Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Э.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Сүхбат,

            шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1010 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Э.О-д холбогдох эрүүгийн 1902000000017 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ө овгийн Э-ын О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “.........” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УХ................./;

 

            Э.О нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

улмаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 7589 УНЭ улсын дугаартай VOLKSWAGEN AMAROK маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэргийн 11 дүгээр талд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл байх бөгөөд үзлэг хийхэд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хэрэг бүртгэгч С.Чинбат гэгч нь оролцож тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан нь ойлгомжгүй байна. Гэтэл дээрх этгээдийг С.Чинбат гэдгийг нотолсон баримт хэрэг авагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нүцгэлж хийх үзлэгийн үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.”, мөн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Мөрдөгч шуудан цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь үндэслэлтэй байх тул Э.О-д холбогдох эрүүгийн 1902000000017 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.О-д хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сүхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1010 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан хууль зүйн дүгнэлт нь хэргийг прокурорт буцаасан хууль зүйн заалттай нийцээгүй. Учир нь, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Э.О-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж шүүх дүгнэсэн. Гэтэл шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг бичсэнээс үзэхэд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хүний биед үзлэг хийх ажиллагаанд гаалийн ажилтан Чинбат гэх хүнийг оролцуулж, түүний гарын үсэг зурсан байдал нь ойлгомжгүй байна, түүнийг Чинбат гэдгийг нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зурсан хүнийг Чинбат мөн гэдгийг нотлох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Мөн хүний биед нүцгэлж үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нүцгэлж үзлэг хийх үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд үзлэг хийх ерөнхий журмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 23.2 дугаар зүйлд “хүний биед үзлэг хийх” журмыг нарийвчилан хуульчилсан. Дээрх хуулийн зүйл заалтуудаас үзэхэд нүцгэлж үзлэг хийхээс бусад тохиолдолд үзлэг хийх ажиллагаанд байлцаж болохгүй хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлаагүй. Үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний биед хэргийн ул мөр, онцлог шинж тэмдэг байгаа, эсхүл хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг тухайн хүн биедээ авч яваа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол түүнийг илрүүлэх зорилгоор хүний биед үзлэг хийнэ” гэж заасан бөгөөд дээрх хуулийн дагуу шүүгдэгчийн биед үзлэг хийсэн. Мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл, уналгыг хамтад нь үзнэ” гэж заасан. Шүүгдэгчийн биед үзлэг хийхдээ өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлд нь үзлэг хийж, шуудан илгээмжээр явсан дугтуйг илрүүлсэн бөгөөд дугтуйд мөн үзлэг хийсэн. Үүний дараагаар нүцгэлж үзлэг хийсэн. Нүцгэлж үзлэг хийснээр хэрэгт хураан авсан ач холбогдол бүхий зүйл байгаагүй. Хувцас, эд зүйлсэд үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн. Чинбат гэх хүн үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зурсан байгаа нь үзлэг хийх ажиллагааны бүх үе шатанд оролцсон гэж ойлгогдохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж” нотлох баримтад тооцохгүй байх, нотлох баримтаар үнэлэхгүй байж болох журмыг хуульчлан тогтоосон. Нотлох баримт цуглуулах ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу тодорхой үйл ажиллагааг бүхэлд нь хууль зөрчсөнд тооцох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргах хууль зүйн боломж бий. Нүцгэлж үзлэг хийх ажиллагааг дахин нөхөж гүйцэтгэх боломжгүй бөгөөд нүцгэлж үзлэг хийсэнтэй холбогдолтой хэсгийг хүчингүй  болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид өмгөөлөгч Ж.Батхуяг өмгөөлөгчийн гаргасан гомдлын тодорхой хэсгүүд үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно” гэж заасныг үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд дээрх заалт нь мөрдөгчид эрх олгосон заалт юм. Гэтэл дээрх заалтыг мөрдөгч хэрхэн яаж зөрчсөнийг шүүгчийн захирамжид дурдаагүй, ойлгомжгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь яаж зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв хүний захидал харилцаатай нууцтай холбоотой асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл тусдаа гомдол гаргаж шалгуулах боломж нь нээлттэй. Мөн бичгээр гомдол гаргах ёстой атал амаар гомдол гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл хавтас хэрэгт гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд гэмт хэргийн утга нь бичигдэж, гомдол мэдээлэл гаргасан хүн нь гарын үсэг зурсан байдаг. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шинээр бичгээр гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах боломжгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар, болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Эдгээр нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийхээр хэргийг буцаавал шүүгдэгч ял завших асуудал үүснэ гэж үзэж байна. Нөхөж гүйцэтгэх тухайн ажиллагааг нотлох баримтын зарим хэсгийг хүчингүйд тооцуулах замаар тухайн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1010 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэдгээ прокурор өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Учир нь, прокурорын эсэргүүцлийн дүгнэлт хэсгийн 2-т энэ талаар тодорхой дурдсан байна. Энэ ч утгаараа прокурор шүүгчийн захирамжийн үндэслэл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй, санал нэг байгаагаар ойлгогдохоор байна. Хүний биед үзлэг хийх, эд зүйлд үзлэг хийх гэсэн ойлголт байгаа болохоос биед нь үзлэг хийх, нүцгэлж үзлэг хийнэ гэсэн тус тусдаа ойлголт байхгүй. Энэ үзлэгүүд бүгд нэг дор явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж явагдсан мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтууд, дахин гүйцэтгэх боломжгүй ба мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үнэлэхгүйгээр шүүх шийдвэр гаргах боломжтой байсан гэдэгтээ санал нэг байна. Учир нь, тухайн хэргийн хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээсээ эхлэн процесс зөрчсөн учраас энэ хэрэгт авагдсан бүхий л ажиллагаа нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэхээргүй байна. Гэтэл шүүх хэргийг хэт нэг талыг баримталж яллах талын байр суурьнаас шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хууль тогтоомж, бусад хууль тогтоомжийг чанд сахина” хэмээн заасан. Эдгээр ажиллагааг прокурорын шатанд хэлээгүй учир нь, мөрдөгч хавтас хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгч нарт ажлын сүүлийн өдөр буюу 5 дахь өдөр танилцуулсны дараа хүсэлтээ хэлсэн боловч 1 дэх өдөр нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан. Хэдийгээр Ц.Сүхбат прокурор хэргийг шүүхэд шилжүүлээгүй, хэрэгт хяналт тавиагүй боловч мөрдөх байгууллагын хууль бус ажиллагааг дэмжиж, мөрдөн шалгах нууц ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн ба бусдын захидал харилцааны нууцад хууль бусаар халдсан, хууль бусаар хүнийг мөрдөж энэ гэмт хэргийг илрүүлсэн асуудлыг дэмжиж эсэргүүцэл бичиж байгаад харамсаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Энэ нь прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл гэж ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хавтас хэрэгт авагдсан нотлох баримт шаардлага хангахгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийтгэх эсхүл цагаатгах шийдвэрийн аль нь ч биш байдаг. Шүүгчийн захирамжид хэргийг буцаасан үндэслэлээ тодорхой дурдсан байдаг боловч прокурор юу хийх ёстойгоо шаардаж байх шиг санагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавьж, алдаа зөрчил гарсан, хүний эрх зөрчигдсөнийг зогсоох субъект нь прокурор мөн. Гэтэл тухайн хэрэгт ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй атлаа бүх асуудлаа шүүхээр шийдүүлэх асуудал харагдаж байна. Энэ нь прокурорын эрх хэмжээний үүрэг. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэг, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.О-д холбогдох эрүүгийн хэрэгт хүний биед үзлэг хийхэд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хэрэг бүртгэгч С.Чинбат гэгч нь оролцож тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан нь ойлгомжгүй байна. Гэтэл дээрх этгээдийг С.Чинбат гэдгийг нотолсон баримт хэрэг авагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нүцгэлж хийх үзлэгийн үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.”, мөн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Мөрдөгч шуудан цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Учир нь, шүүгдэгч Э.О-ын биед үзлэг хийх ажиллагаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хэрэг бүртгэгч С.Чинбат оролцсон бөгөөд түүнийг нүцгэлж хийх үзлэгийн үед С.Чинбат байлцсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн боловч энэ нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд шууд нөлөөлөх ноцтой шалтгаан болохгүй юм.

 

Дээрх зөрчлийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар арилгах, дахин хийлгэх боломжгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ямар, ямар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан талаар үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1010 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ