Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 616

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Галсангийнхан овогт Дансрангийн Ганчимэг / РД: МТ-69021508/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “ХАС” банк ХХК-ний /Сэлэнгэ салбар/ -т холбогдох

 

“2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59000049 тоот зээлийн гэрээг дуусгавар болгох, орон сууцны гэрчилгээ гаргуулах”-ыг хүссэн хэргийг  хэлэлцэв.

 

 Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганчимэг, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.                               

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

   ... Иргэн Д.Ганчимэг би Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн 000055927 дугаартай, гэрчилгээний 1317001040 дугаартай, 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авах болсон юм. Би өөрөө хувиасаа 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаж байр худалдсан хүнд өгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь “ХАС” банкнаас 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлээд өгсөн юм. Банк зээл өгөхдөө АНУ-ын долларын зээл өгнө гээд 20.000.000 төгрөгийг долларт шилжүүлж 17.138.0 доллар олгож 50 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Банк зээл олгохдоо 20.000.000 төгрөгнөөс шимтгэл авсан гээд надад 19.839.000 төгрөг олгоод зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн юм. Тус хуваарьт заахдаа 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37.126.560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан юм.

Би зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр хичээн ажиллаж тус эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой мөнгөнөөс илүү хэмжээгээр төлж явсаар нийт төлөх төлбөр болох 37.126.560 төгрөгийг хугацаанаас нь өмнө бүрэн төлж дууссан юм.

Гэтэл банк таны зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байна гэсэн тул би 37.126.560 төгрөгийг бүрэн төлсөний дараа 4 сар үргэлжлүүлэн зээлийг илүү төлөөд нийтдээ 40.682.000 төгрөгийг төлсөн байна.

“ХАС” банкнаас над руу яриад та банкин дээр ирээд долларын зээлээ Монгол мөнгөнд шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би банкин дээр очоод зээлээ бүгдийг төлсөн, 4 сар илүү төлбөр хийсэн гэж хэлсэн юм.

 Гэтэл банк таны зээлийн үлдэгдлийг шалгаж үзэхэд та одоогийн байдлаар 11.000 доллар төлөх үлдэгдэлтэй байна, Монгол мөнгөөр бодоход 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

Иймд та одоо 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэж бодвол гэрээний хугацаанд дахин 40.000.000 төгрөг төлөх юм байна гэж “ХАС” банкны дарга нь хэлж байгаад их гомдолтой байна.

“ХАС” банк надад анх 20.000.000 төгрөг олгосон. Гэтэл би банкинд одоогийн байдлаар 40.682.000 төгрөгийг төлсөн байна. АНУ-ын доллараар бодож үзэхэд 17.138.0 доллар зээлж аваад 33.800.0 доллар болгож төлсөн байна.

Тэгэхэд одоо 25.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдэг бол үндэслэлгүй юм. Би банкнаас 20.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан. Тэгээд би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20.000.000 төгрөгнөөс хасагдаагүй харин 5.000.000 төгрөг нэмэгдэж 25.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг нь намайг маш их хохироож байна. Банкны даргын хэлсэнээр зээлийн гэрээг хэрвээ 5 жилийн хугацаатай болговол гэрээний хугацаанд дахиад 40.000.000 төгрөг төлөх болж байна. Хэрвээ ингэж төлвөл би одоо төлсөн байгаа 40.682.000 төгрөгтэйгээ нийлээд 80.000.000 төгрөг төлөх болж байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ.

 Гэтэл “ХАС” банк зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, одоо 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг би шударга бус зүйл гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвийг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Энэ нөхцөл байдлыг дүгнэн үзэж банктай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож миний орон сууцны гэрчилгээг банкнаас гаргуулж надад олгож өгнө үү! гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй Хас банкинд холбогдох зээлийн гэрээг дуусгавар болгуулах, орон сууцны гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад энэхүү тайлбарыг гаргаж байна.

Хас банкны зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Банк Д.Ганчимэгтэй 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59000049 тоот гэрээгээр 17.138 ам.долларын барьцаат зээлийн гэрээ байгуулж харилцагч Ганчимэгийн төгрөгийн 20100091 тоот дансанд төгрөг рүү хөрвүүлэн банкнаас 20.039.463 төгрөг шилжүүлсэн. Мөн зээлийн 17.137 ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэхээр хуваарьт заасан бөгөөд гэрээний 1.12 дахь хэсэгт заасан “АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн доллар худалдан авах ханшаар, зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр банкны доллар худалдаж буй ханшаар тооцно”, 1.8 дахь хэсэгт “Банк нь зах зээлийн хүү, төлбөрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтанд заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр, хэрэв энэ нь амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна” гэж тус тус заасанчлан төгрөгөөр төлсөн зээлийн эргэн төлөлтийг Д.Ганчимэгийн “Зээл эргэн төлсөн график”-аас тухайн өдрийн доллар худалдаж буй ханшаар ам.долларт шилжүүлж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг харж болохоор байна.

Нөгөөтэйгүүр ямар хэмжээний зээл, хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаатайгаар ямар валютаар авч байгаа буюу АНУ-ын доллар эсхүл төгрөгөөр авч байгаа, эргэн төлөлтийг ямар валютаар гүйцэтгэх, түүний хуваарь гэх мэт гол нөхцөл бүхий гэрээ байгуулах санал болгосныг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр бичгээр бэлтгэсэн барьцаат зээлийн гэрээг Д.Ганчимэг уншиж танилцан байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Харин гэрээ бол 10 жилээр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацааг 50 сар гэж бичигдсэн байгааг техникийн алдаа гэж үзэж байгаа.

Иймээс нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь “Хас банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/-т холбогдуулан “зээлийн гэрээг дуусгавар болгох, орон сууцны гэрчилгээг гаргуулах”- ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

    Шүүх нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Учир нь: Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

         Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь “ХАС” банк ХХК-ний Сэлэнгэ салбартай 2008 оны 02 дугаар сарын 14-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 17138.0 долларын зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 10.15 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтайгаар зээлж тус банктай 59000049 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан, мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж дээрх барьцааны гэрээг байгуулж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

           Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан болох нь зохигчдын тайлбар болон барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

   ... 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээн дээр хугацааг 50 сар гэж бичигдсэн байгааг техникийн алдаа байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийгээ нотлох баримтаар нотлож чадаагүй төдийгүй нэхэмжлэгч Д.Ганчимэгийн 40.682.000 төгрөгийг банкинд төлж зээлээ хугацаанаас нь өмнө дуусгасан гэх тайлбарыг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй байна.

    Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хэргийн оролцогчийн хувьд гаргаж буй тайлбараа бүх талаас нь нотлох үүргээ биелүүлээгүй.

    Мөн хариуцагч “ХАС” банк ХХК нь зээлийн гэрээний 3.3.1-т “зэлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь болон хэсэгчлэн төлөөгүй бол 3.5-д “гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх банкны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд банк барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангуулахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ” гэсний дагуу банк Д.Ганчимэгээс үлдэгдэл 11297.6 ам.долларыг биелүүлэхийг шаардах эрхтэй гэх тайлбарыг ирүүлсэн боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

    Иймд Д.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ХАС” банк ХХК-ний Сэлэнгэ салбараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай 000055927 ,тоот гэрчилгээний дугаартай, Ү-1317001040 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны гэрчилгээг гаргуулж Д.Ганчимэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримттлан “ХАС банк” ХХК-д /Сэлэнгэ салбар/-аас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай. 

2.  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

        

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ