Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2016/0168/э |
Дугаар | 172 |
Огноо | 2016-10-28 |
Зүйл хэсэг | 223.3., |
Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,
Хохирогч Б.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Шүүширийн Лхагва-Очирт холбогдох эрүүгийн 201625031403 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Шүүширийн Лхагва-Очир, 1972 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 34 дүгээр гудамжны 563 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-590 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЗ72020213.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;
Ш.Лхагва-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвийн үүднээс хохирогч Б.Тунгалаг болон 6 сартай, эрэгтэй А.Баянсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн П.Ариунболдын эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн авто машиныг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Лхагва-Очир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр найз Батгэрэлийн хамт архи пиво ууж байгаад салаад гэртээ харихаар 100 айлын автобусны буудал дээрээс микронд суутал намайг “согтуу, мөнгө төгрөг байхгүй байна” гээд хөөгөөд 17-ийн буудал дээр буулгахаар нь сүүдэрт сууж байгаад “Далайхүү” худалдааны төвийн үүднээс приус-11 маркийн машин ирээд зогсохоор нь гэртээ харих гээд уг машиныг унаад явсан. Гэтэл арын суудал дээр хүүхэдтэй хүүхэн сууж байсан. Тэндээсээ яваад зургаан буудлын хавьцаа хохирогчийг машинаас унагаасан. Зургаан буудлаас хойшоо Хайлааст руу салдаг замын тэнд буцаж эргээд харахад хохирогч байхгүй болохоор нь шороон замаар ороод дэлгүүрийн үүдэнд машиныг тавиад худалдагчид нэг хүүхэдтэй эмэгтэй хүн ирж түлхүүрийг авна шүү гээд түлхүүрийг нь үлдээчихээд явсан...” гэв.
Хохирогч Б.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Пүрэвхүүгийн Ариунболд, хүү 6 сартай А.Баянсайхан нарын хамт машинтайгаа явж байгаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү худалдааны төвийн хаалганы шатны өмнө 14 цаг 45 минутын орчим Далайхүү төвийн хаалганы шат руу дөхөж зогсоод манай нөхөр дотогшоо Далайхүү төв рүү орохдоо гадаа халуун байсан учир машинаа асаалттай, хүйтэн агааржуулагч Эйр кондейшноо асаалттай орхиод орсон. Манай нөхрийг шатаар алхаад орох үед үл таних хүн манай машины цонхоор толгойгоо оруулаад харсан. Тэгээд тэр хүн шууд жолооч талын хаалгыг онгойлгоод аа за гээд инээгээд жолооны ард суусан. Тэгэхээр нь би тэр хүнд машин андуураад байгаа юм биш үү гэхэд манай Далайхүү чинь өөр зогсоолд тавьдаг болчихсон мэдээгүй юм уу гэсэн. Тэгснээ шууд машин хөдөлгөөд Далайхүү худалдааны төвийн зүүн урд талын зогсоол руу орж зогсох гэж байснаа шууд урагшаа хөдлөөд төв зам руу ороод 7 буудлын зүгт маш хурдтай явсан. Тэр хооронд би нөхөр рүүгээ залгасан чинь тэр хүн надад та нар угаасаа ингэж утсаар залгадаг чиний залгаж байгаа хүний утас угаасаа энэ дотор байна гээд дунд хайрцгийг цохиод байсан. Би тэр үед уйлаад та яагаад байгаа юм бэ? Машин андуурч суучихаад гэхэд тэр хүн баруун гараараа машинаа жолоодоод зүүн гараа хойшоо гаргаад намайг цохиод би чамайг ална би угаасаа хүн алдаг чамайг алаад хаячихъя чи одоо цагдаад хэлэх гэж байна уу тэр муу цагдаа нар чинь угаасаа гөлөг, надаас айдаг ш дээ гээд намайг үхмээр байна уу чи, би хүүхдийг чинь дорхноо алчихна гээд орилоод байсан. Тэр үед нь урдаас ландкрузер машин манай машиныг шахаж орж ирсэн. Тэр үед манай машиныг дээрэмдэн жолоодож байсан хүн зогсох гэснээ болиод хойшоогоо сунаад жолоочийн эсрэг талын арын хаалгыг гараараа онгойлгоод намайг хүүхэдтэй минь хамт түлхэж унагаасан. Тэгээд би машин зам дээр машинаас шидэгдэж унасан. Тэгсэн ард явж байсан приус машинтай хүн зогсоод та хоёрыг дайрах шахлаа гэсэн. Тухайн үед нь би маш их айсандаа болоод уйлаад уг машинтай хүнтэй хамт буцаад Далайхүү төвийн гадна ирсэн. Тэгэхэд манай нөхөр намайг хайгаад зогсож байсан. Тэгээд нөхөртэйгөө уулзаад манай машиныг дээрэмдэн зугтаасан хүний араас хөөсөн. Явж байх хугацаандаа цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. ...Манай машиныг дээрэмдсэн хүн архи уусан байх шиг байсан. Их ширүүн царайтай, ширүүн харцтай улаан нүдтэй хүн байсан. Би царайг нь голын толинд намайг хараад явж байхад нь харсан. Тэр хүн хүү бид хоёрыг 5 буудал орчимд түлхэж унагаасан. Машиныг баруун гараараа жолоодоод зүүн гараараа манай хүүхдийн толгой руу цохих гээд байхаар нь би өөрөө урдуур нь орж цохиулаад байсан..., ...Манай хүүхэд уг асуудлаас хойш уйлаад унтахгүй, байнга цочдог болсон. бариачид хүүгээ үзүүлэхэд 18 нас хүртэл нь сар болгон бариулах шаардлагатай гэсэн болохоор 5000 төгрөгөөр сар болгон толгойг нь бариулдаг. Миний хувьд сорвио арилгуулах шаардлагатай байгаа. Би багш мэргэжилтэй учраас олон хүүхэд, эцэг, эхтэй харьцдаг тул гар болон өвдгөн дээр үүссэн сорви хэцүү байна. Хүүхэд маань толгой дээрээ сорвитой болсон бөгөөд хэсэг газар үс ургахгүй байгаа. Би сорвио арилгуулахаар Гранпри эмнэлэг дээр очиж уулзахад 2.400.000 төгрөг болно гэсэн, энэ талаар баримт бичиг хийлгэж авъя гэхэд эмчлүүлээд дууссаны дараа баримт бичиж өгнө гэж хэлсэн. Би эмчилгээ хийлгэх гэхээр санхүүгийн боломж байхгүй байна. Одоо бидний хувьд маш их гомдолтой, энэ явдлаас хойш сэтгэл санаа хямраад, хүнд байдаг болсон” гэв /хх-20-21/.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Яллагдагч Ш.Лхагва-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найз Батгэрэлийн хамт архи пиво уугаад салцгаасан. Тухайн үед архи пиво ууж дуусгаагүй үлдээсэн. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Батгэрэл манай гэрт ирээд үлдсэн архи пиво хувааж уугаад Зураачдын урланд ажилладаг найз дээрээ очсон. Тэнд очоод 0,75 литрийн ерөөл нэртэй шил архи уугаад тэр хоёроос яаж салснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь Далайхүү худалдааны төв дээр ирчихсэн байсан. Далайхүү худалдааны төвийн шатны ойролцоо мөнгөлөг саарал өнгийн приус 11 маркийн машины жолооч нь машинаасаа буухдаа машинаа түгжихгүй буугаад худалдааны төв рүү орчихоор нь би тэр машин дээр очоод жолоочийн хаалгаар машинд суутал хойд талын суудал дээр нь нэг эмэгтэй хүүхдээ тэврээд сууж байсан. Тэр эмэгтэй надтай юм ярьсан үгүйг санахгүй байна. Би шууд машиныг асаагаад хойшоо гэр рүүгээ явж байсан, завсрын буудал нэртэй автобусны
буудлын ойролцоо машинд сууж явсан эмэгтэй хүүхэдтэйгээ машинаас үсэрчихсэн, тэгэхээр нь 6 буудал орчихоод гармын ойролцоо буцаж эргээд машиныг нь Янжмаа авгайн 6 нэрийн дэлгүүрийн үүдэнд тавиад дэлгүүр рүү ороод “энэ машиныг хүн нь ирээд авна” гэж хэлээд машины түлхүүрийг үлдээгээд гэртээ ороод унтчихсан. Намайг унтаж байхад 2 цагдаа, 1 энгийн хувцастай хүн орж ирээд “та ямар хэрэг хийснээ мэдэж байна уу? Та хувцсаа өмс хамт явъя” гэхээр нь би хувцсаа өмссөн байсан учир хамт явсан бид нар дүүргийн цагдаа дээр ирээд би нилээн согтуу байсан учраас надаас байцаалт мэдүүлэг аваагүй шууд эрүүлжүүлсэн..., Би согтуу байсан учраас гэртээ харих санаа зорилготой машиныг нь авч явсан. Тэрнээс биш машиныг дээрэмдэх, хулгайлах санаа зорилго байгаагүй...” гэжээ /хх-54-55, 85/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ариунболд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 18-ны 14 цаг 40 минутын үед Далайхүү худалдааны төвд лангуу түрээсэлдэг ааваасаа мөнгө авах гээд худалдааны төвийн төв хаалганых нь шатны дэргэд өөрийн эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн машинаа тулгаад тавьсан. Тухайн өдөр нилээн халуун байсан учир манай эхнэр Тунгалаг, 6 сартай хүү Баянсайхан нар машин хойд талын суудалд дээр сууж явсан. Халуун өдөр байсан учраас машиныхаа кондейшныг асаагаад жолооч талынхаа цонхыг тал онгойлгоод машинаа асаалттай чигээр нь орхиод буусан. Тэгээд 2 давхарт лангуу түрээсэлдэг аавтайгаа уулзаад мөнгө аваад гарахад ойролцоогоор 2-3 минут болсон. Тэгээд гараад ирэхэд машин байхгүй байхаар нь эхнэр рүүгээ залгах гээд утсаа гаргаж иртэл надад эхнэрээс нэг дуудлага ирсэн байсан. Тэгээд эхнэр рүүгээ залгатал утас нь яриад байгаа дохио өгөөд байсан. Утсаар залгаж байх хооронд эхнэрээ сүүдэр бараадуулаад машинаа тавьчихсан байж магадгүй гэж бодоод худалдааны төвийн зогсоолоор машинаа хайсан боловч байгаагүй. Тэгж байтал эхнэр над руу залгаад өөрөө уйлаад, цаана нь хүүхэд уйлаад юм яриад байсан боловч би яриад байсан юмыг нь ойлгоогүй. Харин тэр үгэн дотроос нь машинаас уначихлаа гэдгийг нь ойлгосон. Тэгээд манай эхнэр энд нэг хүнтэй яриадах гээд утсаа өгөхөөр нь ярьтал нэг залуу “чи хаана байна вэ? Би эхнэр хүүхэд хоёрыг чинь аваад Далайхүү худалдааны төв рүү явж байна” гэхээр нь би Далайхүү худалдааны төвийн үүдэнд байна гэж хэлсэн чинь худалдааны төвийн үүдэнд ирэхдээ эхнэр хүүхэд хоёр маань нил цус болчихсон уйлаад байсан. Тэгээд би эхнэрээсээ “юу болсон юм бэ гэж асуутал эхнэр шооконд орчихсон юу ч хэлж чадахгүй уйлаад байсан, харин хүргэж ирсэн машины жолооч залуу 5 буудлын хавьцаа миний урд явж байсан машинаас эхнэр хүүхэд хоёр чинь уначихсан, эхнэр чинь туслаарай гээд орилсон, би мөргөхгүй зогсоод машиндаа суулгаад хашаа явах юм бэ гэхэд Далайхүү худалдааны төв рүү явна гэж хэлэхээр нь хүргэж ирсэн гэсэн. Чиний машин хойшоо чиглэлтэй явсан чи суучих ойрхон байж магадгүй гэж хэлэхээр нь машинд суугаад 7 буудалд чиглэлтэй явж байх замдаа эхнэрээсээ яасан юм бэ? гэж асуутал чамайг буунгуут зөрөөд нэг танихгүй эрэгтэй хүн жолоочийн талын хаалгыг онгойлгоод машин дотор орж ирээд суухаар нь би та яах гэж байгаа юм бэ? Машин андуураад байгаа юм биш үү гэтэл Далайхүү төв чинь өөр зогсоол дээр машинаа тавьдаг болчихсон ш дээ гэж хэлээд машин ухраагаад хойд талын зогсоол руу оруулах гэж байгаа юм шиг ухарч байснаа төв зам руу аймаар хурдтай орчихсон, би айгаад “та яах гэж байгаа юм бэ? Гээд орилсон чинь “чи дуугүй бай, дуугүй байхгүй бол ална шүү, хүүхдийг чинь хүртэл алчихна шүү би хүн алдаг хүн” гэж хэлээд хойшоо эргэж хараад нэг гараараа цохисон гэж хэлсэн, би айгаад чам руу залгасан чинь чи утсаа аваагүй тэгтэл нөгөө хүн нөхрийн чинь утас энд байна гээд голын хайрцаг руу цохиод байсан. Тэгэхээр нь аав руу залгаж хэлэх гэтэл нөгөө хүн утас шүүрч авах гээд байсан. Хүүхдийг чинь ална гээд заналхийлээд цохиод байсан болохоор хурд саарах үед намайг машинаас түлхэхэд нь бид хоёр уначихсан юм гэж хэлсэн. Тэгж яриад явж байх хооронд би 102-т залгаж “Далайхүү төвийн үүднээс машин хулгайд алдагдлаа, машин дотор эхнэр, хүүхэд маань байсан. Эхнэр хүүхэд маань зам дээр шидэгдэж унасан байна. Би машиныхаа араас 7 буудал чиглэлд явж байна гэсэн дуудлага өгсөн...” гэжээ /хх-25-26/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Зоригтбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Согоот-113 чиглэлд жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Баянмөнхийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 14 цаг 55 минутанд Согоот 10-аас Чингэлтэй 14 дүгээр хороо Далайхүү худалдааны төвийн үүдэнд байна. 43-48 УБТ улсын дугаартай приус 11 маркийн машин хулгайд алдлаа гэх дуудлагаар очиход дуудлага өгсөн хүн байхгүй байхаар нь дуудлага өгсөн утас руу залгахад “манай эхнэр хүүхдийг 5 буудал дээр машинаас унагаачихаад машиныг аваад явчихсан байна би өөрөө эмнэлэг рүү явж байна, унаж явсан машин нь Чингэлтэйд байна гэсэн сурагтай байна” гэхээр нь Чингэлтэй рүү өгстөл зарлагдсан машин нь автобусны буудал дээр урууддаг замынх нь эсрэг сөрүүлээд дэлгүүрийн гадаа зогсоочихсон байхаар нь дэлгүүр рүү очиж худалдагчтай уулзахад “нэг согтуу залуу орж ирээд манай эхнэр ирж авна” гэж хэлээд машины түлхүүрээ өгчихөөд замын хойд талын дэлгүүрийн урдуур гараад явчихсан гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь хойд талын дэлгүүр рүү ороод камерыг нь шүүж үзтэл дэлгүүрийн урдуур машин өнгөрч байгаа бичлэг байсан, камер нь хэсэг тасраад нэг залуу дэлгүүр рүү орж ирээд нэг юм асуучихаад гараад явж байгаа бичлэг байсан дэлгүүр ажиллуулдаг хүн “энэ залуугийн гэр нь манайхаас хойшоо байдаг” гэхээс өөр тоймтой юм хэлж өгөөгүй. Тэр үед машинаа алдсан залуугийн хамаатны 2 залуу ирээд бид 3 дэлгүүр рүү орсон залуугийн гэрийг хүнээс асууж байж олоод гэрт нь ороход согтуу сэрүүн хэвтэж байсныг аваад жижүүрийн бүрэлдэхүүнд хүргэж өгсөн...” гэжээ /хх-29-30/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бат-Өлзий мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Далайхүү” худалдааны төв дээр дээлний лангуу түрээсэлдэг хадам аав дээр очсон чинь хадам аав “чам руу Ариунболд ярив уу? Машинаа алдчихсан ч гэнэ үү би сайн ойлгосонгүй” гэж хэлэхээр нь би “над руу яриагүй” гэж хэлээд би өөрөө Ариунболд руу залгаад “юу болсон юм бэ?” гэж асуутал “би аав руу орчихоод гараад ирсэн чинь машинд сууж байсан эхнэр, хүүхдийг маань согтуу хүн аваад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь “чи хаана байгаа юм бэ?” гэж асуутал “би энэ хоёроо аваад эмнэлэг явж байна би яахаа мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би “машин чинь аль чигт явсан юм бэ?” гэтэл “7 буудал, Дамбын чиглэлд явсан гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ тааралдаж магадгүй гэж бодоод Чингэлтэй рүү эргэтэл Чингэлтэйн 2 дугаар буудлын кармаанд урсгал сөрүүлээд бүх цонхнууд нь онгорхой нэг хаалгыг нь дутуу хаачихсан приус-11 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин зогсож байхаар нь би Ариунболд руу залгаад чиний машины дугаар хэд билээ гэж асуутал 43-48 УБТ гэж хэлсэн тэр дугаар нь таарсан. Би ямар ч байсан машиныг чинь олчихлоо гэж хэлээд утсаа таслаад тэр хавьд машиныг анзаараад зогсож байтал автобусны буудлын кармаанд жижигхэн дэлгүүр байсан тэр дэлгүүрийн худалдагч бололтой нэг эмээ дэлгүүрийнхээ үүдэнд сандал дээрээ сууж байсан. Тэр эмээ гартаа нь гуулин юм шиг өнгөтэй чонын шагайтай түлхүүрийг барьчихсан сууж байхаар нь би тэр эмээ дээр очоод “энэ машины жолооч нь хаана байна” гэж асуутал “нэг согтуу залуу манай эхнэр хүүхэд 2 ирж машинаа авах байхаа та энийг өгчихөөрэй гэж хэлээд үлдээчихээд замын эсрэг талын дэлгүүр рүү орчихоод уул өгсөөд явчихсан гэж хэлсэн. Би хадам аав руу залгаад “Ариунболдын машиныг нь олчихлоо цагдаад дуудлага өгсөн юм уу?” гэж асуутал “цагдаад дуудлага өгчихсөн байгаа, цагдаа нартай Далайхүү худалдааны төвийн камерыг шүүж байна гэж хэлэхээр нь “цагдаа нараа нааш нь явуул” гэж хэлээд хүлээгээд байж байтал 2 цагдаа, манай хадам аавын баз хүргэн болох Сонгууль ах ирсэн. Цагдаа нар ирээд дэлгүүрийн худалдагч эмэгтэйтэй уулзсан чинь “дээгүүрээ ягаан алаг өнгийн футболктой, саарал өнгийн шорттой, саравчтай малгайтай согтуу эрэгтэй хүн орж ирээд машины түлхүүр гаргаж ирээд энэ түлхүүрийг манай авгай хүүхдийг ирэхээр нь өгчихөөрэй гэж үлдээгээд 150 төгрөгийн зайрмаг байна уу? гэхээр нь байхгүй гэж хэлтэл гарч яваад хойд талын дэлгүүр орчихоод өөдөө өгсөөд явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хойд талын дэлгүүр рүү нь цагдаа нартайгаа хамт ороод камерыг шүүж үзсэн чинь эмээгийн дүрсэлсэн хүн камерт нь бичигдсэн байсан, дэлгүүрийн хүмүүсээс энэ хүнийг таних уу гэж асуутал нэрийг нь хэлээд гудамжийг нь зааж өгөөд яг аль хаалга гэдгийг нь мэдэхгүй гээд баримжаа гаргаж өгсөн. Тэгээд тэр чигт очоод нөгөө хүний нэрийг нь хэлээд гэр нь хаана байдаг юм бэ? гэж асуутал мэдэхгүй гээд байсан чинь цагдаа нь “та нар хэлтэс дээр очоод гэрийг нь зааж өг” гэж хэлтэл гэрийг нь зааж өгсөн, гэрийнх нь гадаа очоод цагдаа нь “ цагдаа хувцастай машинтай хүмүүс ирэхээр нь тэр шийдчихсэн хүн байж таараад зугтаачхаж магадгүй, тиймээс энгийн хувцастай ороод өөр юм асуугаад орчих гэж хэлэхээр нь Сонгууль ах бид 2 хашаа руу нь орсон чинь нэг нохой дайраад л байсан тэрийг нь хөөж явуулчихаад байшин руу ортол нэг эрэгтэй хүн орон дээрээ бүх хувцсаа тайлчихсан чармай нүцгэн хэвтэж байсан тэр үйлдэл нь өөрт нь их таатай байх шиг харагдсан, намайг яваад ортол согтуу мөртлөө илтэд сандарсан байдалтай байсан ба оронгуутаа ягаан өнгийн судалтай футволк , шорт нь байна уу гэж харсан чинь орон доогуураа хийчихсэн байхаар нь би тэр залууд “бос” гэж хэлтэл “чи айлд орж ирчихээд бос гэдэг хэн бэ?” гээд байхаар нь би Сонгууль ах руу залгаад “нөгөө хүн мөн байна та хоёр цагдааг дуудчих” гэж хэлээд удалгүй 2 цагдаа орж ирээд хувцсыг нь өмсгөөд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг хүлээгээд нилээн удаж байгаад ирсэн. Тухайн үед хүн амины хэрэг гарчихсан гээд удсан байсан. Жижүүрийн бүрэлдэхүүн нь ирээд үзлэгээ хийчихээд хэлтэс рүүгээ аваад явсан....” гэжээ /хх-33-34/.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны ¹10059 тоот дүгнэлтэд:
“1. Б.Тунгалагийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, тохой, зүүн тохой, зүүн шуу, 2 өвдөг, зүүн шагай, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-36/.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны ¹10058 тоот дүгнэлтэд:
“1. А.Баянсайханы биед хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-63-64/, Тоёота приус-11 маркийн 43-48 УБТ улсын дугаартай авто машиныг П.Ариунболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Ш.Лхагва-Очир нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү худалдааны төвийн үүднээс гэртээ харих зорилгоор иргэн П.Ариунболдын эзэмшлийн 43-48 УБТ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн авто машиныг авч зугтааж явахдаа машины арын суудалд сууж байсан Б.Тунгалаг, түүний хүү 6 сартай А.Баянсайхан нарыг зам дээр машинаас түлхэж, унаган амь биед аюултайгаар хүч хэрэглэн Б.Тунгалагийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, тохой, зүүн тохой, зүүн шуу, 2 өвдөг, зүүн шагай, баруун гуянд зулгаралт гэмтэл, хүү А.Баянсайханы биед хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн тохой, нуруунд зулгаралт гэмтэл тус тус учруулсан болох нь хохирогч Б.Тунгалаг, гэрч П.Ариунболд, Г.Зоригтбаатар, У.Бат-Өлзий нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны ¹10059 тоот акт, 2016 оны 7 дугаар сарын 20-ны ¹10058 тоот акт, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчид учирсан хохирлын баримт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Лхагва-Очирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаахдаа хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Тунгалаг нь эмчилгээний зардалд гарсан нийт 492.400 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд үүнээс 200.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Лхагва-Очир төлсөн байх тул үлдэх 292.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгч Ш.Лхагва-Очирыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд харгалзсан үзсэн бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Шүүширийн Лхагва-Очирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаахдаа хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхагва-Очирт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхагва-Очирт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Лхагва-Очирын нийт цагдан хоригдсон 101 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Лхагва-Очироос нийт 292.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тунгалаг (РД: ОА85081306)-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Лхагва-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН