Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01482

 

 

 

 2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01482

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, өөрийн байранд оршин байгаа, “” ХХК /рд:5043913/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гурван гал трейд ХХК-ийн байр, 6 давхар, 612 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5715423/-д холбогдох,

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 37/16 тоот, 38/16 тоот барьцааны гэрээг 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан.

37/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор манай компанийн арилжааны банк дахь дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

“” ХХК-ийн хувьд манайхаас шатахуунаа хүлээж авахдаа Д.Баатар гэж хүнийг явуулж 24,000 литр шатахуун авсан байгаа.

Үнэ нь 32,400,000 төгрөг болж байгаа. Машины багтаамжаас шалтгаалаад зураасаар хэмждэг байгаа учир гэрээнд 30,000,000 төгрөгөөс илүүгүй гэж заасан боловч 2,400,000 төгрөгийн шатахуун илүү орсон байгаа.

Шатахуун нийлүүлснээс хойш 5 сарын дараа 2016 оны 09 сард 2,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж миний бие М.Цогтоо захирал, ерөнхий менежертэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр үед шүүхэд битгий өгөөч, бид нар төлбөрийг удахгүй төлнө, мөнгө орж ирэх гэж байгаа гэж хэлдэг байсан.

Шатахуун хүлээн авсан Д.Баатар гэдэг хүний гарын үсэгтэй хүлээж авсан баримт байгаа. Компанийн нэр нь “” ХХК гэж байгаа. Тооцоо нийлэхэд М.Цогтоо гэж хүн өөрөө ирэхгүй өөр хүн явуулж тооцоо нийлсэн юм шиг байгаа юм. 32,400,000 төгрөгийн өртэй гээд Цогтоо гээд гарын үсэг зураад “” ХХК-ийн тамга дарагдсан байдаг.

Иймд 37/16 тоот гэрээний 3.5, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 15,200,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани “” ХХК-тай түлш худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 04 сард байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй. Гэрээ хэрэгжээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Манай байгууллагатай холбоотой ямар үйл баримт үүссэн гэхээр Д.Баатар гэдэг иргэн “” ХХК-ийн нэрээр 2016 оны 04 сарын 26-ны өдөр 24,000 литр түлшийг өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүлээж аваад явсан. Энэ 24,000 литр түлшний үнийг биднээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг нь манай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг биш.

Өөр хүн гарын үсэг зурсан нь шүүхийн ажиллагааны явцад тогтоогдсон. Компанийн тамга ямар замаар дарагдсан байгааг бид мэдэхгүй, тодорхой тайлбар гаргах боломжгүй байна.

Иймд “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 32,400,000 төгрөг, алданги 16,200,000 төгрөг, нийт 48,600,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөг, алданги 15,200,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талууд 2016 оны 04 сарын 22-ны өдөр 37/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “” ХХК нь 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээс хэтрэхгүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Их мандах үйлст” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-16-19х/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй газрын тосны бүтээгдэхүүнийг “Их мандах үйлст” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, “Их мандах үйлст” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Манай тохиолдолд талууд худалдах, худалдах авах гэрээ байгуулсан эсэх тал дээр маргадаггүй боловч нэхэмжлэгч “” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн учир түүний үнийг алдангийн хамт нэхэмжилж байна гэж, “Их мандах үйлст” ХХК нь хүлээн аваагүй газрын тосны бүтээгдэхүүний үнийг хариуцах үндэслэлгүй гэж тус тус харилцан адилгүй тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор Тооцоо нийлсэн акт /хх-80х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-130х/, Шатахуун олгох зөвшөөрөл, Зарлагын падаан /хх1-199х/, /хх2-5х,6х/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байдаг.

а/. Тооцоо нийлсэн актад “Их мандах үйлст” ХХК нь 24,000 литр газрын тосны бүтээгдэхүүний үнэ болох нийт 32,400,000 төгрөгийн өглөгтэй талаар дурдсан байх ба “Их мандах үйлст” ХХК-ийг төлөөлж Цогтоо хэмээн гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 181/ШЗ2017/09558 дугаар захирамжаар Тооцоо нийлсэн актад зурагдсан Цогтоо гэх гарын үсэг нь “Их мандах үйлст” ХХК-ийн захирал М.Цогтоогийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017 оны 10 сарын 12-ны өдөр шүүхэд шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх ба уг дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн Цогтоогийн гэх гарын үсэг нь харьцуулах шинжилгээний загварт ирүүлсэн Цогтоогийн гэх загваруудтай тохирохгүй байна” хэмээн дурджээ.

Иймд уг тооцоо нийлсэн актаар “” ХХК болон “Их мандах үйлст” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй байна.

б/. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “” ХХК-ийн дансанд 2016 оны 09 сарын 15-ны өдөр “шатахууны орлого Их мандан үйлст ХХК рд5715423” гэх утгатай 2,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаар тэмдэглэгджээ.

2017 оны 01 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан ““Их мандах үйлст” ХХК-иас Т.Хулан гэдэг хүнээр төлүүлж байсан”, “Данс руу хийж байсан”, ““Их мандах үйлст” ХХК-иас гэж тушаасан” гэсэн тайлбараас үзэхэд 2,000,000 төгрөгийн орлогын гүйлгээг “Их мандах үйлст” ХХК-ийг төлөөлж Т.Хулан гэх иргэн шилжүүлсэн болох нь тогтоогддог.

Гэсэн хэдий ч Т.Хулангийн шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 37/16 тоот гэрээний дагуу хийгдсэн төлбөр гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй гэж үзэв. 

в/. Шатахуун олгох зөвшөөрөл, Зарлагын падаанд 24,000 литр дизель түлшийг нэг литрийг нь 1,350 төгрөгөөр тооцон Баатар гэх жолоочид олгохыг зөвшөөрсөн, нийт 32,400,000 төгрөгийн үнэ бүхий 24,000 литр дизель түлшийг Баатар гэх этгээд хүлээн авч, 0209 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Д.Баатарт “Их мандах үйлст” ХХК-ийн нэрийн өмнөөс газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах эрх олгосон баримтгүй, мөн Д.Баатар нь “Их мандах үйлст” ХХК-д ажилладаггүй этгээд байх тул Д.Баатарын хүлээн авсан дизель түлшийг “Их мандах үйлст” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаархи хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “0209 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баатар гэх этгээдэд гэрээний дагуу шатахуун хүлээлгэн өгөхийг “Их мандах үйлст” ХХК-ийн захирал утсаар мэдэгдсэний дагуу хүлээлгэн өгсөн” гэсэн агуулгатай тайлбарыг өгдөг боловч энэ нь нотлогддоггүй бөгөөд хариуцагч тал үүнийг няцаасан тайлбар гаргадаг.

Д.Баатарын нэхэмжлэлтэй “Их мандах үйлст” ХХК-д холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/00872 дугаар тогтоолоос үзэхэд Д.Баатар болон “Их мандах үйлст” ХХК нар хоорондоо ажил хэргийн холбоотой, газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний харилцаатай, хоорондоо өглөг, авлагын тооцоотой байсан болох нь тогтоогдож байна.

Дээр дурдсан тогтоолын Хянавал хэсэгт “... Зохигчдын хооронд байгуулсан түлш нийлүүлэх гэрээнд төлбөрийг түлшээр буцаан төлөх талаар тохиролцсон нөхцөл заагдаагүй, түүнчлэн “” ХХК-ийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 250/17 тоот албан бичгээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн “...26,384,000 төгрөгийн төлбөрийг “Их мандах үйлст” ХХК дизель түлшээр өгөх хэлбэрээр үүргээ гүйцэтгэснийг нэхэмжлэгч Д.Баатар хүлээн зөвшөөрч “Их мандах үйлст” ХХК-ийн нэрээр “” ХХК-ийн байранд очиж өөрийн эзэмшлийн 0209 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 24,000 литр түлш гаргуулан авч 12,000 литрийг төлбөртөө тооцон авснаар манай компани үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй” хэмээн дүгнэжээ.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Дээд шүүх нь “Их мандах үйлст” ХХК-ийн нэрээр Д.Баатар гэгч иргэн “” ХХК-иас 24,000 литр түлш авсныг “Их мандах үйлст” ХХК-ийн зүгээс Д.Баатарт өгөх ёстой өглөгөөс хасаж тооцох үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

Иймд “” ХХК гэрээний дагуу “Их мандах үйлст” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүнийг бодитоор хүлээлгэн өгөөгүй, Д.Баатар гэх иргэний хүлээн авсан 24,000 литр түлшийг “Их мандах үйлст” ХХК хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн 24,000 литр дизель түлшийг Д.Баатар нь цаашаа “Их мандах үйлст” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, уг 24,000 литр дизель түлшний үнийг “Их мандах үйлст” ХХК-иас Д.Баатарт өгөх өглөгөөс хасах үндэслэлгүй гэж Монгол Улсын Дээд шүүх үзсэн байх тул 24,000 литр дизель түлшний үлдэгдэл төлбөр 30,400,000 төгрөг, алданги 15,200,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийг “Их мандах үйлст” ХХК-д хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “” ХХК-д холбогдох, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 45,600,000 төгрөг гаргуулах тухай “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.