Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00075

 

Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/02004 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохирол болон ээлжийн амралтын олговор, цалин, нөхөн төлбөрт нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Д

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.Ц-ыг замын унаагаар банкнаас зээл аваад алдсан 7 оргодлоо эрж хай гэсэн үүрэг өгч таксигаар явуулсан байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн орой Дархан-Уул аймаг орох замдаа автомашины осолд орж амь насаа алдсан. “Г” нь хүнийг 24 цагаар амралтгүй ажиллуулдаг, бүтэн 6 жилд нэг ч удаа амраагаагүй. Осолд ороод ухаангүй байхад нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй. Дархан-Уул аймгийн “Г” ХХК-ийн салбараас хүн ирээд дүүг маань эмнэлэгт авчрахад нь эрүүл мэндийн даатгалгүй хүнийг авахгүй гээд эмнэлгийн подвалд шатны мухарт ухаангүй байхад нь нүцгэн хаяж орхисон байдаг. Би Улаанбаатар хотоос эмчилгээний баг авч яван энд авчрах гэтэл клиник үхэлд орсон хүний шарил ачих автомашин гаргаж өгөөгүй. Намайг маш ихээр гомдоож, дарамталж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах хугацаа өнгөрсөн. Энэ эрхийг “Г” ХХК зөрчсөн. Талийгаачийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөлгүй осолд орох нөхцөлийг бүрдүүлснээр миний дүү нас барсан. Осолд ороод ухаангүй байхад нь Дархан-Уул аймгийн эмнэлгийн мухарт хаяж, анхны тусламж үзүүлэхгүй, хэрвээ эмнэлгийн тусламж авсан бол миний дүү өдийд амьд байх байсан. Хүний амь шиг үнэтэй зүйл байхгүй. Осолд орж нас барснаас хойш өнөөдрийг хүртэл ар гэрт нь ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Иймд дүү Н.Ц-ын 7 жилийн цалинг нэг сарын цалин 4 256 422 төгрөгөөр тооцож, 84 сарын цалин нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлд бүгдийг маш тодорхой бичсэн. Талийгаач 7 жил ажиллах хугацаандаа 6 удаа амрах ёстой байтал нэг ч удаа амраагаагүй бөгөөд ээлжийн амралтын 25 538 000 төгрөг болно. 2010 оны 9 дүгээр сарын 25-нд нас барахад нь дуусаагүй ажлын цалинг өгөх ёстой атал “Г” ХХК-иас өгөөгүй. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байхад нь өмнөх жилийн цалинг өгсөн. 7 жилийн хугацаанд  шүүхээр явж, өмгөөлөгчийн хөлсөд 7 800 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн одоо өмгөөлж байгаа өмгөөлөгч нарт тус бүр 5 000 000 төгрөгийг өгнө. Гэрээ байгуулж, урьдчилгаанд хэдэн төгрөг өгч, ажлаа хийлгүүлж байгаа юм. Нотариатаар өв залгамжлалын гэрчилгээ авч нотариатын зардалд нийт 315 000 төгрөг болсон. ОМ-1 актыг “Г” ХХК-иас тогтоолгохоор шүүхийн журмаар албадан бичүүлсэн зардалд 100 000 төгрөг орсон. Талийгаачийн хүү Ц.Б нь МУИС-ийн төлбөрт 2 200 000 төгрөг, охин Ц.А-гийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. Ц.А 2 дугаар курс, Ц.Б 3 дугаар курст суралцаж байхад эцэг нь нас барсан, тэр үеийн төлбөрийг нэхэмжилсэн. Өмнөх төлбөрийг нь би төлсөн. Охин Ц.А-г хэлний сургалтанд сурсан 500 000 төгрөг, аавыгаа нас барахад 17 настай байсан, 18 нас хүртлээ аавынхаа цалингаас авах ёстой. Тэгэхээр талийгаачийн цалингаас Ц.А-д ногдох хувь 28 800 000 төгрөг болно, үүнийг нэхэмжилсэн. Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 автомашинаар авч явсан. Би хувиасаа 5 000 000 төгрөгийг хувааж өгсөн. “Г” ХХК нь өр төлбөр хураагч нартаа ажлын унаа гаргаж өгдөггүй учир дүү маань миний цоо шинэ Соната-4 маркийн машинаар ажлаа хийдэг байсан. Гэхдээ би тэрийг үнэлж нэхэхгүй байгаа. Талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл 44 настай байхдаа нас барсан. Иймээс 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах ёстой, 90 насыг зооглоно гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэврийг авч байсан цалингийн 45 хувиар тогтоодог. 2016 оны байдлаар 251 000 төгрөгөөр тоооцоход 90 360 000 төгрөгийг өндөр насны тэтгэвэр гэж нэхэмжилж байна. Мөн иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй, хэрэв амьд байсан бол өгөх байсан гэдэг бичиг ирсэн. 0,7 га газрын төлбөрт 20 000 000 төгрөг, Монгол улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа өгсөн, гэтэл талийгаачид өгөөгүй учраас 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний дүү амьд байхдаа өөрийн хувийн амьдралын хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний “Г” ХХК дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг эргүүлж төлөх нөхцөлтэйгээр урьдчилгаанд зээлж өгсөн. Тухайн өдрийн долларын ханш 1 991 төгрөг байсан. Тус автомашин нь нийт 64 000 ам.долларын үнэтэй юм. Миний дүү нас барсан учир би үлдэгдэл мөнгийг нь төлсөн. Одоо ч тэр автомашин цоо шинээрээ манай гараашид байгаа. “Г” ХХК ажилтныхаа зээлийн өрийг бүгдийг нь төлж байх үүрэгтэй. Автомашин тээвэрлэсэн гаалийн болон онцгой татвар 16 000 000 төгрөг болсон, тэгэхэд Я.Н-д ямар ч мөнгө байхгүй байсан учир н.А, Х.Б нараас зээлж авсан. Миний дүүгийн 2 хүүхэд, бэлэвсэн эхнэр нь цэл залуугаараа хоцорсон учир амьдрах нөхцөлийг нь сайжруулж 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөгийг “Г” ХХК төлөх үүрэгтэй. Я.Н нь хүнтэй сууж чадахгүй 7 жил болсон, хичнээн гоо үзэсгэлэнтэй байсан билээ, үлдсэн насаа ганцаараа зовж зүдэрч өнгөрөөж байгаа учраас талийгаач Н.Ц-ын 10 жилийн цалин болох 517 770 640 төгрөгийг өгөх ёстой. Би дүүгийнхээ алтан амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Талийгаачийн 2 хүүхэд онц сурдаг, Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалах ирээдүйтэй байсан. МУИС-ийг онц дүнтэй төгсөөд одоо ХБНГУ-ын их сургуульд сурч байгаа. Ийм учраас ХБНГУ болон АНУ-д нэг, нэг өрөө байр авч өгч сурах бололцоогоор нь хангах ёстой. ХБНГУ-д нэг өрөө байр 140 000 евро гэхээр 240 000 еврог нэхэмжилж байна. АНУ-д бас байр авч өгөх ёстой. ХБНГУ-ын их сургуульд орохын тулд хувийн багш авч маш их бэлдэж байж тэнцсэн. Энэ мөнгийг би өгсөн. Миний дүүгийн амьдралын ирээдүйг ингэж хохироосон. Нэг хүүхдийн 1 500 евро байдаг. Энэ бол байр, сургалтын мөнгө, би өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 жил 7 сарын хугацаанд 336 257 338 төгрөг нэхэмжилж байгаа. Хүү Ц.Б-ийн зардалд 518 431 000 төгрөг, охин Ц.А-гийн төлбөрт 6 789 468 300 төгрөг нэхэмжилнэ. Иймд бид нар “Г” ХХК-иас нийт гэм хорын хохиролд 20 003 973 302 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг өмнө нь 2 удаа шийдвэрлэгдсэн бөгөөд анх 216 тэрбум төгрөг нэхэмжилж байсан. Тухайн үед банкны өөрийнх нь хөрөнгө ийм хэмжээнд хүрдэггүй байсан. Чингэлтэй дүүргийн шүүхээр нэхэмжлэгчийн гэм хорын хохирол нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Талийгаач Н.Ц нь “Г” ХХК-ийн зээлийн өр, төлбөр барагдуулдаг ажилтан байсан. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн араас хөөцөлддөг, банктай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажлынхаа үр дүнгээр цалинждаг байсан. Тухайн үед зам тээврийн осол гарахад н.М-тай хамт явж байсан бөгөөд энэ хүн одоог хүртэл “Г” ХХК-д ажилладаг. Банкны ажилтнууд осолд ороод хүнд гэмтсэн, зарим нь нас барсан, зарим нь эмчлүүлсэн. Уг хэрэгт гэм буруутай хүн болох Б.У, Д.Н нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс шийтгэх тогтоолоор ял авч 21014113 тоот эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дууссан. Тус эрүүгийн хэрэгт дээрх хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шийдэж, зохих ял шийтгэлийг оноосон байдаг. “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгчийн хэлснээр талийгаачийг хонгилд хаясан, автомашин тэргэнд хийж давхисан гэдэг зүйл огт болоогүй. Тухайн үед эмч нарын бүрэлдэхүүн авч очиж, тээврийн хэрэгслээр зөөсөн асуудлыг хэлээд байна. Банкны зүгээс хохирогчийн ар гэрт 6 437 900 төгрөгийг, мөн ажилтнуудын дунд буяны арга хэмжээ зохион байгуулж, 3 320 000 төгрөг буюу нийт 9 757 900 төгрөгийг хандив тусламжийн хэлбэрээр өгч байсан. Банкаас Н.Ц агсныг эмнэлэгт хүргэх, тээвэрлэх, эмчлэх, мэргэжлийн эмч нарт үзүүлэх, эмнэлэгт байхад нь банкны удирдлагуудаас ээлж дараалан сахих, ар гэрт нь туслах зэрэг бололцоотой бүхий л арга хэмжээг авч байсан. Бидний байр суурь бол үйлдвэрлэлийн осол гэдэгт маргахгүй, үүнийг тогтоосон байдаг. Бид сүүлд шийдвэрлэгдсэн маргаанд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг банк өгөөд эвлэрье гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх яагаад шийдээгүй вэ гэхээр тухайн үед нэхэмжлэгч нарын өвийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй байсан. Банкны зүгээс талийгаачийн гэр бүл болох Я.Н, Ц.А, Ц.Б нарт нөхөн төлбөрийг өгөх гээд холбоо барихад бид наад мөнгийг чинь авахгүй, нэхээд явж байгаа хүн байгаа, наад асуудлаас чинь болоод бид нар ч гэсэн дарамтанд ороод явж байна гэдэг. Бидний ойлгож байгаагаар дотроо их зөрчилтөй юм шиг байсан. Тэгээд итгэмжлэлээ өгөөд орхичихдог, эдгээр хүмүүсийн өмнөөс Н.Д гэдэг хүн нэхдэг гэж ойлгосон. Хэргийн материалын 77 дугаар талд Н.Ц агсаны цалингийн тодорхойлолт байгаа, хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг учир эхний 9 сарын байдлаар цалин 16 000 000 төгрөг байдаг. Нэг сарын дундаж цалин 1 800 000 орчим төгрөг байна. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь нэгэнт тогтоогдсон учир банкны зүгээс 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлдбөрийг өгөх боломжтой. Бусад нэхэмжлэлийн хувьд банк нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн буруутай үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон банкны буруутай үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлүүд нь хуулийн дагуу гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй юм. Мөн энэ талаар нотлох баримт байдаггүй. Энэ хэрэг өмнө нь хоёр удаа шүүхээр шийдвэрлэгдсэн учир олон жил яриад яваад байх нь үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийг олон дахин хүлээж авч, хэлэлцээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс боломжтой, гаргах ёстой үндэслэлтэй хэсгийг нь гаргана, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 76 445 264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А нарт олгож, нэхэмжлэгч Н.Д болон Я.Н, Ц.Б, Ц.А нарын нэхэмжлэлээс үлдэх 19 927 528 038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04652 тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг 100 177 811 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 540 226 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Г” ХХК-иас үйлдвэрлэлийн осол, гэм хорын нөхөн төлбөрийн хохиролд 20,3 тэрбум төгрөг гаргуулж өгнө үү. Ар гэрийн амьдрал нь сайжиртал 3 удаа цувуулж өгнө үү. Талийгаач Н.Ц Үндсэн хуулиар амьд явах эрхээ хамгаалуулсан Монгол Улсын иргэн юм. Талийгаач Н.Ц-ыг “Г” ХХК-иас хүнд хүчир ажилд зарцлахдаа ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, түүний идэр залуу, цоо эрүүл биетэй 44 настай Н.Ц-ыг үхэлд хүргэсэн. OM1 актаар осолд ороход эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, ар гэрт нь яаралтай утсаар мэдэгдээгүй. Дархан-Уул аймгаас клиник үхэлтэй цогцос ачиж ирэхэд унаа гаргаж өгөөгүй. Хуулийн дагуу OMl-ийн нөхөн төлбөр өгөхгүй, 7 жил чирэгдүүлж эхнэр, 2 хүүхдийг огт эргэж тойроогүй. Н.Ц-ыг банкны өр төлбөр хураах, барагдуулах хүнд ажилд 6 жил 24 цагаар ажиллуулсан, нэг ч удаа ээлжийн амралт өгөөгүй, амралтын өдрүүдээр амраагаагүй ажилуулуулж байсанд нь маш их гомдолтой байна. “Г” ХХК-иас 7 орогдол зээллэгчийг хөдөө орон нутгаас сураглахад ажлын унаа гаргаж өгөөгүй, замын таксигаар явуулсан. Осолд ороод ухаангүй байхад нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах цаг хугацааг өнгөрөөж, хариуцлага алдсан дутагдалтай юм. Төрийн өндөр албан тушаалтангууд тансаг баянаараа далимдуулж, үл тоомсорлож боол Н.Ц-ыг үхэлд хүргэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй. Хэрвээ эмнэлгийн тусламж авсан бол амьд байх байсан. Н.Ц нь соёлч боловсон, 2 дээд сургууль төгссөн, англи, орос ба хятад хэлний мэдлэгтэй хүн байсан. Талийгаачийн алтан амийг 10 тэрбумаар үнэлж нэхэмжилж авна. Амьд байсан бол гэр бүлдээ оруулах бүх орлогыг “Г” ХХК-иас нэхэмжилж байна. Талийгаачийн гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, амьдралын төвшин дээшлүүлэх үүрэг “Г” ХХК хүлээх ёстой. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-т зааснаар Н.Ц-ын нэг сарын дундаж цалин 2010 онд 4 256 422 төгрөг гарч байна. 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28 өдөр хүртэл 7 жилийн цалинг ар гэрт нь олгох ёстой. Нэг жилийн цалин 4 256 422 * 12 cap үржүүлэхээр 51 000 000 төгрөг, 7 жилийн цалин 51 600 000 төгрөгийг 7 жил буюу 84 cap нь 357 500 000 000 төгрөг, банкны зээлийн өр төлбөр хураах хүнд хүчир ажилд нэг өдөр ч амарч үзээгүй, тасралтгүй 6 жил ажилласан. Нэг сарын 4,2 сая төгрөг * 72 cap нь 25,5 сая төгрөг авах ба ажилласан цалинг дутуу өгч байсан. Ээлжийн амралтын цалинг 25,5 сая төгрөг авна. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу эмч нарын баг 2 автомашинаар авч явсан Н.Ц-ыг Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн эмч, сувилагч нарын багт 5 000 000 төгрөг хувааж өгсөн. Автомашины осолд орсон Н.Ц-ыг клиник үхэлтэй байхад нь эмч, сувилагч нар эмчилж, Гэмтлийн эмнэлэгт авч ирсэн ажлын цалин 5 000 000 төгрөг өгсөн. Талийгаач Н.Ц 60 хүртлээ хөдөлмөрлөнө гэвэл 44 насыг хасаад 16 жил буюу 192 cap дутуу амьдарсан. 192*4 256 422 төгрөгөөр тооцоход 817 233 024 төгрөг гардуулах. Н.Ц нь 90 нас зооглоно гэвэл өндөр насны тэтгэвэр нь сарын цалин болох 4 256 422 төгрөгийг 45 хувиар тооцоход 1 900 000 төгрөгөөр тогтоогдоно. Үүнийг 30 жил буюу 360 cap авах боломжтой гэж үзвэл 1 900 000 төгрөгийг * 360 capаар тооцоход 684 000 000 000 төгрөг авна. Мөн Монгол Улсын Засгийн газраас олгодог 0.7 га газрыг талийгаачид олгоогүй. Амьд байсан бол хуулийн дагуу авах ёстой. Уг газрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн мөнгийг “Г” ХХК-иас гаргуулах. Монгол Улсад иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг нас барсан гээд олгоогүй тул 1 000 000 төгрөг гаргуулах. Н.Ц нь амьд байхдаа өөрийн хувийн амьдралын хэрэгцээнд АНУ-д амьдарч байгаа Н.З-д Mercedes Benz MR 350 маркийн автомашин захиалж, миний Голомт банкны хадгаламжаас 26,729 ам.доллар ба 53 000 000 төгрөг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлж, автомашины урьдчилгаа төлбөр төлж захиалсан. Тухайн үеийн ханш нь 1991 төгрөг байсан. Уг автомашин нь 64,000 ам.доллараар АНУ-ын дэлгүүрт үнэлэгдэнэ. Үлдэгдэл төлбөр мөнгийг талийгаач нас барсан учраас ах, дүү нь бүгд нийлээд төлж өгсөн. Одоо Шинэ Төгөл хотхоны А-ийн 10 тоот дулаан зогсоолд хадгалаастай байна. Я.Н болон түүний хоёр хүүхэд унаж хэрэглэдэг. АНУ-аас ачиж ирүүлсэн тээврийн зардал, гаалийн онцгой татвар төлөхийн тулд Н.А, Х.Б нараас 16 000 000 төгрөг зээлж аваад төлсөн. Талийгаач Н.Ц амьд сэрүүн байхдаа гэр бүлдээ унаа машин авах зорилгоор 69 000 000 төгрөгийн зээлийн өр төлбөр тавьсан. Уг зээлийн өр төлбөрийг төлж чадалгүй зуурдаар нас барсан. “Г” ХХК-ийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа нас барсан тул банкны зүгээс төлж өгөх үүрэгтэй. “Г” ХХК-иас ОМ-ийн нөхөн төлбөрийг ар гэрт нь төлөх үүрэгтэй. Мөн өмгөөлөгч Ц.А, Ч.Э нарт 1 800 000 төгрөгийн цалин өгсөн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №1279 дүгээр шийдвэр гарахад өмгөөлөгч нь Ц.М-д 500 000 төгрөг цалин болгож өгсөн. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ201/02004 дүгээр шийдвэр гарахад шүүгч Ж.Б, өмгөөлөгч С.О-т 5 000 000 төгрөгийн цалин өгсөн. Өмгөөлөгч Г.Б-т 200 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. “Г” ХХК-иас талийгаач Н.Ц-ын OM1 актын төлбөр 20,3 тэрбум төгрөг 3 удаа нөхөж өгөх үүрэгтэй. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч нарт 12,3 сая төгрөгийг “Г” ХХК-иас өгөх үүрэгтэй. Өв залгамжлах гэрчилгээ авч нотариатаар баталгаажуулсаны төлбөр 300 000 төгрөг, Н.Д-д 15 000 төгрөг өгөх үүрэгтэй. OM1 актыг “Г” ХХК-иас тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албан бичүүлж ажиллуулсаны цалин 100 000 төгрөг, талийгаачийг нас барахад охин Ц.А 17 настай байсан учраас 18 нас хүртлээ эцгийнхээ цалин болох 28 800 000 төгрөг ногдуулж байгааг гаргуулах, талийгаачийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14-88 тоот, 3 өрөө орон сууцанд амьдрах нөхцөл маш муу, нар ордоггүй, пар халдаггүй, булангийн орц учраас амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, “М” ХХК-ийн барьж байгаа барьнаас 4 өрөө орон сууцны үнэ 632 500 000 төгрөг, автомашины дулаан зогсоолын үнэ 110 000 000 төгрөг нийт 742 500 000 000 төгрөгийг гэм хорын хохирлын төлбөр гаргаж өгнө үү. Мөн Я.Н нь цаашид хүнтэй гэр бүл болж чадахгүй, 47 настай, ганцаардлын зовлонгийн 10 жилээр тооцож, нөхөр Н.Ц-ын цалингаас ногдох хэсгийг Я.Н-д олгох 510 770 640 төгрөг /1 сарын цалин 4 256 422 төгрөгийг * 120 cap/, хүү Ц.Б-д 518 431 000 төгрөгөөр сурч боловсрох шаардлагатай байна. Охин Ц.А-д 6 789 468 300 төгрөг хэрэгтэй. Н.Ц-ын 2 хүүхэд өндөр хөгжилтэй оронд дэлхийд нэртэй төртэй сургуульд төгсөж сайн ажлын байртай болох шаардлагатай. Улмаар АНУ-ын Харвардын их сургууль докторын зэрэг хамгаалж, эцэг Н.Ц-ын хэлсэн захиасуудын биелүүлэх зорилготой бүх зардлыг “Г” ХХК-иас төлөх үүрэгтэй. Я.Н, Ц.Б, Ц.А нарт ямар ч өмч хөрөнгө байхгүй. Миний өгсөн шинэ “Соната-4” маркийн автомашиныг унаж ажилдаа явж хуучруулсан. “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б нар шүүхэд худал мэдүүлэг өгч шүүхийг мэхэлж байна. Гол буруутан “Г” ХХК хуулийн хариуцлага хүлээх ёстой. “Г” ХХК нь шударга үнэнч ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, томографийн шинжилгээнд 70 000 төгрөг төлөөгүй гээд хариуцах эзэнгүй хаясан. Бидэнтэй хамт явсан жолооч Г.Н шүүхэд тодорхой гэрчилсэн. Н.Ц-ын цалингийн дундажийг банкнаас буруу гаргасан. Одоо хуулийн дагуу зөв гаргах үүрэгтэй. Иймд талийгаач Н.Ц-ын үйлдвэрлэлийн осол, гэм хорын нөхөн төлбөрт 20,3 тэрбум төгрөг хуулийн дагуу “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Шийдвэрт "...талийгаач Н.Ц нь 2010 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан байх ба дээрх хугацаанд нийт 19 086 316 төгрөг сард 2 120 702 төгрөгийн цалин хөлсийг авсан нь хариуцагч байгүуллагын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/Т-0460 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нар Н.Ц агсны нөхөн төлбөрт сарын дундаж цалин 2 120 702 төгрөгийг 36 сарын хугацаагаар тооцон ажил олгогч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй" гэж заагаад “Г” ХХК-иас 76 445 264 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талийгаач Н.Ц нь “Г” ХХК-д гэрээт ажилтнаар 2010 онд орж, 7 cap ажиллаж цалин хөлс авч хүн амын орлогын албан татвар төлж байсан. Талийгаачийг тасралтгүй 9 cap ажилласан гэж үзэж, нэг сарын цалинг буруу бодсоны улмаас 36 сарын цалин хөлс буруу бодогдсон. Талийгаач 2010 онд 7 дугаар cap ажиллах хугацаандаа нийт 19 086 316 төгрөг, сард 2 726 616 төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд 36 сарынх нь цалин хөлс 98 158 176 төгрөгийн тооцоо гарах ёстой байсан. Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д “... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасныг баримтлахгүйгээр тооцоог буруу гаргасан гэж үзэж байна. Н.Ц агсаны “Г” ХХК-д ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сарын цалин хөлс 2010 оны 6 дугаар сард 2 084 353 төгрөг, 7 дугаар сард 1 167 801.30 төгрөг, 9 дүгээр сард 6 069 196 төгрөг гэхээр сүүлийн 3 сарын цалин нийт 9 321 350 төгрөгийг ажлын хөлсөнд авсаны 3 сарын дунджийг бодоход сард 3 107 116 төгрөгийг 36 capаар тооцоход 111 856 176 төгрөгийн нөхөн төлбөрийн тооцоо гарч байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Г” ХХК-иас 111 856 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нар нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол болон ээлжийн амралтын олговор, цалин, нөхөн төлбөрт нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан бөгөөд мөн өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ж.Б-г, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Б, Х.Д нарыг томилсон байна. /хэргийн 189 дүгээр тал/

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дээрх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн талаар тэмдэглэгдсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/02004 дүгээр шийдвэрт шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж, шүүгч С.Б, Т.Н нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байдлаар тухайн шүүгч нар гарын үсэг зуржээ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/02004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

 

                                                     ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                               Г.ДАВААДОРЖ