Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.Ганчимэгийн  нэхэмжлэлтэй иргэний

                      хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00503/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                             Шүүгчид                            Л.Амарсанаа

                                                                         Г.Давааренчин

                     Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   Л.Доржпүрэв

 Хариуцагчийн төлөөлөгч     Х.Батдэлгэр

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам  нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 616 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, “Хас банк”-ны Сэлэнгэ салбарт холбогдох  “2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59000049 тоот зээлийн гэрээг дуусгавар болгох, орон сууцны гэрчилгээ гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн 000055927 дугаартай, гэрчилгээний 1317001040 дугаартай, 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авах болсон юм. Би өөрөө хувиасаа 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаж байр худалдсан хүнд өгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь “ХАС” банкнаас 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлээд өгсөн юм. Банк зээл өгөхдөө АНУ-ын долларын зээл өгнө гээд 20.000.000 төгрөгийг долларт шилжүүлж 17.138.0 доллар олгож 50 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Банк зээл олгохдоо 20.000.000 төгрөгнөөс шимтгэл авсан гээд надад 19.839.000 төгрөг олгоод зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн юм. Тус хуваарьт заахдаа 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37.126.560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан юм. Энэ хуваарийн дагуу нийт төлөх төлбөр болох 37.126.560 төгрөгийг хугацаанаас нь өмнө бүрэн төлж дууссан юм. Гэтэл банк таны зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байна гэсэн тул би 37.126.560 төгрөгийг бүрэн төлсөний дараа 4 сар үргэлжпүүлэн зээлийг илүү төлөөд нийтдээ 40.682.000 төгрөгийг төлсөн байна. “ХАС" банкнаас над руу яриад та банкин дээр ирээд долларын зээлээ Монгол мөнгөнд шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би банкин дээр очоод зээлээ бүгдийг төлсөн, 4 сар илүү төлбөр хийсэн гэж хэлсэн юм. Гэтэл банк таны зээлийн үлдэгдлийг шалгаж үзэхэд та одоогийн байдлаар 11.000 доллар төлөх үлдэгдэлтэй байна, Монгол мөнгөөр бодоход 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд та одоо 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэж бодвол гэрээний хугацаанд дахин 40.000.000 төгрөг төлөх юм байна гэж “ХАС” банкны дарга нь хэлж байгаад их гомдолтой байна. “ХАС” банк надад анх 20.000.000 төгрөг олгосон. Гэтэл би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20.000.000 төгрөгнөөс хасагдаагүй харин 5.000.000 төгрөг нэмэгдэж 25.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг нь намайг маш их хохироож байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ. Гэтэл “ХАС" банк зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, Одоо 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг би шударга бус зүйл гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвийг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Энэ нөхцөл байдлыг дүгнэн үзэж банктай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож миний орон сууцны гэрчилгээг банкнаас гаргуулж надад олгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Банк Д.Ганчимэгтэй 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59000049 тоот гэрээгээр 17.138 ам.долларын барьцаат зээлийн гэрээ байгуулж харилцагч Ганчимэгийн төгрөгийн 20100091 тоот дансанд төгрөг рүү хөрвүүлэн банкнаас 20.039.463 төгрөг шилжүүлсэн. Мөн зээлийн 17.137 ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэхээр хуваарьт заасан бөгөөд гэрээний 1.12 дахь хэсэгт заасан “АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн доллар худалдан авах ханшаар, зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр банкны доллар худалдаж буй ханшаар тооцно”, 1.8 дахь хэсэгт “Банк нь зах зээлийн хүү, төлбөрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтанд заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр, хэрэв энэ нь амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна” гэж тус тус заасанчлан төгрөгөөр төлсөн зээлийн эргэн төлөлтийг Д.Ганчимэгийн “Зээл эргэн төлсөн график”-аас тухайн өдрийн доллар худалдаж буй ханшаар ам.долларт шилжүүлж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг харж болохоор байна. Нөгөөтэйгүүр ямар хэмжээний зээл, хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаатайгаар ямар валютаар авч байгаа буюу АНУ-ын доолар эсхүл төгрөгөөр авч байгаа, эргэн төлөлтийг ямар валютаар гүйцэтгэх, түүний хуваарь гэх мэт гол нөхцөл бүхий гэрээ байгуулах санал болгосныг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр бичгээр бэлтгэсэн барьцаат зээлийн гэрээг Д.Ганчимэг уншиж танилцан байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа.Харин гэрээ бол 10 жилээр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацааг 50 сар гэж бичигдсэн байгааг техникийн алдаа гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 616 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримттлан “ХАС банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/-аас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч Д.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичихдээ зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрчилгээ гаргуулах гэсэн байна. Ингэхээр гэрээг дуусгавар болгох, гэрчилгээ гаргуулах гэсэн өөр шаардлага байна. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг харахаар мөн адил байна. Шийдвэр гэрчилгээ гаргуулах гэж гараагүй. Ер нь гэрчилгээг гаргуулах шийдвэр нь ямар ач холбогдолтой вэ. Үүний цаана нь зээлийн гэрээг дуусгавар болгоод барьцааны эрх дуусгавар болсныг тогтоогоод барьцаа хөрөнгийг чөлөөлөх гэсэн ийм шаардлага байх ёстой юм уу гэж ойлгоод байна. Эргээд хэргээс хэрэг үүсгэсэн захирамжийг харах гэхээр би харахгүй байгаа юм уу байхгүй байгаа юм уу ямар асуудлаар хэрэг үүсгээд байгаа нь харагдахгүй байна. Ийм алдаа анхан шатны шүүхийн шийдвэр дээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлага байна.

Зээлийн гэрээг 50 сарын хугацаатай байгуулсан нь талуудын тайлбараар нотлогдож байна гэсэн байдаг. Талуудын тайлбар гэхээр манай зүгээс 50 сарын хугацаатай байгуулаагүй. 10 жилийн хугацаатай гэрээ. Техникийн алдаа гэдгээ нотлож чадаагүй гэж байна. Нотлох баримтыг анхан шатны шүүх тал бүрээс нь үнэлээгүй гэж манай зүгээс үзэж байна. Яагаад гэхээр зээлийн гэрээн дээр 50 сарын хугацаатай гэж бичсэн байна. Гэхдээ энэ бол техникийн алдаа. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр зээлийн гэрээний нэгдүгээр хавсралт болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар харагдаж байна. Эргэн төлөлтийн хуваарь дээр 10 жилийн эргэн төлөлтийн хуваарь тавьж өгсөн. 2008 оноос эхлээд 2018 оныг дуустал хийсэн байгаа. үүнийг шүүх юу гэж үнэлсэн бэ. Үнэлэхгүйгээр зөвхөн гэрээн дээр бичигдсэн 50 сар гэдгийг үнэлсэн байгаа нь өөрөө учир дутагдалтай байна. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй байна.

Энэ зээл төлөгдөж дууссан уу үгүй юу гэдгийг шүүх үнэлж үзээгүй. Шүүх 20.000.000 төгрөгийг аваад 40.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэ зээл төлөгдөж дууссан байна гэж үзсэн байна. Гэтэл үүнээс хэд нь үндсэн зээлэнд төлөгдсөн. Хэд нь хүүнд төлөгдсөн гээд аваад үзэх юм бол өөр тоо гарч  ирнэ.

17.000 долларын зээл авсан байгаа. Долларын зээл авсан гэдгийг юугаар нотлож байна гэхээр зээлийн дансны хуулга байна. Зээл бол долларын дансанд ороод тухайн данснаас харилцагчийн харилцах данс руу төгрөгөөр хөрвүүлэгдээд орсон ийм зээл. Гэрээг харахаар долларын зээл олгов, Доллараар эргэн төлнө, төгрөгөөр төлөх бол ийм ханшаар ингэж төлнө гээд заасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

     Нэхэмжлэгч Д.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч Д.Ганчимэг би үзэж байна. Хас банк намайг илт хохироож байна. Би 9 жилийн хугацаанд арай гэж зээлээ төлж байхад анх авсан зээл огт хасагдахгүй, харин ч нэмэгдсэн байгаа нь шударга бус явдал гэж үзэж байгаа тул би аргагүйн эрхэнд шүүхэд хандсан билээ. Хас банк гомдолдоо зээлийн гэрээний заалтууд бичиж иргэн намайг гэрээний заалтыг биелүүлэх ёстой гэсэн байна.

     Гэтэл банк гэрээнд заасан зээлийн хугацаа 50 сар байна гэсэн заалтаа яагаад биелүүлэхгүй байна вэ? Зээлдэгч би бодохдоо 50 сар болсон үед гэрээг цаашид сунгах эсэх, долларыг монгол төгрөгөнд шилжүүлэх эсэх зэрэг арга хэмжээг банк авах байсан гэж үзэж байна. Иргэн би зээлээ монгол төгрөгөнд шилжүүлье гэж банкинд хүсэлт гаргаж хэлэхэд “ та долларын зээлээрээ явна гэж хэлж миний хүсэлтийг хүлээж авдаггүй байсан юм. Хас банк надад зээл олгохдоо “ энэ хуваарийн дагуу зээлээ сар бүр төлөөрэй гэж хувиар гаргаж өгсөн юм. Энэ хуваарийг би шүүхэд нотлох баримт болгож өгсөн билээ. Би тус хуваарийн дагуу зээлээ төлөөд дуусгасан юм. Намайг тус хуваарийн дагуу зээлээ төлөөд явж байхад банк зээлийн төлөлтийг хүлээж аваад байсан бөгөөд 9 жил тэр хувиараар зээлийн төлөлтийг хүлээж авч байсан атлаа одоо шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх болохоор банкны зүгээс наад хуваарь чинь албан ёсны хуваарь биш гэж үзэж байгаад гомдолтой байна. Энэ байдлыг харгалзан үзэж Хас банкны гомдлыг хэрэгсэхгүй болгож Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж өгнө үү ” гэжээ.

 

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Шүүх хэргийг зөв шийдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тодорхой заасан. Нэхэмжлэл маш тодорхой байгаа. Зээлийн гэрээг дуусгавар болгоё, гэрчилгээгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан. Танайхаас авсан зээлээ  төлөөд дуусчихлаа одоо гэрээгээ дуусгавар болгоё гэхэд дуусгавар болгохгүй байгаа. Мөн гэрчилгээгээ авах гэхээр өгөхгүй байгаа. Энэ эрхээ хамгаалуулах гэж шүүхэд хандсан. 50 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл үүнийгээ шүүх дээр ирэхээр нөгөө талаас үүнийг техникийн алдаа байсан гэж тайлбарлаж байгаа сая мөн тэгж байна. Гэтэл энэ хувиарын дагуу 9 жил төлөхөд банк энэ хувиараар төлөлтийг хүлээж аваад явж байсан. Гэтэл одоо яагаад энэ хувиар биш болчиж байгаа вэ. Эндээс банк өөрийн үйлдлээр дэмжиж байгаа нь харагдаж байна. Ингээд 9 жилийн дараа 20.000.000 төгрөг төлсөн байтал энэ нь хасагдаагүй. Бүр нэмэгдэж 25.000.000 төгрөг болсон. Асуудлыг нарийн шалгаад эхлэхээр долларын зээл өгсөн. Доллараар төлөх ёстой гэж байгаа. Тэгэхээр одоо буцаагаад зээлийн хүүг төгрөгөөр төлүүлэх асуудал байна. Гэтэл энэ бол албан ёсны хуваарь биш гээд байна. Үүнийгээ банк няцааж чадаагүй. Нөгөө талаар шүүх хэдэн төгрөгийн үндсэн зээл, хэдэн төгрөгийг хүү гэж тоолоогүй гэж байна. Энэ шүүхийн хийх ажил биш. Энэ бол зохигчид өөрсдөө гаргаж өгөх зүйл. Мөн үүнийг огт тайлбарлаж өгөөгүй. Зээл төлж дуусаагүй гэсэн асуудал ярьж байгаа. Нөгөө талаар банкинд хохирол гараагүй. Тухайн үед энэ хүн 20.000.000 төгрөг аваад 40.000.682 төгрөг төлсөн. Тиймээс анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

 

                                                          Үндэслэх нь: 

    

    Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

   Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь “ХАС” банкинд холбогдуулан зээлийн гэрээ дуусгавар болсонд тооцуулж, банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч “ХАС” банк зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

    Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзал түүнтэй холбоотой шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон  эсэх талаар талууд маргаантай байгаа  гэж ойлгохоор байна.

 

    Нэхэмжлэгчийн гэрээ дуусгавар болгох тухай шаардлагатай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлага нь өөр хоорондоо холбоотой өөрөөр хэлбэл зээлийн  гэрээ дуусгавар болгосноор барьцааны гэрээ дуусгавар болж улмаар барьцааны  хөрөнгө чөлөөлөх  эсэх асуудал хөндөгдөнө.

 

    Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад түүний шаардлагыг шүүх тодруулах боломжтой атал энэхүү ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хоёр  шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн атлаа,  нэг шаардлагыг нь  шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн зохигчдын хооронд үүссэн маргаан болон хэрэгт авагдсан нотлох баримтад тодорхой эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

    Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эсхүл ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх материаллаг эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлох,  хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм.

 

    Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй”  гэж  дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

 

    Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 616 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дах хэсэгт  зааснаар хариуцагч “ХАС” банкнаас  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 295874 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                   Л.АМАРСАНАА

                                                                          Г.ДАВААРЕНЧИН