Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02808

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02808

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Ч-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АК ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим депозит эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2.236.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Чминий бие  2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Япон улсын АЖкомпанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч газрын борлуулагч менежер н.Пүрэвжавтай уулзаж, хуучин авто машины дуудлага худалдаанд оролцох цахим депозит эрх худалдаж авахаар харилцсан тохирч, амаар гэрээ байгуулсан. Дээр дурдсан гэрээний дагуу цахим депозит эрх худалдаж авахаар 100.000 иенийг борлуулалтын менежер н.Пүрэвжавын өгсөн  АЖкомпанийн Япон улс дахь данс руу миний эхнэр Э.Халиунаа 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны дансаар шилжүүлсэн. Төлбөр шилжүүлсний дараа борлуулалтын менежер н.Пүрэвжав цахим депозит эрхэд нэвтрэх 1, 2, 3 гэсэн нэр Чинзо 1, 2, 3 нууц кодын баталгаажуулж нээж өгсөн. Тухайн эрхээр дамжуулж, Япон улсын хуучин машины дуудлага худалдаанд оролцох эрх авсан. Гэтэл АЖкомпани 2017 оны 5 дугаар сарын сүүлчээр миний цахим депозит эрх рүү нэвтрэх нууц кодыг өөрчилж, нэвтрэх, ашиглах боломжгүй болгосон. Энэ талаар хэлж удаа дараа шаардахад АК ХХКдепозит эрхийг худалдан авахаар харилцан тохироогүй  гэж огт хамааралгүй шалтгаанаар миний цахим депозит эрхийг нээж өгөхөөс татгалзсан. Б.Ч миний бие АК ХХК-д холбогдох асуудлаар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар гомдол гаргасан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын байцаагч н.Отгонтөгс гомдлыг минь хүлээн авч, шалгаж, АК ХХКМонгол улсын хуульд заасан хууран мэхлэх, төөрөгдүүлэх үйлдлээр миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон болохыг тогтоосон. Улмаар АК ХХК-д холбогдох зөрчлийг Монгол улсын зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9, 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Мөнхсайхан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч н.Отгонтөгсийн шийдвэрийг баталгаажуулсан. Улсын байцаагч н.Отгонтөгс, хяналтын прокурор н.Мөнхсайхан нарын гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр АК ХХК, Б.Ч нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Япон улсын хуучин авто машин худалдан авах цахим депозит эрхээр худалдах, худалдан эрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. Иймд Япон улсын АЖкомпанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газрын АК ХХКболон Б.Ч нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 100.000 иен буюу 2.236.000 төгрөгийг АК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар хуурч мэхлэгдэж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэл нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар уг асуудлыг шалгаж зөрчлийн тухай 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар хуурч мэхлэгдсэн, төөрөгдсөн гэсэн шийдвэр гаргасан. Тухайн асуудлаар хариуцлага хүлээлгэх гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хүлээж авахаас татгалзсан. Бид энэ талаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Б.Ч анх 100.000 иенийг машины төлбөрт тооцогдох мөнгө гэж үзэж байсан ч яваандаа дэнчин болж хувирсан. Б.Ч дуудлага худалдаагаар 3 машины үнийг баталгаажуулсан. АК ХХКуг 3 машиныг хууль бусаар өөр этгээдэд шилжүүлсэн. Тухайн үед Б.Ч төөрөгдөлд орж, хуурч мэхлэгдсэн байсан. Нэхэмжлэгч 100.000 иенээр цахим депозит эрх худалдаж авсан гэж ойлгож байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харахад 100.000 иен АЖкомпанийн баталгаа, барьцаа болсон. АК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чийн шилжүүлсэн 100.000 иен бүхлээрээ авто машины зогсоолын төлбөрт суутгагдсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч талаас 100.000 иенийг ямар төлбөрт суутгасан, хэдэн төгрөг орсон талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Хэрвээ Б.Ч энэ байдлыг анхнаасаа мэдэж байсан бол гэрээ байгуулахгүй байх байсан. АК ХХКнь Б.Чийн депозит эрхээр худалдаж авсан 3 машиныг бусдад шилжүүлж, депозит эрх худалдаж авсан 100.000 иенийг машины зогсоолын төлбөрт суутгасан нь хууль бус байна. Б.Ч тухайн үед нэг машинаас 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан ч АК ХХК-ийн борлуулалтын алба менежер н.Пүрэвжав гэх хүний оролцоотой 3 машинаа алдсан. Б.Чийн захиалсан 3 машин бусдад шилжсэнээс болоод 100.000 иенээр мөн хохирсон. Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцийг хүчин төгөлдөр бусд тооцож, Б.Чийн төлсөн 100.000 иенийн төлбөрийг хариуцагч АК ХХК-иас гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч АК ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Чийн нэхэмжилсэн 100.000 иенийг АК ХХКхүлээж аваагүй. Б.Чийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн “Хаан банк”-ны гадаад гуйвуулгын дансныг харахад тухайн мөнгийг Япон улсын АЖкомпанийн дансанд орсон. АЖкомпани нь хуучин авто машин, сэлбэг худалдаалдаг Япон улсын аж ахуй нэгж юм. АК ХХКнь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын аж ахуй нэгж юм. АК ХХКнь Монгол улсаас Японы хуучин машин худалдаж авах хүсэлтэй хүмүүсийг АЖкомпанитай холбож, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаарх гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Б.Ч АК ХХК-ийн ажилтнаас Япон улсын АЖкомпанийн мэдээлэл авч, өөрийн хүсэлтээр тухайн компанийн дансанд 100.000 иен шилжүүлсэн. АЖкомпанийн Япон улс дахь хуучин авто машины дуудлага худалдаанд онлайнаар оролцох эрхийн барьцаанд 100.000 иен барьцаалдаг. Б.Чийн дуудлага худалдаанд онлайнаар оролцох цахим депозит эрхийг АК ХХК-ийн зүгээс худалдаж, олгодоггүй. АЖкомпанийн онлайн дуудлага худалдаанд оролцоход 100.000 иенийн барьцаа байршуулдаг. Б.Ч 100.000 иен байршуулснаар АЖкомпанитай харилцаж, дуудлага худалдаанд оролцох боломжтой. Анхнаасаа АК ХХК-д цахим дуудлага худалдааны эрх худалддаг, нээдэг, хаадаг эрх байхгүй. АЖкомпанийн мэдээллээс харахад Б.Ч 100.000 иенийн барьцаа байршуулж, дуудлага худалдаанд оролцож, эрхээрээ 3 машин худалдаж авсан. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2 машин, 4 дүгээр сарын 13-ны өдөр дуудлага худалдаанд орж 1 машин захиалж авсан. АЖкомпани 3 машины 30 хувийн урьдчилгааны талаар Б.Чт мэдэгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд дээр Б.Ч захиалсан машиныхаа 30 хувийг төлж чадахгүй, татварын өөрчлөлтөөс болж төлбөр төлөх хугацаагаа хойшлуулж байсан гэсэн тайлбар өгч байсан. Б.Чийн дуудлага худалдаагаар авсан 3 машин, 30 хувийн төлбөр орж ирэх хүртэл хугацаанд зогсоол дээр байсан. Б.Чийн шилжүүлсэн 100.000 иен 3 машины зогсоолын төлбөрт зарцуулагдсан гэдэг тайлбарыг АЖкомпани манайд компанид хэлсэн. Б.Чийн 100.000 иен шилжүүлсэн асуудал АЖкомпани, Б.Ч нарын хоорондын харилцаа. АК ХХК100.000 иенийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Ч нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт гомдол гаргасан байсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд АК ХХК, Б.Ч нарын хооронд үүссэн депозит эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон үйл баримт тогтоогдоогүй. Прокурорын тогтоолын тогтоох хэсэгт Б.Чийн гаргасан гомдолд Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзэхэд зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           
 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан цахим депозит эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2.236.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь Б.Чоос мөнгө хүлээж аваагүй, зуучилж өгсөн, манайх цахим депозит эрх худалдах эрхгүй гэж эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Дараах үйл баримт тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч Б.Ч нь авомашины худалдаа хийх зорилгоор Япон Улсын. Автомашины дуудлага худалдаанд оролцохоор АЖИкомпанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар гэх АК ХХК-д 2017 оны 4 дүгээр сард  хандаж, Япон Улсын хуучин автомашины дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байх ба АК ХХК-ийн ажилтан дуудлага худалдаанд оролцохын тулд цахим депозит эрх нээлгэх шаардлагатай гэж тайлбарлан, 100.000 иенийг АЖИкомпанийн Япон Улс дахь харилцах дансанд байршуулахыг санал болгожээ. Үүний дагуу нэхэмжлэгч Б.Ч нь эхнэр Э.Халиунаар дамжуулан Хаан банкаар 100.000 иенийн гадаад гуйвуулгыг АЖИкомпанийн данс руу хийжээ.

            Ингээд цахим депозит эрхтэй болж, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цахим депозит эрхээрээ нэвтэрч, Япон Улсын автомашины дуудлага худалдаанд оролцож, 2004, 2005 оны 2 ширхэг Тоёота Приус автомашин захиалсан байна.

            Гэвч Монгол Улсад хосолсон хөдөлгүүртэй автомашины татварт өөрчлөлт орох болсонтой холбоотойгоор өөрчлөлтийг хүлээхээр болж, захиалсан автомашиныхаа төлбөрийг шилжүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Татварын хуулийн хэрэгжилт хойшилсон гэж мэдээд нэхэмжлэгч нь 6 сард автомашин авах талаар хариуцагч байгууллагын ажилтантай уулзахад хураагдсан гэж хэлсэн байх бөгөөд цахим депозит эрх нь хаагдсан, түүний захиалсан автомашин Монгол Улсын хилээр өөр хүний нэрээр орж ирсэн болохыг мэдээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулжээ.

            Гаалийн Ерөнхий газраас ирсэн баримтаас үзвэл 2017 оны 4 дүгээр сарын 07, 08-ны өдөр дуудлага худалдаагаар авсан автомашины урьдчилгаа төлбөрийг Э.Байгалмаа нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж, тэдгээр автомашин Монгол Улсын хилээр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн байна.

            Энэ нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэгч нь хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэн цахим депозит эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлбөрөө буцаан гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын улсын байцаагчийн болон Нийслэлийн Прокурорын хариу мэдэгдэх хуудсаар хариуцагч АК ХХК-ийг хууран мэхэлсэн болохыг тогтоосон гэж гаргаж байна.

            Шүүхээс талуудын хооронд цахим депозит эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй харин Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

            Учир нь хариуцагч АК ХХКнь японы хуучин автомашины дуудлага худалдаанд оролцох цахим хуудсыг эзэмшдэггүй, түүнд нэвтрэх эрхийг худалддаггүй болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хэрэгт авагдсан АК ХХК, АЖИкомпани нарын хооронд байгуулсан Монгол Улсаас автомашин худалдан авахад худалдан авагч нарыг зуучилж, үүнийхээ хөлсийг авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээгээр тогтоогдож байна.

            Түүнчлэн хариуцагч АК ХХКнь Япон Улсын АЖИкомпанийн албан ёсны төлөөлөгчийн газар биш болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тогтоогдлоо.

            Цахим депозит эрх нь нэхэмжлэгч Б.Ч АЖИкомпанитай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсны нотолгоо болгож, худалдагч талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилж өгсөн дэнчин болох 100.000 иенийг төлснөөр нээгдсэн байна. Улмаар энэ эрхээрээ нэвтэрч Япон улс дахь хуучин автомашины дуудлага худалдаанд оролцож, 2 автомашин худалдаж авчээ.

            Харин төлбөрөө төлөөгүйн улмаас 2 сарын дараа цахим депозит эрх хаагдсан байх ба энэ нь хариуцагч АК ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн болон зуучлагчийн буруугаас болж, 100.000 иен буюу 2.236.000 төгрөгөөр хохирсон гэх байдал нь нотлогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэгч нь АК ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах болон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч АК ХХК-иас цахим депозит эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2.236.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 50.726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ