Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02711

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02711

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АПГ ХХК нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 66.000.000 төгрөгийг АПГ ХХК-иас гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээний дагуу Н.Эгийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд  АПГ ХХК-ийн бусад эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг худалдан борлуулж, хохирлыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч АПГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандинчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар  оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байр, 35 дугаар байрны дунд 18641310602184, 168010/5053 дугаар бүхий 32 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг газар дээрээ Үндсэн хуулийн гудамж 21А хаягтай улсын бүртгэлийн Ү-2205028490 дугаартай, 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Уг үл хөдлөх хөрөнгө нь үйл ажиллагаа хэвийн явуулдаг, ашиглалтын шаардлага хангасан, халуун хүйтэн ус, бохир, төвийн халаалтанд холбогдсон, 380 цахилгаантай, тогтмол үйл ажиллагаа явуулж ашиг орлого олдог, амьжиргааны эх үүсвэр байсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энь /түүний нөхөр/ 21 дүгээр байр буюу хажуу байрыг “АФГ проперти” ХХК худалдан авсан. Ингэхдээ энэ газраа зарчих, бид танд боломжийн санал тавина гэж орж ирсэн. Гэвч Г.Ч татгалзаж, зөвшөөрөөгүй юм. Гэтэл Д.Энь удаа дараа орж ирж Хангай хотхонд 2 өрөө байр, 20.000.000 төгрөг өгөх, бэлэн 80.000.000 төгрөг өгөх, 1 өрөө байр, 40.000.000 төгрөг өгөх зэрэг саналыг тавьсан. Г.Ч арга буюу зөвшөөрсөн бөгөөд Ү-2205028490 дугаартай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, 18641310602184, 168010/5053 дугаар бүхий 32 м.кв газрын хамт 40.000.000 төгрөг, баригдсан барилгаас 33 м.кв 1 өрөө байраар өгөхөөр талууд тохиролцож, тавьсан саналын дагуу зөвшөөрсөн билээ. Гэхдээ эдгээр сонголтуудыг хэлэхдээ бэлэн байгаа байрнаас авъя гэсэн боловч шалтаг хэлсээр байгаад шинээр баригдах 1 өрөө 33 м.кв байр авахаар тулгасан юм. Учир нь "АФГ проперти" ХХК нь бэлэн байр санал болгож байна гэх боловч яг очоод авъя гэхээр бид Хятад эзнээсээ асууна гээд алга болчихдог. Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Энхтайваны гудамжны 39А байрны 1 тоот, 36 м/к байрыг тухайн үед 50.000.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Уг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Д.Энхтүвшинтэй удаа дараа уулзсан. “АФГ проперти” ХХК нэрээ сольж АПГ ХХКболгож, байршлаа сольж Ханду зочид буудалд байрлах болсон. Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал н.Болор гэх эмэгтэй байсан. Д.Энь Г.Чт уг “АФГ проперти” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж итгүүлсэн. Г.Чийн байрыг “АФГ проперти” ХХК-д шилжүүлсний дараа уг компанийн бүх эд хөрөнгийг АПГ ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчаас удаа дараа үүргийн гүйцэтгэл шаардсан боловч өнөөдрийг хүртэл доривтой санал ирүүлээгүй. Хэрвээ хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрье гэсэн хүсэлттэй байсан бол санал болгосон байрныхаа гэрэл зургийг хавсаргаж, үнийг нь тодорхой болгож, шүүх хурлаас өмнө бидэнтэй холбогдох бүрэн боломж байсан. Гэтэл хариуцагч тал ийм алхам хийсэнгүй. Иймд бид нэхэмжлэлийн шаардлага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөлт хийж барилгажуулах, төслийн 2 талт гэрээ”-ний дагуу төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар олгох 1 өрөө 33 м.кв бүхий байрны үнэ болох 66.000.000 төгрөгийн үүргийг хангуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлэхгүй бол Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй бол АПГ ХХК-ийн үндсэн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч барилгын ажил хийгээгүй, эхлүүлээгүй, маргаантай холбогдуулан хариуцагч тал компанийн нэр, хувьцаа эзэмшигчийг өөрчилж, хаяг байршлаа өөрчилсөнөөс болоод нэхэмжлэгч шүүхэд хандах болсон. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад эвсэл барилгын ажил явагдаж байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хэрэв барилга баригдаж, 1, 2 давхар боссон байсан бол бид хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээж суух байсан. н.Сүрэн, н.Амарбаясгалан нар цагдаад гомдол гаргах болсон нь барилга барих гэрээтэй холбоогүй. Зөвхөн "АФГ проперти" ХХК-ийг барьцааны хөрөнгөө хуурамчаар өгсөн байх тул шалгаж өгөөч гэж гомдол гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэлийг бодитоор биелүүлээгүй. Иймд хариуцагчаас нэг өрөө байр гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харамсалтай нь бодит байдал дээр гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүйгээс нэхэмжлэгч маргаан бүх орон сууцны м/к-ыг 2.000.000 төгрөгөөр үнэлж, хохиролд 66.000.000 төгрөг гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг биелүүлэх боломжтой, өөрөө байраар гэрээний үүрэг биелүүлье гэж удаа дараа тайлбарладаг. Бид хариуцагчийн саналыг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч хариуцагч тал бидэнд бодитоор санал тавиагүй. Хариуцагч талын санал болгосон үйлчилгээ талбай, 41 м/к-ынхаа зургийг авч, гэрчилгээг нь үзүүлсэн бол бид хариуцагч талын бодит санал гаргалаа гэж үзэх байсан. Гэвч хариуцагч тал үүргийн гүйцэтгэл биелүүлье гэдэг тайлбар өгдөг мөртлөө саналаа илэрхийлэх баримт гаргаж өгөхгүй байгаас бид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулъя гэдэг шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зөвхөн шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагаа хийдэг, өөрөө сайн дураараа үйл ажиллагаа хийдэггүй учраас "АФГ проперти" ХХК-ийн хөрөнгөөс хангагдаагүй үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Онолын хувьд нэг бол үүргийн гүйцэтгэл хангуулах, хохирол шаардах боловч нийгэмд үүссэн харилцаагаар заавал хохирол, үүргийн гүйцэтгэл хангуулахыг сонгож болох зохицуулалт байдаг. Хариуцагч тал ТҮЦ байсан, нэхэмжлэгч тал ТҮЦ-ээ авч явсан учраас үүргийн гүйцэтгэл хангахгүй гэж тайлбарладаг. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг ТҮЦ-ээ авч явсан гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг  хэрэг дээр шийдүүлэх бүрэн боломжтой. Г.Чт гэрээнд зааснаар байшингаа нураах, авч явах буюу газар чөлөөлөх үүрэг үүссэн. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, газрыг чөлөөлсөн. Түүнээс хариуцагч талын тайлбарласнаар авч яв гээгүй байхад авч явсан асуудал байхгүй. Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчид байр шилжүүлж өгөх гэсэн боловч авдаггүй байсан гэж мэдүүллээ. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарт тохиролцохгүй байх ганц ч шалтгаан байхгүй. Хариуцагч тал үнэхээр үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчид өгөх гэсэн бол нэхэмжлэгч авах гэж удаа дараа хариуцагч талтай холбогдсон. Хариуцагчийн нэхэмжлэгчид байр өгөхгүй байгаа нэг л шалгаан байгаа байх. Газар эзэмшлийг хугацаанд нь шилжүүлээгүй гэдэг харилцаа байдаг. Нэхэмжлэгчийн 2 жилийн өмнө хариуцагч талтай утасны мессэжээр харилцаж байсан баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан. Утсанд үзлэг хийх боломж байхгүй учраас шууд зурган хэлбэрээр нь шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтаас харахад хариуцагч АПГ ХХКгазраа өөрийн нэр дээр шилжүүлэх ажиллагааг туйлын хариуцлагагүй хийсэн. Хариуцагч АПГ ХХКнь н.Амарбаясгалан, н.Сүрэн нараас авсан газартай холбогдуулж, Г.Чийн газар авна. Нийтэд нь нэг мөр том газар болгож байж барилгын үйл ажиллага явуулна гэсэн тайлбар хэлснээр Г.Чээс газрын нь авалгүй оройтсон. 2 дахь шалтгаан бол Г.Чийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан учраас Г.Ч гэрчилгээний хугацаа сунгуулахаар Нийслэлийн газрын албанд өргөдлөө өгсөн байсан. Г.Ч гэрчилгээ сунгагдсан бэлэн газар АПГ ХХК-д өгөх гэж Нийслэлийн газрын албанд хандсан байсан. Нийслэлийн газрын албанаас гарсан захирамжийг "АФГ проперти" ХХК-д өгнө гэхээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар төлсөн татварынх нь мөнгийг шилжүүлдэггүй, компанийн өмгөөлөгч н.Одончимэг, н.Баярмаа нар нь уг асуудал дээр хариуцлагагүй, хайнга ханддаг. Дээрх нөхцөл байдлаас болоод газар эзэмшлийн гэрчилгээ шилжүүлэх асуудал хугацааны хувьд хожуу хийгдсэн. Гэсэн ч энэ нь барилга барихад саад болохгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч тайлбараа өөрчилсөн. Зохигчид аливаа нэг үр дагаварт хүрэхийн тулд тайлбар хэлдэг болохоос хаа хамаагүй тайлбар хэлэх боломжгүй. Гэтэл хариуцагч тал 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар өгөхдөө нэг бол гэрээний үүргээ биелүүлье гэсэн юм шиг, эсвэл барьцааны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Талуудын хооронд барьцааны гэрээтэй холбоотой харилцаа болоогүй гэсэн утга бүхий тайлбар өгсөн байсан. Хариуцагч тал гэрээг үргэлжилж байгаа гэж тайлбарласан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа болон нэмэлт хугацаа аль хэдийнэ дуусчихсан. Хариуцагч тал Г.Чийг өргөдөл гаргахгүй, удаасан гэсэн тайлбар өгдөг. 2017 оны 8 дугаар сард маргаан бүхий асуудал гомдол гаргасан. Гэрээний үүрэгтэй гомдол 6 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч прокуророос хэрэгсэхгүй болгосон. Энэ бол тусдаа асуудал. Үүний дараа Г.Ч маргааны бүхий асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахад гэрээний хугацаа аль хэдийнэ дууссан байсан. Уг гомдол гэрээний үүргийн биелэлт хангагдахгүйтэй холбоотой биш. Тухайн гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай барьцааны гэрээ хуурамч эсэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Барьцааны гэрээ хугацаагүй учраас хүчингүй гэлээ. Хариуцагч тал гэрээ үргэлжилж байгаа. Бид үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа боловч нөгөө талаар барьцааны зүйл хуурамч гэсэн санаа агуулж байна. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1.1-д зааснаар хугацаа тодорхой заасан. Мөн хариуцагч талын барьцааны гэрээ хүчингүй болгуулах шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй. Хариуцагч тал 26.5 м/к байр өгч эвлэрэе гэлээ. Гэвч хариуцагч тал 26.5 м/к байрны талаар бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй, уулзаж, байрыг ирж үзээч гэсэн санал гаргасангүй. Хэргийг шударгаар бодитой, энэрэнгүй ёсны дагуу шийдэж өгнө үү. Монгол улсад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуй нэгж олширсноор хохирч байгаа цорын ганц хүмүүс бол иргэд. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд иргэний газрыг үнэгүйдүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Эцэст нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан Г.Ч Хятадын хөрөнгө оруулалттай компани барилга барьж өгье гэж байна гэснээр хохирсон. Барилгын ажил зогссон. Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт маргаан бүхий орон сууцнаас 5 байр эзэмшдэг гэлээ. Уг барилга дээр түүний ашиг сонирхол туйлын их байгаа. Ийм учраас Г.Чийн газартай холбоотой асуудлыг өөрийнхөө эд хөрөнгөөр шийдүүлье гэсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт би хүнд туслах гэж яваад иймд байдалд орлоо гэж мэдүүллээ. Д.Эхүнд туслахын тулд биш, өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд барьцааны гэрээ байгуулсан. Энэ үйлдлийн улмаас Г.Ч хохирсон учраас хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

            Хариуцагч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Чийн үл хөдлөх ашиглалтын шаардлага хангахгүй, маш их шавжтай. Барьцаанд тавьж болдоггүй, зарагддаггүй ийм барилга байсан. Миний 2-3 барилга ашиглалтанд орохгүй балгас болчихоод би өнөөдрийг хүртэл хүлээцтэй хараад л  байж байгаа. АПГ ХХК-ийн захиралтай уулзахаар барилгын ажил эхлэх гэхээр шүүх дээр маргаан үүсчихсэн. Гаднаас ажилчид оруулж ирдэг, барилга барьж болохгүй бол хүнд байдалд орно. Энэ маргааныг дууссаны дараа барилгаа баръя гэж хүлээлгэдэг. Надад барилга шинэ болгож орох эрх ашиг байсан. Өөр надад ямар ч эрх ашиг сонирхол байгаагүй. АПГ ХХК-д барилга барих газар хэрэгтэй байна гэсэн Г.Чт ТҮЦ-ээ зарах шаардлага үүссэн. Би энэ хоёрт туслах гэж яваад л ийм байдалд орсон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл АПГ ХХК, Г.Ч нарын хооронд гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд миний эрх ашиг сонирхол тусгагдаагүй гэв.

            Хариуцагч Н.Эгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөлд сонгон шалгаруулалтын тендер зарласан албан бичиг. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц өмч ашиглахыг хориглох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын хэд хэдэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн АПГ ХХКболон Г.Ч нарын хамтран ажиллах гэрээнд заасныг тус тус харахад ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн хяналтын газраас хориглосон, ямар ч ашиглах боломжгүй байшин байгаа учраас төсөл хэрэгжүүлж, шинээр барилга барих шаардлага бий болсон. Маргаан бүхий байрны хоёр нь Д.Энхтүвшингийнх. Нэгэнт ашиглалтын шаардлага хангахгүй байрны хажууд баригдсан үл хөдлөх хөрөнгө учраас Д.Энь гэр бүлийнхээ хүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, АПГ ХХК-тай тохирсон. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр АПГ ХХК-ийн Г.Чтэй хамтран ажиллах гэрээнд заасан Д.Энхтүвшингийн эхнэр Н.Эгийн ямар гэм буруу байгаа юм бэ. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр Н.Эгийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэм буруу байгаа эсэх талаар өмгөөлөгч миний хувьд эргэлзээ төрж байна. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч тал гол нотлох баримт болгодог. Уг мэдээллийг харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан болох нь тодорхой харагдаж байна. Шүүхээс шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар дүгнэлт гаргуулсан бол өөр. Зах зээлийн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнэ 800.000-аас давахгүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд барилгын хийж, материал, байршил, шугам сүлжээ хамаарна. Иймд зуучийн компани үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын талаар мэдээлэл гаргах ёсгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзахгүй, цуцлахгүй. Тэгсэн мөртлөө 66.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний 2 тал байгаа, хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй гэж яриагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага үндэслэлгүй байна гэв.

            Хариуцагч АПГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага барилгын гадна байрлах үйлчилгээний талбайг 40.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн газар баригдах барилгаас нэхэмжлэгчид 33 м.кв талбайтай байр өгнө гэж байсан. Газрын гэрчилгээний асуудлаас болоод барилга баригдахгүй удсан. Барилгын ажил маргаантай байгаас эхлээгүй байгаа. Бид Д.Энхтүвшингээр дамжуулж, нэхэмжлэгчид 41 м.кв талбайтай байр  өгье гэсэн ч нэхэмжлэгч талтай тохиролцоогүй. Нэхэмжлэгч тал бидний энэ асуудлаас болж оффисоо сольж энд тэнд байрласан гэлээ. Бидэнд тийм асуудал байхгүй, “Гранд”-д байрлаж байгаад түрээсийн төлбөрийн асуудлаас болж өөр газар байрласан. Өөрчлөгдсөн хаягаа өгч байсан. Нэхэмжлэгч их гомдолтой байвал манай байгууллагын удирдлагуудтай ярилцаж байгаад газраа буцааж авах боломжтой. Нэхэмжлэгч тал ТҮЦ-ээ өөрсдөө нурааж, авч явсан учраас бид 40.000.000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байгаа. Манай байгууллагад хэн нэгнийг хуурч мэхлэх санаа байхгүй гэв.

Хариуцагч АПГ ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ч, "АФГ проперти" ХХК-ийн хооронд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөнд оруулж, барилгажуулах төслийн 2 талт гэрээ” байгуулсан. Гэрээнд зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрыг барилгажуулахаар болсон. Гэрээний 1.3-д зааснаар талуудын гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Төсөл бүрэн хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр гэж заасан. Гэрээ байгуулсан талаар талуудад ямар нэгэн маргаан байхгүй. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учраас бид гэрээний дагуу үүрэг хүлээнэ. Гэрээний 3-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусна. Гэрээний хугацаа 1.6 сарын хугацаатай байх боловч төсөл хэрэгжүүлэгч талын санаачилгаар 3-6 сарын хугацаанд гэрээний хугацаа сунгахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүх хүлээн авч, 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иймд нэхэмжлэгчийн гэрээний нэмэлт хугацаа дуусаагүй байхад шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-д зааснаар АПГ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нэхэмжлэгчид гэрээний хугацаа сунгуулах, эвлэрэн хэлэлцэх тодорхой санал гаргаж байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар АПГ ХХК-иас шалтгаалж гэрээний хугацаа хэтрээгүй. Гэрээний хугацаа хэтрэхэд газар эзэмших гэрчилгээтэй холбоотой асуудал, эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудал нөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч барьцаатай холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаагүй гэлээ. Гэтэл прокурорын тогтоолоос харахад Г.Ч нь н.Болор гэх хүн миний эд хөрөнгийг залилчихлаа гэж 40.000.000 төгрөг, барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлаар цагдаад хандсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгагдаж байхад компани яаж үйл ажиллагаа явуулах юм бэ. Иймд нөхцөлд компани үйл ажиллагаа явуулах боломжтой юм уу, нэхэмжлэгч хариуцагч компанийг үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн юм уу. Хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоолоос харахад нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад 2017 оны 3 юм уу 4 сард хандсан байх магадлалтай. Үүнээс харахад нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний хугацаа хэтэрсэн байна. АПГ ХХКгэрээгээр тохирсон үүргээ биелүүлж, гэрээний 2.1-д зааснаар 33 м/к бүхий нэг өрөө орон сууцыг төсөл бүрэн байр ашиглалтанд орох хугацаанд өгөх боломжтой. Нэхэмжлэгчийн шаардсан 66.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Н.Эд холбогдуулан 50.000.000 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч АПГ ХХК-д холбогдуулан 16.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 66.000.000 төгрөгийг АПГ ХХК-иас гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээний дагуу Н.Эгийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд  АПГ ХХК-ийн бусад эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг худалдан борлуулж, хохирлыг гаргуулах гэж өөрчилсөн байна.

           

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч АПГ ХХК /гэрээ байгуулах үед “АФГ проперти” ХХК гэсэн оноосон нэртэй байсан/ нар нь 2016 оны 2 дугаар сарын 23-ны “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”  гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Чийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 21а байр хаягтай,  32 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авах, тус байрлалд шинээр ашиглалтанд орон барилгад 33 м.кв хүртэл талбайтай 1 өрөө байр нэмж олгохоор, барилга бүрэн ашиглалтанд оруулах хугацааг 18 сар буюу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, гэрээг төсөл хэрэгжиж дуусах хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон байна.

            2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Ч нь хариуцагч Н.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 39а байрны 01 тоотын 36.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр  барьцааны гэрээ байгуулж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Энэхүү барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

            Дээрх гэрээний дагуу 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Г.Ч, “Алъянс пропеоти групп” ХХК нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Г.Чийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 21а байр хаягтай,  32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ү-2205028490 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж, Ү-2205028490 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө АПГ ХХК-ийн нэр дээр мөн өдөр шилжсэн байна. Харин гэрээ байгуулсан өдрөө хариуцагч “Алъянс пропеоти групп” ХХК нь 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Чт хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Г.Чийн эзэмших эрхтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 21, 25 дугаар байрны дунд байрлах, 32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэх хэлцлийг Г.Ч, АПГ ХХК нар нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, энэ өдрөө Баянгол дүүргийн Газрын албанд нэр шилжүүлэх өргөдөл гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ АПГ ХХК-ийн нэр дээр 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон байна.

            Дээрх хэлцлүүдийг байгуулах үед хариуцагч АПГ ХХК нь “АФГ проперти” ХХК гэсэн оноосон нэртэй байсан ба 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр оноосон нэрийн өөрчлөлт хийсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдлоо.

            Харин Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл нь хугацаандаа хэрэгжиж эхлээгүй буюу тухайн байршилд барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүйтэй холбоотой гэрээний талуудын хооронд маргаан үүсчээ.

 

            Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага: АПГ ХХК-иас 1 өрөө байрны үнэ 66.000.000 төгрөг гаргуулах тухай

 

            Дээр дурдсан нөхцөл байдлаас үндэслэж, нэхэмжлэгч Г.Ч нь АПГ ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, дахин хугацаа өгсөн ч биелэгдэх эсэх нь тодорхойгүйн улмаас 33 м.кв талбайтай 1 өрөө байраар хохирсон тул тухайн байршилд шинэ орон сууцны м.кв нь 2.000.000 төгрөг гэсэн зах зээлийн дундаж үнээр гэрээний дагуу авах байсан 33 м.кв-аар тооцож 66.000.000 төгрөг гаргуулах, энэ үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлж Н.Эгийн өмчлөлийг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах, барьцааны хөрөнгө хүрэлцэхгүй бол АПГ ХХК-ийн бусад хөрөнгөөс хангуулах хүсэлттэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

            Хариуцагч АПГ ХХК нь бидний эвлэрэх саналыг хүлээн аваагүй, гэрээний сунгасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

            “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний 3.1-д барилга ашиглалтанд бүрэн орох хугацааг 18 сар буюу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэж, гэрээний 3.2-т “төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан хугацаанд төслийг хэрэгжүүлж дуусаагүй тохиолдолд 3-6 сараар сунгаж болно. Мөн болзошгүй хүчин зүйлийн улмаас төсөл хэрэгжих явцад гарч болзошгүй цаг хугацааны байдлыг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж тохиролцсон байх боловч хэрэгт гэрээний хугацааг 3-6 сараар сунгасан, эсвэл сунгах талаар санал гаргасан баримт байхгүй байх тул хариуцагч АПГ ХХК-ийн өмгөөлөгчийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

            Талуудын хооронд эвлэрлийн асуудал яригдаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч эвлэрээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэл болохгүй.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлаагүй, харин гэрээний үүрэг шаардаж байгаа буюу  хугацаандаа үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж тодорхойлж байгаа хэдий ч шүүх хуралдаанд гаргасан “нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой байсан” гэх тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч АПГ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, хохирлоо шаардаж байна гэж шүүх дүгнэлээ.

            Хариуцагч АПГ ХХК нь Г.Чтэй байгуулсан гэрээний дагуу түүнд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орсон 33 м.кв хүртэл талбайтай нэг өрөө байр хүлээлгэн өгөх байсан боловч шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа нь түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж дүгнэхэд хүргэж байна. Мөн хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч үүрэг гүйцэтгэгч АПГ ХХК нь үүнийгээ нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй, үүрэг гүйцэтгэгчийн буруугүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэм буруугаас болж хугацаа хэтэрсэн гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний дагуу авах байсан нэг өрөө байрны үнэтэй тэнцэх хохирол шаардсан нь талуудын хэн алины ашиг сонирхолд нийцэхээр байна.

            Улмаар, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж гэж зааснаар Г.Ч, АПГ ХХК нарын  2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний   дагуу тус байрлалд шинээр ашиглалтанд орон барилгад 33 м.кв хүртэл талбайтай 1 өрөө байрыг нэхэмжлэгч Г.Ч олох байсан тул түүний үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцнэ гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нь орон сууцны үнийн индексийг тодорхойлуулахаар Тэнхлэг зууч ХХК-д хандаж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам орчмын шинэ орон сууцны 1 м.кв талбайн үнэ орон сууц ашиглалтанд орох үед буюу 2017 оны 12 дугаар сарын байдлаар 2.087.125 төгрөгийн үнэтэй байсан гэх судалгааг ашиглаж, 66.000.000 төгрөг шаардсаныг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул хохирлын хэмжээг 66.000.000 төгрөгөөр тооцох боломжтой байна.

           

            Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н.Эгийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

           

            Хариуцагч Н.Э нь барилгын ажлыг хурдан эхлүүлэхийн тулд хөрөнгөө барьцаалсан бөгөөд хариуцагчтайгаа тохиролцох боломжийг ашиглахгүй, адилхан хохирч буй хүний хөрөнгийг худалдахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй тул барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах үндэслэлгүй гэж маргаж байна.

            Зохигчдын байгуулсан барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь энэхүү барьцааны гэрээний дагуу хариуцагч АПГ ХХК нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Учир нь Н.Э, Г.Ч нарын байгуулсан барьцааны Г.Ч, АПГ ХХК нарын  2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хоёр талт гэрээ”-ний  үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан гэрээ бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь салгаж үл болох эрх юм.

            Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн үүргээ цуцалсан, цаашид үндсэн үүргийн биелэлтийг шаардахгүй, гэрээний үүрэг буюу барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болж байгаа тохиолдолд барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр шаардах эрхгүй тул Н.Эд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага: Барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд АПГ ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч АПГ ХХК-иас гаргуулах 66.000.000 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч АПГ ХХК-ийн эд хөрөнгийг худалдан борлуулахаар шаарджээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч АПГ ХХК-ийн нарын хооронд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн эд хөрөнгөөр хангах талаар гэрээ хэлцэл байгуулагдаагүй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтыг зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч АПГ ХХК-ийн хохиролд 66.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд АПГ ХХК-ийн бусад хөрөнгийг худалдах борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэлийн 3 шаардлагын улсын тэмдэгтийн хураамж нь 628.350 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн 716.100 төгрөгөөс илүү төлсөн 87.750 төгрөгийг улсын төсвөөс, нэхэмжлэлийн хангагдсан дүнд төлөгдөх 487.950 төгрөгийг хариуцагч АПГ ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгохоор шийдвэрлэв.

                       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 160 дугаар зүйлийн 160.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримтлан хариуцагч АПГ ХХК-иас 66.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд АПГ ХХК-ийн бусад хөрөнгийг худалдах борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716.100 төгрөгөөс 628.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87.750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч АПГ ХХК-иас 487.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

  

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ