Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 


*** банкны нэхэмжлэлтэй
         иргэний хэргийн тухай      


       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
        Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00410 дугаар шийдвэртэй,
        Нэхэмжлэгч: *** банкны нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Т,
          Хариуцагч: У нарт холбогдох,
Үндсэн зээл 1855744 төгрөг, зээлийн хүү 4387747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483877 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 6733869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:


         Нэхэмжлэгч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч Б.У нар нь *** банкны Иххэт тооцооны төвөөс 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 317 дугаар зээлийн гэрээ байгуулж 6400000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 246406 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан болно. Зээлийн барьцаанд Иххэт сумын 3 дугаар багт байх зурагт, хөргөгч, угаалгын машин, компьютер барьцаалсан. Зээлдэгч С.Т, Б.У нар нь 2013 оны 09 дүгээр сараас хойш зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.7, 3.3, 5.1.1, 5.1.2, 5.2 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн болно. Хамтран зээлдэгч Б.У нь 2016 оны 02 сараас эхлэн сар бүр 200000 төгрөг төлж байгаа бөгөөд зээлийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл өгөн зээл хаахыг шаардаж байгаа боловч зээлээ төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрээд байна. Хамтран зээлдэгч Б.У нь зээлээ хаах талаар тайлбар өгдөг боловч хэлсэн хугацаандаа зээл хаахаас зайлсхийж хугацаа хожих байдлаар үндсэн зээлээс нийт 717 хоног хугацаа хэтрээд байна. Иймд зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч Б.У нараас үндсэн зээл 1855744,56 төгрөг, зээлийн хүү 4387747,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483877,67 төгрөг, нотаритаын зардал 6500 төгрөг, нийт 6733869,82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
        Хариуцагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банкны нэхэмжилсэн 6733869,82 төгрөгийг миний хувьд төлөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Тийн хамтран зээлдэгчээр Дорноговь аймгийн Иххэт сумын *** банкны тооцооны төвөөс 2013 онд 6400000 төгрөгийн цалингийн зээл авсан. С.Т нь 2013 онд хэрэгт холбогдож 5-8 сар хүртэл байцаалтанд байж байгаад 8 сард ял авч зээлийг төлөх боломжгүй болсон бөгөөд одоо хорих 409 дүгээр ангид ял эдэлж байгаа. Б.У миний бие ажилгүй, орлогогүй бөгөөд охин У.Отгонцэцэг нь өөрийн боломжоороо 2014 онд 1000000 төгрөг, мөн 2 сарын зээл төлөлтийг төлсөн. 2016 оноос эхлэн сар бүр 200000 төгрөгийг хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж арай ядан төлдөг. Тийм учраас *** банкны үндсэн зээл болох 1855744 төгрөгийг өөрсдийн боломжоороо сар бүр 100000 төгрөг хийж төлөх хүсэлтэй байна. Мөн хүү болох 4387747 төгрөгийг хөнгөлж өгнө ...  охин У.Отгонцэцэг нь өөрөө зээлтэй, цалин нь хүрэлцэхгүй байгаа учраас цаашид төлөх  боломжгүй юм. Б.У миний бие ажил, орлогогүй, төрөөс авдаг тэтгэвэр, тэтгэмж байдаггүй учраас зээлийг төлөх боломжгүй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч С.Т, Б.У нараас үндсэн зээл 1855744 төгрөг,  зээлийн  хүү  301979  төгрөг, хохирол  6500  төгрөг,  нийт  2164223  төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4569646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т, Б.У нараас 49578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банк Дорноговь салбарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Угийн “миний бие ажилгүй, орлогогүй бөгөөд охин У.Отгонцэцэг нь өөрийн боломжоор 2014 онд 1000000 төгрөг, мөн 2 сарын зээл төлөлтийг төлсөн. 2016 оноос эхлэн сар бүр 200000 төгрөгийг хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж төлдөг, тийм учраас *** банкны үндсэн зээл болох 1855744 төгрөгийг өөрсдийн боломжоороо сард 100000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Зээлийн хүүнээс хөнгөлж өгнө үү” гэсэн тайлбараас үзэхэд зээлдүүлэгчийн зүгээс байнга уулзаж байсан, мөн нэмэлт хугацаа олгож байсан зэрэг нь тогтоогдож байгаа юм. Зээлдэгч С.Т болон хамтран зээлдэгч Б.У нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан нь түүний зээлийн дансны хуулга, зээлийн хугацаа хэтрэлтээс тодорхой харагддаг бөгөөд зээлдэгчид заавал мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй бөгөөд утсаар ярьсан болон уулзаж байсан зэрэг нь зээлдэгчид мэдэгдсэн гэх үндэслэл болно. Хамгийн гол үндэслэл бол зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсныг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй байна.
Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс зээлийн хүүний 4569646 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн  451.1,  мөн хуулийн  453 дугаар  зүйлийн  453.1-ийг


хэрэглэжээ. Иргэний хуулийн 451.1, 453.1-ийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ  гэрээнд  заасан  хугацаанд  буцаан  төлөх үүргээ  зохих  ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд төлөхийг хэлнэ” мөн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ” гэж тус тус заасан байна.
ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасанчлан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 224.2.3-т заасан заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тухайн төрлийн үүргийн харилцааг Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл заалтуудад тодорхой заасан байхад Иргэний хуулийн 224 дүгээр зүйл буюу хохирлын үүргийн эрх зүйтэй холбож шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд хэт нэг талыг барьж хариуцагчийн үгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаанууд байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдийн 136/ШШ2017/00410 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.У давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...С.Т нь 2013 онд хэрэгт хобогдон 11 сард ял авч зээлийг төлөх боломжгүй болсон. Миний бие эрхэлсэн ажилгүй, улсаас авдаг тэтгэвэр, тэтгэмж байхгүй тул тухайн зээлийг төлж чадахгүй байсан. 2013 оны 6 сараас хойш зээлийг төлж чадахгүй, зээлийн гэрээ зөрчигдөж байгааг мэдсэн, банкны эдийн засагч нар дуудаж уулзаж “бид банкны хүүг зогсоосон, та нар үндсэн мөнгийг төлөх ёстой. Энэ хугацааг хүртэл бодогдсон хүүг бага, багаар төлж болно” гэж хэлсэн.  Банкны эдийн засагчийн зээлийн гэрээг хүчингүй болгож, шүүхэд өгч зээлийн хүүг зогсоогоогүй буруутай үйлдлээс болж хүү нь 2017 оны 11 сар хүртэл зогсолгүй, нэмэгдсэн. Тухайн зээлийн эдийн засагч нь 3-4 хүн солигдсон бөгөөд тэр бүх эдийн засагч нь миний хууль мэдэхгүй байдлыг ашиглан “хүү нь зогссон, та үндсэн мөнгөө төл” гэж удаа дараа худлаа хэлж, хүүг нь нэмэгдүүлсээр байсанд би гомдолтой байна. Би зээлийг төлөх боломжгүй, чадваргүй тул банкны эдийн засагчийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж нэмэгдсэн хүүг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч С.Т, Б.У нарт холбогдуулан 2013 оны  02  дугаар  сарын  05-ны  өдрийн 317 тоот зээлийн  гэрээний  үүрэгт зээл 1855744,56 төгрөг,  зээлийн  хүү  4387747,59  төгрөг,


нэмэгдүүлсэн хүү 483877,67 төгрөг, нийт 6733869,82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл  гаргаж,  нэхэмжлэлээ  2013  оны  02  дугаар сарын 05-ны өдрийн  317 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх 4-5/-нд үндэслэсэн, хариуцагч С.Т нь хорих ял эдэлж байгаа тул зээлийг төлөх боломжгүй гэж,  хариуцагч Б.У нь зээлийн  хүү  нэмэгдэх болсон  нь  банкны  буруугаас  болсон, ажил,  орлогогүйгээс зээлийг төлөх боломжгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

    Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг хэрэглэж хариуцагч С.Т, Б.У нараас үндсэн зээл 1855744 төгрөг, зээлийн хүү 301979 төгрөг, хохирол 6500 төгрөг, нийт 2164223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4569646 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч *** банк эс зөвшөөрч шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд төлөх учиртай гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
            
    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч  хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
    
    Хариуцагч С.Т, Б.У нар нь *** банкны Иххэт тооцооны төвөөс 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 317 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6400000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн, одоо үндсэн зээлд 1855744,56 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн талаар талууд маргаагүй, энэхүү үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

    Харин  хариуцагч  нар  нэхэмжлэлийн  шаардлагыг  эс зөвшөөрч  маргахдаа хүүгийн хэмжээ өндөр гэсэн агуулгатай тайлбар гаргасан байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу   тайлбарлан   хэрэглэж   нэхэмжлэгчийн  шүүхэд  мэдүүлэх  эрхийг  буюу  зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хэрэгжүүлээгүйг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй хамааруулж үзсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн хариуцагч нар буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн явдалд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч буруутай гэж үзэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Гэхдээ хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг 717 хоног хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй байна.

    Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаас болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг нотлохоор балансын гадуурх дансны хуулга баримтыг /хх-53-68/ шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтуудаар хариуцагч буюу зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргийг ямар хугацаагаар хэтрүүлснийг тогтоох боломжгүйн гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж мөн өдрөөр тооцоог хийсэн гэх боловч уг баримтыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэвлэснээс үзэхэд баримтанд тусгагдсан мэдээлэл нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай болох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

    Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээлийн дансны хуулга баримт /хх-69-73/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй тул энэ нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу уг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй болжээ.

    Улмаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх бөгөөд ийнхүү гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нарын төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1855744,56 төгрөг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд  маргаагүй  байх  ба  энэ нь  Иргэний  хуулийн  216  дугаар  зүйлийн  216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй байна.

    Нэгэнт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нарыг буюу зээлдэгч  нарыг  зээлийн  гэрээний  хугацааг  хэрхэн  яаж  хэтрүүлсэн  талаарх тооцооллыг нарийвчлан гаргах боломжгүй байх тул талуудын маргаагүй тогтоогдсон үйл баримт буюу 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, энэ өдрөөс хойш хариуцагч нар төлбөр төлөөгүй буюу үүргээ гүйцэтгээгүй байгааг үндэслэн зээлдэгч нарыг гэрээний хугацааг нийт 472 хоногоор /2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02 хүртэл 1 жил буюу 365 хоног, 2017 оны 02 сард 27 хоног, 3 сард 31 хоног, 4 сард 30 хоног, 5 сард 19 хоног нийт 107 хоног, 365+107=472 хоног/ хэтрүүлсэн гэж үзэв.     

Энэ нь гэрээний 2.1.3-т зааснаар жилийн хүү 22,8 хувь байх ба 1 өдрийн хүүг тооцвол 0,0624657534246 хувь /22,8:365 хоног/, үндсэн зээл 1855744,56 төгрөгийн 1 өдрийн хүү 1159,20482104 төгрөг /1855744,56х0,0624657534246%/ ба 472 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл хүүгийн төлбөр 547144,6 төгрөг /1159,20482104х472/ болох ба гэрээний 2.1.4-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 109428,9 төгрөг /547145х20%/, тоог дэвшүүлэн тооцох аргачлалыг үндэслэвэл үндсэн зээл 1855744 төгрөг, зээлийн хүүнд 547145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 109429 төгрөг, хохирол 6500 төгрөг, нийт 2518818 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх нь зүйтэй.

    Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2017/00410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “... мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т ...” гэснийг хасч, заалтын “...301,979 ...” гэснийг “547145” гэж, “...2,164,223...” гэснийг “2518818” гэж тус тус өөрчилж, заалтад “нэмэгдүүлсэн хүүнд 109429 төгрөг” гэж нэмж,
2 дугаар заалтын “...49578...” гэснийг “55251” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  гэж  үзвэл  зохигч,  тэдгээрийн  төлөөлөгч,  өмгөөлөгч  магадлалыг  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 


      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ
                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ
                                                                                  Х.БАЙГАЛМАА