Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 148/2017/00406/И |
Дугаар | 50 |
Огноо | 2017-12-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 50
*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Хэргийн индекс: -*****************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч *******ээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүний нэхэмжлэлтэй, “******* *******” ББСБ ХХК-д холбогдох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор ******* Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу урьдчилгаанд *******ээс 500.000 төгрөг хүлээн авсан. Гэрээний дагуу хэргийн баримт бичигтэй танилцаж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, баримт бичгийг бэлтгэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дугаар шийдвэрээр *******ийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговор олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ийн эрх ашгийг хангасан шийдвэр гарсан. Миний бие гурван шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн үндэслэл тайлбараа гарган *******ийн эрх ашгийг хамгаалан шүүхийн эцсийн шийдвэрийг гаргуулж чадсан ба *******ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч, тэрээр гэрээний дагуу олгох ажлын хөлсний үлдэгдэл 500,000.00 төгрөгийг өгөхгүй, ажлаа хийчихээд аваарай гэж тавлаж байна.
Иймд бидний хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4.2 дах заалт, 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл дүн, алдангийн төлбөр төлөх үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл дүн 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь намайг 500.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 500.000 төгрөгөө 250.000 төгрөгийн алдангийн хамт надаас авъя гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлсөнд *******ээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин 500.000 төгрөг тус тус 1.000.000 төгрөг авчихаад аваагүй мэтээр 500.000 төгрөгийг 250.000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй бөгөөд алданги тооцох нь утгагүй гэж үзэж байна.
Өмгөөлөгч ******* нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг гарчигтай гэрээг 2 өөр хувилбараар 3 хувь үйлдэж, нэгийг нь Чингэлтэйн шүүхэд, нөгөө хувилбарыг нь өөртөө бас надад өсгөн. Үүнийгээ ч өмгөөлөгч баталж хэрэгт 2 өөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримт болгож өгсөн байна.
Өмгөөлөгч нь надаас 1.000.000 төгрөг авчихаад надад хуулийн туслалцааг бүрэн гүйцэт үзүүлээгүй, бас зохих ёсоор гүйцэтгээгүй, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчин тууштай байж чадаагүй бас буруу зөвлөгөө өгч төлөх ёсгүй мөнгө ч надаар төлүүлсэн байна.
Хэрэгт хавсаргасан нотлох баримтаас харвал өмгөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хүсэлт өгөхдөө намайг 70.200 төгрөг тушаа гэж байгаад тушаалгасан. Гэтэл шүүгчийн туслах та яагаад хүсэлт гаргахдаа 70.200 төгрөг тушааж байгаа юм бэ хөдөлмөрийн маргаан чөлөөлөгддөг шүүдээ гэж хэлж байсан би энэ мөнгөө ч авч чадаагүй. Анхан шатны шүүх намайг ажилд томилсон шийдвэр гаргасанаас хойш өмгөөлөгч надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Давж заалдах шатны шүүхэд нөгөө тал давсан байнаа чи надад ядаж тайлбар ч болтугай бичээд өгөөчээ гэж гуйхад уурлаад хурал дээр ч өгсөн болно гээд утсаа ч авахгүй тайлбар ч огт бичиж өгөөгүй. Би тэгээд давахын шүүхэд өөрөө тайлбар бичиж өгсөн. Утсаа ч авахгүй байсан хүн хурал болохоор хүрээд ирдэг байсан. Гэрээн дээр өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ ажлаа утсаар болон мэйлээр мэдэгдэж сар бүр тайлан гаргаж өгч байна гэж заачихаад надад ямар ч тайлан, мэйл өгөөгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй харин ч надаас 1 сая төгрөг авчихсан байсан, би ч давахын хуралд ялагдаж нөгөө талд шийдвэр гарч би хохирсон байдалтай үлдсэн учраас дээд шүүхэд гомдол гаргая бичээд өгөөчээ гэж олон хоног уйлан хайлан дагаж гүйхэд бичиж өгөөгүй. Харин ч би чиний өмгөөлөгч учир өөрөө гомдол гаргана чиний гарын үсэгний хэрэг байхгүй надад бүрэн эрх нь байна гэж хэлсэн, энэ харьцаа хандлага нь надад яагаад ч туслалцаа үзүүлэхгүй юм байна намайг хуурах юм байна гэж бодож өөрөө гомдлоо бичиж дээд шүүхэд өгсөн. Ингээд дээд шүүхийн хурал болдог өдөр миний гомдлоор хурал болох гэж байхад нөгөө гомдол бичиж өгөөгүй утсаа ч авдаггүй хүн чинь ирчихсэн байхаар нь би гайхаад чи хэний хуралд ирж байгаа юм бэ гэсэн чинь чиний хуралд гээд хээв нэг ирчихсэн байсан. Өмгөөлөгч хүн ийм байж болох уу. Гэрээ хийсэн юм чинь мөнгө л авна гээд яриад байдаг ерөөсөө үйлчилгээгээ үзүүлэх тухайд огт хамтарч ажиллаагүй нотлох баримт ч байхгүй, миний хэдэн хурлын шийдвэр л байна шүү дээ, харин ч энэ хүнээс 500.000 төгрөгөө нэхэмжилж авах бодолтой байгаа, мөн тушаах ёсгүй 70.200 төгрөгөөр ч хохирсон байна. Намайг ажилд нь томилчихсон байна гээд мөнгө нэхээд байгаа нь утгагүй юм.
Хэрэв би өмгөөлөгч дээд шүүхэд гомдол гаргана гээд итгээд явсан бол өнөөдөр би хохирсон байх ёстой байсан, би өөрөө гомдлоо бичиж өгөөд Улсын дээд шүүх миний гомдлоор хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг үнэн зөв шийдсэнд би баярлаж явдаг. Тэр олон өмгөөлөгчөөс очиж очиж ийм өмгөөлөгч авах ч гэж дээ гэж өмгөөлөгчдөө сэтгэл гонсойж хуульчдын холбоо болон өмгөөлөгчдийн холбоонд энэ хүний тухайд гомдол ч бичиж өгнө гэж бодож байгаа. Тиймээс надаас нэхэмжлээд байгаа 500.000 төгрөгийг алданги, 250.000 төгрөгийн хамт өгөх үндэслэл огт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 538 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******ээс 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 22.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул энэ гомдлыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг уншиж үзэхэд Анхан шатны шүүх тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ хуулийн олон заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Тус хуулийн 63-р зүйлийн 63.1.1-д заахдаа мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан байна. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ бичихдээ “ *******ээс урьдчилгаанд 500.000 төгрөг авсан. одоо гэрээний үлдэгдэл 500.000 төгрөгийг алданги 250.000 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэсэн байдаг. Энэ мөнгөн дүнг тооцон нэмж үзэхэд нийтдээ 1.000.000 төгрөгийг надаас нэхэмжилж байна гэдэг нь тодорхой ойлгогдож байна. Гэтэл би *******ийн дансанд 500.000 төгрөг биш харин 1.000.000 төгрөг хийж өгсөн бөгөөд энэ баримтаа шүүхэд өгсөн байгаа билээ. Иймд би нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийг бүгдийг нь өгсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч өөрөө гэрээгээ зөрчсөн тул би алданги төлөх үндэслэлгүй юм. Алдангийг ямар тооцооллоор ямар учраас, хэдний өдрөөс хэдний өдөр хүртэл ямар байдлаар тооцоод 250.000 төгрөг болсныг нэхэмжлэгч тодорхой бичээгүйгээр 250.000 төгрөгийн алданги гэж бичсэн байхад шүүх бас тооцоолж дүгнэхгүйгээр тус алдангийг төлүүлж байгаа нь үндэслэлгүй юм.
Шүүх мөнгөн дүнг тооцоолон бодохгүйгээр гэрээнд 1.500.000 төгрөг л гэсэн байна гэж хийсвэр байдлаар дүгнэж, хөндлөнгийн байр сууринаас хандалгүй. нэхэмжпэлийн хүрээнээс хэтрүүлж дахин 500.000 төгрөг нэмж бас алданги гэж 250.000 төгрөг нийт 750.000 төгрөг гаргуулж байгаад гомдолтой байна.
Хоёрдугаарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-р зүйлийн 67.1.1-д заахдаа: Зохигчдод эрх, үүргийг нь танилцуулна гэж заасан байна. Энэ заалт хэрэгжээгүй байна. Учир нь нэхэмжпэгч ******* нь эрх үүрэгтэй танилцаагүй, баримтан дээр гарын үсэг зураагүй юм. Гэтэл шүүх намайг дуудаж эрх үүрэг танилцуулж баримтан дээр гарын үсэг зуруулсан. Мөн шүүхэд нөлөөлж болохгүй гэж сануулж нөлөөллийн баримтан дээр надаар гарын үсэг зуруулсан юм. Гэтэл ******* нь тус шүүхэд нөлөөлж болохгүй гэсэн нөлөөллийн баримттай бас л танилцаагүй, гарын үсэг зураагүй юм. Ийм байдлаар би болохоор шүүхэд дуудагдаж очоод баримттай танилцаж гарын үсгээ зурдаг, ******* болохоор шүүхэд нэг удаа ч ирээгүй, дээр дурьдсан баримтуудтай танилцаагүй, гарын үсгээ зураагүй байгаа нь шүүх иргэддээ адил тэгш хандаагүй гэж үзэж гомдолтой байна.
Шүүх шийдвэртээ заахдаа: зохигчид хэлцлийн гол нөхцөл болох өмгөөллийн хөлсийг 1.500.000 төгрөг байхаар тохиролцсон гэж бичсэн байна. Үүнийг би буруу гэж үзэж байна. Учир нь: хэлцлийн гол нөхцөл нь шүүгчийн бичээд байгаа 1.500.000 төгрөг биш юм, харин хууль эрх зүйн туслалцааг бүрэн үзүүлэх нь хэлцлийн гол нөхцөл билээ. Шүүх шийдвэртээ намайг нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Миний нотлох баримт болгож шүүхэд өгсөн 1.000.000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэгч хариу тайлбар өгөөгүй , ер нь ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч миний бие шүүхэд хариуцагч *******т холбогдуулан “Хууль зүйн туслапцаа үзүүлэх” гэрээний өмгөөллийн ажлын хөлсний үлдэгдэл 500,000 төгрөг, алданги 250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. *******ээс тус шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1.*******тэй хийсэн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээнд тодорхойлсоны дагуу *******ийн эрх ашгийг хамгаалан ажилласны ажлын хөлсийг 1,500,000 /Нэг сая,таван зуун мянган/ төгрөгөөр харилцан тохиролцож, урьдчилгаанд 500,000.00 төгрөг авсан гэдгээ, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд 500,000.00 төгрөг, нийт 1.000.000.00 төгрөг *******ээс авсан тухай илэрхийлж, энэ үйл баримтын талаар би маргаагүй.
Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол ажлын хөлсний үлдэгдэл дүн болох 500,000.00 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750,000.00 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч *******ээс 750.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзнэ.
*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00890 дугаар шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 240 хоног өнгөрсөн байна. “Хууль зүйн туслапцаа үзүүлэх” гэрээний 3.1.6 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 500,000.00 төгрөгөөс 0,5 хувиар тооцоход өдрийн алданги 2,500 төгрөгийг 240 хоногоор үржүүлэхэд 600,000.00 төгрөг гарна. Алдангид торгуулийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул апдангид 250,000.00 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
2. Шүүгчийн туслахаас надад шүүхийн албан ёсны цахим хаягаас баримт бичгүүдийг явуулсан, миний бие мөн энэхүү шүүхийн албан ёсны цахим хаягаар хүсэлт, хэргийн баримт бичигтэй танилцсан болон нөлөөллийн мэдүүлэг зэрэг баримт бичгүүдтэй танилцсан тухай баримтуудаа явуулсан тул үүнд хариуцагчаас гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Миний бие шүүхээс ирүүлсэн баримт бичигүүдтэй, хэргийн баримттай апбан ёсоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу танилцаж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэрэгт байр сууриа илэрхийлсэн, өөрийнхөө хүсэл зоригоо бүрэн хэмжээгээр, сайн дураараа, шүүхээс танилцуулсан хэмжээгээр илэрхийлсэн, шүүх хууль зөрчөөгүй гэдгийг батлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг маргааныг иргэний шүүхийн бүх шатанд хянан хэлэлцэж шийдвэрлэдэг ба энэ талаар хариуцагч бүрэн мэдээлэлтэй байсан, миний зүгээс түүнд энэхүү мэдээллийг бүрэн өгсөн болно. ******* нь урьд нь шүүхийн бүх шатаар мөн адил ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар хэрэг маргаанаа өөрийн талд шийдвэрлүүлж байсан нотлох баримт хэрэгт авагдсан билээ.
Миний бие урьд нь *******тэй нэг байгууллагад хамт ажиллаж, гэмгүй сайхан нөхөрлөж явсаны хувьд *******ээс асуудал шийдвэрлэхэд туслаач гэж өөрөө надад хандан ирэхэд нь чадах мэдэх зүйлээрээ тус больё гэж хичээсэн боловч, түүнээс янз бүрийн хэл амаар гаргасан доромжлолыг хүртсэн, гэвч энэ тухай юм яриагүй, гомдоллоогүй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн шаардлагыг хангаж байгаа тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний үүрэг 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт цугларсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх-1 тал/ нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хариуцагчаас гэрээний урьдчилгаанд 500.000 төгрөг хүлээн авсан. *******ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч гэрээний дагуу олгох ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөгийг алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, холбогдох бичгийн баримтыг хавсарган ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн нэмэлт тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.
Хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******ийн эзэмшдэг ХААН банк дахь дансанд 2016 оны 09 сарын 08-ны өдөр гэрээний урьдчилгаанд 500.000 төгрөг, түүний дараа 2016 оны 10 сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй ба харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх ******* нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн талаар дахин ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлсөнд нэхэмжлэгчид 1.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэхүү гэрээгээр тохирсон хөлсөө хариуцагч ******* нь төлсөн тухай баримтаа шүүхэд ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй тул нэхэмжлэгчийн шаардлага болох ажлын хөлс 500.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн, өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас анз тооцож гаргуулах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан гэрээнд гэрээний дүнг хэдийгээр 1.500.000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага дээр дурьдсан байдлаар тайлбарлан гаргасан байдлаас үзэхэд зохигчдын хооронд 1.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ талаар бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН