Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00733

 

 Дархан хүнс ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******од холбогдох 

2,741,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Манай компанид 2016-2019 оны 11 сар хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад компанийн мөнгийг хувьдаа хэрэглэсэн. Манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Өр төлбөрийг бүрэн төлж дуусгах байсан боловч төлөөгүй. Үлдэгдэл төлбөр 2,741,650 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2,606,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. ******* нь 2015 оны 10 сараас эхэлж *******-ийн борлуулалтын машины жолооч, засварчнаар анх ажилд ороод 2016 оны 12 сараас эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 11 сард ажлаасаа халагдсан. Борлуулагчаар ажиллаж эхлэхдээ борлуулагчийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулсан. Эд хөрөнгийн хариуцлага бий болгох үр дүнгийн гэрээнд заасны дагуу ажилтан нь дутагдуулсан төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулж ажил олгогчийг хохиролгүй болгохоор заасан бөгөөд талууд харилцан тохиролцсон. Худалдааны төлөөлөгч нь бараа бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрээс аваад худалдан авах аж ахуйн нэгжид хүлээлгэн өгч төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авч *******-д шилжүүлж тооцоогоо тулгадаг. ******* нь ажлаас халагдахдаа манай компанитай тооцоо нийлж акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар 8,451,650 төгрөгийн дутагдал гарсан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, төлбөрийг хэсэгчлэн төлж байгаад Гурван од дэлгүүрт 98,000 төгрөг, Нарлаг дэлгүүрт 70,000 төгрөг, Олон улс худалдааны төвийн өөрийн лангуунд 539,000 төгрөг, Хан дэлгүүрт 680,000 төгрөг, Цаст билэг дэлгүүрт 140,000 төгрөг, Хантайшир дэлгүүрт 70,000 төгрөг, Ногоон дэлгүүрт 3950 төгрөг, Олон улс худалдааны төвийн минж дэлгүүрт 100,000 төгрөг, Хүслэн төвд 957,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны төлбөрийг төлөөгүй байгаа тул 2,606,650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2,606,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Миний бие нь *******-д 2016 оны 5 сард худалдааны төлөөлөгчөөр томилогдсон. 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажилласан бөгөөд компанид ямар нэг өр төлбөр, хохирол учруулж байгаагүй, компанийн эд хөрөнгө мөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, хэрэглэж байсан удаагүй билээ. Харин ажлаас чөлөөлөгдөх үед үйлдсэн тооцоо нийлсэн актад дурдсан төлбөр нь миний төлөх ёстой төлбөр биш компанийн харилцагч хуулийн этгээд, иргэдийн төлөх ёстой төлбөр болно. Иймд *******-ийн гаргасан 2,741,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Намайг ээлжийн амралттай болон бэртэл гэмтэлтэй байх хугацаанд н.Ууганбаяр гэх залуу нь орлон ажиллах хугацаандаа дэлгүүрүүдээс миний нэрээр орлого авсан бөгөөд тус орлогоо *******-д тушаагаагүй байсан. Түүнийг нь тооцоо нийлсэн акт үйлдэхэд миний өр төлбөр гэж оруулсан. н.Ууганбаярын байгууллагад тушаагаагүй орлогыг 2019 оны 08 сард нягтлан бодогч Алтанхуяг дэлгүүрүүдээр явж баталгаажуулсан. Намайг дэлгүүрүүдээс өр төлбөрөө нэхэмжлэхэд *******-аас нягтлан бодогч ирж тооцоо нийлсэн акт үйлдсэн гээд түүнийг үзүүлэхгүй байсан. Би бэлэн бусаар орлого авдаггүй. Зөвхөн бэлнээр орлого авч байгууллагад тушаадаг байсан. Гэхдээ Хүслэн төвийн 957,000 төгрөг нь байгууллага хоорондын дансаар шилжсэн. Олон улсын лангууны 500,000 төгрөгийн дутагдлаас гадаа дэлгүүрийн 140,000 төгрөгийг хасаад 360,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хавсран гүйцэтгэсэн ажлын хөлс болох 40 хувийн цалинг ажил олгогчоос өгөөгүй тул 140,000 төгрөгийг хасч байгаа юм. Худалдааны төлөөлөгчөөр томилогдсон тушаалыг хэзээ гаргасан гэдгийг сайн мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанид учирсан хохирол шаардаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан ажилтан хөрөнгийн хариуцлага хүлээх зохицуулалтыг харах ёстой бөгөөд ажилтны буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, байгууллагад хохирол учирсан эсэх, хэрэв байгаа бол тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, байгууллагад учирсан хохирол, түүний шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Учир нь ******* *******-д 2016.12.01-ний өдрөөс жолооч, засварчнаар ажилд томилогдсон. Энэ нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдана. ******* нь *******-д анх ажилд орохдоо өргөдөл бичсэн бөгөөд тус өргөдөлдөө бүрэн дунд боловсролтой, жолоочоор ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнийг нь ******* хүлээн аваад 2015 оны 12 сард тушаал гаргаж *******ыг жолооч, засварчны ажилд авахаар болж 2016 оны 05 сард жолооч, засварчны ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* нь 2015.12.01-ний өдөр ажилд томилогдоод худалдааны төлөөлөгч Батцэцэгтэй хамт ажилласан боловч Батцэцэг 2018 оны 5 сард ажлаасаа гаргасан. 2018 оны 05 сараас 2018 оны 09 сар хүртэлх хугацаанд Ууганбаяр худалдааны төлөөлөгчөөр, ******* нь жолоочоор ажиллаж байгаад ******* худалдааны төлөөлөгчөөр 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд борлуулагчаар ажиллуулах тухай тушаал огт гараагүй. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлыг хийж гүйцэтгэх ёстой. ******* нь ажил олгогчтой 2016.05.16-нд жолооч, засварчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул жолооч, засварчнаар ажиллах ёстой. Жолоочид борлуулагчаар ажиллах чиг үүрэг байхгүй. *******ыг байгууллагад 2,606,650 төгрөгийг хохирол учирсан гэх боловч хэрэгт авагдсан тооцооны дэлгэрэнгүй баримт 2020.01.01-ний өдрөөс 2020.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны баримт байна. Эд хөрөнгийн хариуцлага шаардаж байгаа бол ажиллаж байх хугацаанд хохирол учирсан байх ёстой. Гэтэл тооцооны дэлгэрэнгүй баримтыг харахад энэ цаг хугацаанд ******* ажиллаагүй нь харагдаж байна. ******* нь 2019 оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 2,606,650 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байна. Байгууллагад хэзээ хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар *******оос өр төлбөр гаргуулах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийднэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. ******* нь 2019 оны 11 сард ажлаасаа гарч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа 2019.12.12-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 8,451,650 төгрөгийн дутагдал гарсан гэж тайлбар өгсөн. Гэтэл 8,451,650 төгрөгийн тооцоо нийлсэн акт нь хэрэгт авагдаагүй байна. 2019.12.12-нд тооцоо нийлсэн акт үйлдсэн бол акт үйлдсэнээс хойш 3 сарын хугацаанд яагаад шүүхэд хандахгүй хугацаа хэтрүүлсэн бэ. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох 2,741,650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,816 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох 2,741,650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 360,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,246,650 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 106 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан нөхцөл байдал үүссэнийг анзаарч үзээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тухайн байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй, мөн нэхэмжлэгч байгууллагатай тооцоо нийлж акт үйлдээгүй, зөрчил дутагдал гаргаж мөнгө дутаагаагүй гэх тайлбарыг өгсөн. Нотлох баримтыг шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримт хавтаст хэргээс гарч ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талд тус баримт нь хуулбар хувиараа байсан. Учир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эх хувийг нь хавсаргаж өгсөн тухайгаа нэхэмжлэлийнхээ хавсаргасан баримтыг 8 дугаарт тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд тус тооцоо нийлсэн акт гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримт хэмээн үзэж иш татан шүүхэд тайлбар гаргаж оролцсон. Нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд тус баримт гарч ирээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн акт гэх баримтын хуулбар хувийг хариуцагчид үзүүлж ийм акт үйлдэгдэж байсан эсэх тухай асуухад хүлээн зөвшөөрсөн хариултыг өгдөг. Үүнтэй холбоотойгоор тус хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлага бүхий нотлох баримтуудыг гаргуулах эрхээ хэрэгжүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэж өгөх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалтыг хэрэглэн шийдвэрлэх учиртай байсан. Тус хуулийн заалтыг хэрэглэх хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх санаачилгаараа шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, холбогдох баримтыг гаргуулан авах эрхийг шүүхэд олгосон байна. "Тооцоо нийлсэн акт" гэх нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирсэн баримт хэргийн материалд байхгүй, мөн хариуцагчийн зөвшөөрсөн хариултыг өгдөг. Үүнтэй холбоотойгоор тус хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлага бүхий нотлох баримтуудыг гаргуулах эрхийг хэрэгжүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэж өгөх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалтыг хэрэглэн шийдвэрлэх учиртай байсан. Тус хуулийн заалтыг хэрэглэх хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх санаачилгаараа шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, холбогдох баримтыг гаргуулан авах эрхийг шүүхэд олгосон байна. Тооцоо нийлсэн акт гэх нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирсэн баримт хэргийн материалд байхгүй, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотой санхүүгийн баримт хариуцагчийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мөн гэдэг нь тодорхой байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэлд хавсарган өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримт байхгүй байсан нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болох тухай. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх холбогдох баримтын хамт хүлээн авсаар тухайн нэхэмжлэлтэй холбоотой хавтаст хэрэг үүсч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг талууд шүүхэд гаргаж өгдөг. Нэгэнт үүссэн хавтаст хэргийг шүүхийн байгууллага хариуцан хадгалж, оролцогчдод танилцуулж, хяналт тавьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас анхнаасаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нотлох баримтыг хүлээж авсан боловч тус нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны гаргасан энэхүү процессын алдааг залруулах учиртай байхад нэхэмжлэлд хавсаргасан баримтын тоо тулж байх тул шүүхэд дээрх баримтыг гаргаж өгсөн шүүх дээр алга болсон гэх гомдол үндэслэл муутай байна гэх дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгаж, тулгаж хүлээж авах үүрэг нь шүүхийн үүрэг, шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хүлээж авсан бол нэхэмжлэлд хавсаргасан баримтын бүрэн бүтэн байдал хавтаст хэргийн материал бүхэлдээ шүүхийн мэдэл, хяналтад очих учиртай, нотлох баримт дутсан, үрэгдсэн алга болсон асуудал үүсч энэ талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл анхнаасаа хүлээж аваад хариуцаж байсан шүүхийн байгууллага хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал өөрт буй баримтаа гаргаж өгөхгүй байх ямар ч эргэлзээ, шаардлага байхгүй нь тодорхой юм. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн процессын алдааг илт хаацайлсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дархан хүнс ХК нь хариуцагч *******од холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа учруулсан хохирол 2,741,650 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох 2,741,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Дархан хүнс ХК-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 360,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,246,650 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2015.10.05-ны өдөр ******* нь тус компанид жолоочоор ажиллах хүсэлт гаргасны дагуу дадлагажигчаар ажиллуулж байгаад 2015.12.01-ний өдөр жолооч засварчнаар ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, 2016.05.21-ний өдрийн №16/01 Борлуулагчийн гэрээгээр 2016.05.23-ны өдрөөс 6 сарын хугацаагаар компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажил үүргийг жолоочийн ажилтай хавсран гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа дууссан боловч 2019 оны 11 сар хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг борлуулагчийн ажлыг хийж байхдаа компанийн мөнгийг хувьдаа хэрэглэсэн, компанитай тооцоо нийлсэн актаар 8,451,650 төгрөгийн дутагдал гарсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, ... 2,741,650 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

Хариуцагч нь ... өөрийн дансанд борлуулалтын орлогыг шилжүүлж байгаагүй, бэлнээр өгсөн төлбөрийг тухай бүр нь байгууллагад тушаадаг байсан, дэлгүүрүүдийн өр төлбөрийг нягтлан баталгаажуулсан. Лангуу ажиллуулдаг...360,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

Нэхэмжлэгч нь ... 2020.01.01-2020.06.04-ний тайлант үеийн ******* эхний үлдэгдэл 3,080,950.16 төгрөг, 2020.02.02-ны өдөр 1,500,000, 2020.05.22-ны өдөр 200,000 төгрөг төлсөн, 2020.05.26-ны өдөр Хүслэн төв, Бичигт хангай дэлгүүрүүдийн тооцоог Хишигтогтох руу өр үүсгэв 1,127,700 төгрөг, 2020.06.04-ний өдөр 3 Од, Олон булаг дэлгүүрүүдийн зээлийг Хишигтогтох руу өр үүсгэв 233,000 төгрөг, үлдэгдэл 2,741,650 төгрөг гэсэн бичиглэл бүхий Тооцооны дэлгэрэнгүй гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

2019 оны 11 сард *******ыг ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч талаас ирүүлсэн өр төлбөртэй холбоотой Тооцооны дэлгэрэнгүй гэсэн баримт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 6 сарын дараа хийгдсэн, дээрх тооцоо нь *******той ямар хамааралтай нь тодорхойгүй буюу энэ өр хэзээ хэрхэн үүссэн, ямар тооцоо тооллогын үндсэн дээр илэрч, анхан шатны бүртгэлийн ямар баримтаар нотлогдож байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч тухайн өр нь хэзээ юунаас үүссэн өр болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг тус байгууллагад жолооч борлуулагчаар ажиллаж байхдаа орлогын мөнгийг дутуу тушаасан гэж  нэхэмжилсэн боловч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2016 оны 12 сараас 2019 оны 11 сар хүртэл хугацаанд байгууллагад учруулсан хохирол гэж 2,741,650 төгрөгийг шаардсан нэхэмжлэлээ 2020.06.04-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1-д нийцсэн эсэх талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалтыг хэрэглэн шийдвэрлэх учиртай байсан, ... нэхэмжлэлд хавсарган өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримт байхгүй байсан гэсэн гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны харилцаанд илүү тохирох Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхээр, түүнчлэн хариуцагчийн зөвшөөрсөн 350,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс энэ алдааг залруулна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар *******оос 360,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,381,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, гэж, шийдвэрийн 2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, *******оос 11,450 төгрөгийг гаргуулж *******-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 50,896.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД