Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

2019          7             18                                              2019/ДШМ735                                    

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Соёмбо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулын өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Г-д холбогдох 1805058101123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн .... Г-, ........

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 11 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” зочид буудлын 208 тоот өрөөнд иргэн В.Д-тай маргалдан түүний эрүүл мэндэд нарийн гэдэсний урагдал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Бийчаагийн Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-н цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ас нийт 2.346.400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаад 666.400 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулд 1.680.000 төгрөг тус тус олгож, В.Болормаагаас өмгөөллийн хөлсөнд төлсөнд 2.000.000 төгрөг, шашны зан үйлтэй холбогдуулан В.Болормаагаас 550.000 төгрөг, Д.Мөнхзулаас 2.500.000 төгрөг нэхэмжлснийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулын нэхэмжилсэн амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй холбогдох нэхэмжлэлийг хээлэлцэхгүй орхиж, үүнтэй холбогдох болон бусад хохирол, хор уршигтай холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн нэхэмжлэлээс шашны зан үйлтэй холбогдуулан нэхэмжилж байгаа 550.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Бид хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг зарцуулсан. Энэ хөлсийг Б.Г-н ар гэрийнхэн сайн дураараа төлөхгүй бол зардалд тооцогдохгүй тухай өмгөөлөгч маань сануулж байсан. Энэ зардлаар бид хохироод дуусч байгаа ч шашны зан үйлд зарцуулсан 550.000 төгрөгийг гаргах ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Г-д 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна. Энэ хүн өмнө нь хүний эрүүл мэндэд халдаж, хүнд гэмтэл учруулаад 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид 4 жил 2 сар суугаад гарсан. Давтан хэрэгтэй, ахыг маань санаатай алсан. Бэр Б.Мядагмаа, дүү Баттулга нартайгаа нийлж, амь насыг нь егүүтгэсэн гэж бид үздэг. Энэ байдлыг ч шалгах шаардлагатай. Шүүхээс хүнийг санаатай алсан хэрэгт ял оногдуулахдаа дунджаар 11 жилээс 13 жилийн ял өгдөг практик \Шүүхийн тогтоолыг интернэтээс уншиж судалсан\ байна. Гэтэл улсын яллагч А.Намдагийн санал болгосон 8 жилийг шүүх өгч байгаа нь буруу. Шүүх ялыг хүндрүүлж болно. Хохирол төлбөр болон ял шийтгэл хөнгөдсөн асуудлыг дахин шалган үзэж, миний гаргасан гомдлыг хүлээн авна уу. ...” гэжээ.

 

Хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолд “... Мөрдөн байцаалтын явцад Б.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, бичгийн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн байх тул түүнд холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Эдгээр үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, ... санал хүсэлтүүдийг хүлээн аваагүй болно...” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Б.Г-д холбогдох 180505810 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр байх тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэрэгт нотолбол зохих байдал тодруулбал, талийгаач В.Д-г хэдийд, яаж зодсон, түүнийг үхэлд хүртэл гэмтээснийг хэн хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. ...Талийгаач В.Д-гийн үхэлд хүргэх гэмтлийг хэн үүсгэсэн болох, бүлэглэн зодсон эсэх, эмнэлгийн тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг санаатай нуун дарагдуулсан шалтгааныг шалгаагүй. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Ангара” зочид буудлын зохион байгуулагчид Б.Мядагмаа нь цагдаагийн үнэмлэх үзүүлж, камерийн бичлэгийг үзээд цагдаад ирж үзсэн гэж битгий хэлээрэй” гэсэн зэрэг нь гэмт хэргийн ул мөрийг арилгах зорилго байжээ. Гэтэл энэ найрыг зохион байгуулсан, буудалд өрөө авч, архидан согтууралтыг зохион байгуулсан Б.Мядагсүрэн, түүний дүү Б.Баттулгыг /буудлын камерийн бичлэгийг хэрэгт хийхгүй, мөрдөгчийн тэмдэглэлээр бэхжүүлсэн ажиллагааг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бэхжүүлээгүй/ буудлын үйлчлэгч, зохион байгуулагч нарыг өнөөдрийг хүртэл асуугаагүй, камерийн бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар аваагүй байгаа нь “гэмт хэрэг хэдийд гарсан, энэ хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоох” зэрэг нотолбол зохих асуудал хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шийдвэр гаргасанд талийгаачийн ар гэрийнхэн маш их гомдолтой байна. Талийгаач В.Д- хэдийд зодуулсан болох, хэнд зодуулсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Талийгаачийн эхнэр Б.Мядагмаа ах дүү нарт нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг 58 минутад утсаар хэлсэн. Хүнд зодуулсныг албаар нуун дарагдуулж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаад “гомдолгүй, өргөдөл шалгуулахгүй, шатнаас унасан” мэтээр худал хэлэх болсны учрыг шалгуулах хүсэлтээ талийгаачийн төрсөн эцэг болон ах дүүс нь өнөөдрийг хүртэл дэмжсээр байна. “В.Д-д эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, болсон үйл явдлыг үгсэн нуун дарагдуулсан, хэргийн талаар үл мэдээлсэн байдлыг Б.Мядагмаа болон тэнд хамт байсан хүмүүст холбогдуулан шалгаж, хариуцлага тооцох” тухай хүсэлтийг шалгахгүй байгаад гомдолтой байна. Дараах ажиллагааг нэмж хийж өгнө үү.

-Камерийн бичлэгийг нэн даруй олж, хэрэгт хавсаргах. Бичлэгт байгаа 207 тоот өрөөнд орж, гарч байгаа хүмүүсийг таниулах ажиллагаа хийх. Буудалд байсан гэх Б.Мядагмаа, Б.Мядагсүрэн, Б.Мядагбадам, Б.Баттулга, Б.Г-, Ганчимэг нарын гар утаснаас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдийн орсон, гарсан дуудлагыг авч, хэрэгт хавсаргах. Мөрдөгчийн тэмдэглэлд тусгасан “Ангара” буудлын 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ажилласан ресепшн Нинжбадгарын Бадамгарав, хамгаалагч Батбаярын Ганцогт, өрөөнд цэвэрлэгээ хийсэн үйлчлэгч, зохион байгуулагч нараас тухайн өдрийн болсон үйл явдлын талаар тодруулж мэдүүлэг авах. Мөрдөгчийн тэмдэглэлд: “Ангара” зочид буудлын зохион байгуулагчтай уулзаж, биечилсэн сурвалжлага хийхэд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тэр буудалд хоносон Мядагмаа гэх хүн 14 цагийн орчимд манай буудалд ирээд цагдаа үнэмлэх үзүүлээд манай хяналтын камерийн бичлэгийг шүүж үзээд өөр цагдаа нар ирвэл намайг ирж хяналтын камер шүүсэн гэж битгий хэлээрээ гэж хэлээд явцгаасан.” гэснээс үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө Мядагмаа ганцаараа очоогүй байна. Б.Мядагмаа цагдаа биш, харин түүний дүү Мядагсүрэн /цагдаагийн хошууч, тэтгэвэрт гарсан/ нь хамт явсан байх магадлалтай. Цагдаагийн үнэмлэхээ эгч Мядагмаадаа ашиглуулсан байна. Энэ асуудал нь цагдаагийн нэр барьсан, хууль бус үйлдэл учраас Б.Мядагсүрэнг шалгаж, хариуцлага тооцох.  Б.Г- нь талийгаачийн нүүрэн тус газар нь нэг удаа, хэвлий орчим нь оймстой хөлөөрөө 1 удаа өшиглөөд эхнэрийн хамт гарч яваад, талийгаач нь эхнэр Мядагмаагийн хамт үлдсэн гэж мэдүүлсэн. Б.Г-н энэ мэдүүлэг нь шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээс зөрөөд байгаа. Г-г гараад явахаар эхнэр Мядагмаа нь талийгаачийг үхэлд хүртэл зодсон байх сэжиг төрж байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй, гэмтлийн цагдаад “шатнаас унасан гомдолгүй, шалгуулахгүй” гэж байгаа шууд санаатай үйлдэл нь Б.Мядагмааг буруутгах шалтгаан болж байгаа тул Б.Мядагмааг цагдан хорьж, энэ хэрэгт холбогдолтой болохыг нарийвчлан шалгах. Гэмтлийн эмнэлэгт байгаа цагдаагийн бүртгэлийн Б.Мядагмаа хаалгасан баримтыг хэрэгт авч хавсаргах. Талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүсийг түүний хувийн байдал хангалттай тодорсон гээд асуугаагүй. Гэтэл Самбууноров \хадам эх\, Мядагмаа, Мядагбадам, Түвшинбаяр нар “талийгаачийг архи маш их уудаг, эхнэрээ байнга зодож, дарамталдаг” байсан гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ нь бодит үнэнээс зөрүүтэй байх тул талийгаачтай 30 жил хамт ажилласан ГОК-ийн эрчим хүчний цехийн ажлын хамт олноос түүний хувийн зан байдлыг тодруулж, тэднийг гэрчээр асуух. ...Эдгээр байдлыг шалган тогтоохгүйгээр шүүгдэгч Б.Г- нь талийгаач В.Д-г алжээ гэдгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, түүний ард хэн нэгэн хариуцлага хүлээхгүйгээр үлдэж байгаад талийгаачийн төрсөн эцэг, өндөр настай Ванчиндорж “үхтэл үр харам” гэгчээр хэргийг бодит үнэнийг тогтоолгохыг хүсч, харуулдан сууна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Ангара” зочид буудлын 207 тоот өрөөнд өөрийн төрсөн эгч Б.Мядагмааг хохирогч В.Д- нь хүндээр доромжилж, хүч хэрэглэн зодож байсныг Б.Г- хараад В.Д-гийн хууль бус үйлдлийг таслан зогсоож түүний нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж, өөдөөс нь дайрахаар нь хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөсөн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хэргийн нөхцөл байдал, Б.Г-н хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочирон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Учир нь, санаа сэтгэл цочирон давчидсан үед бусдыг алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг ба тухайн агшинд хоромхон зуур төрдөг бол санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах нь зайлшгүй, мөн учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн байдгаараа ялгаатай байна. Гэтэл шүүхээс Б.Г-г хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ. Б.Г-г унтаж байхад нь дуу чимээ гарч сэрээд харахад өөрийн төрсөн эгч буюу ойр дотны хүнийх нь дээр талийгаач В.Д- гараад зодож байсан, мөн хүндээр доромжилсон үг хэлж байсан нь түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд автуулж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас босож очоод талийгаачийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүнийг татаж холдуулан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өөр лүү нь дайрахад хөлөөрөө тийрч унагасан байна. Энэ чимээнээр гэрч Одончимэг босч ирсэн бөгөөд энэ үйлдэл хоромхон зуур болоод өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тайлбарт “санаа сэтгэлийн цочирон давчдал” нь сэтгэцийг ердийн байдлаас гаргаж, ухамсарт оюун санааны үйл ажиллагааг сааруулж, өөрийн үйлдэлдээ зөв үнэлэлт хийх, үр дагаврыг бүх талаас нь цэгнэж дүгнэх боломжгүй болгодог бөгөөд тухайн үйлдлийн нийгмийн хор аюул, бодит шинж чанарыг ухамсарлах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг гэжээ. Ингэхээр тухайн хүний болж буй үйл явдал нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр үйл хөдлөл нь хувь хүний зан араншин, сэтгэхүйтэй шууд холбоотой юм. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б.Г-н хувийн байдлын талаар түүнийг “цайлган цагаан зантай, түргэн ууртай” гэсэн байдаг. Түүний хувь хүний зан араншин, сэтгэхүйн онцлогийн хувьд тухайн нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авч байгаа, үүнд үзүүлж буй хариу үйлдлийн шинж байдлаас үзэхэд Б.Г- нь “холерик” темпераменттай хүн юм. Холерик хэв шинжийн хүн цочмог, шаралхуу, ааштай, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай дүрсхийн огцом уурлах, ажил үйлст эрч хүч сайтай хөнгөн гавшгай байдаг гэж тодорхойлсон байна. Темперамент буюу зан араншин нь хүний үйл хөдлөл, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар ба сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм. Энэ нь гэмт хэргийн субъектив талыг бодитой тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Б.Г-н темпераментыг тодорхойлуулах шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй хэдий ч хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь авч үзвэл Б.Г-н ямар зан араншинтай хүн бэ гэдэг нь тодорхойлогдоно. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зөв зүйлчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэм буруутайд тооцож ял халдаасныг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Г- өөрийн төрсөн эгч Б.Мядагмааг “зодлоо” гэх шалтгаанаар хүргэн ах Даваасамбууг “зодож” алсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэг учралын газарт байсан талийгаачийн эхнэр гэрч Б.Мядагмаагийн мэдүүлэгт “талийгаач намайг дороо хийгээд үснээс зулгаагаад, архи өг гэсэн, энэ үед манай төрсөн дүү Г- намайг өмөөрөөд нөхрийг маань татаад авсан, намайг өндийгөөд хартал талийгаач нөхөр маань хажуулдаад хэвтчихсэн, хамар, хөмсөг нь шалбарсан, ухаан алдаагүй байсан. Г- талийгаачид хандаж “та эгчийг минь зодлоо” гээд уурлаад байсан” гэх мэдүүлгээс үзэхэд Б.Г- нь төрсөн эгчийг нь зодсоны дараа талийгаачийн биед халдаагүй, харин эгчид нь хүч хэрэглэн, хүндээр доромжилж эрхшээлдээ оруулж буй талийгаачийн зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний биед гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мядагмаа “тухайн үед биед хөхрөлт үүссэн байсан боловч нөхрийн маань биеийн байдал муу байсан болохоор энэ талаар гомдол гаргаагүй” гэж мэдүүлдэг. ...Хэрэв Б.Г- төрсөн эгчийг нь зодсон, доромжилсон үйлдэл болсныг дараа нь мэдэж талийгаачийг зодож биед гэмтэл учирсны улмаас түүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай байх хууль зүйн үндэслэлтэй.  Шүүх “сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдах” гэдгийг дүгнэхдээ Б.Мядагмаа нь Б.Г-н ойр дотны хүн мөн боловч гэмт хэрэг үйлдэх дээрх цаг хугацаанд В.Даваасамбуу нь эхнэр Б.Мядагмааг хүчээр дарлаж, хүндээр доромжилж, түүний эрүүл мэнд амь насанд аюул, хор уршиг учрахуйц нөхцөл байдал үүссэн талаар хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй байна.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, талийгаач шөнийн 01 цагийн үед архи өгсөнгүй гэх шалтгаанаар зочид буудалд бусдыг унтаж амарч байхад эхнэрээ дороо хийгээд, үснээс нь зулгаагаад, архи авч өг гэх хохирогчийн зүй бус үйлдэл бодит байдлаар тогтоогдож байхад, хүч хэрэглэсэн, хүндээр доромжилсон үйлдэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хууль ёсны зарчим алдагдсан. Мөн шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Б.Г-н гэм буруугийн талаар дүгнэхдээ: “би тухайн үед манай эгчийг зодоод байна гэж бодоод маш их уурлаж, бачимдаад талийгаачийг цохиж зодсон нь үнэн, би яг яаж зодсоноо санахгүй байна” гэснээс үзэхэд гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн зүй бус үйлдэл, зорилго нь ойр дотны хүнд нь заналхийж буй хууль бус үйлдлийг таслан зогсоохдоо “маш их уурлаж, бачимдсан” байдлаа мэдүүлсэн байдаг. Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч А.Золжаргал мөрдөгчид “Г-н темпераментыг тогтоолгох, гэнэт уурлах үед сэтгэл санаа нь цочролд орох боломжтой эсэхийг тогтоолгох” хүсэлтийг бичгээр гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэрчүүд Б.Г-н зан байдлын талаар дурдахдаа хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, цочмог уурладаг, уур нь удахгүй гарчихдаг гэх мэдүүлгүүд бий. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслэн Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд уг зүйлээр ял халдааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч В.Болормаагийн гомдлын нэг дэх хэсэгт шашны зан үйлтэй холбоотой хохирол нэхэмжилж байна. Шашны зан үйлтэй холбоотой гарсан зардлыг төлөх практикт байхгүй, гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Б.Г-г өмнө нь ял шийтгүүлж байсан тухай дурдаж байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхийн эрх хэмжээнд хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл харагдаж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэж ял шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдолд нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэрэг хэзээ гарсан, яаж зодсон, сэдэлт зорилго нь юу байсан талаар тогтоогоогүй гэж байна. Шүүгдэгч Б.Г- нь хүний амь нас хохироосон талаар гэм буруугаа хүлээсэн бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Гэмт хэргийг нуун дарагдуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай үзүүлээгүй гэх асуудал яригддаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай үзүүлж, шаардлагатай хагалгааг цаг тухайд нь хийсэн байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Найр болон архидалт зохион байгуулсан Мядагбадам, Батхуяг, зочид буудлын хамгаалагч, зохион байгуулагч нараас мэдүүлэг авхуулна гэнэ. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч яг юуг нотлох гэж байгаа нь тодорхойгүй. Эдгээр хүмүүс нь хүүхдийн үсний найран дээр л ирсэн хүмүүс... Камерийн бичлэг нэмж шалгаж өгөөч гэж байна. Хэргийн материалд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Зочид буудал учраас тухай үйлчлүүлэгч нарын өрөөнд камер байхгүй, коридорын хэсгийн камерийн бичлэг байдаг. Тухайн бичлэгээр хэрэг гарсан өрөөнд хэн орж, гарч байгааг л харах боломжтой. Тэгэхээр үүнийг дахин шалгах шаардлагагүй. Мөн тухайн өрөөнд орж, гарсан хүмүүсийн утасны жагсаалтыг шалгуулах тухай ярьж байна. Үүгээр бас яг юуг нотлох гэж байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаж байвал, ямар нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа талаараа, мөн тухайн нөхцөл байдал нь гэмт хэргийг илрүүлэхэд ямар ач тустай талаар нарийн тодорхой гаргах ёстой. Цагдаагийн нэр барьж камер шүүлгэсэн тухай ярьж байна. Энэ тухайд ерөөсөө тийм зүйл байхгүй. Тодорхой хүсэлт тавьж, шаардлагын дагуу явсан. Мөн хохирогчийн хувийн байдлыг хангалттай тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд ойлгомжгүй тул хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шашны зан үйлтэй холбоотой зардлыг гаргуулах талаар гомдол гаргасан. Зан үйлтэй холбоотой гарсан зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй гэж байна. Тухайн өдөр “Ангара” зочид буудалд байсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр талийгаач эхнэрээ амраахгүй зовоож байсан талаар хэн аль нь мэдүүлдэг ч амь хохирогч нь анх хүргэн Түвшинбаяртай маргалдаж, амь хохирогч түүн лүү архины хундага авч шидэх үед Г- гаднаас орж ирж, энэ үеэс өс хонзонгийн сэдэлт үүсч хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтээр Б.Г-г өөрийн үйлдлээ ухамсарлах, өөрийгөө удирдан авч явах чадвартай гэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.      

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” зочид буудлын 208 тоот өрөөнд хүргэн ах В.Д-тай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хэвлий орчим хөлөөрөө тийрч түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл буюу цутгалан гэдэс, чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндий дэх цус алдалт, хэвлийн гялтангийн ялгадаст идээт үрэвсэл, зүүн зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх, хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Б.Г-н яллагдагчаар өгсөн “...талийгаачийн дуу улам чангараад байхаар нь хартал  эхнэрийнхээ дээр гарсан зодоод байх шиг харагдахаар нь би өндийгөөд “чи яагаад эгчийг зодоод байгаа юм” гээд нүүр лүү нь гараараа 2 удаа цохиход талийгаач “яаж байнаа чацга минь” гээд босоод ирэхээр нь зөрүүлээд хэвлий орчим луу нь нэг удаа өшиглөхөд талийгаач хойшоо саваад ширээ мөргөж газар унасан. ...” /1хх 189-193/,

гэрч Б.Мядагмаагийн “...би талийгаач нөхрөө архи уулгахгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. ...нөхөр маань миний нүүр лүү гараа сарвалзуулж байгаад цохиод, үснээс зулгаасан. ...Намайг дороо хийгээд үснээс зулгаагаад архи авч өг гэсэн. Энэ үед миний төрсөн дүү Г- намайг өмөөрөөд талийгаач нөхрийг маань татаад авсан, ...өндийгөөд харахад нөхөр маань хажуулаад хэвтчихсэн, хамар, хөмсөг нь шалбарсан байсан. ...” /1хх 76-79/,

гэрч Х.Одончимэгийн “...гэрэл асаахад талийгаач газар хамар, толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Манай нөхөр талийгаачийг зодсон нь үнэн. Яг хичнээн удаа хаана, хаана нь цохиж зодсон талаар сайн харж чадаагүй. ...” /1хх 80-82/,

гэрч Б.Түвшинбаярын “...өглөө буудалд очиход бүгд боссон, талийгаач л орон дээр хэвтэж байсан ба нүүр нь шалбарсан байсан. ... Г-ас юу болсныг асуухад шөнө цонхны гэрэлд талийгаач эгчийг зодоод байх шиг харагдаад би тийрчихсэн гэж хэлсэн. ...” /1хх 87-90/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний эмч О.Гантогтохын “...хагалгааны талаар тэмдэглэлд тодорхой дурдсан. ...Өвчтөний хэвлийд үүссэн гэмтэл хүнд, мөн бөөрний дутагдал эхэлсэн байсан. Амь насыг нь аврах боломж бага байсан. ...” /1хх 97-100/ гэх мэдүүлгүүд,

“...Талийгаачид хэвлийн битүү гэмтэл, цутгалан гэдэс, чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндий дэх цус алдалт, хэвлийн гялтангийн ялгадаст идээт үрэвсэл, зүүн зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх, хуйханд шарх хамрын нуруунд зулгаралт тогтоогдлоо. Хэвлийн гэмтэл нь хүндэрч, нарийн гэдэсний урагдал, үхжилт нь хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч үхэлд хүргэсэн байна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2549 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 108-110/,

“... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхний хагалгаа цаг алдалгүй, зохих ёсоор хийж, гэмтлүүдийг бүрэн оношлож, зөв хагалгаа хийжээ. Хэвлий битүү гэмтэж нарийн гэдэс 4.0 см орчим урагдсан, чацархайд хэд хэдэн газар урагдаж хэвлий хөндийд цус алдалтын /1800 мл/ хэвлийн гялтангийн үрэвслийн хүндрэл цус түгээмэл бүлэгнэх хам шинж /ДВС/ болж нарийн бүдүүн гэдэсний үхжил болсноос ба нарийн гэдэс хагалгааны шархаар гадагшилт болсноос давтан хагалгаа хийжээ. ...Хагалгааны тактик, үйлдэл зөв байна. Дээрх хоёр мэс заслыг заавал, хугацаа алдалгүй хийх хагалгаа юм. Нарийн гэдэсний урагдал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл нь 3.1.12 ба 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт /1хх 116/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-21/, камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 22,25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 105-107/, өвчний түүх /1хх 123-144/ 93/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн түүний амь хохирогч В.Д-д нарийн гэдэсний урагдал, чацархайн урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нар “...Б.Г- нь төрсөн эгчийг нь зодож байсан амь хохирогчийн зүй бус үйлдлийг хараад санаа сэтгэл хүчтэй цочирон давчдаж, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа “...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, мөн зан үйлтэй холбоотой гарсан зардлыг гаргуулж өгнө үү...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн  “...амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан, уг хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хэргийн талаар үл мэдээлсэн Б.Мядагмаа болон тэнд байсан хүмүүсийг шалгах, зочид буудлын камерийн бичлэгийг олж хэрэгт хавсаргах, зочид буудлын хамгаалагч, үйлчлэгч, зохион байгуулагч нараас болон амь хохирогчийн хувийн байдлыг тодруулах зорилгоор хамт ажиллаж байсан хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зохих буруутай байдал нөлөөлсөн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн баримтын хэмжээнд /шаардлага хангаж байгаа/ хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлын тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Мядагмаа, Х.Одончимэг нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Г- нь амь хохирогч В.Давгасамбуугийн хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, цутгалан гэдэс, чацархай, их сэмжний урагдал бүхий хүнд гэмтэл учруулж, хэвлийн гэмтэл нь хүндэрч, нарийн гэдэсний урагдал, үхжилт нь хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч үхэлд хүргэсэн болох нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Г-ас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Амь хохирогчийн ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт гаргаж өгсөн байх бөгөөд хамт ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах мөн энэ хэрэгтэй холбогдуулан зочид буудлын үйлчлэгч, хамгаалагч, зохион байгуулагч нараас гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд зайлшгүй хийх ажиллагаа гэж үзэхгүй.

 

 Түүнчлэн “...амь хохирогчийн биед хийгдсэн үзлэг, оношлогоо, эмчилгээ зөв, цаг алдалгүй зохих ёсоор хийгдсэн, хэвлийд үүссэн гэмтэл хүнд, амь насыг аврах боломж бага, цаг хугацаанд зөв оношилж мэс засал болон эмийн эмчилгээ хийсэн боловч эмгэг хүндэрч нас барсан...” гэх шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч нарын мэдүүлгээр амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг нуун далдалсан гэх нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байна.

Мөн тухайн үйл явдал болсон зочид буудлын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд бичлэгийг СД-нд буулгаж хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй болно. Эдгээр үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын гомдлын тухайд:

Шүүгдэгч Б.Г-н санаа сэтгэл хүчтэй цочирон давчдаж хүний амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухаан тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.Г- нь хохирогч В.Д-г өөрийн төрсөн эгч Б.Мядагмааг зодож байна гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, хэвлийн тус газар нь өшиглөсөн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочирон давчдах байдал үүсээгүй, шүүгдэгч Б.Г-н үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж болохоор байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочиролд оруулан хүндээр доромжилсон байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч А.Золжаргал, С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН