Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01805

 

 

Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00567 дугаар  шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1406 дугаар магадлалтай

Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нарын нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болон гэм хорын хохиролд нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Цоодол албан үүргээ гүйцэтгэж яваад 2010 оны 9 дүгээр сарын 21-ний орой Дархан орох замдаа автомашины осолд орж амь насаа алдсан.Осолд ороод ухаангүй байхад нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах хугацаа өнгөрсөн. Осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ар гэрт нь ямар ч тусламж үзүүлээгүй.

Н.Цоодол өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байсан бол түүний гэр бүлдээ оруулах бүх орлогыг “Г” ХХК-иас нэхэмжилнэ. Үүнд:

1.Н.Цоодолын 1 сарын цалинг 4 256 422 төгрөгөөр тооцож 7 жил буюу 84 сарын цалин 357 539 448 төгрөг, талийгаач 7 жил ажиллах хугацаандаа 6 удаа амрах ёстой байтал нэг ч удаа амраагаагүй тул ээлжийн амралтын 25 538 000 төгрөг, талийгаачийн хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-ийн төлбөрт 2 200 000 төгрөг, охин Ц.Агийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, охин Ц.Аг хэлний сургалтын төлбөр 500 000 төгрөг, талийгаачийн цалингаас Ц.Ад ногдох хувь 28 800 000 төгрөг, Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 машинаар авч явж, би хувиасаа өгсөн 5 000 000 төгрөг, Талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан,гэтэл 44 настайдаа нас барсан тул 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авч, 90 наслана гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэвэрт 90 360 000 төгрөг, иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй тул төлбөрт 20 000 000 төгрөг, иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны үнэд 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн талийгаач нь амьддаа өөрийн хувийн хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний Г дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг зээлсэн. Машин тээвэрлэсэн гаалийн онцгой татварт төлсөн 16 000 000 төгрөгийг н.Амаржаргал, н.Бат-Уянга нараас зээлсэн тул нийт 69 000 000 төгрөг, гэр бүлийнхний амьдрах нөхцлийг нь сайжруулахад 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөг, Я.Н нь үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх тул талийгаачийн  10 жилийн цалин болох 517 770 640 төгрөг, ОМ-1 актыг шүүхийн журмаар бичүүлсэн зардалд 100 000 төгрөг, нотариатын зардал 315 000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 7 800 000 төгрөгийг гаргуулна.

Би дүүгийнхээ амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Талийгаачийн 2 хүүхэд онц сурдаг, МУИС-ийг онц дүнтэй төгсөөд одоо Герман улсын их сургуульд сурч байна. Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалах ирээдүйтэй. Тиймээс Герман болон Америк улсад нэг, нэг өрөө байр авахад нь 240 000 еврог нэхэмжилнэ. Германы их сургуульд орохын тулд хувийн багш авч бэлдэхэд нэг хүүхдийн 1 500 еврог өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 жил 7 сарын хугацаанд 336 257 338 төгрөг нэхэмжилж байгаа. Хүү Ц.Бат-Эрдэнийн зардалд 518 431 000 төгрөг, охин Ц.Агийн төлбөрт 6 789 468 300 төгрөг нэхэмжилнэ. Иймд “Г” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 20 003 973 302 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэг өмнө нь шийдвэрлэгдсэн бөгөөд анх 216 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед банкны өөрийнх нь хөрөнгө ч ийм хэмжээнд хүрдэггүй байсан. Чингэлтэй дүүргийн шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон. Талийгаач Н.Цоодол нь банктай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, зээлийн өр, төлбөр барагдуулан ажлынхаа үр дүнгээр цалинждаг байсан. Осол гарсан хэргийн гэм буруутан Б.Улаанбаатар, н.Нууцбаатар нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Тухайн үед эмч нарын бүрэлдэхүүн авч очиж, тээврийн хэрэгслээр зөөсөн байдаг. Банкны зүгээс хохирогчийн ар гэрт 6 437 900 төгрөг, ажилтнуудын дунд буяны арга хэмжээ зохион байгуулж 3 320000 төгрөг, нийт 9 757 900 төгрөгийн хандив тусламж олгосон. Банкаас Н.Цоодолыг эмнэлэгт хүргэх, тээвэрлэх, эмчлэх, мэргэжлийн эмч нарт үзүүлэх, эмнэлэгт байхад нь банкны удирдлагуудаас ээлж дараалан сахих, ар гэрт нь туслах зэрэг бололцоотой бүхий л арга хэмжээг авсан. Н.Цоодол агсан хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг бөгөөд эхний 9 сарын цалин 16221 239 төгрөг тул нэг сарын дундаж цалин 1 800 000 орчим төгрөг байна. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөхөд татгалзахгүй. Талийгаачийн гэр бүлийнхэн буюу Я.Н, Ц.А, Ц.Б нарт нөхөн төлбөрийг өгөх гээд холбоо барихад наад мөнгийг чинь авахгүй, нэхээд явж байгаа хүн байгаа, наад асуудлаас чинь болоод бид нар ч гэсэн дарамтанд ороод явж байна гэдэг. Бусад шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн буруутай банкны үйлдэлгүй байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон банкны буруутай үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлүүд нь хуулийн дагуу гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй, мөн энэ талаар нотлох баримтгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 98 158 197.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А нарт олгож, нэхэмжлэгч Н.Д, Я.Н, Ц.Б, Ц.А нарын нэхэмжлэлээс үлдэх 19 905 815 104.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04652 тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг 100 177 811 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдан,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 648 741 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1406 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “98 158 197.6” гэснийг “196 316 394” гэж, 2 дахь заалтын “648 741” гэснийг “1 124 532” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 267 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Н.Цоодолын гэр бүлдээ амьд байхдаа оруулах байсан бүх орлогыг “Г” ХХК-иас гаргуулж авна. “Г” ХХК-ийн 140 тоот томилолтоор Эрдэнэт ба Дархан хотоор “Г” ХХК-иас долларын зээл авсан 7 оргодол зээлдэгчийг зээлийн өр төлбөрийг төлүүлэх, “Г” ХХК-ийн албан үүрэг гүйцэтгэхээр явсан бөгөөд тус банкны зүгээс ажлын машин гаргаж өгөлгүй замын унаагаар таксигаар явуулсан. “Г” ХХК албан ажилдаа хөдөө явах унаа гаргаж өгөөгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль баримталж ажиллаагүйгээс Н.Цоодол замын унаагаар явж осолд орж 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ОМ 1-ээр 44 насандаа нас барсан. Яаралтай утсаар “Г” ХХК осолд орсныг хэлж өгөөгүй, хэрвээ бидэнд яаралтай мэдэгдсэн бол Герман улсын Шератагийн эмнэлгээс эмчилгээний баг Улаанбаатар хотод яаралтай онгоцоор дуудаж, эмчлүүлэх байсан. Алтан амийг нь аврахад би бүх зардлыг нь хувиараа гаргах байсан. Берлингээс Улаанбаатар хотын хооронд 8 цаг ниснэ. Гэтэл “Г” ХХК 5 хоног миний дүүг клиник үхэлд оруулж, тамласан, ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй.

“Г” ХХК өр төлбөр хураагч Н.Цоодолын ажиллах нөхцөлийг хангаж өгөөгүй, осолд орох бүх нөхцөлийг бүрдүүлснээр цэл залуу, цоо эрүүл биетэй Н.Цоодол нас барж, биднийг үүрд гасалсан зовлонд унагасан. Юугаар ч нөхөшгүй гарз юм. Дэлхийд хамгийн үнэтэй нь хүний алтан амь юм. “Г” ХХК боолын хөдөлмөрөөр баяжсан. Алтан амийг нь үхүүлсэн учир ар гэр бидний шаардсан бүхнийг өгөх хуультай.

“Г” ХХК цалингаа цаг хугацаанд нь өгдөггүй, хийсэн ажлын цалинг дутуу олгодог, нэг өдөр ч амраагаагүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Лу.Болд, М.Зоригт, Д.Баясгалан, Англи улсын иргэн гүйцэтгэх захирал Жон П.Финиген нар ирдэггүй. Төлөөлөгч Б.Баяраа, Б.Эрдэнэбаяр Монгол улсын шүүхээр тоглолт хийдэг, худал мэдүүлэг өгдөг. Булхай, залилан явуулдаг. Н.Цоодолын эгч намайг удаа дараалан доромжлон гутаадаг. Баян эрхэм, өндөр албан тушаалаараа далимдуулж, дарлаж гутаадаг, маш их гомдолтой байна. Хохирогч биднийг амьдрал сайжиртал хэрэгцээт бүх зүйлээр хангаж өгнө үү. Миний дүү эрүүл биетэй, өндөр боловсролтой, үзэсгэлэнтэй хөөрхөн царайтай, олон түмэнд нэр хүндтэй, үнэтэй капитал байсан юм. Гны хүнд хүчир ажилд 24 цагаар ажиллуулж, эцэст нь алтан амийг нь ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Н.Цоодол 2018 онд 51 настай залуухан эр хүн байх байсан. Ар гэрийг нь үүрд гасласан зовлонд хатаасан. Маш их санаж, зовж зүдэрч бор өдрийг өнгөрөөж байна. Г ХХК-иас нэхсэн болгоноо авч, алтан амийг нь төлүүлнэ. ОМ-1 актны нөхөн төлбөр өгөхгүй, чирэгдүүлэн хохироож 8 жил болж байна. Боол Н.Цоодолын шударга үнэнч хөдөлмөрөөр “Г” ХХК баяжиж, харин алтан амиар нь хохироосон, хорвоод юугаар ч нөхөхгүй хүнд гарз бол алтан амь юм шүү.

“Г” ХХК нь дээд тэнгэрээс бурхан буулгаж ирсэн ч Н.Цоодолыг амилуулж чадахгүй, түүний алтан амийг хохироон үрэгдүүлсэн нүгэл нь өршөөгдөхгүй юм. Н.Цоодол нь Монгол улсын иргэн сэхээтэн залуу билээ.

... “Г” ХХК Н.Цоодолыг 2010 оны 9 дүгээр сарын 25-нд нас барсны дараа 2010 оны 9 дүгээр сарын олгогдоогүй цалин 6.4 сая төгрөг, хамт олны хандивын тусламж 3.5 сая төгрөгийг эхнэр Нэргүйд гэмтлийн эмнэлэгт Н.Цоодолыг сахиж байхад нөхөж өгсөн.

Талийгаач Н.Цоодолын эхнэр Я.Н, хүү Ц.Б, охин Ц.А, төрсөн эгч Н.Д нар “Г” ХХК-иас гэм хохирлыг хуулийн дагуу нэхэмжилж байна. Н.Цоодол 44 настай өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байсан бол түүний гэр бүлдээ оруулах бүх орлогыг “Г” ХХК-иас нэхэмжилж байна.

Талийгаачийн бэлэвсэн эхнэр Я.Н өнчин хүү Ц.Б, охин Ц.А нарын амьдралын нөхцөл сайжруулж, 3 удаа 20 тэрбум, 3.9 сая төгрөг амь насных нь нөхөн төлбөрт ОМ 1 актны төлбөрт авна. Н.Цоодолын эхнэр, хүүхдийн амьдрах орчинг сайжруулах хуулийн хариуцлагыг “Г” ХХК-д даатгаж өгнө үү.

...Осолд ороод ухаангүй байхад нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах цаг хугацааг өнгөрөөсөн. Хариуцлага алдсан дутагдалтай юм. “Г” ХХК хүний амьд явах, эмчлүүлэх, хөдөлмөрлөх Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн буруутай юм. ... Н.Цоодол нь эмнэлгийн туслаж авсан бол өдийд амьд байх байсан. Н.Цоодол нь соёлч боловсон, 2 дээд сургууль төгссөн, англи, орос ба хятад хэлний мэдлэгтэй зөв хүн байсан. Бид Н.Цоодолыг их санаж, зовж зүдэрч, гансарч байна.

Талийгаач Н.Цоодолын үйлдвэрийн ослын ОМ-1 актны гэм хорын хохиролд “Г” ХХК-иас нөхөн төлбөр 20 тэрбум 3.9 сая төгрөгийг Үндсэн хуулийн дагуу гаргуулж өгнө үү. “Г” ХХК Монгол улсын хуулинд захирагддаггүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүйг онцгой анхаарна уу.

...Цоодол нь амьд сэрүүн байсан бол гэр бүлдээ оруулах бүх орлогыг Гнаас 3 удаа нэхэмжилж авна. ...“Г” ХХК ОМ-1 акт 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн. Г хуулийн хариуцлага биелүүлэхгүй 2010 ооны 09 дүгээр  сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл чирэгдүүлсэн. 93 сарын нөхөн төлбөрийн хохирол хуулиар олгох ёстой. Үндсэн хуулиар иргэн бүр тэгшхэн эрхтэй гэж хуульчилсан. Банкны боол, өр төлбөр хураагч Н.Цоодолд мөн адилхан эрх олгосон.

2002 оны Иргэний хуулиар хүн өөрийнхөө алтан амийг өөрөө үнэлж, үнэ тогтооно гэж хуульчилсан.

“Г” ХХК-иас хуулийн дагуу сэтгэл санаа, уй гашуудлын хохиролд талийгаач Н.Цоодолын гэр бүл алтан амийг нь 10 тэрбумаар үнэлж авна. ...Нийгмийн хөдөлмөр хамгааллын яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д хохирлыг нөхөн төлүүлэх, дундаж цалин хөлс тодорхойлохдоо албан үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрийн осолд өртөж, нас барсан. ОМ-1 акт тогтоосон. Ажилчны цалингийн дунджыг тодорхойлохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодож олгоно гэж хуульчилсан. 7 жил 9 сар хуулиар хүлээсэн үүргээ “Г” ХХК биелүүлээгүй хохироосон. Н.Цоодолын цалингийн дундаж:

2010 оны 9-р сард 6 069 200 төгрөг, 2010 оны 7-р сард 2 156 600 төгрөг, 2010 оны 5-р сард 4 327 565 төгрөг, нийт 12 553 365 төгрөг : 3 сар = 4.2 сая төгрөг цалингийн дундаж гарч байна.

93 сар х 4,2 төгрөг /1 сарын цалин/ = 390 600 000 сая төгрөг /нөхөн төлбөрийн цалин/, ээлжийн амралтын цалин 6 жил х 4.2= 25.2 сая төгрөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэшлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сар түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж хуульчилсан. Тансаг баян амьдралтай, аз жаргалтай өрхийн тэргүүн Н.Цоодолын ард нь хоцорч байгаа гэр бүлийг эмзэг бүлгийн, туйлын ядуу айл болгосон. Эхнэр Я.Нг сэтгэл мэдрэлийн солиотой болгож, ажиллах чадваргүй учир ажлаас нь халсан.

Н.Цоодол нь амьд байхдаа өөрийн хувийн амьдралын хэрэгцээнд АНУ-д амьдарч байгаа Н.Зулхүүд Мегсеdеs Веnz МК 350 маркийн машин захиалж миний Гинд байдаг долларын хадгаламжнаас 26.729 ам.доллар ба 53 сая төгрөг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлж автомашины урьдчилгаа төлбөр хийж захиалж явуулсан. Тухайн үеийн ханш нь 1991 төгрөг байсан. Уг шинэ машин 64.000 ам.доллараар Америкт байгаа дэлгүүрт үнэлэгдэнэ. ...АНУ-с Монгол улс Улаанбаатар хотод наашаа ачиж ирсэн тээврийн зардал, гаалийн онцгой татварыг Я.Н 16 сая төгрөг зээлж төлсөн. Одоо Н.Амаржаргал, Х.Бат-Уянга нарт өгөх өртэй байна. Талийгаач Н.Цоодол амьд сэрүүн байх үедээ гэр бүлдээ унаа машин авах зорилгоор 69 сая төгрөгийн зээлийн өр төлбөр тавьсан. ...Машины зээлийн төлбөрийг гаргуулж авна. Машины урьдчилгаа төлбөр 53 сая төгрөг, гаалийн онцгой татвар, тээврийн зардал 16.0 сая төгрөг, нийт 69.0 сая төгрөг.

Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Макс Консракшны барьж байгаа байрнаас 4 өрөө, үнэ нь 632,5 төгрөг, автомашины дулаан зогсоол 1, үнэ 110 сая төгрөг, бүгд 742.5 сая төгрөгийг Г төлөх хуультай учир гэм хорын хохиролд төлбөрт Н.Цоодолын бэлэвсэн эхнэр Я.Н өнчин хүүхэд Ц.Б, Ц.А нар гэр орон байхгүй, хуучин муу байраа зарж хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг өгсөн. Одоо яаралтай толгой хорогдох орон гэр авч өг.

Улаанбаатар хотоос Дархан хот руу эмч нарын баг 2 машинаар авч явсан Н.Цоодолыг Улаанбаатарын гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн эмч сувилагч нарын багт 5 сая төгрөгийг хувааж өгсөн. Автомашины осолд орсон Н.Цоодолыг клиник үхэлтэй байхад нь эмч сувилагч нар эмчилж Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт авч ирсэн, ажлын цалин 5 сая төгрөгийг төлсөн, үүнийг жолооч Г.Нямдорж тарааж өгсөн. Дархан хотоос клиник үхэлтэй талийгаачийг зөөж ирэхэд эмч, сувилагч нар хариуцлагатай хөдөлмөрлөсөн ба зүрх нь зогсчих шахаад эмч, сувилагч, жолооч нар маш их зовж зүдэрч хөдөлмөрлөсөн.

Талийгаач Н.Цоодол 60 хүртлээ хөдөлмөрлөнө гэвэл 44 насыг хасаад 16 жил буюу 192 сар дутуу амьдарсан. 192*4.256% 422 нь 817.233.024 сая төгрөг гардуулах.

Н.Цоодол нь 90 нас зооглоно гэвэл өндөр насны тэтгэвэр нь сарын цалин болох 4.2 сая* 45 хувь нь 1.9 сая төгрөгөөр тогтоогдоно. Үүнийг 30 жил буюу 360 сар авах боломжтой гэж үзвэл 1.9 сая * 360 сар нь 684 сая төгрөг болно.

Монгол улсын Засгийн газар Н.Цоодолыг нас барсан гээд иргэн болгонд олгодог 0.07 га газрыг олгоогүй. Амьд байсан бол хуулийн дагуу авах ёстой байсан. Үүнийг 20 сая төгрөгөөр үнэлсэн “Г” ХХК-иас болж нас барсан юм.

Монгол улсад иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг нас барсан гээд олгоогүй тул 1 сая төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулах, Г санаачлагаараа ОМ 1-ийн нөхөн төлбөр ар гэрт нь өгөх үүрэгтэй, хуультай. Өнөөдөр хүртэл хүнийг үхэлд хүргэснийг ойлгохгүй байгаа. Би Монгол улсын чадалтай өмгөөлөгч нарыг хөлслөн авч ажлаа хийлгүүлсэн, 7 жил 9 сар биднийг зовоосон. Яаралтай өмгөөлөгч нарын цалин 3.0 сая төгрөгийг гаргаж өг.

2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр 407, ...өмгөөлөгч нь Ч.Энхээд 1.8 сая төгрөг цалин болгож өгсөн.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шийдвэр 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1279, өмгөөлөгч нь Ц.Монголд 500 000 төгрөг цалин болгож өгсөн. Өмгөөлөгч С.Оюундэлгэрт 500 000 мянган төгрөгийн цалин өгсөн. Г.Баярбаатарт 200 000 төгрөг, бүгд 3.0 сая төгрөг олгосныг авч өгнө үү.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 182/ШШ201/02004 дүгээр шийдвэр, өмгөөлөгч нь С.Оюундэлгэрт 5 сая төгрөгийн цалин өгөх гэрээ байгуулан ажлаа хийлгэж байгаа. Өмгөөлөгч Г.Батбаярт 200 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. “Г” ХХК-иас талийгаач Н.Цоодолын ОМ1 актын төлбөр 20 тэрбум 3.9 сая төгрөг 3 удаа ОМ1 актны нөхөн төлбөрт хуулийн дагуу өгөх үүрэгтэйг “Г” ХХК-д даалгаж өгнө үү. Надад учирсан зовлон гачигдалд мэргэжлийн тусламж үзүүлсэн өмгөөлөгч нарт 3.0 сая төгрөгийг “Г” ХХК нь өгөх үүрэгтэй.

Н.Цоодолын эхнэр Я.Н өв залгамжлах гэрчилгээ авч нотариатаар баталгаажуулсны төлбөр Нэргүйд 300 000 төгрөг, Н.Дд 15 000 төгрөг өгөх үүрэгтэй.

Талийгаач Н.Цоодолын ОМ1 актыг “Г” ХХК-иас тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албан бичүүлж ажиллуулсны цалин 100 000 төгрөг.

Ц.Б, Ц.А хоёр Герман улсад суралцаж байгаа. Берлин хотод нэг өрөө орон сууц дундын өмч болгож авч өгнө үү. Нэг өрөө байрны үнэ 340 мянган евро х 2930 төгрөг=996,2 сая төгрөгөөр заавал авч өг. Н.Цоодолын 2 хүүхдийн амьдрал, сурч боловсрох нөхцөлөөр хохироосон.

...Аавыгаа нас барахад охин Ц.А 17 настай байсан. 18 нас хүртлээ аавынхаа цалингаас авах хуультай. 1992.11.11-ний өдөр төрсөн. 28.8 сая төгрөг ноогдож байгааг гаргуулах.

Өргөдөлийг компьютерээр шивүүлсэн ажлын хөлс 150 000 төгрөг, бэлэвсэн эхнэр Я.Н нь 7 жил ганцаардлын зовлонд хатсан, цаашид хүнтэй гэр бүл болж чадахгүй, нас нь хөгширсөн, 47 настай, ганцаардлын зовлонг 10 жилээр тооцож нөхөр Н.Цоодолын цалингаас ноогдох хэсгийг Я.Нд олгох 1 сарын цалин 4.2 сая х 120 сар= 504.0 сая төгрөг, хөгширсөн эмэгтэй хүний ганцаардлын зовлонг мөнгөөр төлж өг.

Хүү Ц.Бд сурч боловсроход нь 518.4 сая төгрөг шаардлагатай байна. Охин Ц.Ад 6.789.5  сая төгрөг хэрэгтэй. Н.Цоодлын 2 хүүхэд өндөр хөгжилтэй оронд дэлхийд нэртэй төртэй сургуульд төгсөж 1 сайн ажлын байртай болох шаардлагатай. Улмаар АНУ-н Харвардын Их сургууль докторын зэрэг хамгаалах зорилготой. Эцэг Н.Цоодолын сүнсийг тайвшруулах аавынхаа захиасуудыг биелүүлэх үүрэгтэй.

Бух зардлыг Г төлөх хуулийн хариуцлагатай. Миний дүү Н.Цоодолын ирээдүйн амьдралаар нь хохироосон, Г тоглолт хийсэн гашуун түүхтэй юм.

...Хоёр хөл явж чадахгүй, эмчлүүлэх шаардлагатай байна. Герман улсын анагаах ухаан өндөр хөгжсөн оронд очиж, цогцосноос хоёр өвдөг авах, хүзүү нурууны яс худалдаж авч, солилуулж, эмчилгээ хийлгэх учир 2 тэрбум төгрөг яаралтай өг. Хиймэл хөл суулгуулна.

Нас барахад чандарлан оршуулах зардал 5.0 сая төгрөг Гнаас гаргуулж, чандарын компанитай гэрээ байгуулах, яаралтай 5.0 сая төгрөг өг.

Н.Цоодолын 2 хүүхдийн Монгол улсад суралцсан сургалтын төлбөрүүдийг гаргуулах, хүү Ц.Бат- Эрдэнэ МИУС-д 2011-2012 он хүртэл 2 200 000 төгрөг, охин Ц.А МУИС-д 3 500 000 төгрөг, герман хэлний сургалтанд хамрагдсан 500 000 төгрөг, бүгд 10 сая 700 мянган төгрөг гаргуулах. “Г” ХХК өр төлбөр хураах ажилдаа ажлын унаа гаргаж өгдөггүй байсан тул талийгаач Н.Цоодол өөрийн хувийн машин УБУ88-52 улсын дугаартай машиныг өр төлбөр хураагч нар дундаа ашигладаг байсан бөгөөд бензин ч хийдэггүй, цоо шинэ машиныг эвдэрч унатал нь ашигласан “Г” ХХК их ашигч байгууллага юм.

...Эрхэм хүндэт Улсын дээд шүүхийн шүүгч танаас хүсэх нь “Г” ХХК-иас талийгаач Н.Цоодолын ОМ1 актын нөхөн төлбөрт 20 тэрбум, 3.9 сая төгрөгийг 3 удаа олгож өгнө үү. ...гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 1406 дүгээр дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Тус шүүхээс магадлалын үндэслэлээ “шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудас” ...“Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, ... улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс удаа олгоно.” гэж заасан тул “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5-д заасны дагуу ажилтны цалин хөлсийг тодорхойлохоор байна. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч “Г” ХХК-иас, нас барсан ажилтны ар гэр болох нэхэмжлэгч Я.Н, Ц.Б, Ц.А нарт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүхэд өгсөн ажилтны цалингийн тодорхойлолтыг үндэслэн, ажилтны сарын цалин  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5-д заасны дагуу нэг сарын цалинг 2 726 616.6 төгрөгөөр тооцсон нь зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нөхөн төлбөрийг 72 сараар тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь ажилтан Н.Цоодол нь 2010 онд албан ажлын томилолтоор явж байгаад зам тээврийн ослын улмаас нас барсан. Хариуцагч “Г” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29-р зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар осол гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг бүртгэн, орон тооны комисс байгуулан ослын акт тогтоох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч тал шүүхэд хандан, шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 20-ны үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтоохыг хариуцагчид даалгасан, уг шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсэн. 2015 оны 02 сарын 18-ны одор ослын акт тогтоосон боловч уг актын дагуу ажилтны ар гэрт нөхөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй зэргээр 7 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч нарт 72 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 196 316 394 төгрөг /2 726 616*72сар/ гаргуулах нь Хөдөлмөрийн тухай  хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг зөрчихгүй гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв” гэж нэхэмжлэгч нарт өгөх нөхөн олговрын хэмжээг тогтоон тодорхойлжээ.

Харин тус шүүхээс шийдвэрийн үндэслэлээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгч нарт олгох нөхөн олговрыг буруу тогтоон шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарт олгох нөхөн олговрын хэмжээг тогтоохдоо “Г” ХХК нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг бүртгэж, ослын акт тогтоох үүргээ биелүүлээгүй, шүүхээр албадан биелүүлсэн, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ослын акт тогтоосон боловч уг актын дагуу ажилтны ар гэрт өгөх нөхөн төлбөрөө өгөхгүй удсан зэрэг шалтгаанаар ажилтны 72 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасан байх бөгөөд ямар тохиолдолд 36 сараас дээш сарын цалинтай тэнцүү хэмжээний төлбөрийг төлөх нь тодорхойгүй байна.

“Г” ХХК-ийн зүгээс нөхөн олговор олгохоос татгалзсан зүйл байхгүй, өнөөдрийг хүртэл нөхөн олговрыг олгоогүй нь нэхэмжлэгч нараас 2012 онд “Г” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол болон цалин, нөхөн төлбөрт нийт 204.3 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд хандаад байсан, “Г” ХХК нь нөхөн олговроос бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй тул шүүхээр эцэслэн шийдэгдэхийг хүлээсэн юм.

Мөн Н.Цоодол агсан нь “Г” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, Н.Цоодол агсны ажлын онцлог нь төлөгдөхгүй байгаа зээлийг төлүүлдэг, өр барагдуулдаг ажилтан байсан, сар бүр тогтмол тогтоосон цалингүй, хийснээрээ цалинждаг, сард авах цалингийн хэмжээ адилгүй, зарим сард хийсэн ажлынх нь хөлсийг дараа сард нь нийлүүлэн бодож олгодог байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт буюу “Г” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/т-0460 тоот тодорхойлолтоос үзвэл талийгаач Н.Цоодол нь 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан нь харагдаг бөгөөд түүний дундаж цалин хөлсийг тогтохдоо нийт ажилласан сарын цалингийн нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж буюу /19 086 316.80 төгрөг : 9 сар 2 120 702 төгрөг/ гэж ажилтны сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасны дагуу Н.Цоодол агсны нөхөн төлбөрт сарын дундаж цалин 2 120 702 төгрөгийг 36 сарын хугацаагаар тооцон, нийт 76 345 272 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1406 тоот магадлалд засвар оруулан, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн 196 316 394 төгрөгөөс 119 971 122 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Я.Н, Ц.Б, Ц.А, Н.Д нар “Г” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болон гэм хорын хохиролд нийт 20 003 973 302 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт хариуцагчаас 98 158 197.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх “...98 158 197.6...” төгрөгийг “...196 316 394..” төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Н.Цоодол албан үүргээ гүйцэтгэж яваад 2010 оны 9 дүгээр сарын 21-ний орой Дархан орох замдаа автомашины осолд орж амь насаа алдсан. Осолд ороод ухаангүй байхад нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах хугацаа өнгөрсөн. Осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ар гэрт нь ямарч тусламж үзүүлээгүй.

Н.Цоодол өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байсан бол түүний гэр бүлдээ оруулах бүх орлогыг “Г” ХХК-иас нэхэмжилнэ. Үүнд:

1. Н.Цоодолын 1 сарын цалинг 4 256 422 төгрөгөөр тооцож 7 жил буюу 84 сарын цалин 357 539 448 төгрөг, талийгаач 7 жил ажиллах хугацаандаа 6 удаа амрах ёстой байтал нэг ч удаа амраагаагүй тул ээлжийн амралтын 25 538 000 төгрөг, талийгаачийн хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-ийн төлбөрт 2 200 000 төгрөг, охин Ц.Агийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, охин Ц.Аг хэлний сургалтын төлбөр 500 000 төгрөг, талийгаачийн цалингаас Ц.Ад ногдох хувь 28 800 000 төгрөг, Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 машинаар авч явж, би хувиасаа өгсөн 5 000 000 төгрөг, Талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан, гэтэл 44 настайдаа нас барсан тул 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авч, 90 наслана гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэвэрт 90 360 000 төгрөг, иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй тул төлбөрт 20 000 000 төгрөг, иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны үнэд 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн талийгаач нь амьддаа өөрийн хувийн хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний Г дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг зээлсэн. Машин тээвэрлэсэн гаалийн, онцгой татварт төлсөн 16 000 000 төгрөгийг н.Амаржаргал, н.Бат-Уянга нараас зээлсэн тул нийт 69 000 000 төгрөг, гэр бүлийнхний амьдрах нөхцлийг нь сайжруулахад 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөг, Я.Н нь үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх тул талийгаачийн  10 жилийн цалин болох 517 770 640 төгрөг, ОМ-1 актыг шүүхийн журмаар бичүүлсэн зардалд 100 000 төгрөг, нотариатын зардал 315 000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 7 800 000 төгрөгийг гаргуулна.

Би дүүгийнхээ амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Талийгаачийн 2 хүүхэд онц сурдаг, МУИС-ийг онц дүнтэй төгсөөд одоо Герман улсын их сургуульд сурч байна. Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалах ирээдүйтэй. Тиймээс Герман болон Америк улсад нэг, нэг өрөө байр авахад нь 240 000 еврог нэхэмжилнэ. Германы их сургуульд орохын тулд хувийн багш авч бэлдэхэд нэг хүүхдийн 1 500 еврог өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 жил 7 сарын хугацаанд 336 257 338 төгрөг нэхэмжилж байгаа. Хүү Ц.Бат-Эрдэнийн зардалд 518 431 000 төгрөг, охин Ц.Агийн төлбөрт 6 789 468 300 төгрөг нэхэмжилнэ. Иймд “Г” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 20 003 973 302 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Г” ХХК “...нэхэмжлэлийн шаардлагаас 36 сарын хугацааны цалинтай тэнцэх тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй,  гэм буруутай этгээд нь тогтоогдсон, байгууллага гэм хорын хохирол хариуцахгүй...” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Н.Цоодол нь “Г” ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан тус банкны тусгай активын гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байсан, Дархан Уул болон Орхон аймаг дахь салбарын чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор томилолтоор ажиллаж байх үедээ 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орж, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч “Г” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.” гэсэн заалтыг биелүүлээгүй, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу 2015 онд уг зам тээврийн ослыг “үйлдвэрлэлийн осол” болохыг тогтоосон боловч ажилтны ар гэрт олгогдох нөхөн төлбөр олгогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор ...дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж, 97.1.2.-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж зохицуулжээ.

Анхан шатны шүүх ажилтны сарын цалинг үндэслэл бүхий тодорхойлж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж, ажилтны ар гэрт олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн олговрыг олголгүй 7 жилийн хугацаа өнгөрсөн буруутай эс үйлдэхүй, хэргийн нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хүрээнд шинжлэн судалж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, ажилтны ар гэрт олгох нөхөн олговрын хэмжээг 72 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй, шүүхийн энэ шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь ажил олгогчоос 36 сарын цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг ажилтны гэр бүлд нэг удаа олгохыг үүрэг болгосон зохицуулалт бөгөөд түүнээс дээш хугацаагаар олгох үндэслэлийг хязгаарлаагүй болно.

Иймд нөхөн олговрын хэмжээг буруу тооцсон гэх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан зарим шаардлагыг урьд шүүхээр шийдвэрлүүлж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан тул дахин шийдвэрлэх боломжгүй, мөн хариуцагч “Г” ХХК нь зам тээврийн осол гарч, хохирогч нас барахад гэм буруутай болох нь  шүүхийн шийдвэр, тогтоолоор тогтоогдоогүй тул ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлд заасан үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1406 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Д нь Чингэлтэй дүүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ20188/06773 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757 805 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД