Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00636/и |
Дугаар | 812 |
Огноо | 2018-10-17 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 812
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40-н мянгат гудамж, 21б байрны 30 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ68030839, Тохир овогтой Чимэдийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, Элит 45 орон сууцны 803 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ65051436, Харагчууд овогтой Чулууны Чимэдэд холбогдох,
Нэр төр сэргээлгэх, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж, хариуцагч Ч.Чимэд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, иргэдийн төлөөлөгч Ш.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон байхад Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Чимэд нь сонгуульд хууль бус аргаар ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахын тулд Увс аймаг дахь Увс телевизээр Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж, бусдын саналыг худалдан авч байна гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, нотлогдсон. Ингэж ор үндэслэлгүй, мэдээ мэдээлэл телевизээр цацсан түүний эхнэр, хүүхдүүдэд ч сэтгэл санааны дарамт учруулсан. Иймд Ч.Хүрэлбаатарын нэр төрийг сэргээж, тухайн мэдээ мэдээллийг тараасан хэрэгсэл болох Увс аймаг дахь Увс телевизээр няцаалт хийхийг хариуцгагч Ч.Чимэдэд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Чимэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Увс аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нэр дэвшигч С.Отгонбаярын сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутыг мэдээлэл, сэрэмжлүүлгийг Намын байранд уншсан. Тухайн үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 тоот магадлалаар тус тус хариуцлагаа хүлээж, холбогдох мөнгөн торгуулийг төлсөн. Иймд нэг асуудалд 2 удаа хариуцлага хүлээх үндэслэлгүй байна. Тухайн үед Ч.Хүрэлбаатар нь сонгуульд нэр дэвшигч байсан бөгөөд нэр дэвшигчийнх нь хувьд мөнгө тараасан гэдэг агуулгатай мэдээллийг хийсэн, түүнээс Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийх нь хувьд гүтгэлгийн шинж чанартай зүйл тараасан зүйл байхгүй. Би ардчилсан намаас бэлтгэж өгсөн мэдээллийг сонгуулийн менежерийн хувьд уншсан. Ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Хүрэлбаатарын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй. ИМймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ш.Оюун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар нь хариуцагч Ч.Чимэдэд холбогдуулан Ч.Хүрэлбаатарын нэр төр сэргээлгэх, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлал, Увс аймгийн Увс телевиз-ээр цацагдсан гэх СД дээрх бичлэг, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Чимэд нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр Увс аймгийн Увс телевизээр ... сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нь ... сонгогчдын саналыг худалдаж авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. ... гэх мэдээ, мэдээлэл тарааж, түүнийг гүтгэсэн үйлдэлдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.15.1-т зааснаар торгуулийн шийтгэл хүлээсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул хариуцагчийн Би гаргасан зөрчилдөө Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тохирох шийтгэлээ хүлээсэн, нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно гэж заасан ба хариуцагч Сонгуулийн тухай хуульд заасны дагуу захиргаа-ны хариуцлага хүлээсэн нь Иргэний хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд Ч.Хүрэлбаатар нь өөрийн нэр төрд халдсан үйлдэл гаргасан хэмээн үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, уг мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Чимэдэд даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгох нь зүйтэй.
Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 517 тоот тогтоол нь хэрэгт хамааралгүй, Увс аймгийн Ардчилсан намын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15 тоот Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабын гишүүдийн хурлын протокол гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Чимэдэд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.ЖАРХЫНГҮЛ