Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2018/02338

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2018/02338

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т,

Нэхэмжлэгч: Т.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.С,

Хариуцагч: З.Г нарт холбогдох,

Нэхэмжлэгч Д.Т, Т.Гнар нь 2015 оны зээлийн төлбөрт 82.782.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах, Д.Т нь 2016 оны зээлийн төлбөрт 27.000.000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр Д.Таас 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Б, нэхэмжлэгч Т.Г-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.С, З.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т, Т.Гнарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т болон Т.Гнар нь Л.С, З.Гнарт байр худалдан авах болон хувийн бизнест нь зориулж 2015 онд 88.100.000 төгрөгийг цувуулан зээлдүүлсэн. Уг зээлсэн мөнгөний тооцоог 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нийлж, зээлийг нэн даруй барагдуулахаа хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн болно. Ийнхүү тооцоо нийлснээс хойш 2 өдрийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22..... дугаарт бүртгэгдсэн, Б... дүүргийн .. дугаар хороо, Х... гудамж, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр баталгаа гаргасан юм. Уг баталгааны агуулга нь С, Г нар нь Т ББСБ ХХК-иас зээлсэн 40 сая төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Хариуцагч нар нь 2016 онд энэ зээлээсээ 5.318.000 төгрөг төлж барагдуулсан тул энэ дүнг хасаж, улмаар 82.782.000 төгрөгийг Л.С, З.Гнараас гаргуулж өгнө үү. Мөн Б... дүүргийн .. дугаар хороо, Х... гудамж, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж, үнийн дүнгээс 82.782.000 төгрөгийн шаардлагыг хангуулж өгнө үү. Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Таас 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 27.000.000 төгрөгийг зээлж авсан тул уг зээлийг гаргуулж Д.Тд олгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.С, З.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Т болон Т.Гнарын нэхэмжилсэн 82.782.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 88.100.000 төгрөгийн зээлийг бид 2015 онд аваагүй бөгөөд хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан баримт нь 2011 онд үйлдсэн баримт юм. Өөрөөр хэлбэл энэ зээл нь 2009 оны зээлтэй холбоотой ба бид төлөөд дууссан. Энэ зээл нь хүүтэй зээл байсан 88.100.000 төгрөг нь хүү тооцсон үнийн дүн юм. Нэхэмжлэгч Д.Т нь мөнгө хүүлдэг бөгөөд зээл, хүүг нийлүүлээд 2011 онд бичүүлж авсан баримт болно. Түүнчлэн орон сууцыг өмчлөлд шилжүүлж өгөх тухай баталгааны баримтыг Д.Т өөр зүйлд ашиглана гэж хэлээд бичүүлж авсан юм. Мөн Т.Ггэдэг хүнтэй огт холбоогүй зээл юм. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба сүүлдээ хэрэгт авагдсан баримтаа үндэслэж нэхэмжлэл гаргасан байгаа нь уг зээлийг 2015 онд аваагүй болохыг нотолно. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 27.000.000 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Харин уг зээлээс 2016 онд төлөгдсөн 5.318.000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Иймд 2016 оны 27.000.000 төгрөгийн зээлээс 21.682.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Орон сууц шилжүүлж өгөх баталгааг өөр зүйлд зориулна гэж хэлж бичүүлж авсан, түүнчлэн барьцааны гэрээ хийгдээгүй, мөн 88.100.000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дууссан тул орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.С, З.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т нь 2009 оноос хойш мөнгө хүүлж байсан ба бидэнтэй бичгээр зээлийн хүү тохироогүй байж өнгөрсөн хугацаанд 100.000.000 төгрөгийн зээлийн хүү авсан. Хэрэгт 36.000.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Бусад төлбөрийн баримт нь байхгүй болно. Учир нь Д.Т нь нэхэмжлэгч нарын байранд ирсэн тул дансаар шилжүүлэх шаардлагагүй болж, бэлнээр хүү авах болсон тул баримт үйлдэж чадаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авч болдоггүй болно. Энэ үндэслэлээр Д.Тыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Д.Таас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүүгийн төлбөрт авсан 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Т, Т.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Л.С, З.Гнараас ямар нэг хүү алданги нэхээгүй бөгөөд зээлээгүй мөнгөө зээлсэн гэж гүтгээгүй. Тухайн үед нь мөнгө хэрэгтэй гээд сандарч явахад нь тусалж байсан. Монгол Улсын хуулиар иргэд хооронд зээлийн харилцаанд орох нь хориотой зүйл биш бөгөөд талууд тохиролцвол зээлийн гэрээг хийж зээл өгч авах нь чөлөөтэй байдаг. Миний хувьд Л.С, З.Гнараас 100.000.000 төгрөгийн зээлийн хүү аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох

баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т, Т.Гнар нь хариуцагч Л.С, З.Гнарт холбогдуулан 2015 оны зээлийн төлбөрт 88.100.000 төгрөг гаргуулах шаардлагаа шүүх хуралдаанд багасгаж, 82.782.000 төгрөгийг гаргуулах, уг шаардлагаа барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж, 200-206 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22..... дугаарт бүртгэгдсэн 54.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс хангуулах, мөн нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны зээлийн төлбөрт хариуцагч З.Ганболор, Л.С нараас 27.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч З.Ганболор, Л.С нар нь 2016 оны зээлийн төлбөр гэх 27.000.000 төгрөгийн зарим хэсэг /2016 онд төлсөн 5.318.000-ийг хассан дүнгээр/ буюу 21.682.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн, мөн 2015 оны зээлийн төлбөр гэх 82.782.000 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч З.Ганболор, Л.С нар нь нэхэмжлэгч Д.Т, Т.Гнараас хүүтэй1болон хүүгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 7.500.000 төгрөг, 10 сарын 3-нд 4.000.000 төгрөг, 10 сарын 5-нд 1.800.000 төгрөг, 1000 ам.доллар, 10 сарын 12-нд 3000 ам.доллар, 10 сарын 15-нд 4.000.000 төгрөгийг 120.000 төгрөгийн хүүтэй, 3.000.000 төгрөгийн 150.000 төгрөгийн хүүтэй, 7.000.000 төгрөгийг 323.000 төгрөгийн хүүтэй, 10 сарын 24-нд 7.000.000 төгрөг, 10 сарын 20-нд 5.000.000 төгрөг, 10 сарын 28-нд 15.000.000 төгрөг, 10 сарын 25-нд 7.000.000 төгрөг, 10 сарын 26-нд 2000 ам.доллар, 2.500.000 төгрөгийг 330.000 төгрөгийн хүүтэй, 10 сарын 30-нд 7.000.000 төгрөг, 10 сарын 13-нд 1300 ам.долларыг тус тус зээлж авсан байх ба эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.100.000 төгрөг төлөх үүрэгтэй болохоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зуржээ. /хх (1), 35 дугаар тал/

Хариуцагч талаас дээрх баримтыг 2011 онд үйлдсэн, 2009 оны зээлийн үүрэгтэй холбоотой гэх боловч 2011 онд хариуцагч нар баримт үйлдэхдээ 2015 оны 10 дугаар сар гэх огноо тавьсан гэж үзэхэд эргэлзээтэй байхаас гадна хариуцагч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд дуудагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь дээрх бичмэл баримтыг эргэлзээгүйгээр үгүйсгэж чадахгүй байна.

Хариуцагч тал нь 2015 оны 88.100.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүйгээс гадна энэ зээлийн үүрэг дуусгавар болоогүй учир хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахаар тохиролцож байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн З.Ганболор, Л.С нарын гарын үсэг бүхий Харилцан тохиролцож баталгаа гаргах баримтаар тогтоогдож байна.

Хариуцаг З.Ганболор, Л.С нар нь 2016 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд 5.318.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүйгээс гадна энэ төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэгч нь 2015 оны зээлийн шаардлагаа багасгаж, 82.782.000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ төлбөрөөс хойш төлбөр төлөгдөөгүй талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нараас 2015 оны зээлийн төлбөрт 82.782.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т, Т.Гнарт олгох нь зүйтэй юм.

_____________________________

 

1-         Хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан зээлийн баримтад: 2.500.000 төгрөг=330.000 хүү, арын нүүрэнд: өгөгдөөгүй хүү 4 сард 330.000...350.000...750.000... гэж бичигдсэн байна. Энэ баримтаас үзвэл Д.Т нь зарим зээлийг хүүтэй зээлдүүлж байсан гэж үзэхээр байх ба нийлбэр дүнгээр төлбөрийн үлдэгдлийг 88.100.000 төгрөг болохыг зээлдэгч нар баталгаажуулжээ.

Харин Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар 82.782.000 төгрөгийн зээлийн үүрэгтэй холбоотой ипотек нэхэмжлэгч нарт үүсээгүй байх тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22..... дугаарт бүртгэгдсэн 54.9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс 82.782.000 төгрөгийн шаардлагыг хангуулна гэх Д.Т, Т.Гнарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хариуцагч тал 2016 оны 27.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин 27.000.000 төгрөгөөс дансаар 2016 онд төлсөн гэх 5.318.000 төгрөгийг хасаж тооцох ёстой гэжээ. Нэхэмжлэгч тал 2016 онд төлсөн гэх 5.318.000 төгрөгийг 27.000.000 төгрөгийн зээлээс бус 88.100.000 төгрөгийн зээлээс хасагдана гэж үзэж энэ шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нар нь 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 5.318.000 төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нар нь 27.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байх тул уг зээлийг төлөх хугацаа болоогүй байсан гэж үзнэ. Иймд хариуцагч нарын 2016 онд дансаар төлсөн 5.318.000 төгрөгийг 27.000.000 төгрөгийн зээлийн төлбөрөөс бус, 88.100.000 төгрөгийн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй юм. /хх (1), 85 дугаар тал/

Иймд хариуцагч нараас 82.782.000 төгрөгийг гаргуулж Д.Т, Т.Гнарт, хариуцагч нараас 27.000.000 төгрөгийг гаргуулан Д.Тд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Тд холбогдуулан, бичгээр харилцан тохиролцоогүй байхдаа 100.000.000 төгрөгийн хүү төлөх байдлаар нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн хэмээн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Таас 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдах боловч зээлдэгч өөрөө зөвшөөрч хүү төлсөн бол уг хүүг буцаан гаргуулах үндэслэл болдоггүй байна. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас, хариуцагч нь 100.000.000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч Д.Тд төлсөн гэх боловч 36.000.000 төгрөг төлсөн баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ 36.000.000 төгрөгийг зөвхөн хүү-ийн төлбөр гэж үзэх боломжгүй байхаас гадна энэ төлбөрийг 2011-2013 оны хооронд төлсөн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар энэ үүргийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан Л.С, З.Гнараас 82.782.000 төгрөгийг гаргуулж Д.Т, Т.Гнарт, Л.С, З.Гнараас 27.000.000 төгрөгийг гаргуулж Д.Тд тус тус олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-206 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22..... дугаарт бүртгэгдсэн, 54.9 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнээс 82.782.000 төгрөгийн шаардлагыг хангуулах тухай Д.Т, Т.Гнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Д.Таас 100.000.000 төгрөг гаргуулах тухай Л.С, З.Гнарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.083.607 төгрөгөөс 803.650 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 658.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 279.957 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас, мөн хариуцагч Л.С, З.Гнараас 571.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т, Т.Гнарт, хариуцагч нараас 292.950 төгрөгийг гаргуулан Д.Тд тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР