Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0302

 

 

 

 

 

 

 

 

Н.У, Д.Э, Ж.Э нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э

Хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/20** дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2024/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.У, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Гуравдагч этгээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 117/2020/0017/З/Н

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э нар нь Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд холбогдуулж “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/20** дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2024/0005 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн /2016 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2, 28.5, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э давж заалдах гомдолдоо:

“...Тус аймгийн Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/20** дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.6-д заасан барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу олгосон юм. Уг барилгын ажлын зураг төслийг “Г” ХХК боловсруулж, уг зураг төсөлд Барилгын хөгжлийн төв магадлал хийж магадлалын зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан байдаг ба анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан хууль зөрчсөн гэх үндэслэлүүд нь зураг төсөл хийсэн болон зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлт гаргасан дээрх байгууллагуудад хамаарах, уг нэхэмжлэлийг хариуцвал зохих маргаан байхад нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсныг анхаарч үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэхүү тайлбарыг маань хүлээн авах үндэслэлгүй гэсэн боловч чухам яагаад хүлээн авах боломжгүй тухай бодитой тайлбарлаагүй байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь урьд нь шүүгчээс барилгын шинжээчээр томилоход дүгнэлт гаргах боломжгүй талаараа тайлбар ирүүлсээр байхад дахин товчоор хэлбэл “танай байгууллагаас өөр дүгнэлт гаргах байгууллага байхгүй” хэмээн гаргуулсан дүгнэлт. Гэтэл энэхүү дүгнэлтийг гаргасан байгууллага нь Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсохдоо өөрийн санаа бодлоо бүрэн зөв илэрхийлж чадахгүй сандарч буй иргэнд үгийг нь таслан шүүгчээс “нэхэмжлэл үндэслэлтэй гэсэн үг юм уу” гэж тулгасан асуулт тавьснаар иргэдийн төлөөлөгч ээрч гацан тийм гэсэн боловч дараа нь “нэгэнт баригдсан барилгыг нураалтай биш, би эдний талын зөв гэж бодож байна” гэж хариуцагч тал руу заасан ба дүгнэлтээ бусдын заавраар бичиж байсныг анхаарах нь зүйтэй.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2024/0005 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Н.У, Д.Э, Ж.Э нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э нь Д аймгийн С сум, 7 дугаар баг, Худалдааны гудамж 2, 224 тоотод “100 ор хүчин чадал, нэгдсэн эмнэлэг зориулалт, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон арагт бүтээцтэй үндсэн хийц, 34.0м*25.0м хэмжээ, зоорьтой, 6 давхрын тоо, 1 хэсэг /блок/, ГАМ-05/19 зураг төслийн шифр дугаартай барилгын ажилд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/20** дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгожээ. 

          3. Нэхэмжлэгч Д.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-08140013** дугаартай Сайнцагаан сум, 7 дугаар баг, Нарлаг 140-р байр, * тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр, Ж.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-08140014** дугаартай Сайнцагаан сум, 7 дугаар баг, 140-р байр, * тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр, Н.У нь эрхийн улсын бүртгэлийн Ү-08140013** дугаартай Сайнцагаан сум, 7 дугаар баг, 140-р байр, * тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэлтэй байна.

          4. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13-03-006/130 дугаартай “Дүгнэлт гаргах тухай” дүгнэлтээр:

          4.1 “...Барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-т заасны дагуу төлөвлөгдөөгүй, газар нь хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтаар олгогдоогүй байна... Эдэлбэр газрын хэмжээ нь Эмнэлгийн барилга БД 31-115-12, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартад заасан Эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын хэмжээг орны тоо болон үйлчилгээний хүчин чадлаас хамаарч 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 300-200 м.кв тооцох гэснийг хангахгүй байна... Баригдах барилга болон орон сууц хоорондын зай 7.5-8 м байгаа нь БНбД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтыг хангахгүй байна”,

          4.2 Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Ц, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.О нарын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр:

           “...Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гараагүй байхад зураг төслийг магадлалаар оруулсан байгаа нь Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.12.2 дахь заалтыг зөрчсөн байна... Барилгын ажлыг зургийг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хянуулж дүгнэлт гаргуулаагүй нь Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг зөрчсөн. Эрүүл ахуйн дүгнэлтгүй зургаар баригдаж байгаа...Нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын эдэлбэр газар нь 2650 м2 хэмжээтэй 1 оронд 26.5 м2 талбай ногдож байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартад заасан 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагын эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 200-300м2-аар тооцох гэснийг...хангахгүй байна”,

          4.3 Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн С.Б, Г.Д нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

           “...Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж, /БНбД 23-04-07/ заавар мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140-р байрны 2 тоот, 3 тоот, 7 тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дахь заалтыг зөрчиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

          5. Анхан шатны шүүх “... барилгын эскиз зураг, ажлыг зургийг батлах явцад буюу анхнаасаа Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон барилгын норм, дүрмийг зөрчсөн, энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсаар байхад зөрчлийг арилгахгүйгээр ажлын зурагт магадлалын нэгдсэн дүгнэлт хийж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон хууль бус...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

          6. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.6-д заасан барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмын дагуу олгосон. Эмнэлгийн барилгын зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан ... зураг төсөл хийсэн болон зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлт гаргасан дээрх байгууллагууд хамаарах байхад хариуцагчаа буруу тодорхойлсон...” гэж маргасан.

          7. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу хариуцагч барилгын норм, дүрмийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх үүрэгтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          8. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж заасан.

          9. Хариуцагч Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиалгаар баригдаж буй барилга нь БД 31-115-12, БНбД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, БНбД 23-04-07-ын 3.5, 3.6 дахь заалтыг тус тус хангахгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь заалтыг зөрчиж байна.

10. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2024/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.2...” гэсний дараа “...7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 27 дугаар зүйлийн 27.3.3...” гэж нэмж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА