Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 46

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                             Шүүгчид                             С.Энхжаргал

                                                                        Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

 төлөөлөгч                                        У.Түвшин

 Хариуцагчийн өмгөөлөгч            М.Гансүх

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан,  2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Ч.Ариунболдын нэхэмжлэлтэй, Д.Цэрэндуламд холбогдох “29.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ч.Ариунболд, Д.Цэрэндулам нар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн зээлийн гэрээний өдөр харилцан тохиролцож Ч.Ариунболд нь 30.000.000 төгрөгийг 1 сарын 8%-ийн хүүтэйгээр Д.Цэрэндуламд зээлдүүлэхээр болсон. Ингээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр зээлийн гэрээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 хэсэгт орших 42м2 хувийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавихаар тохиролцож барьцааны гэрээг тус тус хийж баталгаажуулан Ч.Ариунболд нь Д.Цэрэндуламд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээнд тохирсон 1 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 сараар сунгахыг хүсэж эхний 2 сарын зээлийн хүү 4.800.000 төгрөг өгөх ёстойгоос 4.000.000 төгрөг өгсөн. Д.Цэрэндулам нь өнөөдрийг хүртэл Ч.Ариунболдод төлөх ёстой 49.800.000 төгрөгнөөс 29.800.000 төгрөгийг төлж барагдуулалгүй хохироож байна.

Иймд Цэрэндуламаас болон түүний барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 29.800.000 төгрөгийг гаргуулан Ч.Ариунболдод олгож хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2014 оны 01 дүгээр сарын 24-нд 30.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй Цэрэндуламд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч 2014 оны 02 дугаар сарын 24-нд зээлийн гэрээний үүргээ шаардсан гэтэл Цэрэндуламын зүгээс өгөх боломжгүй байна 2 сар сунгаж өгнө үү гээд гэрээгээ сунгасан байдаг. Ингээд 4.800.000 төгрөгийн хүүг Цэрэндулам нэмж төлөхөөр талууд тохирч сунгасан байдаг. Гэтэл 2 сарын дараа үүргээ биелүүлээгүй байдаг. Тиймээс тухайн өдрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ний өдөр хүртэл нийт 182 хоногийн алданги тооцогдсон.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 37.200.000 төгрөг байснаас 4.900.000 төгрөгийг төлсөн. Иймээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 32,300.000 төгрөг байсан үүнээс алданги хоногийн 0,5 хувиар тооцохоор 16.150.000 төгрөг болно. Нийт алданги нь 29.393.000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож гүйцэтгээгүй үүрэг болох 32.300.000 төгрөгөөс тооцож анз нь 16.150.000 төгрөг болсон ба үүнийг бүрэн төлөгдсөнд тооцож байна.

Хариуцагчийн төлөх дүн нийт 48.450.000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Цэрэндуламын найз гэх Гантулга гэдэг хүн 10 дугаар сарын 30-нд хүү алданги төлөөгүй тохиолдолд өөрийн L-470 маркийн авто машиныг 20.000.000 төгрөгөөр тооцож суутгахыг зөвшөөрөөд энэ талаар бичгээр үйлдсэн байдаг. 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд зээл төлөгдөөгүй учир талууд тохиролцооныхоо дагуу 20.000.000 төгрөгөөр тооцож уг машиныг авсан байдаг.

Иймээс хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл болох 29.800.000 төгрөгний шаардлагаа 1.350.000 төгрөгөөр багасгаж, 28.450.000 төгрөг үлдсэн байна. Иймд уг мөнгийг хариуцагч Цэрэндуламаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан” гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээл авснаа бол хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 01 дүгээр сарын 24-нд иргэн Ариунболдоос 30.000.000 төгрөгийг зээлж Гантулгад шилжүүлсэн. Яагаад би шилжүүлсэн бэ гэхээр гэрээ хийх үед миний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Тэгээд Ариунболд ирээд Үл хөдлөх хөрөнгийн нэр дээр чинь гэрээ хийгээд Гантулгад шилжүүлье гээд Ариунболд, Гантулга бид 3 хамт байж байгаад гэрээн дээр нотариатын мөнгийг Гантулга төлөөд бид зээлийн гэрээ байгуулсан. Би энэ мөнгийг авангуутаа Гантулга руу шилжүүлсэн. Энэ гэрээ 1 сарын хугацаатай гэрээ. Нэг сарын хугацаанд Гантулгын хүү мөнгөө төлөх байх энэ хоёр бие биенээ таньдаг юм чинь гэж бодсон гэтэл 2 сарын хугацаа өнгөрөхөд мөнгөө төлөөгүй гээд Ариунболд анх удаа утсаар ярьсан. Тэгээд би сандраад 4.800.000 төгрөг өгтөл алданги тооцох ёстой гээд 100,000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгээд би 4.900.000 төгрөгийг Ариунболдруу шилжүүлсэн. Тэгтэл Гантулга би Ариунболдтой учраа олсон. Чи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай. Би зээлэнд L-470 маркийн машинаа өглөө. Одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй гэж 2014 оны сүүлчээр хэлсэн. Гэтэл жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн.

 Ариунболд нь зээлийн төлбөртөө машин авч төлбөрөө дуусгасан гэсэн мөртлөө одоо яагаад дахин надаас мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Гантулга болохоор 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд орж ирсэн 60.000.000 төгрөгийн үнэтэй машинаа зээлийн төлбөрт Ариунболдод өгсөн гэж тайлбарлаж байхад  20.000.000 төгрөгөөр үнэлсэн гэдэг  ямар ч судалгаагүйгээр хүний хөрөнгийг дур мэдэн үнэлж  авчихаад одоо мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 507 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэндуламаас 4.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн дүнгээс 24.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,    

-Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэг дэх хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс 4.900.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.900.000 төгрөгөнд ногдох 93.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төвөөс хийсэн машины үнэлгээний нэг хуудас баримтыг нотлох баримтаас хасч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль хэрэглээний илэрхий алдаатай дүгнэлт хийсний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан. Гэрээг сунгасан дээрх сунгасан хугацааны хүү 4.800.000 төгрөгний 4.800.000 төгрөгийг хариуцагч Цэрэндулам төлсөн. 100.000 төгрөгийг өмнөх сарын хүүнээс төлсөн. Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй тул тухайн өдрөөс хойш алданги тооцож эхэлсэн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл тооцоход нийт 182 хоног.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь 37.200.000 төгрөг байснаас хариуцагч Цэрэндулам нь 4.900.000 төгрөгийг төлсөн. Иймд түүний гүйцэтгээгүй үүрэг нь 32.300.000 төгрөг, үүний 0.5 хувь нь 161.500 төгрөг юм. Нийт тооцогдох алданги 29.393.000 төгрөг. Иргэний хуулийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 32.300.00 төгрөг, үүний 50 хувь нь 16.150.000 төгрөг юм. Ингээд хариуцагчийн төлөх дүн нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн мөнгө 30.000.000 төгрөг, хүүнд 2.300.000 төгрөг, алдангид 16.150.000 төгрөг, нийт 48.450.000 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Цэрэндуламын найз Гантулга гэх залуу автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцож 24.900.000 төгрөгийг төлсөн тул нийт төлбөрөөс хасаж 28.450.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийг нэхэмжилсэн үнийн дүнгээс нь зээлийн төлбөрт төлсөн 24.900.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 507 тоот шийдвэрт өөрчлөлт /тогтоох нь хэсгийн нэг дэх хэсгийн “4.900.000” гэснийг “28.450.000” гэж/ оруулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт бид хүндэтгэлтэй хандсан. Д.Цэрэндулам нь зээлийн гэрээг нэхэмжлэгч Ц.Ариунболдтой байгуулсан боловч тухайн зээлж авсан мөнгөө Гантулгад шилжүүлсэн. Гантулга үүнийгээ хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрт L-470 маркийн машинаа шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулинд гэрээний үүргийг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                 Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй,  талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлсон боловч, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд  давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Ариунболд нь хариуцагч Д.Цэрэндуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 28.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтын талаар: Зохигчдын хооронд 2014 оны 01 сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлэх тухай зээлийн гэрээ байгуулагдсан байна. Тус зээлийн гэрээгээр зээлдэгч Д.Цэрэндулам нь үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн гэрээний нэг сарын хүү 2.400.000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч Д.Цэрэндулам хүлээн авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зээлийн гэрээний дагуу Д.Цэрэндулам нь 4.900.000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлж, иргэн Д.Гантулга нь зээлдүүлэгч Ч.Ариунболдтой тохиролцон өөрийн өмчлөлийн  L-470 маркийн машиныг зээлдэгч Д.Цэрэндуламын  зээлийн төлбөрт  шилжүүлсэн байна.

Талууд зээл авсан талаар маргадаггүй боловч хариуцагч Д.Цэрэндулам нь  иргэн Гантулга зээлдүүлэгч Ч.Ариунболдод  L-470 маркийн машин шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч Д.Гантулгын мэдүүлэг болон түүний автомашинаа төлбөрт шилжүүлсэн тухай баримт /хх-93/ зэргээс үзвэл Д.Гантулга нь автомашинаа 20.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар тохиролцоогүй тул Д.Цэрэндуламыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

  Иймд нэхэмжлэгч Ч.Ариунболдын зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан нь үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгч Ч.Ариунболд нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт гаргуулахаар шаардлага гаргаж, зээлийн гэрээний хугацааг Д.Цэрэндуламын хүсэлтээр 2 сарын хугацаагаар сунгасан гэж тайлбарлан түүний зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг зээлийн хүүнд тооцсон гэж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг  сунгасан гэж үзэх боломжгүй байна.

   Иймд хариуцагч Д.Цэрэндулам нь  2014 оны 01 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн гэрээний хүү 2.400.000 нийт 32.400.000 төгрөгийн үүрэг хүлээсэн ба тус үүргээсээ нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 4.900.000 төгрөг, автомашин буюу  20.000.000 төгрөг нийт 24.900.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нийт төлсөн мөнгийг нь үндсэн үүргээс  нь хасч /32.400.000-24.900.000=7.500.000/  нийт  7.500.000 төгрөгийг гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

   Зээлийн гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр харилцан тохирсон байх тул  нэхэмжлэгчийн анз гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй бөгөөд ийнхүү анзыг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-д зааснаар хариуцагч Д.Цэрэндуламын гүйцэтгээгүй үүрэг 7.500.000 төгрөгийн 50 хувиар буюу 3.750.000. төгрөгийн алданги тооцон нийт нэхэмжлэлийн шаардлагаас /7.500.000+3.750.000=11.250.000/ нийт 11.250.000 төгрөг гаргуулан  нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 24.900.000 төгрөгийг үндсэн үүргээс нь хасч тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагаас дахин хассан нь буруу тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлын заримыг нь хангаж,  шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

              1 дэх заалтыг:  

          “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Цэрэндуламаас үндсэн зээл, хүүнд 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төрөг буюу нийт 11.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.550.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

              2 дахь  заалтыг: 

   “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 3-р хэсэгт байрлалтай Y-1317006311 дугаар бүхий улсын бүртгэлтэй 42м2 талбай бүхий хувийн сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг:

-“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194.950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.”, гэж

тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 300.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН