Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/04084/И |
Дугаар | 001/ХТ2021/00845 |
Огноо | 2021-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/00845
2021 06 24 001/ХТ2021/00845
...................ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1026 дугаар магадлалтай,
...................ХХК-ийн нэхэмжлэлтэй
...................т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадам-Очирын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр ...................ХХК-аас 114,317,500 төгрөг гаргуулж Эко хүрээ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ................... нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. ...................ХХК-ийн хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд жил болгоны 5-11 дүгээр cap хүртэл улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. ................... нь манай үйлдвэрлэлд шууд ашиглагддаг зуурмагийн 3 автомашиныг 2019.06 дугаар сард хураан авч компанийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Манай компанийн хувьд 5-6 газарт 190,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байгаа ба компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчиж манай компанийн хөрөнгүүдийг хэзээ, ямар үнэлгээний компаниар үнэлүүлснийг болон үнэлгээний тайланг төлбөр төлөгчид огт танилцуулаагүйн зэрэгцээ үнэлгээг хэт доогуур тогтоолгосон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэхэд хүргэж байна. Иймд ...................ХХК-ийн эзэмшлийн зуурмагийн автомашинуудыг хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, үнэлгээг хүчингүй болгож, тус автомашинуудыг чөлөөлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадам-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр ...................ХХК-аас 114,317,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 729,537 төгрөгийг гаргуулж Эко хүрээ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эзэмшлийн Зүүмлион /Zoomlion/ ZLJ5257 маркийн 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, Виннер вэй ХХК-иар үнэлгээ тогтоолгоход Зүүмлион /Zoomlion/ ZLJ5257 маркийн 90-14 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72,349,000 төгрөг, 74-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 69,905,000 төгрөг, 90-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72,168,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019.07.01-ний өдрийн 15 цаг 15 минутад Виннер вэй ХХК-аас хүлээн авч мөн өдрийн 4/14507 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч ...................ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэрэнбаатарт гардуулан өгч, үнэлгээний тайланг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаартай Zoomlion ZLJ5257 маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1026 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаар бүхий Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинуудыг үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг хөлдөх хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадам-Очир хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Төлбөр төлөгч “...................” ХХКомпаний нэхэмжлэлтэй тус газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “...................” ХХКомпани шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 1026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд данс эзэмшдэггүй, дансны үлдэгдэлгүй талаар хариу ирүүлсэн. Магадлалын үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй байна. “...................” ХХКомпаний өмчлөл болон эзэмшилд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад үнэт цаас, газар, үл хөрөнгө илрээгүй, гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тус компаний үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль зөрчиж зөвшөөрөлгүй бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр зогсоосон байдалтай байсан. Холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар төлбөр төлөгч компаний эзэмшилд 6 ширхэг /ZoomlionZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурмагийн автомашин бүртгэлтэй, өөр эд хөрөнгөгүй байсан тул 3 ширхэг тээврийн хэрэгслийг төлбөрт битүүмжилж хураан, 3 ширхэгийг нь үлдээсэн бөгөөд үйл ажиллагаанд нь шууд хамаарал бүхий хөрөнгийг хурааж үйл ажиллагааг нь зогсоосон болох нь нотлогдохгүй, одоогоор үйл ажиллагаа нь зогссон байдалтай, үлдсэн 3 тээврийн хэрэгслийг ашигласан зүйл байхгүй мөртлөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж хугацаа хожих зорилгоор шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2019.09.03-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч 2019.10.03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “...шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно...” гэсэн заалт зөрчигдсөн бөгөөд төлбөр төлөгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг 2019.06.05-ны өдрийн 18260808/10 дугаар тогтоолоор хураасан бөгөөд хурааснаас хойш 4 сарын дараа буюу 2019.10.28-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
...................ХХК нь хариуцагч ...................т холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй боловч эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашиныг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй тул залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.08-ны өдрийн 2021 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.01.23-ны өдрийн 125 дугаар тогтоолоор ...................ХХК нь 114,317,500 төгрөгийг Эко хүрээ ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93, 94 дүгээр зүйлд зааснаар ...................ХХК-ийн мөнгөн хөрөнгийг тогтоох зорилгоор банкуудаас лавлагаа авсан, мөнгөн хөрөнгө байхгүй тул эд хөрөнгө хураах ажиллагааг явуулсан нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах хуульд заасан журмыг зөрчөөгүй, энэ талаар баримт /хх-58-64/ хэрэгт байхад давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. ...................ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг боловч үйл ажиллагаа явуулаагүй учир 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА дугаартай Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинуудыг битүүмжлэн, хураан авсан нь мөн хуулийн 94.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, улмаар автомашиныг чөлөөлөх үндэслэлгүй байжээ. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжтой байна.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.
Харин шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэн, хураан авсан хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгчид хариуцуулан хадгалалт хамгаалалтад үлдээх эрхтэй тул хэрэв ...................ХХК үйл ажиллагаа явуулах боломжтой бол бетон зуурмаг үйлдвэрлэснээр төлбөр төлөгдөх нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон нь Иргэний хуулийн болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл төлбөр төлөгчөөс хураасан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ үндэслэлтэй болох нь эргэлзээтэй, үнэгүй.mn худалдааны зарын бүртгэлээс үзвэл /хх198-199/ эд хөрөнгийн үнэлгээ хэт зөрүүтэй, эдгээр баримтуудад тулгуурлан шинжээч томилж үнэлгээг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1026 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА дугаар бүхий Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, уг хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................ХХК-д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД