Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
Хэргийн индекс | 184/2018/02216/И |
Дугаар | 184/ШШ2018/02163 |
Огноо | 2018-09-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2018/02163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт П.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ш.ш.г.г /Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ...-т байрлах/-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01184 дугаар захирамжаар П.Г-с 45 729 700 төгрөгийг гаргуулж “А.ү” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 18270170/4 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18270170/6 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/5371 тоот албан мэдэгдлээр “...төлбөр төлөгч П.Г-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 62 943 394 төгрөгийн 70 хувь буюу 44 060 376 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдэе” гэжээ. Битүүмжлэх тогтоол үйлдэх үед шийдвэр гүйцэтгэгчид 87 200 000 төгрөгийн үнэтэй гэдгээ хэлж үнийн саналаа өгсөн. Манай байранд 2 өрөө орон сууц эдийн засгийн хямрал болоод байрны үнэ тогтворгүй байгаа ч 80 000 000 төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байгаа. Долоо хоногт 2 удаа хэвлэгдэж гардаг “Зар мэдээ”, ”Шуурхай зар” сонинуудад Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцны зарагдах доод үнэ нь 85 000 000 төгрөгийн үнэтэй гэж зарлагдаж хэвлэгдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч миний өгсөн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй гэж шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийсэн шинжээч нь ямар нэгэн зах зээлийн тооцоо судалгаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 62 943 394 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байна. Шинжээч ямар тооцоо судалгааг баримтлан үнэлгээ хийснийг би мэдээгүй, энэ тухай болон үнэлгээ хийсэн тогтоол, үнэлгээний тайлан зэргийг шийдвэр гүйцэтгэгч надад танилцуулаагүй. Миний байр шинжээчийн үнэлсэн үнэ болох 62 943 394 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд орох гэж байгааг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч дуудахад нь очоод мэдэгдэл өгснөөр мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү гомдлоор шүүхэд гаргаж байна. Иймд Н.ш.ш.г.г-с төлбөр төлөгч П.Г-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 44 060 376 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү.
П.Г-н өмчлөлийн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт Н.Ш.ш.г.г байранд болсон юм. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад 2 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт оруулсан шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Г нь шийдвэр гүйцэтгэгчийн орон сууцны үнэлгээ хийсэн ажиллагааг мэдээгүй, уг үнэлгээ хийлгэх тогтоол, үнэлгээний тайлан зэргийг шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид танилцуулаагүй учир танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргасан байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгох тухай гомдол гаргасан талаараа нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид амаар мэдэгдсээр байхад 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан тул уг дуудлага худалдааг зохион байгуулсан тогтоолыг хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.5-д зааснаар анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах, түдгэлзүүлэх ёстой атал зохион байгуулсан учир дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн бизнес нь амжилтгүй болсноос шалтгаалан 45 729 700 төгрөг төлөх ёстойгоор одоогоор 10 000 000 төгрөг төлсөн байгаа. Нийслэлээс 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэхээр төлбөрөө төлөх боломжтой. Гадуур тэр хавийн байрууд ийм үнэлгээтэй биш, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, байраа ийм хямдхан алдмааргүй байна гэж үзэж гомдож байгаа. Гэхдээ би нэхэмжлэгч П.Ганхуягтай ярилцсан боловч шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцаагүй байхдаа нэхэмжлэлийг шүүхэд гаргасан учир П.Г 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдлийг авсан талаар мэдээгүй тул мэтгэлцэх боломжгүй байна. Харин уг мэдэгдлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д Х.С нь орлож байсан талаар тушаал байхгүй тул хувийн сонирхолтой байсан гэж би хардаж байгаа. Албан бичиг хэрэг хөтлөх тухай хуульд албан тушаалтанд гомдлоо амаар гаргаж болох талаар заасан байгаа. Нэхэмжлэгч П.Г нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д уг орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй талаар шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг үзүүлэхэд хүлээж авсан атлаа хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5-д зааснаар шийдвэрлэхгүй дуудлага худалдааг зохион байгуулсан гэж нэхэмжлэгч П.Г хэлсэн тул уг дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Мөн нэхэмжлэгч П.Ганхуяг үнэлгээг 2018 оны 5 дугаар сарын 29-нд мэдсэн гэж надад худлаа хэлсэн байна. Нэхэмжлэлээ шүүхэд сүүлд гаргасан хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлээгүй, хэрэгт ямар ч баримт байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага П.Г хүн гэдэг талаас нь, хүний эрхийг дээдлэх, хүнлэг энэрэнгүй зарчим баримтлах талаас хандах нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч П.Г орон сууцаа 30 сая төгрөгөөр заруулах нөхцөл байдал үүсээд байгаа учир энэ хүн аргагүйн эрхэнд юу ч гэсэн шүүхэд хандсан байгаа. Иймээс ч үнэлгээг танилцсанаас хойш 7 хоногт гомдол гаргаж байна гэж ойлгосон байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01184 дугаар захирамжаар П.Г-с 45 729 700 төгрөгийг гаргуулж “А ү” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Ганхуягийн өмчлөлийн зээлийн барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэх талаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/4156 тоот мэдэгдэл хүргүүлэхэд нь 87 200 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүлэхэд төлбөр авагч “Арвайн үр” ХЗХ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 18/18 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 62 943 394 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч П.Ганхуягт хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацаа авсан боловч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй бөгөөд төлбөр төлөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус газарт зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр орон сууцны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч П.Ганхуягт хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацаа авсан боловч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй, төлбөр төлөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус газарт зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар оруулсан ч орон сууц нь худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, шүүхэд гомдол гаргасан талаараа ахлах шийдвэр гүйцэтгэгчид анхны албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго жирэмсний амралттай байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул орлон гүйцэтгэж байсан учир гарын үсэг зурсан. Мөн шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан тухай баримт манай байгууллагад өгөөгүй, хэрэгт энэ талаар баримт ч байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ганхуяг нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмж гаргасныг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул зөвшөөрөхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, шүүхэд гомдол гаргасан талаараа ахлах шийдвэр гүйцэтгэгчид анхны албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01184 дугаартай захирамжаар П.Ганхуягаас 45 729 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арвайн Үр” Хадгаламж зээлийн хоршоонд олгох, хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, Ү-2201030032 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД 000365598 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
/хх-ийн 5-6 дугаар тал/
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2018/00197 дугаар захирамж гарч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 00028 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд П.Ганхуягаас 45 729 700 төгрөгийг гаргуулах, заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байр 153 тоот, 54.5 м.кв бүхий хувийн сууцнаас хангуулж болохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна.
/хх-ийн 28, 29 дүгээр тал/
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18270170 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцжээ.
/хх-ийн 32 дугаар тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлд дурдсан П.Ганхуягийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар удаа дараа мэдэгдэхэд өмчлөгч П.Ганхуяг нь орон сууцыг 87 200 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Арвайн үр” Хадгаламж зээлийн хоршоо нь өмчлөгчийн дээрх үнийн саналыг татгалзаж, хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлэх хүсэлт гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, хөндлөнгийн шинжээч “Бэсгэ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ШШГ 18/16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 62 943 394 төгрөгөөр үнэлжээ.
/хх-ийн 38, 39-40, 41, 42-46, 47, 48, 49, 50, 51-67 дугаар тал/
Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд мөн зүйлд заасан шинжээч томилох эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ хуулийн дээрх заалтыг мөрдлөгө болгосон, дээрх ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцсэн байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, хуулийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч П.Ганхуягт 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 62 943 394 төгрөгийн 70 хувиар тооцон 44 060 376 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч П.Ганхуяг нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан болох нь хавтас хэрэгт авагдсан 4/5371 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэх төлбөр төлөгч П.Ганхуягийн гарын үсэг бүхий баримтуудаар тус тус тогтоогдож байна.
/хх-ийн 68-71 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн “нэхэмжлэгч П.Ганхуяг нь шийдвэр гүйцэтгэгчийн орон сууцны үнэлгээ хийсэн ажиллагааг мэдээгүй, уг үнэлгээ хийлгэх тогтоол, үнэлгээний тайлан зэргийг шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид танилцуулаагүй учир танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргасан байгаа” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгч П.Ганхуяг нь орон сууцны үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу 63 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байна.
/хх-ийн 2 дугаар тал/
Мөн төлбөр төлөгч П.Ганхуяг нь албадан дуудлага худалдаа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болохоос өмнө шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан талаараа ахлах шийдвэр гүйцэтгэгчид амаар мэдэгдсээр байтал дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, орон сууцны үнэлгээний талаарх гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлжээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01184 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Ганхуягийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон уг ажиллагааны дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, Ү-2201030032 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД 000365598 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоосон ажиллагааг болон албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ