Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2020/00887/И |
Дугаар | 001/ХТ2021/00709 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00709
2021 06 16 001/ХТ2021/00709
...................ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1613 дугаар магадлалтай,
...................ын нэхэмжлэлтэй
...................т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 тоот захирамжаар ...................аас 62,253,667 төгрөгийг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2222 дугаар магадлалаар ................... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. НШШГГ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 46,061,200 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.02.14-ний өдөр 4/5373 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээ нь зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасаар дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжаар ...................аас 53,153,667 төгрөг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн дугаар магадлалаар дээрх 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2019.10.10-ны өдрийн 144/02 тогтоолоор битүүмжилж, 2020.01.15-ны өдрийн 144/04 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020.02.11-ний өдрийн 106 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг талуудад 2020.02.14-ний өдрийн 4/5376, 4/5374, 4/5373 тоотоор мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020.03.20-ны өдөр оруулсан ч санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч түдгэлзүүлсэн захирамж гарч явагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд 55.3-д талуудад үнэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 46,061,200 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...................ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1613 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “Баян Модот” ХХК-ийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн. Тухайн гэрчийг оролцуулснаар хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс миний гаргасан гомдлыг хангахаас татгалзсан нь мөн үндэслэлгүй байна. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Хоёр шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болсон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 2147 дугаар захирамжийн дагуу ................... нь 53,153,667 төгрөгийг Б.Банзрагчид төлөх үүргээ биелүүлээгүй тул Б.Банзрагч нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2018.09.11-ний өдрийн 2750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2222 дугаар магадлалаар Я.Ганбаатарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал 18060 гудамж, 60-р байр, В-4 тоот, улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-20-31/ Дээрх захирамж, шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрхэн явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа, үнийг тохиролцоогүй учир шинжээч томилсон байдал, шинжээч Баян модот ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 46,061,200 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээ хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хариуцагч НШГА-аас шүүхэд ирүүлсэн баримт нотолгоог нэхэмжлэгч ................... баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Шүүх “шүүх хуралдаанд шинжээчийг гэрчээр оролцуулах” нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй, шинжээчийн үнэлгээний тайланг хэрхэн үгүйсгэж, гэрч оролцуулах шаардлагатай болсныг нэхэмжлэгч нотлоогүй тул шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой тусгажээ.
Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1613 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД