Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

2019            7            25                                             2019/ДШМ/747                                                 

 

 Д.Үд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            Прокурор Б.Ганбулган,

            Шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            Хохирогч Э.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ү-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1806008431080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-гийн Ү, Хэнтий аймагт 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Хүрээ амаржих газар ариутгагч сувилагч ажилтай, ам бүл 3; эх, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн анги, 3 дугаар гудамжны 27 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олзвойн-14 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/,

 

Д.Ү нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар Э.П руу аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Ү-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ү-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Ү-ээс нийт 1,986,584 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Пд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч Э.П-д учирсан гэмтлийн хохиролд 1,986,584 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1463 тоот, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 319 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 476 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Люкс мед” эмнэлгийн толгойн КТГ-ын зургаар зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна. Мөн “Окулапластик” эмнэлэгт 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгдсэнийг харахад Э.Пд учирсан гэмтэл нь хуучин гэмтэл болох нь тогтоогдож байна.

Мөн гэрч Ш.Дарханбаяр, У.Аззаяа нарын мэдүүлгээр миний шидсэн аяга Э.Пг оноогүй болохыг гэрчилсэн байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Ү-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл юм. Уг гэмтэл нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 476 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн СD, рентген зургийг уншуулахад зүүн талын ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны баруун урд талын сэтэрсэн хуучин хугаралтай гэсэн. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ариунзулаас авсан мэдүүлэгт “зүүн нүдний хугарал, ухархайн хугарал гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна” гэж мэдүүлсэн.

“Окулапластик” эмнэлэгт хийгдсэн мэс засал нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн гэмтлээс болж хийгдсэн мэс засал биш, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарлыг нөхөн сэргээх мэс засал байсан. Шинжээч эмч Оюунбаясгалангийн мэдүүлэгт “хуучин, шинэ гэмтлийг компьютер томографын зургаас харж ялгах боломжтой. Орчин тойрны хаван хавдар, ясны хөндийн агааржилт, нүдний ухархайн хананы харагдах байдал зэргээс үндэслэн хуучин хугарал гэдгийг тогтоосон” гэсэн байна. Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр шинэхэн хохирлын шинжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс 1,986,584 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирогчийн хийлгэсэн эмчилгээ нь хуучин гэмтлийн улмаас хийлгэсэн мэс засалтай холбоотой асуудлууд байгаа тул эмчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Э.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Д.Ү нь хохирогчид учирсан гэмтлийг шүүмжилдэг. 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд хохирогчид гэмтэл учирсан. Тухайн өдрөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан. Гомдол гаргах үед цагдаагийн ажилтан Төртогтох шинжээч томилох тогтоол үйлдэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж, дүгнэлт гаргуулсан.

Шинжээчийн дүгнэлтэд хуучин гэмтлийн талаар тайлбарласан. Гэхдээ 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний багт ороогүй хүний тайлбарыг үндэслэж дүгнэлт гаргасан. Шинжээч эмч Ариунзул “уг гэмтэл нь хуучин гэмтэл, гэмтлийн талаар мэргэжлийн хүн уншсан” гэх мэдүүлгийг өгдөг. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд нь албан ёсны шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурах ёстой. Гэтэл уг ажиллагаа хийгдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 476 дугаартай дүгнэлтэд гэмтэлд учирсан асуудлыг тодорхой хэлсэн. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин хугарал гэж үзэж байгаа боловч хугарлын үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэдэг. Уг дүгнэлт 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтээс хойш 3 сарын дараа гарсан. Энэ хугацаанд хохирогчийн яс бороолж, хийсэн мэс засал эдгэрсэн байх боломжтой хугацаа юм. Эрүүл мэндийн яамны дүрс оношилгооны мэргэжилтнийг шинжээчээр томилсон. Шинжээчээр томилохдоо дүгнэлт гарах ёстой. Шүүхийн шинжилгээний тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл уг шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ганбулганаас тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэг гарч, 17-ны өдөр шинжээчийн 1463 дугаартай дүгнэлт гарч зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал шинэ гэмтэл буюу хэрэг учрал болох үед үүссэн болохыг тогтоосон. Энэ дүгнэлтийг баталгаажуулж, мэс засал хийсэн эмч П.Баясгалан гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин хуучин гэмтэл гэж гарсан дүгнэлтүүд нь хэрэг гарснаас хойш, цаг хугацааны хувьд алслагдсан дүгнэлтүүд юм” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

           

Шүүгдэгч Д.Ү нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар байрны 33 тоотод согтуугаар Э.П руу аяга шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.П-гийн “... Цээгий /Д.Ү/ гэгч эмэгтэй сэнжтэй аяга шидэж зүүн нүдийг нь гэмтээсэн ...” талаар өгсөн мэдүүлэг /1-р хх 35-36/,

гэрч Ж.Давхарбаярын “... Ү /Ү/ цагаан бариултай ногоон өнгийн цайны аяга аваад П руу саваад шидэхэд арын ханыг нь оносон. Аяга шидсэний дараа П зүүн гараараа зүүн нүдээ дараад “за ёстой явъя” гээд босоод ирсэн. П-г орж ирэхэд зүүн нүд нь хавдсан болон ямар нэгэн зулгаралт байгаагүй...”  гэх мэдүүлэг /1-р хх 39-40/,

гэрч У.Аззаяагийн “... Үүрийнгэгээ /Д.Ү/ сэнжтэй аяга аваад  П руу шидэхэд арын ханыг нь оноод сэнж нь тасарсан. Чухам тасарсан сэнж нь П-г оносон, үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 41/,

гэрч Б.Билгүүний “... Давхарбаяр, Ү-г аваад галын өрөөний булан руу явсан. Харин П “нүд оночихлоо, би явлаа” гэж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 46/,

“... ухархайн дотор хана хугарч зөөлөн эд хавчуулагдсан байсныг мэс заслаар хугарсан ханыг засч, зөөлөн эдийг чөлөөлөв ...” гэсэн “Окулапластик” эмнэлгийн мэс заслын тэмдэглэл /1-р хх 17/,

гэрч П.Б-гийн “... П нь манай эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор ханын том хэмжээний хугарал, зөөлөн эдийн хавчуулагдал оноштойгоор ухархайн хугарал засаж, нөхөн сэргээх, суулгац тавих ажилбарыг мэс заслын ерөхий унтуулгын доор хийсэн. Өвчтөний хэлж байгаагаар 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэмтэл авсан гэсэн. Бид 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн хагалгаанд орох үед өвчтөн П-гийн зүүн нүдний ухархайн ханын хугарал нь шинэ гэмтэл байсан. Учир нь 1 сар дотор мэс засал хийхэд сорвижил, хуурамч бороо үүсэж амжаагүй байдаг юм. Мэс заслаар хуучин, шинэ гэмтлийг ялгах боломжтой. Мэс заслын явцад зөөлөн эдийн наалдац бага, ясны хуурамч бороо үүсээгүй байсан учраас шинэ гэмтэл байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 100-102/,

“... Э.П-гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсэх боломжтой ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1463 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 47-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Ү-ийн үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, Д.Ү-ийн шидсэн аяга хохирогчийг оноогүй, оносон болохыг хараагүй талаар мэдүүлсэн байх боловч шидсэн аяга  нүдийг нь онож гэмтээсэн талаар хохирогч Э.Пгийн өгсөн мэдүүлэг, тухайн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар байрны 33 тоот айлд Э.П орж ирэхэд ил харагдах шарх, гэмтэлгүй байсан талаар гэрч Ж.Давхарбаярын өгсөн мэдүүлэг, аяга шидсэний дараа Э.П “нүд оночихлоо” гэж хэлсэн талаар гэрч Б.Билгүүний өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Ү-ийн аяга шидсэн үйлдэл нь хохирогчийн зүүн нүдэнд учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэгдэж байна.

 

Шинжилгээгээр хохирогчид тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдсоноос ухархайн дотор ханын хугарлыг шинжээчийн 1463 тоот дүгнэлтэд “шинэ гэмтэл”,  бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 319 /1-р хх 59/, 476 /1-р хх 84/ тоот дүгнэлтүүдэд “хуучин гэмтэл” гэжээ.

Шинжээчид нүдний ухархайн гэмтлийг хуучин байсан гэж үзсэн үндэслэлээ “КТГ-ын зургийг нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад шинэ гэмтлийн шинж байгаагүй” хэмээн тайлбарлан мэдүүлсэн бол хохирогчийн нүдний ухархайн гэмтэлд мэс ажилбар хийсэн эмч П.Баясгалан шинжээчдийн тайлбарласны эсрэг “... Мэс заслын явцад хуучин, шинэ гэмтлийг ялгах боломжтой бөгөөд зөөлөн эдийн наалдац бага, ясны хуурамч бороо үүсээгүй байсан учраас шинэ гэмтэл байх боломжтой ...” гэж мэдүүлсэн байна.

Гэмтэл авсан цаг хугацааг шинжээчид хүний биеийн гаднаас туяаны аргаар дүрслэх оношлогоо явуулж тодорхойлсон байх тул мэс ажилбар хийх явцдаа гэмтлийг нүдээр харж оношилсон эмчийн мэдүүлгийг илүү бодитой гэж үзэн хохирогчийн нүдний ухархайн хугарал гэмтэл нь шүүгдэгч Д.Үүрийнтуяагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Ү-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохиролд мэс ажилбарын төлбөр, эм, эмчилгээ, оношлогооны зардалд нийт 1,986,584 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, “... зүүн нүдний ухархайн гэмтэл хуучин хугарал байхад 1,986,584 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу ...” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ү-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН