Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2046

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “А” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Д.О/РД:/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 1,607,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” СӨХны гүйцэтгэх захирал Ч.Баасанбямба, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” СӨХны гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.О нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс хойш 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хүртэл нийт 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд нийт 2,169,000 төгрөг төлөх ёстой байснаас 561,200 төгрөгийг төлж одоо 1,607,800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

 

Д.О нь нэг сарын дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 60,250 төгрөгийг тус СӨХ-д төлөх ёстой бөгөөд задаргааны хувьд 103 м.кв талбайтай байрны нэг м.кв талбайг 250 төгрөгөөр тооцож 25,750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1,500 төгрөг, жижүүрийн хөлс 5,000 төгрөг, лифт ашигласны зардал 5,000 төгрөг, 2 машины зогсоолын төлбөрт 16,000 төгрөг, дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрийг 1м.кв-ыг нь 3,000 төгрөгөөр тооцоход 7,000 төгрөг болдог.

 

Автомашины 1 зогсоолын төлбөр нь сард 8,000 төгрөг байдаг бөгөөд хэрвээ машин зогсоолд зогсоогүй бол манайх хасч тооцдог. Б.Оюуны хувьд 3-4 машин байнга зогсдог боловч бид зөвхөн 2 машиныг зогссон хоногоор нь тооцож төлбөрөө шаардсан.

 

Иймд Д.Оаас 1,607,800 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь СӨХ-ноос төлбөрийн задаргааг өгдөггүй, нийт төлбөрт нь юу юуны төлбөр орж байгаа нь тодорхойгүй байдаг.

 

Өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрөө, алдангитай нь бүтэн төлж байж төлбөрөө төл гэсэн шаардлагыг банкнаас тавиад тухай, тухайн сарынх нь төлбөрийг авдаггүй учраас өнөөдрийн байдлаар өр их хэмжээгээр хуримтлагдсан нь үнэн.

 

Би энэ төлбөрөөс байрны нэг м.кв талбайн төлбөр 25,750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1,500 төгрөг, жижүүрийн хөлс 5,000 төгрөг, лифт ашигласны зардал 5,000 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй.

 

Харин дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрт 7,000 төгрөг, 2 машины зогсоолын мөнгө 16,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад 79-13, 41-82, 78-06 гэсэн улсын дугаартай албаны болон хувийн автомашинууд байсан.

 

41-82 дугаартай автомашиныг 2016 оны 7 сард зараад 2018 оны 4 дүгээр сард 15-37 гэсэн дугаартай автомашиныг авсан, 78-06 дугаартай машинаа 2016 оны өвөл зараад хүүгийнхээ 43-57 дугаартай автомашиныг унадаг байсан байхад надаас 2 машины зогсоолын мөнгө бүтнээр нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 4 дүгээр сараас хойш 15-37 дугаартай автомашины зогссон хугацааныхаа мөнгийг бол өгнө.

 

Гэхдээ би өвөл нь автомашинаа гаражид тавьж, зун нь лагерьт гараад энэ хугацаанд байрны гадна талбайд автомашинуудаа зогсоогоогүй байхад байнга зогссон мэтээр бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний СӨХ-оос хүсдэг зүйл гэвэл тооцоогоо нийлэхийг шаарддаг, надад ингэж байнга шүүхээр явах хэцүү байна. Хэрвээ СӨХ алданги тооцохгүйгээр өмнөх төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд бичиг хийгээд өгчих юм бол ямар ч асуудал байхгүй бүгдийг нь төлөх боломжтой.

 

Хамгийн гол нь банкин дээр СӨХ-ны мөнгийг төлөх гээд очихоор авдаггүй, би өмнө нь 561,200 төгрөгийг СӨХ-ны захирлаас бичиг авч очиж байж төлсөн. Гэтэл Төрийн банкны теллер нь тэр бичгийг авч үлдээд дараа нь төлбөрөө төлөх гээд очтол СӨХ-ноос дахин бичиг авч ир гэсэн.

 

Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-нд 711,400 төгрөгийг “А” СӨХ-ны 104200079143 тоот дансанд нь төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна... гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” СӨХ /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Д.О-с дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 1,607,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэжээ.

 

“А” СӨХ нь 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлсэн ба 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоолоор Ч.Баасанбямбыг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон байх тул шүүхэд тус СӨХ-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь ...хэсгийн халаат, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан ... зэрэг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

 

Хуульд заасны дагуу “А” СӨХ нь хариуцагч Б.Оюунаас дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Д.Оыг 2015 оны 10 дугаар сарын 01-нээс хойш 2018 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд нийт 2,169,000 төгрөг төлөх ёстой байснаас 561,200 төгрөгийг төлж одоо 1,607,800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь дээрх төлбөрөөс 103 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 250 төгрөгөөр тооцоход сард 25,750 төгрөг х 36 сар = 927,000 төгрөг, сард нэг айлд ногдох цэвэрлэгчийн хөлс 1,500 төгрөг х 36 сар = 54,000 төгрөг, жижүүрийн хөлс 5,000 төгрөг х 36 сар = 180,000 төгрөг, лифт ашигласаны төлбөр 5,000 төгрөг х 36 сар = 180,000 төгрөг, нийт 1,341,000 төгрөг төлөхийн тухайд маргаагүй учраас маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Харин автомашины зогсоолын төлбөр 576,000 төгрөг, дундын өмчлөлийн талбайг эзэмшиж байгаа гэж 252,000 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа учраас төлөхгүй гэж маргаж байна.

 

2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны автомашины зогсоолын төлбөр 576,000 төгрөгийн тухайд:

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2015-2018 оны машин тавьсан бүртгэл-ээр хариуцагч Б.Оюуны

 

79-13 УБТ улсын дугаартай автомашин нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолд зогссон бүртгэлд бүртгэлгүй /19 сар х 8,000 төгрөг = 152,000 төгрөг төлөх үндэслэлгүй/

 

2016 оны 8 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолд зогссон бүртгэлтэй. /3 сар x 8,000=24,000 төгрөг төлөх/

 

2016 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх бүртгэл хэрэгт авагдаагүй, /2 сар x 8,000 = 16,000 төгрөг төлөх үндэслэлгүй/

 

2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийг хүртэл зогсоолд зогссон бүртгэлд бүртгэлгүй. /8,000 төгрөг төлөх үндэслэлгүй/

 

2017 оны 02 сард 14 хоног, 3 сар бүтэн зогсоолд зогсон бүртгэлтэй /2 x 8,000 =16,000 төгрөг төлөх/

 

2017 оны 5 сард 24 хоног, 6 сард 15 хоног, 7 сард 26 хоног, 8 сард 23 хоног, 10 сард 29 хоног, 12 дугаар сард бүтэн зогсоолд зогссон бүртгэлтэй. /6 x 8,000 = 48,000 төгрөг төлөх/

 

2017 оны 9 дүгээр сарын бүртгэл байхгүй. / 8,000 төгрөг төлөх үндэслэлгүй/

 

2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүтэн зогсоолд зогссон /5 сар x 8,000 = 40,000 төгрөг төлөх/

 

2018 оны 6 сард 14 хоног, 8 сард 6 хоног зогсоолд зогссон бүртгэлтэй /2 сар х 8,000 =16,000 төгрөг төлөх/

 

2018 оны 7 дугаар сарын бүртгэл байхгүй / 8,000 төгрөг төлөх үндэслэлгүй/

 

2018 оны 9 сард 18 хоног зогсоолд зогссон /8,000 төгрөг төлөх/,

 

78-06 УБТ улсын дугаартай автомашин нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 01, 02 дугаар сард зогсоолд зогсон бүртгэлтэй /5 сар x 8,000 = 40,000 төгрөг төлөх/

 

2016 оны 3 дугаар сараас хойш бүртгэлгүй /зарагдсан гэх/

 

41-82 УНЛ улсын дугаартай автомашин нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл зогсоолд зогссон бүртгэлтэй /9 сар х 8,000 = 72,000 төгрөг төлөх/

 

2016 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх бүртгэл хэрэгт авагдаагүй, /2 сар x 8,000 = 16,000 төлөх үндэслэлгүй/

 

2017 оны 01 дүгээр сард 27 хоног, 02 сард 8 хоног, 3 сард 28 хоног зогсоолд зогссон бүртгэлтэй /3 x 8,000 = 24,000 төгрөг төлөх/

 

2017 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зогсоолд зогссон бүртгэлтэй /3 x 8,000 = 24,000 төгрөг төлөх/

 

43-56 дугаартай автомашин нь 2018 оны 7 сард 21 хоног, 8 сар, 9 сард 15 хоног зогсоолд зогссон бүртгэлтэй /3 х 8,000 төгрөг =24,000 төгрөг төлөх/,

 

15-37 дугаартай автомашин нь 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 14 хоног, 4 сард 10 хоног, 5 сард 12 хоног, 6 сар 4 хоног, 7 сард 11 хоног, 9 сард 3 хоног тус тус зогсоолд зогссон бүртгэлтэй /6 x 8,000 = 48,000 төгрөг төлөх/, 8, 9 сард зогссон бүртгэлгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан автомашины зогсоолын төлбөр 576,000 төгрөгөөс хариуцагч зогсоолд автомашинаа байршуулсны төлбөрт нийт 384,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь дээрх бүртгэлээр тогтоогдлоо.

 

Дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв-аар өөрийн орон сууцны эзэмшилд оруулсны төлбөрт 7,000 төгрөг х 36 сар = 252,000 төгрөг гаргуулах тухайд:

 

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот тогтоолын хавсралт №01-д Орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, ... авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тарифыг баталсан байна. /хх-ийн 7-8 х/

 

Энэхүү тарифаар СӨХ-ны талбайд илүү өргөтгөл барьсан талбайгаас айл, өрхийн төлөх хэмжээг 3,000-3,500 төгрөг байхаар тогтоосны дагуу нэхэмжлэгч нь 2.5 м.кв талбайн төлбөрт 252,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагчийг Ганьтын 25/4 дүгээр байрны 36 тоот орон сууцаа нийтийн эзэмшлийн талбай руу 2.5 м.кв-аар өргөсгөж ашиглаж байгаа учраас 252,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ болон шүүхээр үзлэг хийлгэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

 

Нийтийн эзэмшлийн талбайгаас 2.5 м.кв талбайг өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 252,000 төгрөг /2.5 м.кв талбай х 7,000 төгрөг х 36 сар = 252,000/-ийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд ... оролцох, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан учраас хариуцагч Д.О нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч Д.О нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс хойш 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хүртэл нийт 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд 2,169,000 төгрөг бус 103 м.кв талбайд ногдох зардалд 927,000 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 54,000 төгрөг, жижүүрийн хөлс 180,000 төгрөг, лифт ашигласаны төлбөр 180,000 төгрөг, автозогсоолын төлбөрт 384,000 төгрөг, нийт 1,725,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Хариуцагч нь СӨХ-ны төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 711,400 төгрөгийг “А” СӨХ-ны Төрийн банкны 104200079143 тоот дансанд төлсөн болох нь Төрийн банкны Орлогын мэдүүлэг-ээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь уг дансыг тус СӨХ-ны данс мөн гэж тайлбарлан энэхүү төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн СӨХ-ны төлбөрт төлсөн 561,200 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 711,400 төгрөг буюу нийт 1,276,600 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нийт 452,400 төгрөгийг Д.Оаас гаргуулан нэхэмжлэгч “А” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,155,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар Б.О-с 452,400 төгрөг гаргуулж “А” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,155,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,222 төгрөгийг гаргуулж “А” СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Х.ДАШДЭЧМАА