Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/02004

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/02004

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч С.Буд, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэгч: Ба тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ,

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт гийн нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч ХХК-ийн байранд байрлах, банк ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд болон ээлжийн амралтын олговор, цалин, нөхөн төлбөрт нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Оюундэлгэр, Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, Б.Баяраа, иргэдийн төлөөлөгч О.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц., Н. нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.гаас гаргасан тайлбартаа: банк ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, миний дүү Н.*******ыг замын унаагаар банкнаас зээл аваад алдсан 7 оргодлоо эрж хай гэсэн үүрэг өгч таксигаар явуулсан байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой Дархан руу орох замдаа автомашины осолд орж амь насаа алдсан. банк нь хүнийг 24 цагаар амралтгүй ажиллуулдаг, бүтэн 6 жилд нэг ч удаа амраагаагүй. Осолд ороод ухаангүй байхад нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, Дарханы банкны салбараас хүн ирээд дүүг маань машиндаа ачаад Дархан хотын эмнэлэгт авчрахад нь эрүүл мэндийн даатгалгүй хүнийг авахгүй гээд эмнэлгийн подвальд шатны мухарт ухаангүй байхад нь нүцгэн хаяж орхисон байдаг. Би Улаанбаатар хотоос эмчилгээний баг авч яван энд авчрах гэтэл клиник үхэлд орсон хүний шарил ачих машин гаргаж өгөөгүй. Намайг маш ихээр гомдоож, дарамталж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах хугацаа өнгөрсөн. Энэ эрхийг банк зөрчсөн. Машинтай мөргөлдүүлж, түүний ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөлгүй осолд орох нөхцлийг бүрдүүлснээрээ миний дүүг алсан. Дараа нь осолд ороод ухаангүй байхад нь Дархан хотын эмнэлгийн мухарт хаяж анхны тусламж үзүүлээгүйгээр 2 дахиа алсан. Эмнэлгийн тусламж авсан бол миний дүү өдийд амьд байх байсан. Хүний амь шиг үнэтэй зүйл байхгүй. Осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ар гэрт нь ямарч тусламж үзүүлээгүй. Иймд бид дүү Н.Цоодолын 7 жилийн цалинг нэг сарын цалин 4 256 422 төгрөгөөр тооцож 84 сарын цалин нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлд бүгдийг маш тодорхой бичсэн. Талийгаач 7 жил ажиллах хугацаандаа 6 удаа амрах ёстой байтал нэг ч удаа амраагаагүй бөгөөд ээлжийн амралтын 25 538 000 төгрөг болно. 2010 оны 09 дүгээр сарын 25-нд нас барахад нь дуусаагүй ажлын цалинг өгөх ёстой атал банкнаас өгөөгүй. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байхад нь өмнөх жилийн цалинг өгсөн. Би өдөр шөнөгүй 7 жил шүүхээр явсан, тиймээс би өмгөөлөгчийн хөлсөнд 7 800 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн одоо байгаа энэ 2 өмгөөлөгчид өөрийн саналаараа тус бүр 5 000 000 төгрөгийг өгнө. Гэрээ хийгээд урьдчилгаанд хэдэн төгрөг өгч, ажлаа хийлгүүлж байгаа юм. Нотариатаар өв залгамжлалын гэрчилгээ авсан, нотариатаар баримт баталгаажуулсны нийт 315 000 төгрөг болсон. ОМ-1 актыг банкнаас тогтоолгохоор шүүхийн журмаар албадан бичүүлсэн, тэр зардалд 100 000 төгрөг орсон. Талийгаачийн хүү Бат-Эрдэнийн МУИС-ийн төлбөрт 2 200 000 төгрөг, охин гийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. 2 дугаар курс, ******* 3 дугаар курст байхад нь аав нь нас барсан, тэр үеийн төлбөрийг нэхэмжилсэн. Өмнөх төлбөрийг нь би төлсөн. Охин г хэлний сургалтанд сурсан 500 000 төгрөг, аавыгаа нас барахад 17 настай байсан, 18 нас хүртлээ аавынхаа цалингаас авах ёстой. Тэгэхээр талийгаачийн цалингаас д ногдох хувь 28 800 000 төгрөг болно, үүнийг нэхэмжилсэн. Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 машинаар авч явсан. Би хувиасаа 5 000 000 төгрөгийг хувааж өгсөн. банк өр төлбөр хураагч нартаа ажлын унаа гаргаж өгдөггүй учир дүү маань миний цоо шинэ Соната 4 маркийн машинаар ажлаа хийдэг байсан. Гэхдээ би тэрийг үнэлж нэхэхгүй байгаа. Талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан, гэтэл талийгаач 44 настай байхдаа нас барсан. Тиймээс 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах ёстой, 90 насыг зооглоно гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэвэрийг авч байсан цалингийн 45 хувиар тогтоодог. 2016 оны байдлаар 251 000 төгрөгөөр тоооцоход 90 360 000 төгрөгийг өндөр насны тэтгэвэр гэж нэхэмжилж байна. Мөн иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй, хэрэв амьд байсан бол өгөх байсан гэдэг бичиг ирсэн. 0,7 га газрын төлбөрт 20 000 000 төгрөг, Монгол улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа өгсөн, гэтэл талийгаачид өгөөгүй учраас 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний дүү амьд байхдаа өөрийн хувийн амьдралын хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний банк дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг эргүүлж төлөх нөхцөлтэйгээр урьдчилгаанд зээлж өгсөн. Тухайн өдрийн долларын ханш 1 991 төгрөг байсан. Тус машин нь нийт 64 000 ам.долларын үнэтэй юм. Миний дүү нас барсан учир би үлдэгдэл мөнгийг нь төлсөн. Одоо ч тэр машин цоо шинээрээ манай гараашид байгаа. банк ажилтныхаа зээлийн өрийг бүгдийг нь төлж байх үүрэгтэй. Машин тээвэрлэсэн гаалийн болон онцгой татвар 16 000 000 төгрөг болсон, тэгэхэд *******д ямар ч мөнгө байхгүй байсан учир Амаржаргал, Бат-Уянга нараас зээлж авсан. Миний дүүгийн 2 хүүхэд, бэлэвсэн эхнэр нь цэл залуугаараа хоцорсон учир амьдрах нөхцөлийг нь сайжруулж 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөгийг банк төлөх үүрэгтэй. ******* нь хүнтэй сууж чадахгүй 7 жил болсон, хичнээн гоо үзэсгэлэнтэй байсан билээ, үлдсэн насаа ганцаараа зовж зүдэрч өнгөрөөж байгаа учраас талийгаач *******ын 10 жилийн цалин болох 517 770 640 төгрөгийг өгөх ёстой. Би дүүгийнхээ алтан амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Талийгаачийн 2 хүүхэд онц сурдаг, Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалах ирээдүйтэй байсан. МУИС-ийг онц дүнтэй төгсөөд одоо Герман улсын их сургуульд сурч байгаа. Тийм учраас Герман болон Америк улсад нэг, нэг өрөө байр авч өгч сурах бололцоогоор нь хангах ёстой. Германд нэг өрөө байр 140 000 евро гэхээр 240 000 еврог нэхэмжилж байна. АНУ-д бас байр авч өгөх ёстой. Германы их сургуульд орохын тулд хувийн багш авч маш их бэлдэж байж тэнцсэн шүү дээ. Энэ мөнгийг би өгсөн. Миний дүүгийн амьдралын ирээдүйг ингэж хохироосон. Нэг хүүхдийн 1 500 евро байдаг. Энэ бол байр, сургалтын мөнгө, би өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 2017 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл 6 жил 7 сарын хугацанд 336 257 338 төгрөг нэхэмжилж байгаа. Хүү Бат-Эрдэнийн зардалд 518 431 000 төгрөг, охин Ц.гийн төлбөрт 6 789 468 300 төгрөг нэхэмжилнэ. Иймд бид нар банк ХХК-иас нийт гэм хорын хохиролд 20 003 973 302 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч байгуулллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг өмнө нь 2 удаа шийдвэрлэгдсэн бөгөөд анх 216 тэрбум төгрөг нэхэмжилж байсан. Тухайн үед банкны өөрийнх нь хөрөнгө ч ийм хэмжээнд хүрдэггүй байсан. Чингэлтэй дүүргийн шүүхээр нэхэмжлэгчийн гэм хорын хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Талийгаач Н.******* гэдэг хүн бол банкны зээлийн өр, төлбөр барагдуулдаг ажилтан байсан. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн араас хөөцөлддөг, банктай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажлынхаа үр дүнгээр цалинждаг байсан. Тухайн үед зам тээврийн осол гарахад н.Мандах гэдэг хүнтэй хамт явж байсан бөгөөд энэ хүн одоог хүртэл банкинд ажилладаг. Банкны ажилтнууд осолд ороод хүнд гэмтсэн, зарим нь нас барсан, зарим нь эмчлүүлсэн. Уг хэрэгт гэм буруутай хүн болох Б.Улаанбаатар, н.Нууцбаатар нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс шийтгэх тогтоолоор ял авч 21014113 тоот эрүүгийн хэрэг шийдэгдээд дууссан. Тус эрүүгийн хэрэгт дээрх хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шийдэж, зохих ял шийтгэлийг оноосон байдаг. банк нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгчийн хэлснээр талийгаачийг хонгилд хаясан, машин тэргэнд хийж давхисан гэдэг зүйл огт болоогүй. Тухайн үед эмч нарын бүрэлдэхүүн авч очиж, тээврийн хэрэгслээр зөөсөн асуудал байдаг, тэрийг л хэлээд байх шиг байна. Банкны зүгээс хохирогчийн ар гэрт 6 437 900 төгрөгийг, мөн ажилтнуудын дунд буяны арга хэмжээ зохион байгуулж 3 320 000 төгрөг буюу нийт 9 757 900 төгрөгийг хандив тусламжийн хэлбэрээр өгч байсан. Банкаас Н.******* агсныг эмнэлэгт хүргэх, тээвэрлэх, эмчлэх, мэргэжлийн эмч нарт үзүүлэх, эмнэлэгт байхад нь банкны удирдлагуудаас ээлж дараалан сахих, ар гэрт нь туслах зэрэг бололцоотой бүхий л арга хэмжээг авч байсан. Бидний байр суурь бол үйлдвэрлэлийн осол гэдэгт маргахгүй, үүнийг тогтоочихсон байдаг. Бид сүүлд шийдвэрлэгдсэн маргаанд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг банк өгөөд эвлэрье гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх яагаад шийдээгүй вэ гэхээр тухайн үед нэхэмжлэгч нарын өвийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй байсан. Банкны зүгээс талийгаачийн гэр бүлийхэн буюу Я.*******, Ц., Ц.******* нарт нөхөн төлбөрийг өгөх гээд холбоо барихад бид наад мөнгийг чинь авахгүй, нэхээд явж байгаа хүн байгаа, наад асуудлаас чинь болоод бид нар ч гэсэн дарамтанд ороод явж байна гэдэг. Бидний ойлгож байгаагаар дотроо их зөрчилтөй юм шиг байсан. Тэгээд итгэмжлэлээ өгөөд орхичихдог, эдгээр хүмүүсийн өмнөөс Н. гэдэг хүн нэхдэг гэж ойлгосон. Хэргийн материалын 77 дугаар талд Н.******* агсаны цалингийн тодорхойлолт байгаа, хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг учир эхний 9 сарын байдлаар цалин 16 000 000 төгрөг байдаг. Нэг сарын дундаж цалин 1 800 000 орчим төгрөг байна. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь нэгэнт тогтоогдсон учир банкны зүгээс 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлдбөрийг өгөх боломжтой. Бусад нэхэмжлэлийн хувьд банк нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн буруутай үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон банкны буруутай үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлүүд нь хуулийн дагуу гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй юм. Мөн энэ талаар нотлох баримт байдаггүй. Энэ хэрэг нь өмнө нь хоёр удаа шүүхээр шийдвэрлэгдсэн учир олон жил яриад яваад байх нь үндэслэлгүй. Шүүх ч гэсэн нэхэмжлэлийг нь олон дахин хүлээж авч, хэлэлцээд байгааг үндэслэлгүй л гэж үзэж байна. Тиймээс боломжтой, гаргах ёстой үндэслэлтэй хэсгийг нь гаргана, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц., Н. нар нь хариуцагч банк ХХК-д холбогдуулан гэм хор учруулсаны хохиролд болон ээлжийн амралтын олговор, цалин, нөхөн төлбөрт нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч банк ХХК нь талийгаач Н.******* ослын улмаас нас барсан үйлдэлд гэм буруутай этгээдүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийтгүүлсэн, уг үйлдэлд манай байгууллагын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй учир хохирлыг хариуцах үндэслэл байхгүй, харин үйлдвэрлэлийн осолтой холбоотой нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу төлөх боломжтой гэж тайлбарлан нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц. нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, нэхэмжлэгч Н.гийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлд бичсэнээр задалж үзвэл:

1. Талийгаач Н.*******ын амины үнэ гэж 10 000 000 000 төгрөг,

2. Үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтан нас барсны нөхөн төлбөрийг 1 сарын цалинг 4 256 422 төгрөгөөр тооцон 2010 оны 09 дүгээр сарын 21-нээс 2017 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл 6 жил 7 сард 336 257 338 төгрөг,

3. Ээлжийн амралтгүй 7 жил ажилласан хугацаанд 6 жилээр тооцон ээлжийн амралтын олговорт 25 538 000 төгрөг,

4. 2007-2009 онуудад дутуу олгосон цалинд 30 000 000 төгрөг,

5. Өмгөөлөгчийн хөлсөнд 7 800 000 төгрөг,

6. Нотариатчийн үйлчилгээний хураммжинд 315 000 төгрөг,

7. Хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-д 2011-2012 онд төлсөн зардалд 2 200 000 төгрөг,

8. Охин Ц.гийн МУИС-д төлсөн зардал, хэлний сургалтын төлбөрт 8 500 000 төгрөг,

9. Охин Ц.д эцэг Н.*******ын цалингаас олгогдох 28 800 000 төгрөг,

10. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардалд төлсөн 100 000 төгрөг,

11. Дархан хотоос Улаанбаатар хот руу шарил ачсан зардалд 5 000 000 төгрөг,

12. Н.*******ын АНУ-аас захиалсан Mersedez benz ML350 маркийн машины урьдчилгаа төлбөрт 53 200 000 төгрөг, уг машины гаалийн онцгой татвар, чингэлэгийн зардалд 16 000 000 төгрөг, бүгд 69 200 000 төгрөг,

13. Эхнэр Я.******* болон хүүхдүүдийн орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд Макс констракшн ХХК-ийн барьж байгаа барилгаас 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авах 742 500 000 төгрөг,

14. Эхнэр Я.*******д талийгаач Н.*******ын 1 сарын цалинг 10 жилээр тооцон 510 770 640 төгрөг,

15. Хүү Ц.Бат-Эрдэнийн Герман улсад бакалавр, магистр, докторантурт суралцахад шаардлагатай 1 өрөө орон сууц, хэрэглэх жижиг оврын автомашины үнэ, амьжиргааны зардлууд, замын зардалд нийт 518 431 000 төгрөг,

16. Охин Ц.д талийгаач Н.*******ын цалингаас оногдох мөнгө, англи герман хэлний сургалтын төлбөр, Герман улсад суралцах амьдралын зардал, АНУ-ын Харвардын их сургуульд магистр, докторантурын сургалтын зардал, АНУ-д 1 өрөө орон сууц, машин худалдаж авах зардал, АНУ-д амьдрах амьжиргааны зардал, бусад зардалд нийт 6 789 468 300 төгрөг,

17. Талийгаач Н.*******ын 60 нас хүртлээ хөдөлмөрлөх байсан, 192 сарын цалинд 817 233 024 төгрөг, 90 нас хүрэх байсан гэвэл тэтгэвэрийн доод хэмжээ 251 000 төгрөгөөр 30 жилээр тооцон 90 360 000 төгрөг,

18. Иргэн бүрт олгох 0,07 га газрын үнэ 20 000 000 төгрөг,

19. Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувцааны үнэ 1 500 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

2. Нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц. нар нь талийгаач Н.*******ын гэр бүлийн гишүүн буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан өв залгамжлагч мөн болох нь Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Н.*******, Я.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 506 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Ц.*******, Ц. нарын Г-1890, Г-116 тоот хүүхдийн төрсний гэрчилгээий хуулбарууд, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 096 тоот өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлодсон.

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т заасны дагуу Н.******* агсны ар гэрийн хүмүүс буюу Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т заасан гэр бүлийн гишүүд болох эхнэр Я.*******, охин Ц., хүү Ц.******* нар нь нөхөн төлбөр болон гэм хор учруулсны хохирлыг шаардах эрхтэй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.******* агсан нь хариуцагч банк ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан тус банкны тусгай активын гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байсан ба банкны Эрсдлийн удирдлагын газрын 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах удирдамж-ын дагуу Дархан-Уул болон Орхон аймаг дахь салбарын чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор томилолтоор ажиллаж байх үедээ 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орж, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 347 дугаар тогтоол, 0059948 тоот нас барсны гэрчилгээ, Хөлсөөр ажиллах гэрээ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах удирдамж, Томилолтоор ажиллах төсөв зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

4. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1279 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д зааснаар Н.******* агсны үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтоохыг банк ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба үүний дагуу хариуцагч буюу ажил олгогч банк ХХК-иас томилогдсон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны комиссоос Н.******* агсны томилолтоор ажиллаж байх үедээ 2010 оны 09 дүгээр сарын 21-нд зам тээврийн осолд өртөж 2010 оны 09 дүгээр сарын 25-нд нас барсан нөхцөл байдлыг Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм-ийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан нөхцөл байдлыг хангасан гэж үзэн үйлдвэрлэлийн ослыг тогтоож, акт үйлдэн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулсан нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдсон.

 

5. Хариуцагч банк ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/3202 тоот Н.******* агсны цалингийн тодорхойлолтыг үндэслэн, сард 1 802 359 төгрөгөөр тооцон нөхөн төлбөр олгох боломжтой гэж тайлбарлаж байх боловч уг цалингийн тодорхойлолт нь хуулбар хувь буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч нар талийгаачийн сарын цалингийн хэмжээг 4 256 422 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчдын тайлбараар талийгаач Н.******* нь 2010 оны 01-09 дүгээр саруудад тасралтгүй ажилласан байх ба дээрх хугацаанд нийт 19 086 316.80 төгрөг, сард 2 120 702 төгрөгийн цалин хөлсийг авсан нь хариуцагч байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/Т-0460 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж, 97.1.2.-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц. нар нь дээрх хуулийн заалтын дагуу Н.******* агсны нөхөн төлбөрт сарын дундаж цалин 2 120 702 төгрөгийг 36 сарын хугацаагаар тооцон ажил олгогч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй.

 

7. Мөн түүнчлэн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1279 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нэхэмжлэгч талаас 100 000 төгрөгийг төлсөн нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллаганы зардал гаргуулах гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бэлэн мөнгөний баримтаар нотлогдож байх тул уг зардлыг гэм хорын хохиролд тооцон Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.

 

8. Нэхэмжлэгч Я.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 06 дугаар сарын 28-ныг хүртлэх хугацааны Х.Бат-Уянгын ХААН банк дахь дансны орлогын мэдүүлгүүд, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1370245 тоот гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 11 362 749 төгрөгийн гаалийн татвар төлсөн тухай баримт, 11 363 000 төгрөгийн дүн бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлэг, 3 366 000 төгрөгийн дүн бүхий Монгам ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, иргэн Х.Бат-Уянгын тодорхойлолт, түүний ХААН банк дахь дансны хуулга зэргийг үндэслэн Н.******* агсны АНУ-аас захиалсан Mersedez benz ML350 маркийн машины урьдчилгаа төлбөрт 53 200 000 төгрөг, уг машины гаалийн онцгой татвар, чингэлэгийн зардалд 16 000 000 төгрөгийг тус тус бусдаас зээлж худалдан авсан гэж 69 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь гэм хорын хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй,

2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 600 000 төгрөгийн дүн бүхий ХААН банк дахь Н.гийн дансны зарлагын мэдүүлэг, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 265 000 төгрөгийн дүн бүхий банк дахь Ч.Энхээгийн дансны орлогын мэдүүлэг, Ч.Энхээгийн эрх зүйн туслалаа үзүүлсний хөлсөнд 935 000 төгрөг хүлээж авсан тухай тодорхойлолт, өмгөөлөгч С.Оюундэлгэр, Г.Батбаяр нартай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны 500 000 төгрөгийн дүн бүхий тасалбар зэргийг үндэслэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэж 7 800 000 төгрөгийг зэргийг нэхэмжилсэн нь өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэн өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлыг хариуцагчаар төлүүлэх боломжгүй,

нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсний болон өвлөх эрхийн гэрчилгээний хураамжид төлсөн 315 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх боломжгүй,

талийгаач Н.*******ын 60 нас хүртлээ хөдөлмөрлөх 192 сарын цалинд 817 233 024 төгрөг, 90 нас хүртэл авах байсан тэтгэвэрт 251 000 төгрөгөөр 30 жилээр тооцон 90 360 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй,

иргэн бүрт өмчлүүлэхээр олгох 0,07 га газрын үнэ гэх 20 000 000 төгрөг, мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувцааны үнэ 1 500 000 төгрөг зэргийг нас барсан иргэнд олгох үндэслэлгүй байх тул дээрх бүгд 1 006 408 024 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцах үүрэггүй байна.

 

9. Нэхэмжлэгч нар Н.******* агсан нь ээлжийн амралтгүй 7 жил ажилласан тул уг хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговрыг 6 жилээр тооцон 25 538 000 төгрөг, 2007-2009 онуудад дутуу олгогдсон цалинд 30 000 000 төгрөгийг, хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-д 2011-2012 онд төлсөн зардалд 2 200 000 төгрөг, Герман улсад бакалавр, магистр, докторантурт суралцахад шаардлагатай 1 өрөө орон сууц, хэрэглэх жижиг оврын автомашины үнэ, амьжиргааны зардлууд, замын зардалд нийт 518 431 000 төгрөг, охин Ц.д Герман улсад суралцах амьдралын зардал, АНУ-ын Харвардын их сургуульд магистр, докторантурын сургалтын зардал, АНУ-д 1 өрөө орон сууц, машин худалдаж авах зардал, АНУ-д амьдрах амьжиргааны зардал, бусад зардалд нийт 6 789 468 300 төгрөг, МУИС-д төлсөн зардал, хэлний сургалтын төлбөрт 8 500 000 төгрөг, талийгаач эцэг Н.*******ын цалингаас олгогдох 28 800 000 төгрөг, эхнэр Я.******* болон хүүхдүүдийн орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд Макс констракшн ХХК-ийн барьж байгаа барилгаас 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авах 742 500 000 төгрөг, эхнэр Я.*******д талийгаач Н.*******ын 1 сарын цалинг 10 жилээр тооцон 510 770 640 төгрөг, талийгаач Н.*******ын амины үнэ гэж тайлбарлан сэтгэл санааны хохиролд 10 000 000 000 төгрөг, Дархан хотоос Улаанбаатар хот руу шарил ачсан зардалд 5 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд дээрх гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1810 дугаартай, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 472 дугаартай шийдвэрүүд, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрүүд нь Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 410 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 347 дугаартай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 571 дүгээр тогтоол зэргээр хянагдаж, хэвээр батлагдан одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүнээс үзэхэд 18 661 207 949 төгрөгийн шаардлагыг хариуцагчаар төлөх үүрэггүй байна.

 

10. Мөн нэхэмжлэгч нараас гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Макс Констракшн ХХК-ийн 742 500 000 төгрөгийн нэхэмжлэхүүд, 2015 оны 04 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацааны Ц.Бат-Эрдэнийн ХААН банк дахь дансны орлогын мэдүүлгүүд, 2015 оны 04 дүгээр сарын 30, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Х.Бат-Уянгын ХААН дахь дансны орлогын мэдүүлэг, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н.Амгаланбаатараас Н.д 70 000 000 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 30-нд Х.Бат-Уянгад Н.гаас 1 360 000 төгрөг шийлүүлсэн, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ц.*******д Н.гаас 1 000 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 07 дугаар сарын 31-нд Ц.д Н.гаас 1 160 000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгүүд, 2015 оны 09 дүгээр сарын 06, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүүдийн 17 900 000 төгрөгийн дүн бүхий ХААН банк дахь Н.гийн дансны заралгын баримтууд, Ц.гийн 2015 оны 09 дүгээр сарын 04, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдийн Улаанбаатараас Замын-Үүд, Замын Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчих эрхийн тасалбар зэрэг баримтууд нь дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй бөгөөд, 2 дугаар хавтаст хэргийн 119-135, 146-147 дахь талд авагдсан гадаад хэл дээрх баримтууд орчуулгагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нарын 19 667 615 964 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1., 230 дугаар зүйлийн 230.2., 508 дугаар зүйлийн 508 дугаар зүйлд заасан гэм хорын хохиролд хамаарахгүй байх ба 259 912 065 төгрөгийн шаардлага нь нотлох баримтгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч банк ХХК-иас нөхөн төлбөрт болон хохиролд нийт 76 445 264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц. нарт олгон, нэхэмжлэгч Н.гийн болон нэхэмжлэлээс үлдэх 19 927 528 038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04652 тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг 100 177 811 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 540 226 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1., 508.2., 510 дугаар зүйлийн 510.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т зааснаар хариуцагч банк ХХК-иас 76 445 264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******, Ц.*******, Ц. нарт олгож, нэхэмжлэгч Н. болон Я.*******, Ц.*******, Ц. нарын нэхэмжлэлээс үлдэх 19 927 528 038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04652 тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг 100 177 811 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 540 226 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД С.БУД

 

Т.НАРАНЦОГТ