Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0304

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0304

Улаанбаатар хот

 

Ё.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э;

Нэхэмжлэгч: Ё.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 дугаар шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Хариуцагч нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.М,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2020/0515/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.А нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах,

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК -д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё.А-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК -д эзэмших эрх олгосон газраас Ё.А-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар,

Гуравдагч этгээд “Э” ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК -ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах,

 Шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах,

 Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжийн Иргэн Ё.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт Иргэн Ё.А-ийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 2016 оны ДТ16/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах”-аар тус тус маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0598 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн

1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч Ё.А-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё.А-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК -д эзэмших эрх олгосон газраас Ё.А-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК -ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК -д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

3 дахь заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК -аас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжийн Иргэн Ё.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт иргэн Ё.А-ийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 2016 оны ДТ16/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-с давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “... Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Ё.А  2001 онд тус газрыг хашаалсан газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Нийслэлийн Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг “Э” ХХК -д эзэмшүүлсэн байгаа нь дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ надад олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” 2000 м.кв талбайтай нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргы 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар захирамж, 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай захирамж тус тус давхацсан гэсэн үндэслэлээр маргаж, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр буюу 419 м.кв талбайгаар давхцалаа тодорхойлсон. Манай компанийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.1.1. Энэхүү шүүхийн шийдвэрт маргалдагч талууд хэн аль нь гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж заасны дагуу Захиргааны хэргийн анхан шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 630 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ё.А-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.4-т заасан үндэслэлүүдээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШТ2021/0013 дугаар тогтоолоор “... шүүхийн шийдвэр гарсан тухайн цаг хугацаанд газар эзэмших эрх үүсээгүй байсан Ё.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй” дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Гэтэл хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0013 дугаартай тогтоолоор “Э” ХХК -д газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь цаг хугацааны хувьд Ё.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэйгээс гадна, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байтал шүүхээс хийсвэрлэсэн дүгнэлт хийж 2001 онд анх хашаалсан газар, мөн 5000 м.кв талбайтай газар эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

3.1.2. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрыг 2001 онд анх хашаалж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32021/3371 тоот захирамжийн захирамжлах хэсгийн 5.2-т “нэхэмжлэгч Ё.А-г маргаан бүхий 2001 оноос эхлэн хашаалсан байна” гэж шууд үзэж шинжээчид асуулт тулгасан нь үндэслэлгүй байгаа ба шүүх хэт нэг талыг барьж шинжээчид бие даан ажиллах боломж, бололцоо олгоогүй асуудал болжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ё.А-д анх 540 м.кв талбайг эзэмшүүлсэн талаараа маргаан бүхийн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д дурьдсан байх ба анхан шатны шүүхээс газар эзэмших талбайгаа хууль бусаар хашаалсан /”Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайтай давхцуулан хашаалсан/ нэхэмжлэгчид шууд газар эзэмших эрх үүссэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэж дүгнэж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.9-д “газар эзэмших, ашиглах эрхийн”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасан байна.

3.1.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, эрх бүхий төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/-ын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Газрын албанаас улсын бүртгэлд бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр тухайн этгээдийг газар эзэмших эрх үүссэн гэж үзэх ба хууль бусаар хашаалсан асуудалд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч Ё.А-аас 5000 м.кв талбайд газар эзэмших хүсэлтээ гаргасан, түүнийг шийдвэрлээгүй атлаа “Э” ХХК -д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 226 дугаар захирамжаар 8643 м.кв газрыг олгосон нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт Ё.А-ийн газар эзэмших хүсэлт гаргасан 5000 м.кв талбайг 8643 м.кв талбайтай давхцуулсан баримт байхгүйн дээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар олгогдсон газартай давхцалтай, уг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар гаргаж буй маргааны үйл баримт, нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальсан шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 5000 м.кв талбайд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр дээр огт маргаагүй ба уг хүсэлтийг гаргаад асар их цаг хугацаа өнгөрсөн /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар 860 м.кв, 2010 оны 783 дугаар захирамжаар 1416 м.кв, 2015 оны А/07 дугаар захирамжаар 2000 м.кв талбайг эзэмшиж байснаас үзэхэд, тухайн харилцааг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн хангалттай үндэслэлийг бий болгожээ. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн давхцал үүссэн нь Ё.А-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар 2000 м.кв талбайд газар эзэмших эрх олгосонтой шууд холбоотой бөгөөд түүнээс өмнө газрын давхцалгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэлэлцсэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оноос өмнө газрын давхцал үүсээгүй талаараа хэлсэн зэргээр тодорхой нотлогдсоор байтал түүнээс өмнөх цаг хугацаанд хамаарах манай компанид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 226 тоот захирамж, 2007 оны 63 тоот захирамжийг шүүх хууль бус гэж дүгнэж байгаад нь гомдолтой байна.

3.1.4. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад манай компанид газар эзэмших эрх олгосон дээрх захирамжуудыг нэхэмжлэгчийн зүгээс мэдэж байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаараа дурьдаж тэр ч утгаараа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, энэ захирамжуудтай холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй талаар хэлж байсан ба шүүх шийдвэр гаргахдаа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж гуравдагч этгээдийн талаас үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан захиргааны актуудыг нэхэмжлэгч мэдэж байсан атлаа гомдол гаргах, нэхэмжлэл гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн талаар гуравдагч этгээдийн зүгээс маргасан ч энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-д “... Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгогдсон газар эзэмших эрхийг сэргээсэн хэдий ч нэгэнт хугацаа дууссан байхад шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй...”, 21-д “... нэгэн нэхэмжлэгч Ё.А-ийн 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн тул бие даасан шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан. Хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн анхан шүүхийн 20 дугааp шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг үгүйсгэх байдлаар, тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдлаар дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд манай компанийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэх замаар гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх захирамж, хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэргийг үгүйсгэх замаар бие даасан шаардлагад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШТ2021/0013 дугаар тогтоолоор Ё.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй талаар хангалттай тогтоож өгсөөр байтал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэж байгаа нь маргаан бүхий шүүхийн шийдвэр энэ тогтоолтой харшилдах үндэслэл болж байгаа ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, захирамжид дахин дахин дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр бие даасан шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг гуравдагч этгээдээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн газар эзэмших эрхтэй давхцуулан Ё.А-ийн нэр дээр олгогдсон 2016 оны ДТ16/78 тоот архитектур даалгаврын талаар дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Ё.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар;

 

1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

 

-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК -д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас /3-р хх-38 дахь тал/ нэхэмжлэгч Ё.А-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

 

-Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК  /3-р хх-42 дахь тал/-д эзэмших эрх олгосон газраас Ё.А-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ. /3-р хх-170 дахь тал/

1.2. Нэхэмжлэгч Ё.А-аас Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны дарга н.Цэлмэгт хандаж бичгээр гаргасан 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “газар хүсэх тухай” өргөдлөөр “0,5 га” газар олгож өгөхийг хүссэн /3-р хх-135 дахь тал/ байх бөгөөд энэхүү хэмжээгээр биш харин 540 м.кв /0.0054 га/ хэмжээгээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн засаг даргын 2002 оны 120 захирамжийн талаар 22 жилийн дараа маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

1.3. Тодруулбал, маргаан бүхий газарт иргэн Ё.А-д анх Нийслэлийн Засаг дарга 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” 120 дугаар захирамжаар “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ““Э” ХХК ” төвийн урд байрлалд үйлчилгээтэй орон сууцны барилга барих 0,054 га газар /3-р хх-162 дахь тал/-ыг;

-2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 485 дугаар захирамжаар 860 м.кв газрыг;

-2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” 482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан;

-2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжаар 1416 м.кв газар;

-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/07 дугаар захирамжаар 2000 м.кв газрыг “үйлчилгээтэй, амины орон сууцны зориулалт”-аар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /1-р хх-24 дэх тал/

 

1.4. Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх талаар нийт 4 удаа захирамж гаргахдаа газар эзэмшигчийн Нийслэлийн газрын харилцааны албанд хандаж гаргаж байсан өргөдөл, хүсэлт зэргийг үндэслэн /3-р хх-135-168 дахь тал/ Нийслэлийн архивын газраас ирүүлсэн газрын хувийн хэрэг байх бөгөөд анх олгосон 540м.кв газрын хэмжээг 860 м.кв, 1416 м.кв, 2000 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.

 

1.5. Энэ нь Нийслэлийн засаг дарга газрын харилцааны талаарх хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль /1994 он/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хууль /2002 он/-ийн 32 дугаар зүйлийн 32.1, 33, 34 дүгээр зүйл, Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу иргэн Ё.А-ийн газар эзэмшүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянаад газрын хэмжээ, байршил, зэргийг тогтоож газар эзэмшүүлэх тухай шийдвэрүүдийг /зохих шийдвэр/ тухай бүр гаргаж, улмаар газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

1.6. Гэтэл нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын тухайн үеийн дээр дурдсан захирамжуудтай маргаж байгаагүй, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн, үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Нийслэлийн Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг “Э” ХХК -д эзэмшүүлсэн ... хуульд заасан шаардлагад нийцээгүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

 

1.7. Түүнчлэн хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн тус газрын архивд хадгалагдаж буй агаар, сансрын зургуудаас үзэхэд нэхэмжлэгч Ё.А  2001 онд хашаалсан  гэх 2017 м.кв газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй байх бөгөөд энэхүү хашаалсан газрын хэмжээгээр газар эзэмших эрхтэй хэмээн одоо маргаж буй нь Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалттай нийцээгүй байна.

 

1.8. Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 226, 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Э” ХХК -д олгогдсон 4643 м.кв газраас  нэхэмжлэгч Ё.А-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох”, “хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

1.9. Иргэн Ё.А-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/07 дугаар захирамжаар 2000 м.кв газрыг “үйлчилгээтэй, амины орон сууцны зориулалт”-аар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулсан.

1.10. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэр гарсны дараа газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаар авч, гэрээг шинэчлэхээр хүсэлт бичгээр гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

1.11. Албан бичгийн үндэслэл агуулгаас үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ё.А  болон гуравдагч этгээд “Э” ХХК -ийн хооронд үүссэн газрын маргаантай асуудалтай холбогдуулан газрын маргааныг зохицуулж шийдвэрлэх, нөхцөл байдлыг тогтоох зорилготой захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлсэн байх тул захиргааны байгууллагын албан бичгийг хууль бус татгалзал гэж үзэхгүй болно.

 

Хоёр. Гуравдагч этгээд “Э” ХХК -ийн бие даасан шаардлагын талаар;

 

2.1. Гуравдагч этгээд “Э” ХХК -д Нийслэлийн Засаг дарга 1999 оны А/152 дугаар захирамжаар 5700 м.кв, 2004 оны 226 дугаар захирамжаар 8643 м.кв, 2007 оны 63 дугаар захирамжаар 4643 м.кв газрыг 5 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж, нийт 3 удаа хариуцагчаас газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргасан байна.

 

2.2. Талуудын маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК -д 4643 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар эзэмших эрхийн хугацаа 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байна.

 

2.3. Гуравдагч этгээд “Э” ХХК  нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: гэсэн заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтээ хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны Засаг даргад гаргаж байгаагүй болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2.4. Иймээс “Э” ХХК  нь 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэсэн дагуу тус компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

 

2.5. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх,ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/455 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан ...2007 оны 63 дугаар захирамжийн “Э” ХХК -д ... хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон ба уг шийдвэрийг хянаад Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсэгт “...Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2, 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” А/455 дугаар захирамжийн “Э” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэснээс үзвэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянасан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаагүй байхад уг шүүхийн шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээдээс газар эзэмших эрх сэргэсэн хэмээн үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

2.6. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн, шинээр газар эзэмших эрх олгох тухай шийдвэр гаргаагүй байна.

 

2.7. Дээр дурдсан “Э” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой гарсан захиргааны акт, шүүхийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх нь дуусгавар болсон “Э” ХХК-ийн газартай холбоотой гарсан байх тул “...шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК -д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.8. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Э” ХХК-д эзэмшүүлсэн 4643 м.кв газар нь 2 тусдаа байршилтай, 2 тусдаа нэгж талбарын дугаартай, нэг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа нь Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасныг зөрчжээ.

2.9. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн хугацаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болсон, шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийн 4-д “Нэгж талбарын ... дугаартай газрууд нь эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн байх бөгөөд иргэн Ё.А-ийн хашаалсан гэх 2017 м.кв талбайтай газар нь ... дугаар бүхий газартай 245 м.кв, .... дугаар бүхий газартай 174 м.кв талбайгаар тус тус давхцалтай байна” /хх-80 дахь тал/ гэсэн дүгнэлт зэргээс үзвэл шинжээчийн дүгнэлтэд дурдсан давхцалтай газар нь “Э” ХХК-ийн хууль ёсны эзэмших эрхтэй газар биш болох нь нотлогдож байна.

2.10. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжаар иргэн Ё.А-д газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргах тухайн үед “Э” ХХК нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй байсан байх бөгөөд мэдээллийн санд эзэмшигчийн бүртгэлгүй байсан байх тул дээрх захирамжийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

2.11. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 30.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд тайлбар гаргасан бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актад дүгнэлт хийх шаардлагагүй байх тул гуравдагч этгээдийн “Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт иргэн Ё.А-ийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 2016 оны ДТ16/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай бие даасан шаардлага үндэслэлгүй.

2.12. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын нэг үндэслэл болох “...олгосон газар нь ...оюутан, багш, ажилчид, эмнэлгийн гол үүд болох орц, гарцыг хааж ...олон нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа ...” гэх энэ асуудлыг хариуцагчаас нэхэмжлэгчийн газрын асуудлын талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан захиргааны журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.

 

2.13. Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

           Гурав. Иргэн Т.Ж-ийн газрын талаар;

3.1. Иргэн Т.Ж-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээс үзвэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/173 дугаар захирамжаар авто угаалгын зориулалтаар эзэмшиж байсан Т.Ж-ийн 140 м.кв газар нь энэ хэргийн нэхэмжлэгч Ё.А  болон гуравдагч этгээдийн маргаж буй газартай давхцаагүйн дээр маргааны үйл баримтад огт хамааралгүй, хэргийн оролцогч энэ талаар маргаагүй болохыг дурдав.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ;

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.А-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК -д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё.А-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК -д эзэмших эрх олгосон газраас Ё.А-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Тогтоох нь хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж “2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК -аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК -ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК -д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжийн иргэн Ё.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт иргэн Ё.А-ийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 2016 оны ДТ16/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Тогтоох нь хэсгийн 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж,

 

Тогтоох нь хэсгийн “4, 5” гэсэн дугаарыг “3, 4” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА