Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 927

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00728/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ...сум, ....багт байрлах, /УБД: ..., РД: ..., Д ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг,...тоотод оршин суух, /утас .../, ...регистрийн дугаартай, ...овогт П.Х-д холбогдох

2 741 650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч П.Х, түүний өмгөөлөгч Э.Д /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г, өмгөөлөгч Б.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгааг компанийн мөнгийг хувьдаа хэрэглэсэн. Манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Өр төлбөрийг бүрэн төлж дуусгах байсан боловч төлөөгүй. Үлдэгдэл төлбөр 2 741 650 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2.606.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. П.Х нь 2015 оны 10 сараас эхэлж Д ХК-ийн борлуулалтын машины жолооч, засварчнаар анх ажилд ороод 2016 оны 12 сараас эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сард ажлаасаа халагдсан. Борлуулагчаар ажиллаж эхлэхдээ борлуулагчийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулсан. Эд хөрөнгийн хариуцлага бий болгох үр дүнгийн гэрээнд заасны дагуу ажилтан нь дутагдуулсан төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулж ажил олгогчийг хохиролгүй болгохоор талууд заасан бөгөөд талууд харилцан тохиролцсон. Худалдааны төлөөлөгч нь бараа бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрээс аваад худалдан авах аж ахуй нэгжид хүлээлгэн өгч төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авч Д ХК-д шилжүүлж тооцоогоо тулгадаг. Х нь ажлаас халагдахдаа манай компанитай тооцоо нийлж акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар 8.451.650 төгрөгийн дутагдал гарсан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, төлбөрийг хэсэгчлэн төлж байгаад Г дэлгүүрт 98.000 төгрөг, Н дэлгүүрт 70.000 төгрөг, Олон улс худалдааны төвийн өөрийн лангуунд 539.000 төгрөг, Х дэлгүүрт 680.000 төгрөг, Ц дэлгүүрт 140.000 төгрөг, Х дэлгүүрт 70.000 төгрөг, Н 3950 төгрөг, Олон улс худалдааны төвийн М дэлгүүрт 100.000 төгрөг, Х төвд 957.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны төлбөрийг төлөөгүй байгаа тул 2.606.650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2.606.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Х, түүний өмгөөлөгч Э.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д ХК-д 2016 оны 5 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр томилогдсон. 2019 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөхийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанид ямар нэг өр төлбөр, хохирол учруулж байгаагүй, компанийн эд хөрөнгө мөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, хэрэглэж байсан удаагүй билээ. Харин ажлаас чөлөөлөгдөх үед үйлдсэн тооцоо нийлсэн актад дурдсан төлбөр нь миний төлөх ёстой төлбөр биш компанийн харилцагч хуулийн этгээд, иргэдийн төлөх ёстой төлбөр болно. Иймд Д ХК-ийн гаргасан 2 741 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч: Би Д ХК-д 2016 оны 12 сараас жолооч, засварчнаар ажилд ороод Б гэх худалдааны төлөөлөгчтэй хамт ажилд гарах болсон. Компанийн зүгээс худалдааны төлөөлөгчийн ээлжийн амралттай байх хугацаанд намайг уг ажлыг хавсран гүйцэтгэх санал тавьсан. Би тухайн үед тооцоо мөнгөний ажил хийхгүй гэдгээ хэлсэн. Намайг ээлжийн амралттай болон бэртэл гэмтэлтэй байх хугацаанд У гэх залуу нь орлон ажиллах хугацаандаа дэлгүүрүүдээс миний нэрээр орлого авсан бөгөөд тус орлогоо Д ХК-д тушаагаагүй байсан. Түүнийг нь тооцоо нийлсэн акт үйлдэхэд миний өр төлбөр гэж оруулсан.  У-ын байгууллагад тушаагаагүй орлогыг 2019 оны 8 дугаар сард нягтлан бодогч А нь дэлгүүрүүдээр явж баталгаажуулсан. Намайг дэлгүүрүүдээс өр төлбөрөө нэхэмжлэхэд Д ХК-аас нягтлан бодогч ирж тооцоо нийлсэн акт үйлдсэн гээд түүнийг үзүүлэхгүй байсан. Би бэлэн бусаар орлого авдаггүй. Зөвхөн бэлнээр орлого авч байгууллагад тушаадаг байсан. Гэхдээ Х төвийн 957.000 төгрөг нь байгууллага хоорондын дансаар шилжсэн. Олон улсын лангууны 500.000 төгрөгийн дутагдлаас гадаа дэлгүүрийн 140.000 төгрөгийг хасаад 360.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг  хүлээн зөвшөөрч байгаа. Хавсран гүйцэтгэсэн ажлын хөлс болох 40%-ийн цалинг ажил олгогчоос өгөөгүй тул 140.000 төгрөгийг хасч байгаа юм. Худалдааны төлөөлөгчөөр томилогдсон тушаалыг хэзээ гаргасан гэдгийг сайн мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д ХК нь хариуцагч П.Х-оос дутагдуулсан бараа материалын үнэ 2.606.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Компанид учирсан хохирол шаардаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан ажилтан хөрөнгийн хариуцлага хүлээхийг зохицуулалтыг харах ёстой бөгөөд ажилтны буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, байгууллагад хохирол учирсан эсэх, хэрэв байгаа бол тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, байгууллагад учирсан хохирол, түүний шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Учир нь П.Х нь Д ХК-д 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жолооч, засварчнаар ажилд томилогдсон. Энэ нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдана.  Х нь Д ХК-д анх ажилд орохдоо өргөдөл бичсэн бөгөөд тус өргөдөлдөө бүрэн дунд боловсролтой, жолоочоор ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнийг нь Д ХК хүлээн аваад 2015 оны 12 сард тушаал гаргаж Х-ыг жолооч, засварчны ажилд авахаар болж 2016 оны 5 дугаар сард жолооч, засварчны ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдоод худалдааны төлөөлөгч Б хамт ажилласан боловч Б 2018 оны 5 сард ажлаасаа гаргасан. 2018 оны 05 сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд У худалдааны төлөөлөгчөөр, П.Х нь жолоочоор ажиллаж байгаад П.Х худалдааны төлөөлөгчөөр 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд борлуулагчаар ажиллуулах тухай тушаал огт гараагүй. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд тусган ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Х нь ажил олгогчтой 2016 оны 5 дугаар сарын 16-нд жолооч, засварчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул жолооч, засварчнаар ажиллах ёстой.

Жолоочид борлуулагчаар ажиллах чиг үүрэг байхгүй. Х-ыг байгууллагад 2.606.650 төгрөгийг хохирол учирсан гэх боловч хэрэгт авагдсан тооцооны дэлгэрэнгүй баримт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны баримт байна. Эд хөрөнгийн хариуцлага шаардаж байгаа бол ажиллаж байх хугацаанд хохирол учирсан байх ёстой. Гэтэл тооцооны дэлгэрэнгүй баримтыг харахад энэ цаг хугацаанд Х ажиллаагүй нь харагдаж байна. Х нь  2019 оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 2.606.650 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байна. Байгууллагад хэзээ хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар П.Хоос өр төлбөр гаргуулах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т  ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийднэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Х нь 2019 оны 11 сард ажлаасаа гарч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 8.451.650 төгрөгийн дутагдал гарсан гэж тайлбар өгсөн. Гэтэл 8.451.650 төгрөгийн тооцоо нийлсэн акт нь хэрэгт авагдаагүй байна. 2019 оны 12 дугаар сарын 12-нд тооцоо нийлсэн акт үйлдсэн бол акт үйлдсэнээс хойшхи 3 сарын хугацаанд яагаад шүүхэд хандахгүй хугацаа хэтрүүлсэн бэ. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХК нь хариуцагч П.Х-д холбогдуулан 2 741 650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Х нь Д ХК-д жолоочоор ажиллах хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасны дагуу дадлагажигчаар авч ажиллуулж байгаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жолооч засварчнаар ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ажилд орохыг хүссэн иргэний анкет, өргөдөл, хөдөлмөрийн гэрээ, П.Х-ын Нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №16/01 дугаартай Борлуулагчийн гэрээгээр П.Х нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажил үүргийг жолоочийн ажилтай хавсран гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа дууссан боловч 2019 оны 11 сар хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь компанитай байгуулсан борлуулагчийн гэрээ, Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... П.Х нь борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа компанийн мөнгийг хувьдаа хэрэглэсэн. Манай компанитай тооцоо нийлсэн актаар 8 451 650 төгрөгийн дутагдал гарсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүний үлдэгдэл тооцооны дэлгэрэнгүйгээр одоо 2 741 650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо 135 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж 2 606 650 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх эрх эдлэх боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж байгаа буюу зарим хэсгийг татгалзаж байгаа талаар тайлбар ирүүлээгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... өөрийн дансанд борлуулалтын орлогыг шилжүүлж байгаагүй, бэлнээр өгсөн төлбөрийг тухай бүр нь байгууллагад тушаадаг. Дэлгүүрүүдийн өр төлбөрийг нягтлан баталгаажуулсан. Би өөрөө Олон улс худалдааны төвд лангуутай. Надад 500 000 төгрөгийн өр үүсгэсэн байна. Би 360 000 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд намайг давхар ажиллуулсны цалин хөлсөнд тооцуулах хүсэлтэй байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч нь П.Х-ын 2016 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэл борлуулагчаар ажиллаж байхдаа байгууллагад орох байсан бараа, бүтээгдэхүүний орлогыг оруулаагүй гэж нотлох баримтаар Тооцооны дэлгэрэнгүй ирүүлсэн бөгөөд 2020.01.01-2020.06.04-ний тайлант үеийн Тооцооны дэлгэрэнгүй гэсэн баримтад П.Х эхний үлдэгдэл 3 080 950,16 төгрөг, 2020.02.02-ны өдөр 1 500 000, 2020.05.22-нд 200 000 төгрөг төлсөн, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хүслэн төв, Бичигт хангай дэлгүүрүүдийн тооцоог Х руу өр үүсгэв 1 127 700 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 3 Од, Олон булаг дэлгүүрүүдийн зээлийг Х руу өр үүсгэв 233 000 төгрөг үлдэгдэл 2 741 650 төгрөг гэжээ.

 

П.Х-ыг 2019 оны 11 сард ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж байгууллагад учруулсан хохирлыг хариуцах үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн өр төлбөртэй холбоотой Тооцооны дэлгэрэнгүй нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 6 сарын дараа хийгдсэн, дээрх тооцоо нь П.Х-той ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй, энэ өр хэзээ хэрхэн үүссэн эсэх, ямар тооцоо тооллогын үндсэн дээр илэрч анхан шатны тооцоо бүртгэлийн ямар баримтаар нотлогдож байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой зааж шүүхэд маргаан үүсгэхэд хангалттай нотлох баримт ирүүлж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах нотлох баримтыг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэлд дурдсан 2 741 650 төгрөг нь хэзээ юунаас үүссэн өр болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 8 451 650 төгрөгийн төлбөр гарсныг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Борлуулагчийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх гэрээ зэрэг баримтуудыг одоо гаргаж өгч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй байдал тогтоогдохгүй байх тул нотлох баримтаас хасах хүсэлтийг хангахаас татгалзав.

Мөн нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий хариуцагч П.Х нь хэзээнээс борлуулагчаар ажилласан талаар тушаал, шийдвэр, санхүүгийн баримтууд шаардлагатай байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт гаргуулах эрхийг эдэлж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж тайлбар гаргасан боловч нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эдлэх тул хүсэлтийг хангахаас татгалзав.

 

Иймд нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д ХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Д.М-т олгосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүнийг оролцуулах эсэх талаар шүүх хуралдаанд хэн аль нь санал хүсэлт гаргаагүй тул түүнийг байлцуулахгүйгээр зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар Д ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х-д холбогдох 2 741 650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 816 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.