Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00842

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар магадлалтай,

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Голомт банк ХХК-ийн Дархан салбарын шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 169 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/00417 тогтоолоор Голомт банкны Дархан салбар, хариуцагч Ихмориг ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ихмориг ХХК-аас 386,322,508.92 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2,089,562 төгрөгийн хамт гаргуулан Голомт банкны Дархан салбарт олгохоор, хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тогтоосон ба дээрх тогтоолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахаар хүсэлт гарган хүргүүлж хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонго битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал талуудаас авахад Ихмориг ХХК нь барьцааны хөрөнгийн доод үнийн саналаа 1 тэрбум 80,0 сая төгрөг, манай банк Ү-2005000737 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх барьцааны хөрөнгийг 62,000,000 төгрөгөөр, Г-80310316 улсын бүртгэлийн дугаартай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрыг 1,000,000 төгрөгөөр, Ү-2005000713 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 93,000,000 төгрөгөөр нийт 155,000,000 төгрөгөөр үнийн саналаа тус тус хүргүүлсэн ба талуудын үнийн санал зөрөлдсөн тул Капитал зууч ХХК-ийг хөрөнгийн үнэлгээгээр томилж, 2019.12.31-ний өдөр 932,200,000 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайланг хүргүүлсэн байна. 2020.01.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.Солонго үнэлгээний тайлантай танилцуулсан бөгөөд Капитал зууч ХХК нь барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж үнэлсэн байгаа нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцэхгүй хэт өндөр үнээр үнэлэгдсэн гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна. Капитал зууч ХХК-ийн 2019.12.31-ний өдрийн Ихмориг ХХК-ийн манай барьцааны хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлантай танилцаад ямар хуулийн заалт баримталсныг хайгаад олоогүй. Тухайн хуулийн заалтуудаа бичсэн боловч зөрүүтэй байсан. Жишээ нь ... борлуулалтын өртөг гээд тухайн объекттой ашигтай чанараараа ижил төстэй шинэ объектыг зах зээлд өнөөдөр байгаа материал болон загвараар бүтээхэд гарах зардлыг тооцоолсон төсөөлөл байна гэж байгаа. Гэтэл түүн дээр Дархан-Уул аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн зориулалттай объектыг ингэж үнэлнэ гэсэн албан ёсны зүйл байхгүй. 2008 оны 182 дугаар тогтоолд зөвхөн газар үнэлэх гэж байгаа, тухайн газрыг үнэлэхдээ хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 12 сая төгрөгөөр үнэлнэ гэсэн байгаа. Үүн дээр эзэмшлийн газар гэсэн үг үсэг байхгүй. Тэгтэл тухайн газрыг 180 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Орон нутагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл төлөвшилгүй учир арилжаа худалдааны мэдээлэл хомс зах зээлийн шууд баталгаа хязгаарлагдмал буюу боломжгүй байгааг харгалзан бид үнэ цэнийн суурыг элэгдэл тооцсон борлуулалтад өнөөдрийн өртгөөр авсан. Гэсэн атлаа зах зээл төлөвшөөгүй ямар нэгэн гаргалгаа байдаггүй. Тийм учраас манайх хэтэрхий өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж ирээдүйд болох, болоогүй зүйлийг боломжтой гэж үнэлсэн байдаг. Тухайн зээлийг олгохдоо батлан даалтын сан гэж 60 хувийг төр даасан. Өнөөгийн үнэлгээн дээр авч үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талуудын харилцан тохиролцсон эсвэл шинжээчийн тогтоосон, шинжээчийн үнэлгээ буюу эсвэл харилцан тохиролцсон үнэлгээгээр манайд санал болгоно гэж байгаа. Тэгэхээр манайх үндсэндээ зөрүү мөнгө төлөх гээд байгаа гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.03.15-ны өдрийн 001/ХТ2018/00417 дугаар тогтоолоор "Ихмориг ХХК-аас 386,322,508.02 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч "Ихмориг ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч "Ихмориг ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1 дүгээр багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000713 дугаартай, 882,78 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р баг Бэрх уулын ард байрлах нэгж талбарын 80310310 дугаартай, 5 га талбайтай Тахианы ферм, өвлийн хүлэмж, туслах аж ахуйн зориулалттай газар, төлбөр төлөгч Б.Бадрахмаагийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р баг, Бэрх уулын ард байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000737 дугаартай, 1000 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.12.04-ний өдрийн 119070484/02 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч "Ихмориг ХХК албадан дуудлага худалдааны үнийг 1 тэрбум 80 сая төгрөгөөр, төлбөр авагч "Голомт банк" ХХК 158,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019.12.09-ний өдрийн 2019/28 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. "Капитал зууч" ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 932,200,000 төгрөгөөр тогтоож, 2020.01.06-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020.01.08-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Голомт банк ХХК-ийн Дархан салбарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан салбарын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 169 дүгээр магадлал, 2018.03.15-ны өдрийн 001/Х2018/00417 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Голомт банкны Дархан салбар, хариуцагч Ихмориг ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ихмориг ХХК-аас 386,322,508.92 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2,089,562 төрөгийн хамт гаргуулан Голомт банкны Дархан салбарт олгохоор, хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс төлбөл барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тогтоосон ба дээрх тогтоолыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулуулахаар хүсэлт гарган хүргүүлж хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Солонго битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1-д заасны дагуу үнийн санал талуудаас авахад Ихмориг ХХК нь барьцааны хөрөнгийн доод үнийн саналаа 1 тэрбум 80,0 сая төгрөг, манай банк үл хөдлөх барьцааны хөрөнгийг 62,000,000 төгрөгөөр, 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрыг 1,000,000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийг 93,000,000 төгрөгөөр нийг 155,000,000 төгрөгөөр үнийн саналаа тус тус хүргүүлсэн ба талуудын үнийн санал зөрөлдсөн тул Капитал зууч ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилж 2019.12.31-ний өдөр 932,200,000 төгрөгөөр үнэлж үнэлгээчний тайланг хүргүүлсэн байдаг. Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангийн 2.1-д Барилга хот байгуулалтын сайдын 2015.12.28-ны өдрийн 203 дугаар тогтоолыг баримтлан (Орлуулалтын өртөг гэдэг нь тухайн объекттой ашигт чанараараа ижил төстэй шинэ объектыг зах зээлд өнөөдөр байгаа материал болон загвараар бүтээхэд гарах зардлын тооцоолсон төсөөлөл байна) мөн (Орон нутагт үл хөдлөх хөрөнгийн зах зээл төлөвшөөгүй учир арилжаа худалдааны мэдээлэл хомс, зах зээлийн шууд баталгаа хязгаарлагдмал буюу боломжгүй байгааг харгалзан бид үнэ цэнийн суурийг элэгдэл тооцсон орлуулалтын өнөөгийн өртөг-өөр авсан.) гэж тайлан гаргасан нь ямар объекттой харьцуулж үнэлгээ гаргасан, түүнчлэн загвар схем байхгүй, тодорхойгүй. Барилга хот байгуулалтын сайдын 2018.01.25-ны өдрийн 15 дугаар тушаал Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал, Газрын үнэлгээний тойрог, газрын бүсчлэл, газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын суурь үнэлгээг үндэслэн тогтоосон гэсэн боловч дээрх тогтоолд эзэмшлийн газрыг хэрхэн үнэлэх, хэдэн төгрөгөөр үнэлэх талаар тодорхой заагаагүй. Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.2-т Үнэлэгдсэн эд хөрөнгийн ашиглалт, одоо ба ирээдүйн байдлыг сонирхож, үнэлгээ хийх, бусад мэдээллийг цуглуулав гэсэн мөртлөө өнөөгийн төлөв байдал элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээ гаргах ёстой байхад ирээдүйн байдлыг сонирхож үнэлгээ гаргасан байна гэсэн үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад 2020.03.04-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай банк дотоод экспертээр харьцуулсан үнэлгээ дахин хийлгэж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2020.04.27-ны өдрийн 45 дугаар магадлалаар мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Капитал зууч ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ болох 932,200,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд орж худалдан борлогдоогүй тохиолдолд шинжээчээс тогтоосон үнээр манай банканд санал болгохоор бид 545,877,491.08 төгрөгийн зөрүү төлөх болоод байгаа тул Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож дахин шинжээч томилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-ийн 2019.12.31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Голомт банк ХХК-ийн Дархан салбарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан салбарын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан Голомт банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2019.06.03-ны өдөр КАТО овогтой NORIHIKO-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн, тухайн компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 257 дугаар тушаалаар Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх, уг эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох зэрэг банкыг төлөөлөх бүрэн эрхийг Голомт банкны Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Н.Оюунхандад 3 жилийн хугацаатай олгосон байна.

Дээрх итгэмжлэлийн дагуу Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгч Д.Золжаргалд банкыг төлөөлөх итгэмжлэл буюу эрх олгогдоогүй байхад анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган банкыг төлөөлөх эрхийг тус салбарын өр барагдуулагч О.Оюунбатад олгосон нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байдаг тул Голомт банк ХХК-Банкны Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгч банкыг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан ... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэх үндэслэлд хамаарч байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож дахин шинжээч томилж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД