Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/03304/и |
Дугаар | 03150 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 03150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, мянгат дүгээр байр, тоот, “СЭС” ХХК-ийн оффист байрлах, “Сэс” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж тоот хаягт байрлах, “МБҮ трейд” ХХК /РД: /-д холбогдох,
ажлын хөлс 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сошиа Энвайронментал Сервис” ХХК-ний төлөөлөгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “МБҮ трейд” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 03/2017 дугаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мал худалдаалах төвлөрсөн зах мал нядалж бэлтгэх үйлдвэр төсөл”, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах боловсруулах үйлдвэр мах худалдааалах төвлөрсөн зах төсөл”-ийн ажлын хөлс 30 000 000 төгрөг байсан. Гэрээт ажлыг хийж гүйцэтгээд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газраар өөрийн хийж гүйцэтгэсэн төслийн баримт, бичигт үнэлгээ хийлгүүлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж тайлангаа “МБҮ трейд” ХХК-ийн менежер С.Буянхишигт 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагчаас төлбөрийг шаардсан боловч, төлөөгүй. Гэрээний үнийг нийт 30 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2 газарт тус бүр 3 ажил хийж гүйцэтгэхээр заасан. Бидний зүгээс гэрээнд заасан 2 ажил болох “Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ”, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-ийг тус тус хийж гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч тал төлбөрийг төлөх талаар маргасан тул бид хийж гүйцэтгэсэн үлдэх ажил болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” ажлаа хариуцагчид өгөөгүй байгаа. Иймд хариуцагч “МБҮ трейд” ХХК-иас ажлын хөлс нийт 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “МБҮ трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, нөхцөл бүрдээгүй байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Үүнээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрынх байсан. Уг газар бол тухайн гэрээ хийх үед газрын гэрчилгээ бид нарт байгаагүй. Газар дээр үнэлгээ хийх гэрээ хэлцэл хийх эрх үүсээгүй байсан. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тайланг хүлээлгэж өгсөн талаарх баримтыг хүлээлгэж өгсөн гэдэг. Түүнд Байгаль орчны үнэлгээний тайлан гэсэн байгаа. С.Буянхишиг гэдэг хүн хүлээж авсан байдаг. Манай компанийн захирал хүлээж аваагүй. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд төлбөр төлөх нөхцлийг тусгасан. Нийт үнэлгээний төлбөрт 30 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэвч манай зүгээс энэ ажлуудыг хүлээж аваагүй. н.Наран-Ундрах гэдэг этгээд өөрийгөө компанийн захирал гэж танилцуулаад шаардлага хангахгүй материалыг өгөх гэж оролдоход манай захирал уурлаад танай гэрээг цуцаллаа гэж хэлсэн байдаг. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь тус бүр 3 ажил хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бид нэгэнт уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул гэрээнд заасан ажлын нэг болох “Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ”-ний төлбөрт тус бүр 4 500 000 төгрөг буюу 2 газрын ажлын хөлсөнд нийт 9 000 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин үлдэх 2 ажлыг нэхэмжлэгч тал нь хийж гүйцэтгээгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сошио энвайронментал сервис” ХХК нь хариуцагч “МБҮ трейд” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, хариуцагчид хүлээлгэн өгсөн” гэж тодорхойлсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...ажлыг хүлээн аваагүй, ажлыг бүрэн гүйцэтгээгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 03/2017 дугаартай, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг болон Баянзүрх дүүрэгт тус тус байрлах “Мах боловсруулах үйлдвэрийн төсөл”-д байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь дээрх ажлын хөлсөнд нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна /хх-10-12 дугаар тал/. Уг гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөнд 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад үүсжээ.
Гэрээний 3.1-д нэхэмжлэгч нь дээрх 2 төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний ажлыг 4 500 000 төгрөгөөр, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 8 500 000 төгрөгөөр, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2 000 000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр заажээ. Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээс байгаль орчны төлөв байдлын судалгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь “тайлан хүлээн авсан: менежер С.Буянхишиг” гэх баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээг хэрэглэсэн уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар дээрх 2 ажлыг захиалагчид буюу хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь уг 2 ажлын хөлс нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулсан боловч хариуцагчид хүлээгэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...харин хариуцагч тал төлбөрийг төлөх талаар маргасан тул бид хийж гүйцэтгэсэн үлдэх ажил болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” ажлаа хариуцагчид өгөөгүй байгаа” гэх тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэх үүргээ биелүүлээгүй атлаа уг ажлын хөлсийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 26 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг төлөхөөс 310 000 төгрөг буюу 2 050 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 2 050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “МБҮ трейд” ХХК-иас 26 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сэс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287 950 төгрөгийг, улсын орлогоос 2 050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН