Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022

 

 

 

 

        

 

2018 оны 10 сарын 03 өдөр     Дугаар 181/ШШ2018/02022         Улаанбаатар хот        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Б овогт Ш Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “Ш Ш” ХХК /РД: /-д холбогдох, 

 

Орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, жилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Ш.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие нь тус компанид 10 гаруй жил хуулийн зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тус компани нь нэг л орон тооны хуулийн зөвлөхтэй. Тэр нь би байсан. Сүүлийн үед орж ирсэн компанийн удирдлага нь Монгол Улсын хуулийг дээдлэх зарчмыг үл хүндэтгэдэг байсан. Ийм хүнд нөхцөлд сүүлийн 3 жил ажиллаж ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надад орон тоо хасаж байгаа талаар мэдэгдэл ирүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл удаа дараа удирдлагуудад хэлж байсан. Гэтэл ямар нэгэн шалтгаан хэлж явсаар гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрсэн. Би ганцаараа гэрээ байгуулахгүй. Гэрээ байгуулаагүй нь надаас шалтгаалаагүй.

2007 оноос хойш компани бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулсан. Барилга байгууламжтай холбоотойгоор миний бие хууль зүйн зөвлөгөө 10 гаруй жил зөвлөгөө өгсөн. Барилга байгууламж чанаргүй баригдсанаас болж байгальд маш их хохирол учирсан. Түүний дараа дахин засвар, шинэчлэлтийн ажил явагдаж, гүйцэтгэх компанитай гэрээ байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор компани мэргэжлийн бус компанийг сонгож эхэлсэн. Үүнээс болж асуудал үүсэ эхэлсэн гэж үзэж байна.

2016 оны сүүлээс эхлэн надад ажил өгөхгүй, цалингаа тогтмол өгч ирсэн. Би хууль ёсны шаардлага тавьж улсынхаа хууль дүрмийг мөрдүүлэх гэж нэлээн хавчигдсан. Би “Ш Ш” ХХК-ийн удирдлагуудад яагаад ажил өгөхгүй байгаа юм бэ гэхэд чи ажлаа сайн хийдэг. Бид нарт одоогоор хуулийн асуудал гарахгүй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд чи уурхайд очиж ажил гэж хэлсэн. Би 2017 онд аваарт орсон учир уурхайд ажиллах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл хүлээн зөвшөөрч түр хугацаанд Дорнодод ажил гэж хэлсэн.

Дараа нь н.Бөхбат гэх захирал та Дорнод явах шаардлагагүй гэж хэлсэн. Түүнээс өмнө манай захирал чамайг халахгүй, хуулийн хэлтэс байгуулна, бүгдээрээ хамтарч ажиллана гэж хэлдэг байсан. Ямар нэгэн тодорхой хариу өгдөггүй байсан. Сүүлд намайг уурхайд ажил гэж нэлээн шахсан. Би тэнд ажиллах боломжгүй байсан. Засварын ажил нь дуусаагүй, асуудалтай байсан. Тиймээс би компанийн удирдлагад хандаж, Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхийг хангаж өгнө үү гэж хэлсэн. Мөн бичгээр хандаж байсан. Тэгтэл компанийн удирдлагын зүгээс ажиллах нөхцөлтэй холбоотой ямар нэгэн хариу өгөөгүй.

Харин 2016 оноос хуулийн компанитай хамтарч ажилладаг болсон байна лээ. Тус компанийн төлөөлөлтэй уулзахад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуул гэж шаардсан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлээгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэхийг хүсэж удаа дараа удирдлагуудтай уулздаг байсан. Гэтэл компанийн удирдлагаас хариу өгдөггүй, хүний нөөцийн ажилтнууд ч мэргэжлийн бус хүмүүс байдаг.

Би ажилчдын гэрээг хийдэг байсан ч надтай гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт болон дотоод журмыг харахад намайг л ажлаас халах зорилготой заалт байсан учир би компанийн хуульчийн хувьд энэ нь хууль зөрчсөн байна үүнийг анхаар гэж хэлсэн. Ажлын байрны тодорхойлолтод намайг уурхайд ажил, үгүй бол ажлаас чөлөөлнө гэх заалт орчихсон байсан. Тиймээс би ажлын байрны нөхцөл бүрдчихсэн байх, ажлын байрны тодорхойлолт нь хийж гүйцэтгэх ажилд нь тохирсон байх, дотоод журам нь хуульд нийцсэн байх гэх шаардлага тавьсан. Миний хувьд ажиллах нөхцөл бүрдээгүй байсан.

Компанийн хуулийн нөхөрлөлийн захирал н.Нандинцэцэг хэлэхдээ та ажиллах нөхцөлийн талаар шаардлага тавих эрхгүй гэж хэлсэн. Би тус компанийн гүйцэтгэх захирал, орчуулагч, хуульч, өмгөөлөгч байхад би ажиллах нөхцөл бүрдсэн тохиолдолд ажиллана гэж хэлсэн.

Тэгтэл та хөдөлмөрийн гэрээ байгуул гэж шаардсан. Би боломжгүй гэдгээ хэлсэн. Ажиллах нөхцөлийн талаар мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргах ёстой гэж хэлсэн учир би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажиллах нөхцөл бүрдсэн талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл мэргэжлийн хяналтын газар хугацаандаа шийдвэрлэж өгөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс ажлын хэсэг гарч, намайг зайлшгүй биеэр очих ёстой гэж шаардсан. Тиймээс би очсон. Очиход бохирдол маш өндөр гарч, зөрчил илэрсэн талаар мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан. Уурхай дээр очиход н.Хөхбар гэх хүн та ажилтны хувьд гомдол гаргаад байна уу, иргэний хувьд гомдол гаргаж байна уу гэж асуусан. Би ажилтны хувьд гомдол гаргаж байна гэдгийг хэлсэн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гарсан хэдий ч тухайн газарт очиход зөрчил нь илэрчихсэн, нөхцөл байдал ноцтой байсан. Тэгтэл намайг тухайн нөхцөл байдлыг мэдсэн учир орон тоо хасагдсан гэх үндэслэлээр халсан гэж бодож байгаа. Намайг Хуульчдын холбоонд байгууллагын нууц задалсан гэх үндэслэлээр мэргэжлийн хариуцлага тооцуулахаар өгсөн байна лээ. Миний хувьд байгууллагын нууц задлаагүй. Байгаль орчны асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллага гаргасан. Гэхдээ Хуульчдын холбоо хэрэгсэхгүй болгосон юм байна лээ.

Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээр орон тоо хассан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Хариу тайлбар дээрээ манайх маш олон ажилчинтай, татвар төлдөг гэж байна. Ямар ч байгууллага татвараа төлөх ёстой. Тухайн уурхай нь маш том. Монгол, Хятад нийлээд 700, 800-аад ажилтантай.

Орон тоо хассан гэдэг нь шаардлагагүй орон тоо хасахыг ойлгоно. Тус компани ганцхан хуульчтай. Гэтэл олон ажилтантай, байнга эрх зүйн харилцаанд оролцож байдаг компанид хуульч шаардлагагүй гэж байгаа нь ойлгомжгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Уул уурхайн компани өдөр тутам хууль хэрэглэдэг. Би 10 гаруй жил ажиллахдаа ээлжийн амралтыг биеэр эдэлж үзээгүй. Тиймээс орон тоо хассан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд “Ш Ш” ХХК нь Ш.Д миний ажлын байрыг хассан нь үндэслэлгүй байсныг тогтоон өгч, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай компани анх Ш.Дтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Гэхдээ манайх хөдөлмөрийн гэрээ, журмаа өөрчлөөд явж байгаа. Ш.Дтай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч хуульд заасан эрхийг хөндөж байна гээд байгуулаагүй. Хэрэв эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан ч Хүний эрхийн үндэсний комисст хандаж зөвлөмж авч байгаа нь үндэслэлгүй байна. Манайх Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийг хүлээж авсан. Гэхдээ тухайн зөвлөмжид хүний эрхийг зөрчсөн талаар ямар ч зөвлөмж байгаагүй. Бид нарын буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Бидний зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан.

2016 оноос хойш өмгөөллийн “Дачэн” гэх нөхөрлөлтэй “Ш Ш” ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ш.Д хэлэхдээ 2016 оноос хойш надад ажил өгөхгүй байсан гэж байна. Компани өөр нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл яагаад заавал том компанид хуульчийн орон тоо байх ёстой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна.

Ажил олгогчийн зүгээс өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсан учир хуульчийн орон тоог хасах эрх нь байгаа. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал. Харин Ш.Дгийн ярьж буй зүйл нь ямар ч үндэслэлгүй. Тухайн тушаалд компанийн нууцыг задруулсан тул ажлаас халсан гэх үг үсэг байхгүй. Манайх орон тоо хасагдсан гэх үндэслэлээр л ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан гэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан нь үүрэг болгосон зүйл биш. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй гэж хэлсэн гэж байна. Энэ нь хүнийг гүтгэсэн асуудал. Тиймээс манай компанийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “Ш Ш” ХХК-д холбогдуулан орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тоо хасагдсан нь үнэн, хөдөлмөрийн гэрээг энэ үндэслэлээр цуцалсан тушаал үндэслэлтэй гэж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 395 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн хуулийн зөвлөхийн орон тоог хассан үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Ш.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан учир шүүх хуулиар харьяалуулсан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан уг гомдлын дагуу ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Ш.Д нь 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтны ажлын байранд түр хугацаагаар томилогдож ажилд орсон байх ба өнөөг хүртэлх хугацаанд зохигчид бичгээр хөдөлмөрийн байгуулаагүй боловч нэхэмжлэгч нь хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос хойш төдийлөн ажил үүрэг гүйцэтгээгүй, харин цалин хөлсөө тогтмол авч байсан, 2018 оны 3 дугаар сард хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах ажил олгогчийн хүсэлтийг “хөдөлмөрийн хэвийн нөхцөл хангаагүй” үндэслэлээр хүлээж аваагүй, улмаар 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл авч 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, хариуцагч “Ш Ш” ХХК нь 2016 оноос “ДАЧЭН” ГХОХХН-өөс хууль зүйн туслалцаа авч, хамтран ажиллаж ирсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэл болох боловч энэ нь хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй, шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.

 

“Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрт үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 356 дугаар тушаал гаргаж, компанийн ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахдаа “хуулийн зөвлөх”-ийн ажил, албан тушаалыг хассан байх ба орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичгээр мэдэгджээ.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хуулийн зөвлөх” ажил, албан тушаалын орон тоо хасагдах болсон нь Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу гэж хариуцагч тайлбарладаг ба нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч, хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Орон тоо хассан явдлыг нэхэмжлэгч “өөрийг нь халах замыг үүгээр бүрдүүлсэн, 400 гаран хүнтэй компанийн хувьд хуулийн зөвлөхгүй ажиллах боломжгүй, орон тоо хассан нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг.

 

Хэргийн баримтуудаар хөдөлмөрийн харилцааны явцад зохигчдын хооронд маргаантай асуудлууд үүсэж байсан бодит үйл баримт тогтоогдох боловч энэ үйл баримтыг орон тоо хассан ажил олгогчийн шийдвэртэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь, ажил олгогч нь цаг үеийн нөхцөл байдал, өөрсдийн тодорхойлсон чиглэл, боловсруулсан бодлого, төлөвлөлтдөө нийцүүлэн компанийн үйл ажиллагааг удирдах, улмаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх эрхтэйн хувьд хууль зүйн зөвлөгөө, туслалцааг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтнаас бус харин шаардлагатай үедээ хөлс төлөх замаар мэргэжлийн байгууллагаас авах эрхээ сонголт хийх замаар хэрэгжүүлэх боломжтойг үгүйсгэх, буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн энэ сонголт нь гэнэтийн бус байсан нь 2016 оноос хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Дгаар төдийлөн ажил үүрэг гүйцэтгүүлж байгаагүй гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар давхар тогтоогдож байна.

 

Иймд хуулийн зөвлөх ажлын байрны орон тоог компанийн бүтцээс хассан нь хууль зөрчөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн гарсан гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид өгсөн, хуульд заасан хугацааны дараа нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд Ш.Дгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан “Ш Ш” ХХК хуулийн зөвлөхийн орон тоог хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Ш.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА