| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/02588/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 163
Ж.Г нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Г нарнарын,
Хариуцагч НШГАт холбогдох
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44 д байр, 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Г:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Г нарнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/11132017/09842 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шүүхийн харьяалал зөрчсөн тул уг хөрөнгө байрлаж буй газар болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Ж.Г Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44д байрны 7 тоотод оршин суудаг бөгөөд Ж.Б нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, миний өмчлөлийн байрыг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А.Ө-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан.
Ингээд Ж.Гшүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 184 дугаартай нотариатч В.Б-ийн Ж.Г-оос Ж.Бд улсын бүртгэлийн Ү-2205047053 дугаартай орон сууцыг барьцаанд тавих, зохих гэрээ байгуулж, түүнд гарын үсэг зурах, уг хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, улмаар Ж.Б, А.Өнарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/03740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1007 дугаар магадлалуудаар дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн.
Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 73 357 100 төгрөг гаргуулж, А.Өлзийжаргалд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагаагаар миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44 д байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсныг би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө олж мэдлээ. Миний өмчлөлийн байрыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу худалдсан. Ингэхдээ албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол шийдвэрийг өмчлөгч Ж.Ганзоригт мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаагүй, үнийн санал авалгүйгээр өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс өмчлөгчид дуудлага худалдаа зарласан тухай мэдэгдэл, тогтоолыг хүргүүлээгүй бөгөөд шуудангийн хаягаар явуулсан боловч хүлээн аваагүй, буцаж ирсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, дээрх мэдэгдэл, тогтоолыг Ж.Г-т мэдэгдээгүйгээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан дуудлага худалдаанд оролцох өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, дээрх эрхээ эдлэх боломжийг хааж, хязгаарласан, дуудлага худалдааны үнийн санал өгөх эрхийг эдлүүлээгүй үйл ажиллагаа болсон. Нөгөөтэйгүүр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон барьцааны гэрээнд үндэслэн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль бус бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг төдийгүй мөн уг хөрөнгийн өмчлөгч болох хүү Г.Т-ийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Х-ын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/31 тоот тогтоолын дагуу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 д байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг В.Бат-Эрдэнэд худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Ж.Баас 13 335 100 төгрөгийг гаргуулж, А.Өд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 д байрны 7 тоот байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “М-О Т” ХХК-ийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 58 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/13093 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58 000 000 төгрөгийн 70 хувь буюу 40 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14275 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 58 000 000 төгрөгийн 50 хувь буюу 29 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 43 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16740 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг 43 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/16742 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Ж.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Б нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарласан дуудлага худалдаанд оролцож 43 000 000 төгрөгөөр Баянгол дүүргийн 17 хороо, 4 хорооллын 44д байрны 7 тоот, 37.9 м.кв орон сууцыг худалдан авсан ба 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус албатай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь түүний худалдан авсан байрыг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Р.Б нь дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцож байрыг авсан бөгөөд ямар нэг хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 44 д /D/ байрны 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ж.Г, Ж.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Гдавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай болон дуудлага худалдаа зарлагдсан талаар мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б болон иргэн Ж.Гнарт хуульд заасан журмын дагуу хүргүүлж байжээ гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд дээрх дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон, анхны дуудлага худалдаа зарласан, хоёр дахь дуудлага худалдаа зарласан мэдэгдлүүдийг шууданд хийсэн гэх боловч дээрх шуудангууд нь бүгд дугтуйтайгаа буцаж очсон байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр хүргүүлж байсан гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Ялангуяа хоёр дахь дуудлага худалдаа явагдахыг мэдэгдсэн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16740 тоот мэдэгдэл нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд буцаж очсон нь хэрэгт авагдсан шуудангийн баримтаар нотлогддог бөгөөд хоёр дахь дуудлага худалдаа нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явагдсан байдаг. Үүнээс үзвэл дуудлага худалдаа болохоос 9 хоногийн өмнө мэдэгдэх хуудас Ж.Г, Ж.Б нарт очоогүйг хариуцагч мэдсэн хэрнээ утсаар ярих боон өөр бусад байдлаар мэдэгдэх бүрэн боломжтой байхад мэдэгдээгүй нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн өөр бусад ажиллагаа явагдахад шийдвэр гүйцэтгэгч Ж.А нь байнга утсаар дууддаг, миний утсыг мэдэж байсан, утсаар байнга харилцаж байсан атлаа дуудлага худалдаа явуулах болохоор мэдэгдээгүйд гомдолтой байна.
Мөн шүүх намайг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй гэж худал дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Би анхны шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор миний гомдлыг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин эхлүүлж байсан нь хэрэгт авагдсан миний гомдол болон түүнийг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тогтоогддог. Иймд түүнийг яагаад гомдол гаргаагүй гэж үзсэнээ тайлбарлаагүй, нөгөөтэйгүүр дээрх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрт үл хөдлөх хөрөнгийг анх барьцаалсан итгэмжлэл болон барьцааны гэрээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг анх барьцаалсан итгэмжлэл болон барьцааны гэрээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь зөвхөн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдах ажиллагааг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу худалдсан нь хууль бус гэж маргасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй гэж маргасан мэтээр ойлгож тайлбарласан нь хууль бус гэж үзэж байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Бын өмгөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэг заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч надад гардуулсан шийдвэрийн 4 дэх хуудсанд даргалагч шүүгч гарын үсэг зураагүй, мөн тамга дарж баталгаагүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Г нарнар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 44д байр, 7 тоотод байрлах 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4375 дугаар захирамжаар хариуцагч Ж.Б нь 73 080 000 төгрөгийг А.Өд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар төлбөр төлөгч нь захирамжийг биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15559 шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ. /хх-25, 29/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ж.Г, Ж.Б, Г.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 44д байрны 7 тоот орон сууцыг 138 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 171/02 тоот тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх-31, 32, 34-35 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.Гнэхэмжлэлийн шаардлагад заасан дуудлага худалдаа явуулах тогтоолыг өөрт нь мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй, үнийн санал аваагүй гэх тайлбар дараахь баримтаар няцаагдаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/10938 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн саналыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлсэн болох нь хэргийн 37 дахь талд авагдсан “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар гэх баримтаар тогтоогдсон.
Төлбөр төлөгч Ж.Б нь тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, харин өмчлөгч Ж.Г-ийн хариуцагч байгууллагад үнийн саналаа өгч байсан болох нь хэргийн 36 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн хариуцагч нь шинжээчийн үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох, анхны дуудлага худалдааг товлосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн байна. /хх-47-49 дүгээр тал/
2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахад үнийн санал ирээгүйн улмаас хариуцагч тал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар 2 дахь дуудлага худалдааг явуулж, улмаар Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44д байр, 7 тоотод байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Р.Бат-Эрдэнэд худалдан борлуулжээ. /хх-59 дүгээр тал/ Иймд дээрх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37, 43, 46, 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч Ж.Бын өмгөөлөгч Б.М нь давж заалдах гомдол гарган, үндэслэлээ “... надад гардуулсан шүүхийн шийдвэрийн 4 дэх хуудсанд даргалагч шүүгч гарын үсэг зураагүй, мөнгө тамга дарж баталгаажаагүй байна” гэх боловч үүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ганзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД