Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00567

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 27 001/ХТ2021/00567

 

 

 

*******, *******, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00368 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 916 дугаар магадлалтай,

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж, ээлжийн амралтын олговор, ажилласан хугацааны цалин *******ид нийт 11,270,047 төгрөг, *******д нийт 9,171,698 төгрөг, *******ид нийт 7,037,735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчивын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч нар 2018.11.01-ний өдөр тус компанид ажилд орсон. 2019.10.01-ний өдөр Нарийн сухайт эрчим ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааг 100 хувь Монгол алт ХХК-д шилжүүлэн, худалдан авч цаашид ажлын байраар хангах боломжгүй гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 2019.10.11-ний өдөр хүртэл 10 хоног ажилласан цалингаа авах гэхээр одоо хүртэл өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нар ажилд орохоосоо өмнө бүгдээрээ өөр газар ажиллаж байсан ба гэнэт халагдахгүй байх баталгаа авч халсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн заалтыг хөдөлмөрийн гэрээндээ оруулж өгсөн байдаг. 2019.10.10-ны өдөр Нарийн сухайт эрчим ХХК-ийн захирлын тушаал гарч эдгээр гурван хүнийг ажлаас нь халсан. Халахдаа тухайн компанийн 100 хувийн хувьцаа Монгол алт ХХК-д шилжсэн учраас ажлын байраар хангах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа бол хувьцаа шилжээгүй тушаал хүчингүй гэсэн. Тэгэхээр эдгээр гурван хүнийг буцаж ажилдаа орлоо гэхэд дахин ажлаас халах болно. Тийм учраас нэхэмжлэгч нар зөвхөн амралтын мөнгө, тэтгэмж болон ажилласан хугацааны цалингаа гаргуулах хүсэлттэй байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 сарын тэтгэмж өгөх ёстой. Ажлаас халснаас хойш өнөөдөр хүртэл 4 сарын хугацаа өнгөрлөө. Нэхэмжлэгч нарт 6 сарын тэтгэмж өгөхөд ******* хохиролгүй байх, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нарийн сухайт эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирлын №8 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт ... 2019.10.01-ний өдрийн тогтоолоор тус компанийн хувьцааг 100 хувь Монгол алт ХХК эзэмших шийдвэр гарч цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон тул... гэж дурдсан байх боловч тус өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь эзэмшлийн талаар хэлэлцсэнээс бус дээр дурдсан нөхцөл байдлын талаар шийдвэрлээгүй бөгөөд компанийн хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдөөгүй болно. 2. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д ...ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно... гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн ...37.1.6. ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан..., ...40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн..., ...40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон..., ...40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн..., ...42.2. Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно... гэж зааснаас аль ч нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь цэргийн жинхэнэ албанд татагдаагүй, аж ахуй нэгж татан буугдаж, орон тоо хасагдаж, тоог цөөрүүлээгүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээр тэнцэхгүй болохыг тогтоосон актгүй, тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бөөнөөр халах нөхцөл байдал бий болоогүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж авах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00368 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар Нарийн сухайт эрчим ХХК-иас 11,270,047.17 төгрөг гаргуулж *******ид, 9,171,698.11 төгрөгийг гаргуулж *******д, 7,037,735.85 төгрөгийг гаргуулж *******ид тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,522 4/195,270.75+161,697.17+127,553.77/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нарийн сухайт эрчим ХХК-иас 484,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 916 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нарийн сухайт эрчим ХХК-иас 9,583,726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид, 7,666,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 6,389,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид тус тус олгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,686,321 төгрөг, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,504,717 төгрөг, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 648,585 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,522.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нарийн сухайт эрчим ХХК-иас 168,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид, 137,621 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 117,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Нарийн сухайт эрчим ХХК-г Монголын Алт (МАК) ХХК, Саусгоби сэндс ХХК, Өсөх зоос ХХК, Умардын эрчим инженеринг ХХК, Өвөр монголын хүрэл энержи ХХК гэсэн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын орд газарт түшиглэн 110 кВат-ын цахилгаан станц барих, угсрах төсөл хэрэгжүүлэх, түүний бэлтгэл ажлыг хангахаар хамтран байгуулсан. ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Алтангадас нь өөрийн үүсгэн байгуулсан Ингернэшнл повер ХХК-д ажиллаж байсан ажилтнуудтай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн хөдөлмөрийн гэрээг байгуулан ажлаас чөлөөлөгдөх хүртлээ компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс цалинжуулж ирсэн. Ц.Алтангадастай байгуулсан хөдөлмөрийн гэрээг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019.10.01-ний өдөр цуцлах болохыг мэдэгдсэн бөгөөд мөн тус өдөр Ц.Алтангадас нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан байдаг. Нэхэмжлэгч нарт компанийн зүгээс хувьцаа эзэмшигч компаниудад ижил төрлийн боломж нөхцөлтэй ажлын байрыг санал болгосон боловч хүлээн аваагүй бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны тогтвортой бус байдал зэргийг мэдсээр байж хоорондоо үгсэн тохиролцсон, хохирол учруулж, ашиг хонжоо олох гэсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д ...Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно... гэж заасан бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд гэрээний дээрх заалтад туссанчлан нэхэмжлэгч нар нь цэргийн жинхэнэ албанд татагдаагүй, аж ахуй нэгж татан буугдаж, орон тоо хасагдаж, тоог цөөрүүлээгүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээр тэнцэхгүй болохыг тогтоосон актгүй, тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бөөнөөр халах нөхцөл байдал бий болоогүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж авах эрх үүсээгүй байхад шүүхээс хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал шүүхийн магадлалын хянах хэсэгт ...тушаалын үндэслэл, агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан... гэх үндэслэлд хамааруулан, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулалгүй хуульд нийцээгүй тушаалд үндэслэн шийдвэрлэсэн явдал болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дурдсан байгаа ч бодит нөхцөл байдал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мэдрэлийн гаралтай бүслүүрт үлд гэх өвчнөөр өвчилж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэдгээ шүүгч, шүүгчийн туслахад холбогдох эмнэлгийн магадлагаа болон хүсэлтийг хүргүүлсэн боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Дээрхээс үүдэн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зохигчийн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадалгүй, биечлэн оролцож үг хэлэх, тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй хэргийг үнэн зөв, магадлашгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд хэрэг маргааныг бүхэлд хянаж холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар ******* холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговор нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* нийт 11,270,047 төгрөг, ******* 9,171,698 төгрөг, ******* 7,037,735 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргажээ.   

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Харин, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч нарт ижил төрлийн боломж, нөхцөлтэй ажлын байрыг санал болгосон боловч хүлээж аваагүй, компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны тогтвортой бус байдал зэргийг мэдсээр байж хоорондоо үгсэн тохиролцож компанид хохирол учруулж, ашиг хонжоо олох гэсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна. ...Нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж авах эрх үүсээгүй байхад шүүхээс хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нарийн сухайт эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.11.01-ний өдрийн 03 дугаар тушаалаар *******ийг ерөнхий инженерээр, 04 дүгээр тушаалаар *******г засвар, ашиглалтын инженерээр, 05 дугаар тушаалаар Д.Намсрайг оффис менежерээр тус тус томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Гэвч гүйцэтгэх захирлын 2019.10.11-ний өдрийн 07, 08, 09 дугаартай тушаалуудаар тэднийг ...тус компанийн 100 хувийн хувьцааг Монголын Алт ХХК эзэмших шийдвэр гарч, цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон үндэслэлээр тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан хэдий ч тушаалд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг, нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон, Нарийн сухайт эрчим ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.01-ний өдрийн тогтоолоор тус компанийн 100 хувийн хувьцааг Монголын алт ХХК эзэмших шийдвэр гарсан гэж заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамааруулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.15-д Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн ...40.1.1, 40.1.2, ...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу хариуцагчаас ажлаас халагдсаны тэтгэмжийг шаардах эрхтэй бөгөөд хоёр шатны шүүхээс ажлаас халагдсаны тэтгэмжийг гэрээнд заасан 6 сарын хугацаагаар тооцож гаргуулсан нь зөв байна.

Харин, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ээлжийн амралтыг биеэр эдэлсэн, эсвэл эдлүүлээгүй, үүнтэй холбоотой мөнгөн урамшуулал олгох талаар ажил олгогчийн шийдвэр гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад ээлжийн амралтын олговор гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 916 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,522 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ