Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            улсын яллагч Б.Уранчимэг,

хохирогчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү,

            шүүгдэгч Д.Оюунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Л.Баасанжав нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Данжингийн Оюунтуяад холбогдох эрүүгийн 201625030484 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Чой овгийн Данжингийн Оюунтуяа, 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, Глоб-32 дугаар байрны 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НТ69050503.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Яллагдагч Д.Оюунтуяа нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбоон дээр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Оюунтуяа мэдүүлэхдээ: “...Энэ үйл явдал 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр болсон. Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга, мөн Ардчилсан намын 4 дүгээр үүрийн дарга байсан. Өглөө нь намайг үүрийн хуралд оролцох гэж очиход Пүрэвдаваа дарга намайг үгийн зөрөөгүй хурлаас хөөж гаргасан. Ийм доромжлолыг аваад би ажил дээрээ эргэж ирээд сууж байгаад буцаж дүүрэг рүү очиж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөнгөө Засаг дарга Пүравдаваатай учраа ололцох гэж очоод нарийн бичгээс нь асуухад “Засаг дарга иргэдтэй уулзаж байгаа” гэсэн. Намайг хүлээгээд сууж байхад Эрдэнэ орж ирээд “бас засаг даргатай уулзах гэж ирсэн” гэж байсан. Намайг хүлээгээд сууж байхад Батхишиг дарга гарч ирэхээр нь би “хурал дуусч байна уу” гэж асуухад “ерөнхийдөө дуусч байна” гэж байсан. Тэгээд Эрдэнэ “Соёмбо” танхимд даргатай уулзах гэж ороход Ширэндэв дарга зөрөөд гарч ирсэн. Түүнээс дотор хэн байгааг асуухад “Эрдэнэ болон Засаг дарга хоёр л байна. Иргэд байхгүй гэж хариулсан нь миний гар утасны бичлэг дээр байгаа. Тэгээд хүлээгээд сууж байхад Соёмбо танхимаас Эрдэнийн орилох дуу гарсан. Би тэгээд Соёмбо танхимд яваад ороход Пүрэвдаваа дарга Эрдэнийг заамдаад сэгсчээд зогсож байсан, харин Эрдэнэ “зод чи, зод” гээд орилоод байсан. Энэ үйлдэл одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна. Тэр Соёмбо танхимд Эрдэнэ, Пүрэвдаваа, Ган-Ялалт гурав байсан. Өөр ямар ч хүн байгаагүй. Бие томтой дарга хүн эмэгтэй хүнийг заамдаад сэгсчиж байхыг хараад би шооконд орсон. Эрдэнэ уйлаад “намайг зод” гэхэд нь би “Эрдэнэтэй маргалдаад, зодсон байна” гэж шууд ойлгосон. Тэгэхэд Пүрэвдаваа дарга Ган-Ялалтыг “бичлэг хий” гэж байсан. Бүх зүйл тодорхой байсан. Би тэр үед шооконд орсон учир утсаараа дүрстэй бичлэг хийж чадаагүй. Энэ хэрэгт намайг ганц Пүрэвдаваагийн ярьж байгаа зүйл болон коридорт болсон бичлэгийг үндэслэж буруутгаж байгаа. Гэтэл яг маргаан болсон газрын бичлэг байхгүй, түүнийг гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна. Баянзүрх дүүргийн байр бүхэлдээ гадна, доторгүй камертай. Миний хувьд яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол маргааны эх үүсвэр нь Соёмбо танхимд болсон. Тэнд гуравхан хүн байсан байтал тэнд байгаагүй хүмүүсээс гэрч нарын мэдүүлэг аваад намайг буруутгаж байна. Эрдэнэ тэр үед “миний гэдэс рүү хоёр гурван удаа цохиж, зодлоо” гэж надад хэлж байсан. Би тэр зүйлийг хараад “зодсон” байна гэж ойлгосон. Дарга хүн байж тэнд уурласан жирэмсэн эмэгтэйг тайвшруулж болох байсан. Би хүн гүтгээгүй, гүтгэх шаардлага байхгүй. Пүрэвдаваа зүй бус үйлдэл гаргаагүй бол би тэнд очихгүй байсан. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Сумъяасүрэн болон Амартүвшин, Оюумаа, Ширэндэв нар нь тэр Соёмбо танхимд байгаагүй. Тэд нар Эрдэнийг сэгсчин зодож байхыг хараагүй. Энэ талаар Пүрэвдаваа дарга худал мэдүүлэг өгсөн байдаг. Эрдэнэ бид хоёр цуг түүн дээр ороогүй. Мөн Батхишиг худал мэдүүлэг өгсөн. Учир нь тэд даргадаа тал засч өмгөөлж юу гэж ч хэлж болно. Мөн Ган-Ялалт нь худал мэдүүлэг өгсөн. Эрдэнэ нь Пүрэвдаваагийн эсрэг дайраагүй юм. Пүрэвдаваа дарга өөрөө ёс зүйгүй, ажлынхаа хамт олонг бусдын эсрэг турхирдаг. Эрдэнэ бид хоёр нэгдээд Пүрэвдавааг гүтгэе гэсэн ямар ч зорилго байхгүй. Гэтэл Эрдэнэ бид хоёрыг төлбөр төлж захиалга өгч нэр хүндэд нь халдсан, санхүүжүүлэгч байна гэж ярьж эхэлсэн. Тийм шаардлага байхгүй. Би хүн зодож байгаа үйлдлийг харчихаад нуун далдлах эрхгүй. Хэлэх ёстой нь иргэн хүний үүрэг байтал намайг санаатайгаар бусдыг гүтгэсэн гэж байна. Хэрэв би “Соёмбо” танхимд байгаагүй байсан байж зодоон харсан гэж хэлсэн бол харин гүтгэсэн болж таарах юм. Би “Пүрэвдаваа нь Эрдэнийг зодсон” гэж хэлээгүй. Үзсэн харсан зүйлээ ярьсан. Тэр нь бичлэг дээр байгаа. Мөн Эрдэнэ нь өөрөө зодуулсан талаараа гомдол гаргаж, эмнэлгээр үйлчлүүлсэн юм. Харин Пүрэвдаваа миний гарыг самардахаар нь би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөн Ган-Ялалт мэдүүлэг өгөхдөө “Эрдэнэ болон Оюунтуяа нар зэрэг орж ирээд Засаг дарга руу орилж хашгирсан” гэж байдаг. Би тэгээгүй. Дүүргийн байр тэр чигээрээ камертай байж хамгийн чухал Соёмбо” танхимыг камергүй гэж байгааг ойлгохгүй байна. Байгаа камераа зөвхөн видео хурлын камер гэж байгаа юм. Би бүх бичлэгийг авах хүсэлт гаргаж байсан боловч авагдаагүй. Пүрэвдаваа дарга өөрт хэрэгтэй бичлэгээ гаргаж өгөөд хэрэггүй нь устгасан байж магадгүй гэж би хардаж байна. Бичлэгийн цаг хугацаа нь эргэлзээ төрүүлдэг. Мөн Пүрэвдаваа дарга Эрдэнэ бид хоёрыг хоёуланг нь холбогдуулан цагдаад гомдол гаргаж өгсөн байдаг. Тэгэхэд Эрдэнэд холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Чингэлтэй дүүргээс над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаагч Уянгад би туйлын гомдолтой байдаг. Надаас тулгаж байцаалт авч байсан учир би гомдол гаргаж, байцаагчийг сольж өгөөч гэж байсан. Гэтэл миний хүсэлтийг хангаагүйд гомдолтой байгаа. Миний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт байгаа нь тэнд зодоон болсон гэдгийг нотолж байгаа юм. Энэ хэргээс болж би Пүрэвдаваа даргын эсрэг цагдаад гомдол гаргасан. Намайг Пүрэвдаваа засаг дарга олон нийтийн өмнө доромжилж, “хулгайч” гэж нэр хүндийг маань гутаан доромжилж байсан. Мөн миний биед халдсан гэдгээр гомдол гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгосон. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэсэн үг байдаг. Пүрэвдаваа ёс зүй, ухамсартай байсан бол бид энэ хохироод суухгүй байсан. Эцэст нь яллах дүгнэлтэд намайг хүн гүтгэсэн гэх нотлох баримт огт байхгүй, Батхишигийн мэдүүлэг худлаа. Худлаа болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Бусад гэрч нар хараагүй гэдгээ бүгд мэдүүлсэн...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөх болон яллах талуудын санал болгосноор мөрдөн байцаалтын шатанд цугларч, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. 

Хохирогч Д.Пүрэвдаваа мэдүүлэхдээ: “…2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуваарийн дагуу дүүргийн иргэдтэй 14 цагаас 16 цаг 30 минут хүртэл Тамгын газрын Соёмбо танхим дотор хүлээн авч уулзалт хийсэн. Тухайн уулзалт дуусаад танхим дотор би зөвлөх Батхишиг хэвлэл мэдээллийн албаны дарга Ган-Ялалт, Ширэндэв бид нар сууж байгаад танхимаас гарахаар бүгд босоод хаалгаар гарах гээд би хаалга онгойлгоход Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнэ, 4 дүгээр хороон засаг дарга Д.Оюунтуяа нар өөдөөс орж ирээд надад хандан Н.Эрдэнэ яасан гэж намайг ингэж байгаа юм гэсэн утгатай зүйл яриад уурлаж уцаарлаад орилоод байсан. Энэ үед нь би дээрх 2 хүний хажуугаар зөрөөд өөрийнхөө өрөө рүү орохоор алахтал миний араас дагаад коридорт намайг Н.Эрдэнэ хоргоогоод хэрүүл өдөөд, хэл амаар доромжилсон үг хэлээд дагаад байхаар нь би коридорт байсан сандал дээр Н.Эрдэнийг суулгаад өрөө рүүгээ орох гэтэл миний араас Д.Оюунтуяа ирээд уулзъя гэхээр нь би шууд өрөө рүүгээ ороод хаалгаа дотроос нь түгжээд суусан ийм л зүйл болсон юм. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4 дүгээр хороон засаг дарга Д.Оюунтуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу телевизээр 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нь хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнийг зодсон гэж худал мэдээллийг тараасан юм. Үүний дагуу бид гомдол гаргасан юм. …Н.Эрдэнэ, Д.Оюунтуяа нар худал ярьж байна. Ийм зүйл огт болоогүй. Хэрвээ би Н.Эрдэнийн гэдэс рүү 2-3 удаа цохиж зодон бол Д.Оюунтуяа телевизээр энэ талаараа ярих л байсан ш дээ... ” гэжээ /хх-34-36/.

Гэрч Б.Амартүвшин мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ТВ-8, МN25, NBS, C1 зэрэг телевизүүдээр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нь Хүүхэд гэр бүл хөгжлийн дарга Н.Эрдэнийг ажлын байран дээр зодоод энэ явдлыг харж байсан намайг хүртэл зодсон гэж 14-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа нь дээрх телевизүүдээр мэдээлэл хийсэн. Иймд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу засаг даргын тамгын газар нь тухайн шатны засаг даргын ажлын алба болно. Мөн тухайн шатны тамгын газрын байртай холбоотой асуудлыг би буюу засаг даргын тамгын газрын дарга хариуцдаг юм. Үүний дагуу би дээрх асуудал үнэн худлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад бүх гомдлыг би гаргасан юм. Хууль хяналтын байгууллагаас хэн буруутай, хэнийг хэн хохироосон энэ асуудлыг тогтоож шалгах нь зүйтэй байх...” гэжээ /хх-37/. 

Гэрч П.Сумъяасүрэн мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 2 давхарт байх ажлын өрөөнөөсөө гараад 3 давхарт байдаг эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс рүү орох гээд шатаар гараад иртэл Соёмбо хурлын заалнаас хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ Д.Пүрэвдавааг хаалгаар түлхээд гараад ирж байсан. Гарч ирээд Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргад хандан би чиний амьдралд ямар гай болсон юм гээд засаг даргын хувцаснаас зулгаагаад орилоод зогсож байсан ба би энэ үед хажуугаар нь зөрөөд эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс рүү яваад орсон юм...” гэжээ /хх-38/.

Гэрч Ш.Батхишиг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа хэвлэл мэдээллийн албаны дарга Ган-Ялалт, Ширэндэв бид 4 уг өдөр иргэдээ хүлээн аваад соёмбо танхим дотор уулзаж дуусаад бид 3 танхимаас гарах гэтэл танхимын хаалгаар хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ ганцаараа ороод ирсэн. Орж ирээд учир зүггүй Д.Пүрэвдаваа дарга руу дайраад чи намайг ажлаас халлаа, намайг гадуурхлаа гэж хэлээд орилоод хувцаснаас нь зулгаагаад байсан. Энэ үед Д.Пүрэвдаваа дарга шууд танхимаас гараад явчихаар нь Ган-Ялалт бид 2 араас нь дагаад гартал танхимын үүдэнд мөн Д.Пүрэвдаваа даргыг барьж аваад явуулахгүй зулгаагаад байсан ба Д.Пүрэвдаваа дарга энэ үед түүнийг сандал дээр суулгаад өрөө рүүгээ алхаад явтал мөн л араас нь дагаад хэрүүл хийгээд яваад байсан юм. Д.Оюунтуяаг тухайн үед хаана байсныг би анзаарч хараагүй, би мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнийг заамдаж сэгсрээд, зодож цохиж байхад Д.Оюунтуяа салгасан зүйл огт байхгүй. Д.Пүрэвдаваа дарга түүнийг цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэжээ /хх-39/. 

           Гэрч Х.Ган-Ялалт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа болон, засаг даргын зөвлөх Батхишиг бид гурав Соёмбо танхим дотор иргэдийг хүлээн авч уулзаж байсан. Хамгийн сүүлд 16.00 цагт нэг иргэн хүлээн авч уулзчихаад Батхишиг танхимаас гараад явсан ба Д.Пүрэвдаваа дарга бид хоёр 05.00 цагт ирж уулзах иргэнийг хүлээгээд танхим дотор сууж байтал ирэхгүй байхаар нь бид 2 танхимаас гарах гээд байж байтал гаднаас Н.Эрдэнэ танхим дотор орж ирээд Д.Пүрэвдаваа дарга руу орилоод хашгираад байсан. Юу гэж орилоод байсныг нь одоо санахгүй байна. Н.Эрдэнийг танхим дотор орж ирсний дараа удалгүй араас нь 4-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа орж ирээд Д.Пүрэвдаваа дарга руу орилоод дайраад байсан. Энэ үед Д.Пүрэвдаваа дарга намайг бичлэг хий гэж хэлэхээр нь камерын батарей авчрахаар өрөө рүүгээ орчихоод батарей аваад буцаад танхим руу орох гэтэл соёмбо танхим дотроос Эрдэнэ, Оюунтуяа болон Пүрэвдаваа нар коридорт гараад ирчихсэн шуугилдаад байсан юм. Н.Эрдэнийг заамдаж сэгсэрсэн, ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал намайг байх үед болоогүй. Намайг танхимаас гарсны дараа юу болсныг мэдэхгүй байна...” гэжээ /хх-40/.

            Гэрч Н.Ширэндэв мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа иргэд хүлээн авч уулзаж байсан. Энэ үед би болон засаг даргын зөвлөх Батхишиг, хэвлэл мэдээллийн ажилтан Ган-Ялалт бид нар соёмбо танхим дотор байж байхад гаднаас Н.Эрдэнэ соёмбо танхим дотор орж ирээд Д.Пүрэвдаваа даргад хандан намайг яагаад ажлаас халж байгаа юм гээд орилоод дайраад байхаар нь засаг дарга Д.Пүрэвдаваа танхим дотор сандал дээр сууж байгаад босоод иртэл Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргатай зууралдаад байсан чинь дарга Н.Эрдэнийг барьж аваад сандал дээр суулгаж байсан. Энэ үед би соёмбо танхимын нөгөө талын хаалгаар гараад явсан. Өөр зүйл мэдэхгүй байна…” гэжээ /хх-41/.

Гэрч Б.Оюунмаа мэдүүлэхдээ: “…Энэ өдөр 14 цагаас эхлэн засаг дарга Д.Пүрэвдаваа соёмбо танхим дотор иргэдийг хүлээн авч уулзаж байсан. Даргыг иргэдийг хүлээн авч уулзаж байх үед Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга байсан Н.Эрдэнэ, мөн 4-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа нар ээлжлэн орж ирээд даргыг асуугаад байсан. 16.00 цаг өнгөрч байхад намайг өрөөндөө сууж байхад коридорт шуугилдаад Н.Эрдэнэ орилоод байхаар нь гараад хартал Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргаас зуурчихсан коридорт зогсоод орилоод байхаар нь би очоод Н.Эрдэнийг  даргаас холдуулах гээд голоор нь ортол намайг түлхээд би Н.Эрдэнийг дийлээгүй. Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргаас зуураад орилоод байсан чинь дарга түүнийг коридорт сандал дээр суулгаад өрөө рүүгээ алхаад явтал даргын араас Д.Оюунтуяа эгч уулзах гээд алхаад байсан ба дарга Д.Оюунтуяатай уулзахгүй гээд өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжсэн чинь Д.Оюунтуяа хаалгыг нь татаж чангаагаад байсан. Ийм зүйл болсон…” гэжээ /хх-42/.

Э.Баатарын бичиж нийтлүүлсэн Өдрийн сонины 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 036 дугаарын 7 дугаар талд хэвлэгдсэн “Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зоджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл /эд мөрийн баримтаар эх хувиар/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл: “Цагаан өнгийн Banana Digital нэртэй СД-г уншуулахад бичлэг 2016.01.28-ны өдрийн 15:19:45 секунтэнд Соёмбо танхимаас Д.Пүрэвдаваа өрөө рүүгээ явж байх үед Н.Эрдэнэ цамцнаас нь татаж байгаа, бие бие түлхэж байгаад Д.Пүрэвдаваа Н.Эрдэнийг түлхэж сандал дээр суулгаад цааш өрөө рүүгээ 15:20:04 секунтэнд орж байгаа, Д.Оюунтуяа 15:20:04 секунтэнд Д.Пүрэвдаваагийн араас ороод 15:20:54 секунтэнд өрөөнөөс гараад коридорт байрлах сандал дээр сууж байгаад 15:22:41 секунтэнд цааш явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг тэмдэглэн авав” гэжээ /хх-29/.

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэл: “NТV телевизийн мэдээний нэвтрүүлэгч: Д.Пүрэвдаваа өнгөрсөн 11 дүгээр сард ажлын байран дээрээ өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Мөн дүүргийн хорооны засаг дарга нар болон тамгын газрын алба хаагчдынхаа биед хүрсэн гэх мэдээллийг тус дүүргийн 4 дүгээр болон 5 дугаар хорооны засаг дарга нар өгсөн юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга Д.Оюунтуяа: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Эрдэнээтэй муудалцаад, зодоод, заамдаж аваад сэгсчээд зогсож байхыг бид нүдээрээ харсан, гэрчлэх хүмүүс бий, өөрийнх нь зөвлөх Батхишиг, нарийн бичиг Оюумаа, жолооч, 5 дугаар хорооны засаг дарга Ширэндэв, миний бие байж байна. Маш олон гэрч байна. Мөн дээрээс нь нэмээд бас миний биед “Тантай уулзахгүй гээд биед минь халдаж, намайг түлхсэн” гэсэн ярилцлага байсанд үзлэг хийж хэрэгт хавсаргав” гэжээ /хх-33/.  

Д.Оюунтуяагийн гар утсанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл: “1. Самсунг эс-3 маркийн улаан хүрэн өнгөтэй гар утас байх ба түүний гар утасны яриа бичсэн буюу рекорд руу орж VOICE 036, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн он сартай 10:54 секундийн бичлэг байх ба түүнийг нээж үзэхэд “...нэг эмэгтэй хүн дарга байна уу гэж хэн нэгнээс асуув. Тухайн эмэгтэй нэг эрэгтэй хүнээс дарга дээр хүн байна уу, дотор иргэд байна уу гэж асуухад тухайн эрэгтэй хүн дотор иргэд байхгүй байна гэж хэлсэн ба 05:10 минутад хүний явж байгаа гутлын чимээ гарах ба энэ үед нэг эмэгтэй хүн чи намайг цохиод авчих, зодоодох, би яагаад юм ярьж болдоггүй юм, яагаад миний амьдралаар тоглоод байгаа юм, арай дэндүү байгаа шүү гэж орилж, бичлэг хий гэж хэлэх ба ямар учраас намайг ингээд байгаа юм. Батхишиг ахаа та хэлдээ гэж хэлээд 07:02 минутад зод за чи зодчих, би тайван баймаар байна ш дээ гэж хэлээд орилж хашгирч байх ба 07:43 минутад би тантай уулзмаар байна. Тантай уулзах ёстой, яагаад уулзахгүй байгаа юм гэхэд нэг эрэгтэй хүн журмынхаа дагуу уулз гэж хэлэх ба тухайн эмэгтэй хүн ТВ-8 дуудна гэж хэлэх ба нэг эмэгтэй орилоод байгаа /үг яриа нь сайн сонсогдохгүй / яриаг хураасан байсанд үзлэг хийж хэрэг эд мөрийн баримтаар хавсаргахаар СД-ийн дээр буулган авснаар үзлэгийг дуусгав.

2. Дээрх яриаг Д.Оюунтуяа тайлбарлахдаа “дотор иргэд байна уу гэж би Ширэндэвээс асуухад иргэд дотор байхгүй байна гэж хэлж байна. Энэ орилоод байгаа нь Н.Эрдэнэ байгаа юм. 07:02 минутаас өмнөх зүйл нь Соёмбо танхим дотор болж байгаа яриаг хураасан, 07.02 минут гэхэд Соёмбо танхим дотроос гарч ирээд коридорт болж байгаа яриа байгаа юм. 07.43 минутад тантай уулзмаар байна гэж би Пүрэвдаваад хэлж байгаа юм гэж тайлбарлав” гэжээ /хх-31/.

Шүүгдэгч Д.Оюунтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, Өдрийн сонины 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 036 дугаар эх хувь, СД бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлээд, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагаанууд хийгдсэн байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Д.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хянан хэлэлцээд Д.Оюунтуяагийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Д.Оюунтуяагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна.

Тухайлбал яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Оюунтуяаг “Нийтийн эрхийг хамгаалах холбоон дээр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэж ялласан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ямар зорилгоор, хэрхэн яаж, ямар хэлбэрээр олон нийтэд тараасан болохыг тодорхойлоогүй. Энэ нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нотлон тогтоогоогүй гэж үзнэ.

Хууль зүйн үүднээс гүтгэх гэдэгт бодит байдалд нийцээгүй, илт худал мэдээлэл, гүжирдлэгийг бусдын нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор тараасан байхыг ойлгохоос гадна уг мэдээлэл нь илт худал гэдгийг ухамсарлаж мэдсээр байхыг шаардана.

Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт иргэн Н.Эрдэнэ нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа нь хэл амаар доромжилж, түүнийг зодсон талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж/хх-110-111/, тухайн үед өөрт учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж/хх-134/ байсан байна. Мөн дээрх үйл явдал болох үед Д.Оюунтуяа нь гэмтэл авч, хохирсон талаараа цагдаагийн байгууллагад хандан, шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт/хх-60/ гаргуулж байжээ. Дээрх баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн болохыг нотлохоос гадна илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “...Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаатай эдлэх талаар хуульчлан заажээ.

Иймд шүүгдэгч Д.Оюунтуяагийн Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн талаар тараасан мэдээлэл нь түүнийг гүтгэж, илт худал гүжирдлэгийг тараасан, энэ нь Д.Пүрэвдаваагийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байсан гэж үзэхээргүй байх тул Д.Оюунтуяад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Д.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030484 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд цагаатгасан шалтгаан үндэслэлд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН