| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0438/Э |
| Дугаар | 806 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 806
2019 8 8 2019/ДШМ806
Б.А, С.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах
шүүгдэгч С.П,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, С.П нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох 1828000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .
.
2. .
Б.А, С.П нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Д, Э.М нарын “Samsung S3”, “Samsung S6” загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,
Б.А нь ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт байрлах “Шугшаа уул” зочид буудлын 5 тоотод иргэн О.Пг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,
С.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...... А, ....... П нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Баярсайханы Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Пт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/, шүүгдэгч С.Пын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 1.988.912 /нэг сая есөн зуун наян найман мянга есөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бүжинлхамд олгож, шүүгдэгч Б.А, С.П нараас нараас хувь тэнцүүлэн тус бүр 10.000 /арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.М, Б.Д нарт тус тус олгож, хохирогч О.П нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаар шүүгдэгч Б.Ааас иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл нэртэй 2 литрийн пивоны сав 2 ширхэг, Тайга нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 2 ширхгийг устгаж, хар өнгийн "Iphone 5s" загварын гар утсыг шүүгдэгч Б.Аад буцаан олгож, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.Пт авсан "Хувийн баталгаа гаргах", Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан "Хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөө ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу явахаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орж ирсэн. Хот явах унаа олдохгүй өглөө эрт явахаар болоод Гурвантэс сумын “Шугшаа уул” нэртэй зочид буудалд хонохоор өрөө авч орсон...нэг цаг гаруй хугацааны дараа буудлын үйлчлэгч эмэгтэй үл таних залуугийн хамт орж ирэн энэ залуу танил маань байгаа юм, манай буудлын өрөө дууссан болохоор танай өрөөний хажуу орон дээр хонуулчихая гэсэн...бид хоёр танилцаад, тэр залуу үүрч явсан хар өнгийн үүргэвчнээсээ нэг шил “Тайга” нэртэй архи гарган задлан хамтдаа уусан. Архи ууж байхдаа тэр залуу миний гар утсанд сим картаа хийж өөрийнхөө дансанд мөнгө хийхээр авсан...унтаж байхад миний нуруун дээр хүнд зүйл дарах шиг болоод сэрэхэд хамт архи ууж байсан П нь миний шулуун гэдэс рүү хуруугаа хийсэн байсан. Би тэр үед маш их цочирдсон учраас орон дээрээс түлхэж унагаасан. Энэ бусармаг гаж үйлдлээс болж бид хоёрын дунд харилцан зодоон үүсч, хэн хэндээ гэмтэл учруулсан байхад мөрдөн байцаагч, прокурор нар хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг баримталж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна...өдийг хүртэл Пгаас байцаалт авсан гэх нэг ч баримт хавтас хэрэгт байдаггүй. Урьд өмнө намайг ял эдлэж байсан гэдэг үндэслэлээр буруутгаж байгаад гомдолтой байна. Уг харилцан зодооны улмаас миний үүдэн шүд хугарч, өшиглүүлсний улмаас төмсгөнд хавдар үүсч хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан байхад хавтас хэрэгт хавсаргаагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх дүгнэлт гаргаагүй. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн хяналтын прокурор Мөнхтулгад болсон хэргийн талаар өргөдөл, гомдол өгсөн боловч хавтас хэрэгт авагдаагүй. Миний бие хуулийн мэдлэггүй учраас бүх байцаалтыг өмгөөлөгчийн хамт өгье гэхэд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан. Анх гэрчээр авсан байцаалтыг өөрчлөн яллагдагчаар авсан болгож өөрчилсөн байсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр энэ талаар шүүгчид хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Сонгинохайрхан дүүргийн прокурор Х.Анхцэцэг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид ирж уулзахдаа хохирогч Пг тархины хүнд хагалгаанд орсон одоогоор хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж хэлэхээр нь би урьд Өмнөговь аймгийн хяналтын прокурор Мөнхтулгад өгсөн өргөдөл, гомдлыг асуухад би мэдэхгүй, аман тайлбар сонсох гэж ирээгүй, дахин гомдлоо гаргаарай гээд явсан боловч бичгээр гаргасан гомдлыг минь авч хэлэлцээгүй, хариу өгөөгүй. Би ар гэрийнхнээ прокурор Анхцэцэгтэй уулзаж гомдол гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүх хурал дээр гомдлоо гарга гээд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдааныг ар гэрт маань мэдэгдэлгүйгээр хийсэн. Хохирогч П гэдэг хүн хагалгаанд орсон эмчийн дүгнэлт, баримт хавтас хэрэгт байдаггүй. Хохирогч Пг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр оролцуулаагүй. Мөрдөн байцаагч Энхсайхан болон прокурор Анхцэцэг нар нь намайг нийгэмд аюултай гэмт хэрэгтэн, удаа дараа ял эдлэж байсан,одоо дахин олон жилийн хорих ялаар шийтгүүлж байгаа болохоор эхнэрт минь “үр хүүхэд чинь бага байгаа дээр амьдралаа бод” гэж хэлсэн байсан...хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хоёр хүний харилцан зодооноос үүссэн байхад хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн...би Пд доромжлуулж, зодуулж гэмтэл, бэртэл авсан байгаа учраас энэ хүнийг давхар шалгуулах, зохиомол гэрчүүд гэх 2-3 хүн байдгийг бас шалгуулах хүсэлттэй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалт, шүүх, прокурорын шатанд өөрийн хийсэн хэрэг, гэм буруугаа бүрэн хүлээж, хууль хяналтын байгууллагаас гаргасан хохирол төлбөр болох 10.000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэмт хэрэгт оролцсон оролцоо, миний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Аын хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.Пгийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн гомдолд дурдсан зүйлүүд хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй, мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа яригдаж байгаагүй асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн үед анх удаа ярьсан. О.Пд доромжлуулж биедээ бэртэл авсан гэх асуудлын тухайд тухайн үед шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн, эдлэх ялыг 2 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай захирамжаар 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх асуудлыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Аыг 4 удаа ял шийтгүүлсэн гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагад нийцээгүйгээс гадна ийнхүү ял шийтгэлийг бичилгүй орхигдуулснаас дээрх алдааг гаргасан байна. Цаашид урьд шүүхээр ял шийтгүүлсэн, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бүрэн эдэлсэн байдлыг дэлгэрэнгүй тусгаж байвал зохино.
Б.А, С.П нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч С.Пын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Б.А “...О.Пг энэ хэрэгт давхар шалгуулах...” гэсэн давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 580 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, С.П нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.А, С.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН