Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01295

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлалтай                           

            Д ийн нэхэмжлэлтэй,

            “Х ” ХХК /Сэлэнгэ салбар/-т холбогдох

       2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59000049 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,

           11,300.06 ам.доллар гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Д ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Би Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай 28,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авах болсон юм. Би өөрөө хувиасаа 8,000,000 төгрөг гаргаж байр худалдсан хүнд өгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь Х наас 2008 оны 02 сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж авч өгсөн. Банк зээл өгөхдөө ам.долларын зээл өгнө гээд 20,000,000 төгрөгийг долларт шилжүүлж 17,138.0 доллар олгож 50 сарын хугацаатай зээлүүлсэн. Банк зээл олгохдоо 20,000,000 төгрөгөөс шимтгэл авсан гээд надад 19,839,000 төгрөг олгоод зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн. Тус хуваарьт заахдаа 2018 оны 02 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37,126,560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан. Би зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр хичээн ажиллаж тус эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой мөнгөнөөс илүү хэмжээгээр төлж явсаар нийт төлөх төлбөр болох 37,126,560 төгрөгийг хугацаанаас нь өмнө бүрэн төлж дууссан. Гэтэл банк таны зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байна гэсэн тул би 37,126,560 төгрөгийг бүрэн төлсний дараа 4 сар үргэлжлүүлэн зээлийг илүү төлөөд нийтдээ 40,682,000 төгрөгийг төлсөн байна. Х наас над руу яриад “та банкин дээр ирээд долларын зээлээ Монгол мөнгөнд шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би “зээлээ бүгдийг төлсөн, 4 сар илүү төлбөр хийсэн” гэхэд банк “таны зээлийн үлдэгдлийг шалгаж үзэхэд та одоогийн байдлаар 11.000 доллар төлөх үлдэгдэлтэй байна, Монгол мөнгөөр бодоход 25,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд та одоо 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэж бодвол гэрээний хугацаанд дахин 40,000,000 төгрөг төлөх юм байна” гэсэнд гомдолтой байна. Х  надад анх 20,000,000 төгрөг олгосон. Гэтэл би банкинд одоогийн байдлаар 40,682,000 төгрөгийг төлсөн байна. АНУ-ын доллараар бодож үзэхэд 17,138.0 доллар зээлж аваад 33,800.0 доллар болгож төлсөн байна. Тэгэхэд одоо 25,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдэг үндэслэлгүй юм. Би банкнаас 20,000,000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан. Тэгээд би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20,000,000 төгрөгнөөс хасагдаагүй харин 5,000,000 төгрөг нэмэгдэж 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг намайг маш их хохироож байна. Банкны даргын хэлснээр зээлийн гэрээг хэрвээ 5 жилийн хугацаатай болговол гэрээний хугацаанд дахиад 40,000,000 төгрөг төлөх болж байна. Хэрвээ ингэж төлвөл би одоо төлсөн байгаа 40,682,000 төгрөгтэй нийлээд 80,000,000 төгрөг төлөх болж байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ. Гэтэл Х  зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, одоо 25,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг шударга бус гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул банктай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х ны Сэлэнгэ салбарын шүүхэд гаргасан тайлбарт: Х ны зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Банк Д тэй 2008 оны 02 сарын 15-ны өдрийн 59000049 тоот гэрээгээр 17.138 ам.долларын барьцаат зээлийн гэрээ байгуулж харилцагч Д ийн төгрөгийн 20100091 тоот дансанд төгрөг рүү хөрвүүлэн банкнаас 20,039,463 төгрөг шилжүүлсэн. Мөн зээлийн 17.137 ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэхээр хуваарьт заасан бөгөөд гэрээний 1.12 дахь хэсэгт заасан АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн доллар худалдан авах ханшаар, зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр банкны доллар худалдаж буй ханшаар тооцно, 1.8 дахь хэсэгт Банк нь зах зээлийн хүү, төлбөрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр, хэрэв энэ нь амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна гэж тус тус заасанчлан төгрөгөөр төлсөн зээлийн эргэн төлөлтийг Д ийн Зээл эргэн төлсөн графикаас тухайн өдрийн доллар худалдаж буй ханшаар ам.долларт шилжүүлж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг харж болохоор байна. Нөгөөтэйгүүр, ямар хэмжээний зээл, хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаатайгаар ямар валютаар авч байгаа буюу АНУ-ын доллар эсхүл төгрөгөөр авч байгаа, эргэн төлөлтийг ямар валютаар гүйцэтгэх, түүний хуваарь гэх мэт гол нөхцөл бүхий гэрээ байгуулах санал болгосныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бичгээр бэлтгэсэн барьцаат зээлийн гэрээг Д  уншиж танилцан байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээний 3.3.1-т Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол 3.5-д гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх банкны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжид банкны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ гэсний дагуу Д ээс үлдэгдэл 11,297.6 ам долларыг биелүүлэхийг шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х ны Сэлэнгэ салбарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Хариуцагч Д , Д.Энхбат нар нь манай банкнаас 2008 оны 02 сарын 14-ний өдөр 59000049 тоот зээлийн гэрээг байгуулан 17.138 долларын зээлийг 10 жилийн хугацаатай 365 хоногт 14.35 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд банк системийн өөрчлөлт хийснээр 2010 оны 05 сарын 01-ний өдөр зээлийн дансны дугаар 1100000785 тоот болж өөрчлөгдсөн болно. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар байрны 20 тоот байршилтай орон сууцны зориулалттай 37.78 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байдаг. Зээлдэгч банктай байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн буюу үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй 1917 хоног хугацаа хэтэрч 2018 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1130006 доллар төлөхөөр байна. Зээлдэгч нь тус шүүхэд зээлийг дуусгавар болсныг тогтоож барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа зээлийг цаашид төлөхгүй нь тодорхой болсон тул зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн хугацаа хэтэрсэн болон үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгчтэй байгуулсан 1100000785 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөр болох 11,300.06 доллар бусад зардал 6000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Х  нь биднээс зээлийн нийт төлбөрт 11,300.06 доллар, зардал 6000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид Х ны зүгээс бидэнд гаргаж өгсөн зээл төлөх хуваарийн дагуу бид 9 жил зээлийг төлөөд яваад байхад мөн тус хуваарийн дагуу төлж байсан мөнгийг хүлээж аваад байсан атлаа шүүхэд дуудагдаад ирэхээрээ наад хувиар чинь албан ёсны хуваарь биш манай банкны ажилтан л өгсөн байна гэж шүүхийн өмнө хэлж байгаа нь иргэн бидний хөдөлмөр зүтгэлийг үнэлэхгүй дорд үзсэн явдал гэж үзэж байна. Манай гэр бүл 20,000,000 төгрөгийн зээл аваад 9 жилийн хугацаанд 40,682,000 төгрөг төлчихөөд байхад зээлээс хасагдахгүй харин 25,000,000 төгрөг болж 5,000,000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь дэндүү шударга бус зүйл юм. Банк хохироогүй, харин ч банк их ашигтай байгаа юм. Гэтэл одоо сөрөг нэхэмжлэл гаргаж 11,300.06 доллар нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Бид эргэн төлөлтийн дагуу зээлээ бүрэн төлж дууссан тул Х ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан Д ийн Х ны Сэлэнгэ салбарт холбогдуулан гаргасан Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д , Д.Энхбат нараас 11,300.06 ам.доллар буюу 27,287,836 төгрөг гаргуулж, Х ны Сэлэнгэ салбарт олгож,  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, 11,300.06 ам.доллар буюу 27,287,836 төгрөгийг төлөх үүргийг хангуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №59000049 тоот Барьцаат зээлийн гэрээнд заагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Д ийн 70,200 төгрөг, Х ны Сэлэнгэ салбарын 295,874 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д , Д.Энхбат нараас 295,874 төгрөг гаргуулж Х ны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Туулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 23 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын Үндэслэх хэсэгт “... хэрэгт зээлийг сар бүр тогтмол төгрөгөөр төлөх тухай болон зээлийг ам.доллараар төлөх хоёр төрлийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан байна.” гэжээ. Хэрэгт 2 өөр эргэн төлөлтийн хуваарь байгаа нь үнэн. Нэг нь зээлийн гэрээний хавсралт “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”/хх-8/, зээлийг АНУ-ын доллараар төлөх хуваарь. Энэ нь зээлийн гэрээ байгуулахдаа талуудын тохиролцсон гарын үсэг, тамга тэмдэгтэй албан ёсны хуваарь. Нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Нөгөө нь хариуцагч тал гаргаж өгсөн эргэн төлөлтийн хуваарь байгаа /хх-11-13/. Зээлийг төгрөгөөр эргэн төлөх хуваарь байгаа. Энэ баримт нь талуудын тохиролцсон албан ёсны хуваарь биш бөгөөд талуудын гарын үсэг, тамга тэмдэггүй, хаанаас яаж олж авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа. Нотлох баримтын шаардлага хангахгүй эргэн төлөлтийн хуваарь /хх-11-13/-ийг анхан шатны шүүх хурал дээр нотлох баримт шинжлэн судалсаны дараа нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх үнэлэхгүй гэдэг үндэслэлээр хасахгүй явлаа гэж тайлбарласан. Энэ талаар давж заалдах хурал дээр мөн хариуцагчийн зүгээс ярьсан боловч давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлж, улмаар нэг үйл баримтын талаар шаардлага хангасан 2 нотлох баримт байгаа мэтээр үнэлж дүгнэсэн нь буруу болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, 38.5-д "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн.

Магадлалын Үндэслэх хэсэгт “... Дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч нь сар бүр төгрөгөөр төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу ... тогтмол төгрөг төлж байсан гэж тайлбарладаг бол хариуцагч Х  нь нэхэмжлэгч Д  нь сар бүрийн төлөлт дутуу төлдөг байсан гэж тус бүр өөр өөрөөр тайлбарладаг боловч хэрэгт зээлдэгчийн хувийн хэрэг авагдаагүй тул шүүх дээрх баримтууд болон талуудын хооронд ямар үйл явдал болсныг тодорхойлох боломжгүй байна гэж үзлээ.” гэжээ. Яг ямар үйл баримт тодорхойгүй байна гэж үзэж байгаа, зээлийн хувийн хэргээс ямар нотлох баримт шаардлагатай гэж үзсэн, ямар үйл баримтыг нотлох баримт байхгүй байна гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Дээрх хэсгийг харвал “хэрэгт төгрөгийн болон долларын 2 эргэн төлөлтийн хуваарь байна, зээлдэгч төгрөгийн хуваарийн дагуу төлсөн гэдэг, хариуцагч долларын хуваарийн дагуу төлөх ёстойг дутуу төлсөн гэж маргасан”-ыг үндэслэж хувийн хэрэг авагдаагүй гэсэн байгааг үзэхэд төлөлт хэрхэн яаж хийгдэж байсан үйл баримт тодорхойгүй байна гэж үзсэн бололтой. Зээл хэрхэн төлөгдсөн үйл баримт нь зээлийн хувийн хэргээс гарахгүй, харин хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга /2010 оноос өмнөх хх-37-38 хуудас, 2010 оноос хойшх хх-36 хуудас/, банкнаас гаргаж өгсөн зээл төлөлтийн талаар хүснэгт /хх-35 хуудас/-ээс тус тус харагдана. Иймд зээлийн хувийн хэргээс төлөлттэй холбоотой үйл баримт харагдахгүй тул хувийн хэрэг гаргуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн магадлалын Үндэслэх хэсэгт “... хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хугацаа хэтрүүлсэн үлдэгдэл төлбөр гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдлийг хэрхэн тооцож гаргасан. нэхэмжлэгчийн 2008 оны 03 сараас 2017 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн гэх 40,682,000 төгрөгийг зээлийн төлөлтөд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.” гэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хурал дээр хэлсэн тайлбарыг анхаарч бүрэн судлаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдлийг хэрхэн тооцсон талаар: Нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн тооцсон талаар хурал дээр тодорхой ярьсан. Нэхэмжилж байгаа дүнд зөвхөн зээлийн үндсэн төлбөр байгаа. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл дүн зээлийн дансны хуулга /хх-36/-аас тодорхой харагдана. Мөн анхан шатны 3 хурал дээр өгсөн төлөлтийг харуулсан хүснэгтийн үлдэгдэл дүнгээс харагдана.

2008 оны 3 сараас 2017 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн гэх 40,682,000 төгрөгийг хэрхэн тооцсон талаар: Хавтаст хэргийн 35 дугаар хуудаст /сүүлд хуудасны тоо 1 тоогоор зөрсөн байсан/ банкны зүгээс зээлдэгчийн төлбөр төлсөн байдлыг хүснэгтээр гаргаж өгсөн, уг дүн ойлгомжгүй байсныг засаж анхан шатны хурал дээр мөн хүснэгтээр өгсөн байгаа. Уг баримт нь зээлдэгчийн төлбөр төлсөн өдөр, төлсөн доллар, төлсөн төгрөг, төлөлт хөрвөж зээлд тооцогдсон ханш, хүүд төлөгдсөн дүн, үндсэн зээлд төлөгдсөн дүн, үлдэгдэл дүнг зээл төлсөн өдөр болгоноор гаргаж өгсөн баримт байгаа. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д  нь “Х ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулж, банкны барьцаанд байгаа орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Х ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаж, Д ээс зээлийн гэрээний үүрэг 11.300 ам.доллар гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ... 28,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авахын тулд 2008 оны 02 сарын 14-ний өдөр 20,000,000.00 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь Х наас авахаар барьцаат зээлийн гэрээ байгуулсан ба дээрх барьцаат зээлийн гэрээний 1.3-т зааснаар банк 17,138.00 ам.долларыг 50 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцсон, харин зээлийн жилийн хүүг жил бүр өөрчлөгдөж байхаар тогтоосон, сарын хүүг тодорхой заагаагүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн худалдан авч буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар зохигчид харилцан тохиролцжээ. /xx-5-7/ 

Нэхэмжлэгч дээрх зээлтэй холбогдуулан зээлийн эргэн төлөлтийн 2 хуваарийг шүүхэд  ирүүлсэн бөгөөд тэрээр хэргийн 8 дахь талд авагдсан хуваариар бус харин 11-13 дахь талд байгаа хуваарийн дагуу зээлээ төлж дууссан гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... банк дээрх зээлээс шимтгэл тооцон авч 19,839,000.00 төгрөгийг олгосон, банкнаас өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2018 оны 02 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37,126,560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан, тэрээр 37,126,560 төгрөгийг хугацаанаас нь өмнө төлж дууссан, ... гэвч банк төлбөр дутуу гэснээр дахин 4 сар үргэлжлүүлэн төлж, нийт 40,682,000 төгрөг төлсөн, гэтэл банкнаас ам.долларын зээлээ төгрөгт шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна” гэж дуудахдаа 11.000 ам.доллар төлөх үлдэгдэлтэй гэж мэдэгдсэн, иймээс зээл төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул гэрээг дуусгавар болсонд тооцуулж, банкны барьцаанд байгаа орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан” гэжээ. 

Хэргийн 39, 40 дэх талд авагдсан баримтаар Дансран Ганчимэгт төгрөгийн 20100091 данс нээгдсэн, нэхэмжлэгч 20,039,463.00 төгрөгийг 2008 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авсан баримт, түүний эскроу дансны үйлчилгээний шимтгэл 60,118.00 төгрөг төлсөн баримт, 140,276.00 төгрөгийг зээл олголтын хураамжид төлсөн баримт авагдсан, дээрх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлжээ.

Түүнчлэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Х ны Сэлэнгэ салбар албан тоот Хавсралт 1 гэсэн баримтаар нэхэмжлэгчийг 2017 оны 08 сарын 25-ны өдрөөр 11,300.00 ам.долларын үлдэгдэлтэй гэсэн эргэн төлөлтийн жагсаалт, 2010 оны 05 сарын 01-ний өдөр 14,944.53 ам.долларыг 2017 оны 11 сарын 01 хүртэл хугацаагаар олгосон дансны хуулга, 2008 оны 02 сарын 14-ний өдөр Д ийн нэр дээр нээгдсэн 17,138.00 ам.долларын 59000049 тоот валютын дансны хуулга гэсэн баримтууд хэрэгт авагджээ. 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдаж авч буй орон сууцыг барьцаалсан талаар талууд маргаагүй, харин зээлийг гадаад валютаар, эсхүл монгол төгрөгөөр олгосон талаар, зээлийн үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргасан.

Нэхэмжлэгч Д  нь 20,039,463.00 төгрөгийг 2008 оны 02 сарын 15-ны өдөр банкнаас хүлээн авсан, үүнээс нийт 200,394.00 төгрөгийг буцаан төлсөн баримт болон нэхэмжлэгч нь нийт 40,682,000.00 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин зээлийн эргэн төлөлт, хуваарьтай холбоотой гэсэн 5 баримт хоорондоо зөрүүтэй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Д  нь Х ны Сэлэнгэ салбараас төгрөгийн зээл авсан, зээлийг хүүгийн хамт төлж дууссан, зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хариуцагч нь 11,300.06 ам.доллар гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зохигчдын хооронд 2008 оны 02 сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйл нь 17,138.00 ам.доллар, зээл төлөгдөж дуусаагүй гэсэн үндэслэл заасан боловч тэрээр нэхэмжлэгчид дээрх хэмжээний ам.долларыг хэрхэн олгосноо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, нөгөөтэйгүүр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1., 160 дугаар зүйлийн 160.1.1., 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг баримтлан Д ийн Х ны Сэлэнгэ салбартай байгуулсан 2008 оны 02 сарын 14-ний өдрийн 59000049 тоот Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317001040 дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Х ны Сэлэнгэ салбарт даалгаж, Д , Д.Энхбат нараас 11,300.06 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Х ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 2 гэж дугаарлан, “Д , Д.Энхбат нараас 295,874 төгрөг гаргуулж Х ны Сэлэнгэ салбарт олгосугай” гэснийг “хариуцагч Х ны Сэлэнгэ салбараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д т олгосугай” гэж өөрчилж, 5 дахь заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Хариуцагч “Х ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 293,672 /хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН