхой бус байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, Вендо ХХК болон Итгэлт Эстимэйт ХХК-иудын шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээний тайланг үнэлсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Өргөө майнинг ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн XXIX хороо, Москвагийн гудамжны 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах хөрөнгүүдийг 121,094,664 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Өргөө майнинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр Өргөө майнинг ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 162,982,480 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Өргөө майнинг ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн XXIX хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоотуудад байрлах зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019.02.21-ний өдөр хураасан, үнэлгээний талаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул Вендо ХХК-ийг шинжээчээр томилж 172,992,378 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн, энэ үнэлгээний 70 хувь буюу 121,094,664 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019.03.12-ны өдрийн 3/3761 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 1 м.кв-ын үнэлгээг 750,000 төгрөгөөр, хариуцагч 500,000 төгрөгөөр үнэлэх саналыг ирүүлж, талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй тул үнэлгээчнээр үнийг тогтоолгосныг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Вендо ХХК-ийн үнэлгээ ойлгомжгүй, хуульд нийцсэн байх зарчим хангаагүй, 1 м.кв-ыг хэдэн төгрөгөөр үнэлсэн, нийт үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг тусгасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байх тул үнэлгээг хуульд нийцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Хэргийн баримтаас үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв-ыг Вендо ХХК 797,198 төгрөгөөр, Итгэлт эстимэйт ХХК нь 1 м.кв-ыг 756,500 төгрөгөөр тус тус үнэлсэн нь төдийлөн зөрүүгүй, шийдвэр гүйцэтгэлийн шатанд хийсэн нь илүү үнэлгээтэй байна.
Хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД