Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2020/00038/И |
Дугаар | 001/ХТ2021/00876 |
Огноо | 2021-06-25 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00876
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 900 дүгээр магадлалтай,
*******ий нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаж, битүүмжлэгдсэн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 м.кв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон баримт биш, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчиж хууль ёсны өмчлөгч миний болон бидний хүүхдүүдийн өмчлөлийн байрыг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч ******* миний бие тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал биш учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал хийлгэсэн байх шаардлагагүй бөгөөд энэ талаар тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай 6-р хэсэг гудамжны 662 тоотод байрлах 96 м.кв хувийн сууцыг 700 м.кв талбайтай газрын хамт үнэлэгдсэн үнийн 70 хувиар 28,472,500 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд 2019.11.01-ний өдөр оруулахад санал ирээгүй тул үнэлэгдсэн үнийн 50 хувиар буюу 20,337,500 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019.11.29-ний өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэх хуудсаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******ий улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 900 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн. Хорго хангай ХХК, иргэн Я.Батжаргал нараас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.15-ны өдрийн 181/ШШ2017/02887 дугаартай захирамжаар Д.Оюунд 18,600,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Тухайн битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.11.28-ны өдрийн 181/ШШ2018/02457 дугаартай захирамжаар хариуцагч Ай Ди Ай Си Эм ХХК, Б.Билгүүн нараас 115,861,178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эй Ар И Си моргаж компорэйшн ББСБ ХХК-д олгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагч Б.Билгүүний хөрөнгө гэж өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203030063 дугаартай СБД-ийн 19-р хороо Санзайн 6-р хэсэг 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай 700 м.кв газрыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дуусгасан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүх Б.Билгүүний хөрөнгө биш гэж 2 үндэслэлээр тайлбарлан ажиллагаа явуулж, шүүх ч мөн адил шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаж буй тус шүүхийн шийдвэрт Я.Батжаргал, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаартай СБД-ийн 19-р хороо Санзайн 6-р хэсэг 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай 700 м.кв газрыг барьцаалсан барьцаалбар байхгүй, барьцаалаагүй, мөн худалдан борлуулах талаар заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулна гэж зохицуулаагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Я.Батжаргал болон Хорго хангай ХХК-ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хорго хангай ХХК, иргэн Я.Батжаргал нараас 18,600,000 Д.Оюунд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг хийгээгүй. Б.Билгүүн миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө төлбөрөө төлж барагдуулж, барьцааны хөрөнгөө чөлөөлүүлж байхад надад хамааралгүй Хорго хангай ХХК-ийн нэрийн өмнөөс миний хөрөнгийг хурааж битүүмжилсэнд гомдолтой байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 900 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 2887 дугаартай шүүгчийн захирамжаар Хорго хангай ХХК, Я.Батжаргал нар нь гэрээний үүрэгт 18,850,950 төгрөг гаргуулах тухай Д.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгчээс шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөөгүй үндэслэлээр төлбөр төлөгч Я.Батжаргалын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай 6-р хэсэг гудамжны 662 тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2019.06.18-ны өдөр 156/01 тогтоолоор битүүмжилжээ.
3. Нэхэмжлэгч ******* нь ...төлбөр төлөгч Я.Батжаргалын гэр бүл, тэрээр гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр бүртгэлтэй байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг тухайн хуулийн этгээд болон иргэний төлбөрт битүүмжилж байгаа нь миний болон хүүхдүүдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна... гээд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж, 86.4.-т төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1.-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж тус тус зохицуулсан.
Төлбөрт битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 6-р хэсэг гудамж, 662 тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь нэг хүний буюу Я.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй байна.
Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, улмаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй үндэслэлээр төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлд заасан хөрөнгийг битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4., 86.1. дэх заалтад нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 2887 дугаартай шүүгчийн захирамжид хариуцагч нараас төлбөрийг гаргуулахаар заасан ба шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахаар явуулсан үйл ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 900 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалаас 2020.05.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД