Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 23

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              М.Сайнзаяа

         Шүүгдэгч                                              М.Э түүний өмгөөлөгч

                                                                     М.Даваасүрэн

         Хохирогч                                               Н.О түүний өмгөөлөгч

                                                                      Г.Гочоо

         Нарийн бичгийн дарга                          Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолтой М.Э.д холбогдох 1915001230053 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.О.н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, М.Э,

Яллагдагч М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О.г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй 1 ширхэг хутга, 1 ширхэг гурилын элдүүр мод зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч М.Э нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Э.с 1198890 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1649692 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, “бүсийн оношлогоо эмчилгээний төв” уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн 400000 төгрөг, шатахууны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийн 944100 төгрөг, 4 дүгээр сараас 4 дүгээр сарын 28-ны өдрийн 190000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.О давж заалдах гомдолдоо: “....Тухайн үед М.Э.д олон удаа хутгалуулаад зогсохгүй, хэл амаар маш их доромжлуулсан. Миний биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлэгийн дүгнэлтийг буруу гарсан гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан шинжээч эмчид надад учирсан хохирлыг буруу гаргасан байна гэж олон удаа хэлсэн боловч дахин шинжилгээг өөрөө хийж өөрийн гаргасан дүгнэлтийг зөвтгөж, өөрөө гарын үсэг зурсанд гомдолтой байна. Миний биед учирсан хохирлыг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргаагүйд хохирогч би эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл шүүх энэ талаар анхаарч үзэлгүйгээр хохирогчийн буруутай үйлдэл байна гэж өнгөцхөн байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч М.Э.н гэмт хэргийг хөнгөрүүлэх гэж эрмэлзсэн явдалд гомдолтой байна. М.Э.д хутгалуулснаас шалтгаалж эд материалын болон оюун санаа, бие махбодийн эх хэмжээний зардал гарсан тул баримтын дагуу  4 528 000 төгрөг нэхэжилсэн. Үүнээс  1 198 800 төгрөг гаргуулж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгосоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс шүүгдэгч М.Э.д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байна. Олон удаа хутгалуулсан, мооор бие рүү минь хатгасан, нурууны далавч яс цуурч хугарсан зэргийг шинжээч эмчид хэлж шинжилгээ хийлгэхийг хүссэн боловч шинжилгээтэй холбоотой зохих материалууд байхгүй байснаас биедээ авсан гэмтлийг тогтоолгож чадаагүй, энэ талаар хуулийн байгууллагууд анхаарч үзээгүй, бүрэн шалгахгүй М.Э.г хаацаалсанд гомдолтой байна. Энэ хэргийг нарийн сайн шалгуулахыг хүсч байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.Э.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч хохирогч Н.О давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.О давж заалдах гомдолыг хүлээн авч тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

М.Э нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.О.г хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд “...биед тархи доргилт, баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх, дээд, доод уруулын дотор салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.О, гэрч М.Д, Б.Ж, Д.С, З.Ч, Д.Г  нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч М.Эн дээрхи гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Н.О нь “... Дүгнэлт гаргасан шинжээч эмчид надад учирсан хохирлыг буруу гаргасан байна, мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргаагүйд хохирогч би эрүүл мэндээрээ хохирсон. Баримтын дагуу  4 528 000 төгрөг нэхэжилсэн. Үүнээс  1 198 800 төгрөг гаргуулж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгосоныг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн гомдлыг гаргасан боловч

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай шинжээчийн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт нь тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлт байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1-д “Шинжилгээ хийлгэхэд хэд хэдэн салбарын тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэж  болно” гэж заасан тул хохирогч Н.О ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч Н.О нь анхан шатны шүүхэд хохирлын баримтууд /хх 83-97/-ыг хуулбарлан хүргүүлж, шүүгдэгчээс 4 528 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтуудыг нэг бүрчлэн хянан үзэж шүүгдэгчээс 1 298 890 төгрөгийг гаргуулж, 1 649 692 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон эмчилгээ хийлгэсэн баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дурьдсан байх тул хохирогч Н.О.н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Н.О ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Э.д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР                          

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                  З.ХОСБАЯР      

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН