Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Мижиддорж,

            шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн 2014260006228 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Б-ийн Б, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “...........” нэртэй авто угаалгын газар ажиллуулдаг, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн .. дүгээр хороо, Наран хотхоны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХИ.................../;

            Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-08 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оюунсувдтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, түүний биед 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөхний орчим, цээжний урд хэсгээр цус хуруулж, ам хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулснаас талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б овгийн Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б овгийн Б-ийн Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Б нь нийт 334 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгсийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь амь хохирогчийг архины цочмог хордлогод орж нас барсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжилж үзэлгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан бөгөөд Б.Б-тай уулзсан өдөр “Чингис” ресторанд 500 грамм хэмжээтэй задгай пиво ууж байсан, Б.Б-ыг архи ууж байсан гэж гэрч П.Дөлгөөн мэдүүлдэг юм. Тухайн хэрэг гардаг өдөр амь хохирогч нь ажил дээрээ эрүүл саруул байсан бөгөөд Б.Б ажлын байран дээр согтуу ирж шалсаар байж авч явсан байдаг юм. Шүүх шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 2.1 хувь буюу дунд зэргийн согтолтын зэрэг гарсан байдаг бөгөөд амь хохирогч нас барахаас өмнөх өдрүүдэд огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд хэлдэг юм. Шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч эмч С.Одончимэг талийгаачид этилийн спиртээс хордсон гэх шинж тэмдэг дотор эрхтнүүдэд огт илрээгүй гэж хэлдэг бөгөөд бөөр болон элгэнд ямар ч хордсон гэх шинж тэмдэг байгаагүй гэж хэлдэг болно. Амь хохирогч Б.Оюунсувдын биед гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 5 удаагийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2015 оны 330 дугаар дүгнэлтээр талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна.Талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас барсан гэх дүгнэлт гаргасан байдаг юм. Хохирогчийн төлөөлөгчийн хувьд амь хохирогчийг архины хордлогоос болж нас барсан гэх дүгнэлтүүдийг огт зөвшөөрдөггүй бөгөөд амь хохирогч хэзээ ч архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж үзээгүй, хэрэг гардаг өдөр эрүү саруул ажлаасаа гарсныг хэлдэг бөгөөд эрүүл мэндийн байдлын хувьд ч хэлэх өвчин зовуургүй байсныг баталдаг юм. Хэрэг гардаг өдөр талийгаач болон Б.Б нь “Чингис” ресторанд ямар хэмжээтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар огт тодруулаагүй бөгөөд гэрч П.Дөлгөөн талийгаачийг пиво уусан гэж л мэдүүлдэг юм. Хэрэг гардаг шөнө амь хохирогч нь Б.Б-ын гэрт ямар ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг Б.Б нь хэлдэг бөгөөд “Чингис” ресторанд 3 цаг орчим үйлчлүүлээд гарсан юм. Тэр хугацаанд амь хохирогч амиа алдах хэмжээнд архинд хордлогод орох хүртэл их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь огт тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судлалгүйгээр амь хохирогчийн үхлийн шалтгааны архины хордлогоос болж нас барсан гэж дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгсийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд дурдсан “хүчтэй цохилтын улмаас зүрх гэнэт зогссон” гэх дүгнэлтийг өөр хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулалгүйгээр тухайн зөвхөн шинжээчийн дүгнэлт дотор нь харьцуулж дүгнэсэн нь харагддаг. Архины хордлого, хүчтэй доргилтын улмаас зүрх зогссон гэх дүгнэлтүүд л байдаг. Эдгээр дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад ямар баримтуудаар нотлогдож байгааг харах ёстой байсан. Шүүгдэгчийн мэдүүлэгт “хэвтэж байснаа санадаг, нэг сэрэхэд амь хохирогч хаалганы хажууд доош хараад хэвтэж байсан. Бос гэж хэлээд ойр орчимд байсан хагарсан байсан шилэн аягыг шүүрдэж хаясан. Дараа нь амь хохирогчийн доор нь байсан цус болсон шалны алчуурыг авч угаан тавьсан. Үүний дараа судсыг дарж үзэхэд нас барсан байдаг, тэгээд би цагдаа дуудсан” гэж мэдүүлсэн. Үүнээс үзвэл амь хохирогчийг нас барсныг тухайн үед мэдэж байсан гэдэг нь харагдаж байна. Мөн хэргийн газрын ул мөрийг арилгасны дараагаар цагдаа дуудсан. Хөрш айлын хүнийг гэрчээр асуухад “эмэгтэй хүн орилсон” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Хүчтэй доргилтын улмаас зүрх зогссон гэх шинжээчийн дүгнэлт нь нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх миний эгчийн амь насыг санаатайгаар хохироосон Б.Б-т холбогдох хэргийг хэт нэг талыг барьж ял завшуулах үүднээс хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд  гомдолтой байна. Миний эгч огт архи дарс уудаггүй байсан бөгөөд хэрэг гардаг өдөр Б.Б ажил дээр нь ирж сахиж суусаар байгаад авч явсан юм. “Чингис” пабад цуг орсон гэдэг бөгөөд тэнд манай эгч зөвхөн пиво уусан гэдгийг гэрч хэлдэг юм. Анхан шатны шүүх миний эгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас этилийн спиртийн цочмог хордлогод орж нас барсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтас хэргийн материалаас харахад миний эгчид олон тооны хүнд болон хүндэвтэр гэмтлүүд учирсан. Учирсан гэмтэл болох баруун дээд хавирганы хугарлууд, тархины гэмтлүүд яаж үүссэн бэ. Гэрчүүдийн мэдүүлгээр “эмэгтэй хүний орилох, амь тэмцэх дуу чимээ гарсан” гэдгийг хэлдэг. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй 5 жил болж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б-ыг хүнийг санаатай алсан гэж буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг өгч байсан нь үндэслэлтэй байсан юм. Шинжээч эмч Одончимэгийн дүгнэлттэй мөн үндэслэлтэй. Уг дүгнэлтэд “амь хохирогч архины хордлогод орсноос болж нас бараагүй, харин хүчтэй цохилтын улмаас зүрх зогсож нас барсан шинж тэмдгүүд байна” гэх дүгнэлт гарсан. Энэ хэрэг удаа дараа шинжээчдийн дүгнэлт олон удаа гарч байсан бөгөөд миний эгчийн үхлийн шалтгааныг архины хордлогоос болж нас барсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний эгч Б.Б-т зодуулсны улмаас бусдад хорлогдож нас барсан гэж үздэг. Иймд энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрч Дөлгөөний мэдүүлэгт “Б.Б ах гайгүй байсан, амь хохирогч нилээн согтуу байсан” гэж мэдүүлсэн. Мөн цустай алчуурын асуудалд хэргийн газрын үзлэг хийж цустай алчуурыг хэргийн газраас нотлох баримт болгон авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаар зөрүүтэй дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг оролцуулж, мэтгэлцэх, шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлуулж, хэргийн бодит байдлыг тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн. Шинжээч эмч Одончимэгийн нь бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээс зөрүүтэй гарч, санал зөрсөн  тул дүгнэлтээ тусад нь гаргасан байдаг. Тухайн дүгнэлтэд “зүрх нь гэнэт зогсож нас барсан, зүрх нь доргиж нас барсан байх” гэж өөрөөр ярьдаг. Зүрх доргисон гэх асуудалд зүрхэнд цус хуралт огт байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Дараагаар Эмгэг судлалын мэргэжилтнүүдийн дүгнэлтэд Одончимэг шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч үхлийн шалтгааны гурван өөрөөр нэг дүгнэлтэд оруулан бичсэн. Тархинд доргилт үүсч нас барсан, хоолой, хүзүүний хэсэгт цочрол авч насан барсан, зүрх доргиж нас барсан байж болзошгүй гэх өөр дүгнэлтүүд гаргасан байдаг. Тухайн дүгнэлтийг гаргасан Эмгэг судлалын мэргэжилтнүүд болох Адилзаяа гэх эмчээс асуухад “бид үхлийн шалтгааныг тогтоохгүй, шүүх үүнийг тогтооно” хэмээн хэлж байсан. Нийтдээ 21 шинжээч оролцож үүнээс Одончимэг болон Эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлтүүдээс бусад 17 шинжээч эмчийн дүгнэлтэд архины хордлогоос болж нас барсан гэдгийг үгүйсгээгүй. Үүнийг шүүх үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг бүх талаас нь шалгасан боловч Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй гэсэн зарчмыг үндэслэн шүүх хэргийн зүйлчлэлийн өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б-т холбогдох хэрэгт 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн хэрэг хяналтын шатны шүүх хүртэл явсан байдаг. Анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөнгөрүүлэн зүйлчилсэн. Энэ нь хууль зөрчсөн асуудал байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-08 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оюунсувдтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биед 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөхний орчим цээжний урд хэсгээр цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

                                                 

гэрч Ц.Энхтайваны “...2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад Оюунсувд эгчийн ажил дээр ирсэн намайг ирсний дараа миний араас Б ах бага зэрэг архи уусан халамцуу байдалтай орж ирээд 20 цаг өнгөрч байхад Б ах, Оюунсувд эгч нар Дөлгөөнөөр хүргүүлнэ гэж хэлээд гарсан. ...” /1 хх 93/,

 

гэрч П.Дөлгөөний “...Б ахын гэрт орсон, намайг байхад лав архи, пиво уугаагүй ба харин ундаа уусан. Тэгээд чи гэртээ орж бай, би болохоороо чамайг дуудъя гээд бид 2 хэсэг юм ярьж сууж байя гээд би гараад явсан. Тэгээд би шууд гэртээ орсон ба намайг дуудаагүй тул би унтсан. Гэтэл өглөө 7 цаг 20 минутын үед Б ахын 91-тэй дугаараас дуудлага ирсэн байсан. ...” /1 хх 94-96/,

 

гэрч Ц.Энхмаагийн “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагаас хойш байх дээд айлд нэг эмэгтэй хүн орилоод сандал, эсвэл ямар нэгэн зүйл шидэж байгаа бололтой түжигнэсэн чимээ гараад байсан. ...яг цаг хараагүй болохоор ямар хугацаанд үргэлжилсэн гэдгийг мэдэхгүй байна. Ойролцоогоор 10 минут орчим болсон байх. Намайг сонсоход гал тогоо, үүдний өрөөний орчим эмэгтэй хүн бачуураад орилоод юм шидэж байгаа бололтой чимээ гарсан. ...” /1 хх 99-100/,

 

гэрч Г.Хонгорзулын “...23-24 цагийн үед унтах гээд хэвтэж байхад манай хажуу талын айл болох 8 тоотод эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах чимээ гараад байсан ба ихэвчлэн эмэгтэй нь орилоод, чарлаад хашгираад байсан ба миний сонссоноор “чи яагаад ингээд байдаг юм” гээд орилоод байсан. ...ямар нэгэн зүйл шидэж байгаа бололтой чимээ гарч байсан. ...” /1 хх 101/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2275 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн нэг, баруун хоёрдугаар хавирганы хугарал, хальс булчинд цус хуралт, төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1% этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. Талийгаач нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний 09 цагийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон байжээ. Талийгаачийн анус болон үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн илрээгүй.” /1 хх 24-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нар “...амь хохирогчийн үхлийн шалтгааны архины хордлогоос болж нас барсан гэж дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэрч П.Дөлгөөний “...Оюунсувд эгчийн хамт гурвуулаа ажлаас нь нэг их холгүй байх “Чингис” ресторанд орсон. Бид энэ ресторанд ороод булангийн өрөөнд байх ширээнд суугаад Оюунсувд эгч 500 гр хэмжээтэй задгай "Чингис" пиво захиалан уусан. Б ах 100 гр архи авсан би яг ямар архи захиалсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд тэд хоорондоо ойр зуурын зүйл яриад би дэргэд нь суусан. Тэгээд Б ах "чи гарч бай, бид хоёр юм ярьж сууж байя" гэхээр нь би гараад машинд суугаад хүлээж байсан. ...” /1 хх 94-96/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2275 дугаартай “...Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.1% этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. Талийгаач нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний 09 цагийн үзлэгээр нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон байжээ. ...” /1 хх 24-27/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 731 дугаартай “...Б.Ганзоригийн 2015.01.02-ны өдрийн задлан шинжилгээний №2275 дугаартай дүгнэлт, 2015.04.07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй А.Амгаланболд, Н.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч Одончимэг дангаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч Б.Оюунсувдын биед баруун 2-р хавирга, 1,3-р хавирганы эгэмний дунд шугамаар хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулайн урд хэсэг, дээд, доод уруулд цус хуралт, баруун өгзөгт зулгарал бүхий гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний урд болон баруун хажуу хэсэг эгэм орчмын хар хөх өнгийн зарим хэсгээр нийлж томорсон цэгэн цус харвалт нь зөвхөн архины цочмог хордлогын үед бичил цус эргэлтийн хямралаас шалтгаалан хүзүү, цээжинд үүсдэг өвөрмөц хэлбэрийн цус харвалт юм. Төвөнх орчмын голомтлог цус харвалт нь түргэн үхлийн үед хүзүүний урд хэсэг, төвөнх орчмын хальс, зөөлөн эдэд нас барсаны дараа үүсдэг өөрчлөлт ба үүнийг артефакт гэнэ. Үүнийг гэмтэл гэж үзэхгүй.  Б.Оюунсувд нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас баржээ. Илэрсэн нь этилийн спиртийн задрал, ялгарал үе шат явагдаж байсныг илэрхийлэх бөгөөд нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Б.Оюунсувд эмгэг өвчин тогтоогдсонгүй. Б.Оюунсувдын цогцост илэрсэн өөрчлөлтүүд нь амьсгал бүтэлтийн шинж биш байна. Б.Оюунсувдад үүссэн дух, зулайн урд хэсэг, дээд, доод уруулын цус хуралт баруун өгзөгт зулгарал, баруун 2-р хавирга, зүүн 1,3-р хавирганы хугарал орчны эдийн цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн шалтгаант шок үүсгээгүй хүндэвтэр зэргийн гэмтэл байна. Б.Оюунсувдын нүүр хэсгийг бохирдуулсан цус ам хамраас гарсан байна. ...” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 821 дугаартай “...Талийгаач нь архины цочмог хордлогонд орж нас барсан ба цогцосны гадна үзлэгээр нүүр, хүзүү, цээжний дээд хэсэг бараан хөхөлбөр өнгөтий болсон, хүүрийн толбо тархмал тод улаан хүрэн илэрсэн, хүзүү цээж хэсгээр цэгэн хэлбэртэй хар, хар хөх өнгийн тууралт тархмал шигүү үүссэн, задлан шинжилгээгээр: дотор эрхтнүүдэд цус эргэлтийн хурц хямрал, судсууд ялангуяа дотор эрхтний венийн судас цус дүүрэлттэй, уушиг, зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт, уушигны хаван, цөсний хүүдийн хэвтэш хавагнах, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, ходоод, нарийн гэдэсний дээд хэсгийн салст бүрхүүлийн цус дүүрэлт, цус харвалт, нойр булчирхайн эдэд цус харвах, давсаг чинэрсэн байх зэрэг шинжүүд, эд эсийн шинжилгээгээр: тархины судсууд цус дүүрэлттэй, тархи хавантай, венийн жижиг судсуудад цус зогсонгишсон, уушигны эдэд цусны эргэлтийн хурц хямрал, цус зогсонгишсон, уушигны хаван, зүрхний булчинд завсрын хаван, булчингийн эсүүд хөөмөгшсөн, булчингийн ширхэгүүд салсан, тэжээл хувирал, ходоод, нарийн гэдэсний дээд хэсэгт салст бүрхүүлийн улайлтат үрэвсэл үүсэх, нойр булчирхайн голомтот цус харвалт, үхжил, элгэнд өөхөн хувирал, цус эргэлтийн хямрал, тэжээл хувирал, бөөрний сувганцарын хучуур эсэд голомтот үхжилттэй, Шүүх химийн шинжилгээгээр спиртын дунд зэргийн согтолттой /цусанд 2,1%, ходоодны шингэнд 4,0%, шээсэнд 3.2% этилийн спирт/ зэрэг шинжүүдээр илэрч байна. Талийгаач нь зүрх өөхжилт, тэжээл алдагдал өөрчлөлттэй, спиртын дунд зэргийн согтолттой үедээ дээрх гэмтлийг нэг цаг хугацаанд авч, хоолой цээжний тус газарт хүч үйлчилсэнээс цохилт доргилтын үед зүрх судасны төв хэт цочирсоноос зүрх зогсож нас бараагүй байна. ...” /2 хх 82-88/ гэх дүгнэлтүүдээс үзэхэд хохирогчийг этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ