Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00603

 

 Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

 Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажлаас халагдсаны тэтгэмж 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Б.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд МУБИС-СӨБС-ийг багш арга зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн. Боловсролын байгууллагад 28 жил ажилласан. 2018.02.05-ны өдрийн ОБ/28 тоот тушаалаар намайг ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т ажил олгогч 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр нэг сар ба түүнээс дээш буюу ажлын 76 хоногийн цалин авах эрхтэй байна. Иймд Б.Одонцэцэг миний биед Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс 1,800,000 төгрөгийг олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн судалж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байна. Б.Одонцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан тул түүнд тэтгэмж олгохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн хариуцагч Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан, 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Б.Одонцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Одонцэцэг би Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан үндэслэлээр нэг сар ба түүнээс дээш буюу 76 хоногийн цалин авах эрхтэй. Халагдсан тушаал өөрөө гардаж аваагүй. Одоо болтол тушаалыг хараагүй болно. Хариуцагчаас 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Б.Одонцэцэг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж 1,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018.02.05-ны өдрийн Б/108 тушаалаар багш Б.Одонцэцэгийг сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэр гаргажээ.

 Ажилтан ажлаас буруу халсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Дархан-Уул аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.12-ны өдрийн 1168 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 Нэхэмжлэгч Б.Одонцэцэг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан үндэслэлээр ажил олгогчоос 1,800,000. төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...ажил олгогч ажлаас халсан тушаалыг өгөөгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон. Иймд 17 дугаар цэцэрлэгээс 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 1,800,000 төгрөгийг ажил олгогчоос авна... гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6., 40.1.1., 40.1.2., 40.1.3.-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээр хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана гэж зохицуулжээ.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмж шаардах эрхгүй, ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлөө холбогдох албанд гаргаж, тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧИД                    Г.БАНЗРАГЧ

                                                              Х.СОНИНБАЯР

                                                       Д.ЦОЛМОН

                                                                Х.ЭРДЭНЭСУВД