Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 135/2020/00589/И |
Дугаар | 001/ХТ2021/00852 |
Огноо | 2021-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/00852
2021 06 24 001/ХТ2021/00852
...................ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалтай,
...................ХХК-ийн нэхэмжлэлтэй
................... холбогдох
Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхболдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ......................ХХК 30% гүйцэтгэлтэй барилгыг 1 тэрбум 300 саяар үнэлсэн байхад Капитал зууч ХХК 673,250,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Хонгорзул 2020.04.16-нд бичигдсэн шууданд хийсэн байдаг. Компани 2020.04.18-нд хүлээн авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 7 хоногийн дотор шүүхэд хандана гэснээр шүүхэд хандаж байна. Үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ...................ХХК-аас 330,257,300 төгрөг гаргуулж нэр бүхий 36 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч ...................ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус компанийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн ...................дугаартай, 3600 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020.01.06-ны өдрийн 16070676/03 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч ...................ХХК-ний захирал Т.Энхболд нь 1 тэрбум 571 сая 200 мянган төгрөгийн, төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батаа, Л.Тогтох нар нь шинжээчээр үнэлүүлэх саналыг тус тус ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020.01.22-ны өдрийн 20/007 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн шинжээчээр томилсон боловч шинжээчийн хөлсний асуудлаар дүгнэлт гаргахаас татгалзсан тул 2020.03.24-ний өдрийн 2020-004 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 673,250,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020.04.16-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020.04.16-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн, баталгаат шуудангаар хүргүүлэн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч ...................ХХК-ийн захирал Т.Энхболд нь гаргасан нэхэмжлэлдээ тус барилгад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ...................ХХК-ийн хариуцагч ................... холбогдуулан гаргасан Томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, ХААИСургуулийн оюутны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ...................дугаартай 3600 м.кв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг /зоорийн давхартай, нэг давхар/ 622.400.000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг Үйлдвэрчний 1-109 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..................., нэгж талбарын ................... дугаартай 3390 м.кв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг 50.850.000 төгрөг, нийт 673.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалаар нэхэмжлэгч ...................ХХК-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхболд хяналтын гомдолдоо: ...................ХХК-ийн 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 1 тэрбум 571,200 төгрөгт үнэлсэн байгаад Капитал зууч ХХК 673,250,000 төгрөгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэр, магадлалыг мөн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.
...................ХХК нь ................... холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон орон сууцны зориулалттай эзэмшил газрын эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.11-ний өдрийн 780 дугаар шийдвэрийн дагуу ...................ХХК нь 4,654,100 төгрөгийг Н.Мөнхтуяад төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд байрлах, 3600 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, Дархан сумын 13 дугаар баг Үйлдвэрчний 1-109 тоотын 3390 м.кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай газрын эрхийн үнийг талууд тохиролцоогүй тул шинжээч томилсон, шинжээч Капитал зууч ХХК дуусаагүй барилгыг 622,400,000 төгрөгөөр, газар эзэмших, ашиглах эрхийг 50,850,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа, талууд тохиролцоогүй тул шинжээч томилсон байдал, шинжээчийн үнэлгээ зэрэг маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хариуцагч НШГА-аас шүүхэд ирүүлсэн баримт нотолгоог нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа “...1 тэрбум 571 сая төгрөгийн хөрөнгийг шинжээч 673,250,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн үндэслэл заасан боловч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх баримт гаргаагүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь “эзэмшил газар дээр дахин нэг барилгын ажлын суурийн ажил хийгдсэн, үүнд хамаарах газрыг салгаж дуудлага худалдаанд оруулах хүсэлт”-ийг шүүх хуралдаан дээр гаргасан ба шүүх хяналтын гомдолд заагаагүй асуудлыг хэлэлцэхгүйгээс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулах талаар шийдвэр гаргах эрхгүй тул нэхэмжлэгч нь энэ талаарх хүсэлтээ хариуцагчид гаргах боломжтой болно.
Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД