Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2122

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/02122

Улаанбаатар хот

    

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олимп виллаж хотхон, 000 байр, 000 тоотод оршин суух  Д овогт Ш Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засаг даргын тамгын газрын 0 байр, 000 тоотод байрлах “Х” ОНӨААТҮГазарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр   сарын 30-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар  сарын 07-ны өдөр  иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.   

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Ц миний бие нь хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өөрийн ажлын байранд заагдсан үүрэгт ажлаа хийгээд явж байтал 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №Б/20 тоот захирлын тушаал гарган намайг гэнэт ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хууль зөрчин гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот захирлын тушаалыг хүчингүйд тооцуулах, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажлаас халсан тул ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ажлын байр болох аж ахуйн няравын орон тоог цөөрүүлсэн, хассан эрх зүйн акт байхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Төлөөлөн уирдах зөвлөл нь бүтэц орон тоог батлах тухай тогтоолыг 2018 оны 2 сард гаргаад байхад нэхэмжлэгчид 2018 оны 3 сард мэдэгдсэн нь тогтоол гарсны дараа мэдэгдсэн гэж үзэж байна. Мөн орон тоо өөрчилсөн, багасгасан захирлын тушаал байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн ажлын байр нь нярав гээд хэвээр хадгалагдаж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй, учир нь хэрэгт ажилд томилсон тушаалд нэхэмжлэгчийн цалинг 700 000 төгрөг гэсэн тул дундаж цалинг 700 000 төгрөгөөр тооцоход татгалзахгүй, мөн ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хэрэгт байгаа, шийдвэрт дундаж цалинг тооцсон байгаа гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Ш.Цгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж тогтоол гаргасан. Уг тогтоолоор “Аж ахуйн нярав” албан тушаал нь бүтэц орон тооноос хасагдсан тул 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б№20 тоот тушаал гаргаж Ш.Цг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ш.Цгийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х нь 2013 онд дүүргийн Иргэдийн хурлын тогтоолоор байгуулагдсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний А/61 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөл томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөл нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталдаг. 2017 онд бүтэц зохион байгуулалтаар кассын нярав, аж ахуйн нярав гэсэн 2 орон тоо байсныг 2018 онд бүтэц зохион байгуулалтыг батлахдаа аж ахуйн нярав гэсэн орон тоог хасаж, кассын нярав гэснийг нярав болгон орон тоог цөөрүүлсэн. Учир нь чиг үүргийн давхцал байна гэж үзээд ажлын байрны давхардлыг арилгахаар шийдвэрлэсэн юм. Тиймээс нэхэмжлэгчийн аж ахуйн няравын орон тоо нь хасагдсан тул ажлаас чөлөөлсөн, мэдэгдэх хуудсыг хуульд заасан хугацаанд гардуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

     ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Х ОНӨААТҮГазарт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот Х ОНӨААТҮГ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн, орон тоо хассан тушаал нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн, хассан эрх зүйн акт байхгүйгээр тушаал гаргасан, тушаал гарсны дараа мэдэгдэл өгсөн, нэхэмжлэгчийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа тул ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь зохион байгуулалтын бүтэцтэй холбоотойгоор орон тоог цөөрүүлж, аж ахуйн няравын орон тоог хассан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан, орон тоог нь цөөрүүлж, нэхэмжлэгчийн ажлын байр нь бүтэц орон тооноос хасагдаж байхгүй болсон учир ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, энэ талаараа хуульд заасан хугацааны дотор мэдэгдэж хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           

            Х ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” №Б/20 тоот тушаалаар Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр тогтоол, байгууллагын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр “аж ахуйн нярав” албан тушаал, бүтэц, орон тооноос хасагдсан тул Ш.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 7-р хуудас/

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно. /хэргийн 1, 37-р хуудас/

 

Нэхэмжлэгч Ш.Ц нь Х ОНӨААТҮГ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн аж ахуйн няраваар томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Хөдөлмөрийн №02 тоот гэрээ, ажилд томилсон тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3-6-р хуудас/

            Зохигч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/20 тоот захирлын тушаалаар Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Нэхэмжлэгч нь орон тоо хасагдсан тушаал шийдвэр гараагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан, аж ахуйн няравын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж маргасан.

Хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор бүтэц орон тоо батлагдаж, аж ахуйн няравын орон тоог хасагдаж, кассын няравын орон тоо нь нярав болж 2 няравын орон тоог 1 болгож орон тоо цөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй, энэ талаар мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байна.

“Орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгахаар аж ахуйн няравын орон тоог хасаж, кассын няравыг нярав болгон өөрчилсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Х ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №03 тоот “Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг өөрчлөн батлах тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, ажил, албан тушаалын жагжаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсан байх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад “захиргааны хэлтэст 7-д кассын нярав, 8-д аж ахуйн нярав”, хоёрдугаар хавсралтад “захиргааны хэлтэс 12 орон тоотойгоос кассын нярав-1, аж ахуйн нярав-1” гэсэн орон тоотойгоор батлагдсан болох нь тогтоогдож байна.  /хэргийн 46-49-р хуудас/

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №04 тоот “Х ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээ шинэчлэн батлах тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Х ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, ажил албан тушаалын жагсаалтыг хоёрдугаар, ажилчдын цалинг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, Х ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын 01,02,03 дугаар хавсралтаас “Аж ахуйн нярав”, “ногоон байгууламжийн цэцэрлэгчин”, “старексын жолооч” албан тушаалыг бүтэц, орон тооноос хассан” байна. Уг тогтоолын нэгдүгээр хавсралтад “...захиргааны хэлтэс 7-д нярав”, хоёрдугаар хавсралтаар захиргааны хэлтэс 12 орон тоотой, нярав-1” гэж бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. /хэргийн 38-41-р хуудас/

Иймд Х ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа “кассын нярав-1, аж ахуйн нярав-1” гэснийг “нярав-1” гэж “аж ахуйн нярав” гэсэн албан тушаалын байрыг бүтэц, орон тооноос хассан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь хууль бус,  Төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн, мөн захирал нь ямарваа нэгэн орон тоо багасгасан, хассан тушаал гаргаагүй байж тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч Х ОНӨААТҮГ-ын дүрмийн 6.5-д “үйлдвэрийн газарт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Төлөөлөн удирдах зөвлөл төлөөлөл хэрэгжүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллана”, 6.7-д “үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төлөөлөн удирдах зөвлөл батална” гэж зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл томилогдож, эрхийнхээ хүрээнд орон тоо, бүтэцэд өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 21-23-р хуудас/

Х ОНӨААТҮГ-ын дүрмийн 6.1-д “үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдана. Захирал /дарга/-ыг дүүргийн Засаг дарга томилж чөлөөлнө”, 6.9.5-д “захирал /дарга/ нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан удирдлагын бүтэц байгуулалтын хүрээнд байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг батлах, цалингийн хэмжээ, урамшууллын журам, дотоод журам тогтоон мөрдүүлэх, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хурээнд ажлаас чөлөөлөх”, 6.11-д “захирал /дарга/ нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэж заасан. /хэргийн 21-23-р хуудас/

Мөн Х ОНӨААТҮГ-ын дотоод журмын 3.4-д “байгууллагад шинээр ажилтан авах, ажилтныг өөр ажилд шилжүүлэх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан зэрэг ажилд авах, ажлаас өөрчлөх тухай хуулийн хүрээнд Захирал гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байх тул захирал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн захирал орон тоо цөөрүүлсэн, хассан тушаал гаргаагүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцласан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн байж түүний дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэсэн боловч хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...аж ахуйн нярав орон тоо хасагдсан тул Ш.Ц таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар олгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгчд өгч, түүний дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн байх тул хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацааны ажилласан хугацааны цалин хөлсийг хариуцагч нь тооцсон талаар маргаагүй болно.

           

Нэхэмжлэгчийн аж ахуйн няравын орон тоо нь хасагдаагүй, нярав болж хэвээр хадгалагдаж байгаа болох нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно гэсэн боловч 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.2-т “ажлын байр буюу албан тушаалын нэр аж ахуйн нярав”, 1.3-д “ажилтан нь дээр дурдсан албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. Ажлын байрны тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан аж ахуйн нярав, кассын няравын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг няравын ажлын байрны тодорхойлолтод нэгтгэн ажлын байранд хийгдэх ажлуудыг тусгасан байна.  /хэргийн 4-5-р хуудас/

Иймд ажил олгогч Х ОНӨААТҮГазрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот тушаал нь  хууль зөрчөөгүй, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс аж ахуйн няравын орон тоог хассан байх тул Ш.Цг урьд эрхэлж байсан аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Ш.Цгийн хариуцагч Х ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

                                                                                                  

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбарыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй бөгөөд дундаж цалинг ажилд томилсон тушаал болон шүүхийн шийдвэрт дурдсан байгаа гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон 

                       ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ш.Цгийн нэхэмжлэлтэй Х ОНӨААТҮГ-т холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот Х ОНӨААТҮГ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цд олгосугай.   

 

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН