Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Сургуульд холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлөх, бичилт хийлгэх, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М-ийг 1994 онд эдийн засгийн бакалавр, эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш сургуульдаа судлаач, багш, ахлах багш, дэд професор, профессор зэрэглэлийн албан тушаалд ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд сүүлийн 10 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа тэнхимийн эрхлэгчээр 4 жил, судалгааны төвийн эрхлэгч болон захирлаар 5 жил, Эдийн засгийн сургууль /ЭЗС/-ийн Сургалтын албаны даргаар 3.5 жил, Бизнесийн сургуулийн захирлаар 1.5 жил, сүүлд М-ын Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажилласан.

Энэ хугацаанд М-ын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хариуцсан үйл ажиллагаа, чиг үүргийг Монгол Улсын хууль, М-ын дүрэм, журмын хүрээнд нэр төртэй биелүүлж ирсэн. Ялангуяа хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар томилогдсон цагаасаа М-ын санхүү, нягтлан бодох бүртгэл, төсөв, төлөвлөлт, гүйцэтгэлийн үйл явцыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл явцыг илүү сайжруулах, төсөв, төлөвлөлт, гүйцэтгэлийн ил тод байдал, нягтлан бодох бүртгэлийн тайлагналыг сайжруулах зорилгоор үе шатны төлөвлөгөө гарган ажилласан.

Тухайлбал, 2015-2017 онд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “М-ын засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүнээр болоод 2017 оны 04 дүгээр сараас төсөл дуусах хүртэлх хугацаанд төслийн багийн ахлагчаар ажилласан. Төслийн хүрээнд М-ын засаглалын үндсэн байгууллагуудын чиг үүргийг нягталж, холбогдох дүрэм, журамд дүгнэлт хийн, шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Ингэхийн тулд холбогдох талуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг нийт 3 удаа зохион байгуулж, зохих дүгнэлт, зөвлөмж гаргасан. М-ын дүрэм, журмуудыг нягталж, өнөөгийн хууль, эрх зүй болон дээд боловсролын талаар төрөөс баримталж буй бодлоготой нийцэж буй эсэх, өөр хоорондоо зөрчилтэй эсэхэд хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн. М-ын засаглалыг сайжруулах асуудлаар дүрэм, журамд оруулах өөрчлөлтийн санал боловсруулж, журамлагдаагүй харилцааг тодруулж, цаашид шинээр боловсруулах журмын жагсаалт гарган, журмуудыг эхнээс нь боловсруулан, батлуулан, мөрдөн ажиллаж байна. М-ын захиргааны үйл явцын шинжилгээ хийж, зураглал гаргасан /нийт 297 үйл явц/ ба Үйл явцад суурилан захиргааны орон тооны тооцоо хийж, оновчтой байршуулах саналыг Захиргааны зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулсан. М-ын багш, ажилтны бүх ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, шинээр боловсруулсан /нийт 200 орчим ажлын байр/.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа сургуулийн санхүү, бүртгэл, төсөв төлөвлөлтийн үйл явцыг сайжруулах зорилгоор ажлын төлөвлөгөө гарган, шат дараалан хэрэгжүүлж байна. Төсөв, төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээ хийдэг болж, бүрэлдэхүүн сургууль, газар, хэлтэс, алба нэг бүрийн төсвийн гүйцэтгэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хамт олонд ил тод болгох үүднээс 2017 оны 10 дугаар сараас эхлэн удирдлагуудаар нь тайлан тавиулж, хяналт тавин ажиллаж байна. Өмнө нь М-ын хувьд бүрэлдэхүүн сургуулиуд төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа бүрэлдэхүүн сургуулийн түвшинд танилцуулж, хэлэлцүүлдэггүй байсан. Тэгвэл миний бие бүх бүрэлдэхуүн сургууль, газар, хэлтэс, албаны санхүүгийн болоод төсвийн гүйцэтгэлийн тайланг бүх тэнхимийн эрхлэгч нарт танилцуулах ажлыг зохион байгуулж, төсөв боловсруулалт, боловсруулах үйл явцад багш, ажилтны оролцоог хангах, тэдний санал хүсэлтийг тусгах, төсөв батлагдсаны дараах эргэх холбоог сайжруулах үүднээс бүрэлдэхүүний сургууль бүр дээр ажиллах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлүүлсэн.

Гэтэл М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий “Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай” тушаалыг гаргаж намайг үндэслэлгүйгээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд:

1. Үндэсний аудитын газраас М-ын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгээр М “хязгаарлалттай санал дүгнэлт” авч, зөрчил арилгуулах 2 албан шаардлага, 1 акт тогтоогдсонд намайг буруутган, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах үндэслэл болгожээ. Энэхүү алдаа, зөрчил нь хувь хүн Ц.Бгийн хувьд гаргасан алдаа, зөрчил биш бөгөөд М-ын санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд байгаа зүйлс юм. Мөн Аудитийн тайлангийн гол асуудалд дурьдагдсан алдаа, зөрчлийг арилгах бүрэн боломжтой бөгөөд Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваад хэрэгжүүлж байна. Манай сургуулийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн арилгасан байх зорилготойгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, М-ын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09 өдрийн “Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/104 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн бүрэлдэхүүний болон салбар сургуулиуд, бие даасан нэгжүүдэд уг батлагдсан төлөвлөгөөний дагуу санхүүгийн дотоод аудит хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа болно. Аудитийн дүгнэлт, зөвлөмжөөс харахад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор дээр дурьдсан зөрчил, алдааг залруулах, сайжруулах ажлыг М-д даалгасан байна.

2. Ажлаас халах хоёр дах гол үндэслэл болгож буй материал нь БСШУСЯ-ны Мониторингийн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт гэжээ. БСШУСЯ-ны Сайдын тушаалаар ажлын хэсэг М дээр 04 дүгээр сард ажилласан. Ажлын хэсэг нь “Мониторинг” хийж эхэлсэн эхний өдөр М-ын удирдлагын багтай уулзах үед миний бие байсан ба үүнээс хойш мониторингийн явцад намайг нэг ч удаа дуудаж уулзаагүй, асуух, тодруулах үйлдэл хийгдээгүй бөгөөд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үед ч намайг болон СЭЗГ-ын дарга Д.Отгонбаатарыг үүрэгт ажлаас халах тухай санал өгсөн зэрэг асуудлууд огт яригдаагүй. Үүнээс хойш мониторингийн дүгнэлтийг бидэнд буюу дэд захирлууд болон холбогдох газар, хэлтэс, албаны удирдлагуудад уг дүгнэлт, тайланг нэгч танилцуулаагүй. Тэгсэн атлаа мониторингийн ажлын хэсгийн дүгнэлтийг “ажлаас халах” тушаалын үндэслэл болгосон байна.

Ийнхүү санхүүгийн аудитын тайлангийн дүн болоод М дээр БСШУСЯ-аас мониторинг хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн намайг ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн М-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар “хөдөлмөрийн гэрээг цуцлах” ажил олгогчийн санаачлага гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр “сонсгох ажиллагаа” гэгчийг зохион байгуулан, танилцуулж, улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал” гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм.

Миний бие ажиллах хугацаандаа М буюу ажил олгогч талд санхүүгийн болоод эд хөрөнгийн хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл хийгээгүй бөгөөд М-д материаллаг болон мөнгөн хөрөнгийн ямар нэг хохирол учруулаагүй. Харин аудитын тайланд тусгагдсан М-ын санхүү, бүртгэлийн алдаа, зөрчлийг цаг алдалгүй засах, залруулах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байсан болно.

Иймд Монгол Улсьн Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2018 оны 05 дугаар сарьш 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий “Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан “М Сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал”- ын албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Бгийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хуулийн 40.1.5 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмынхаа 5.3.1-ийг бариад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байдаг. Тушаал дээр дурьдсан үндэслэл нь энэ хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл аудитын байгууллагын 2 албан шаардлага бол өөр асуудлаар гарсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал бий болооогүй, хамааралгүй байдлыг хамаатуулж тушаал гаргасан нь тогтоогдож байна.” гэв. 

 

Нэхэмжлэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан эрхийг иргэнд баталгаатай эдлүүлнэ гэж зааж өгсөн. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.14-т заасан үндэслэлийг зайлшгүй тогтоосон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл аудитын газрын дүгнэлт нь өөрөө Ц.Бгийн ажлыг шалгаад гаргасан дүгнэлт биш. М-ийн удирдлагын зүгээс 5 сарын 24-ний өдөр Аудитын газарт явуулсан албан бичиг гээд байгаа нь 4 сарын 4-н өдөр болон 10-ны өдрийн үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Бичгийн хариу нь тушаал гарсны маргааш буюу 5 сарын 25-ны өдөр ирсэн. Тэргүү нь нэхэмжлэгч дурьдсан 2 км газар 5 сая төгрөгийн шатахууны зардал шилжүүл гэж болох уу. Энэ мэт байдлаар удирдлагын өөрт нь таалагдахгүй байдлаар шалтаг, өө хайдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг үйл явдлын золиос Ц.Б байх ёсгүй. Мөн нотлох баримт шинжлэн судлахад Ц.Бгийн ажил үүрэгтэй холбоотой шалгалт хийгдээгүй. Түрүү нь нэг тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад,  тухайн тушаалаараа ажилд томилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зөрчил гаргасан гэж үзвэл 132.2-р зүйлээр илрүүлснээс хойш 1 сарын дотор өөрөөр хэлбэл аудитын дүгнэлт гарсны дараа 2-3 сарын тушаал гаргаж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Хурлын тэмдэглэлээс н.Төмөрбаатар захирал энэ удаагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна холбогдох албан тушаалтнуудад нь арга хэмжээ тооцъё гэсэн нь өөрөөр хэлбэл нэг зөрчил дээр давхардуулж шийтгэл оногдуулсан асуудал байна. Мөн Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон М-ийн дотоод журамд албан тушаал бууруулах гэсэн ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч М Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч буюу М Сургууль хүлээн зөвшөөрөхгүй тул дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Ц.Б нь М-ын Захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/164 1 дүгээр тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захиралаар томилогдон ажилласан.

М-ийн Төсөв санхүүгийн тогтвортой байдпыг хангаж, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө босгох, санхүүгийн нөөцийг чиглүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон зохистой ашиглалтыг хангах ажлыг удирдан зохион байгуулах нь Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байрны чиг үүрэг, зорилго нь юм.

Ц.Б дээрхи албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа М-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтанаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл тэрээр ажиллах хугацаандаа М-ын төсвийн гүйцэтгэлд хяналт тавих чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа санхүүгийн хууль тогтоомж, дүрэм, журмыг огт мөрдөж ажиллаагүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.Б М-ын Хөгжил, санхүү хариуцсан дэд захиралын албан тушаалтны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь М-ын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар нийт 100,958.8 сая төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн байна.

Энэхүү зөрчлийг үндэслээд Монгол Улсын Үндэсний Аудитын газраас санхүүгийн аудитын /САГ-2018/111/СТА-ТӨҮГ/ кодтой тайлан, аудитын гэрчилгээгээр аудитын “хязгаарлалттай” санал дүгнэлтийг гаргасан.

Аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарах болсон шалтгаан нь Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал үндсэн үүрэгт ажлыг хангалтгүй хийж гүйцэтгэсэнтэй шууд холбоотой юм. Тухайлбал:

Ц.Б нь М-ын Захирлын 2017 оны А/341 дүгээр тушаалаар 2017 оны жилийн эцэст нийт 42 222.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөнд тооллого хийх ажлыг хариуцсан боловч энэхүү тооллогыг явуулаагүй атлаа тооллого хийсэн мэтээр илтгэх хуудас, тооллогын нэгтгэсэн дүн, тайлангүйгээр санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргасан байна.

Мөн тайлант оны эцэст өглөгийн 305.2 сая төгрөг, авлагын 578.3 төгрөгийг тооцоо нийлж актаар баталгаажуулж, баримтжуулсаны эцэст санхүүгийн тайлан гаргах байтал жилийн эцсийн санхүүгийн тайланг тооцоо огт нийлэхгүйгээр гаргасан байна.

Ц.Б нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу хуулийн болон олгогдсгон эрхийн хүрээнд захиран зарцуулах үүрэгтэй атлаа төрийн өмчийг түрээслүүлэх гэрээ байгуулаагүйгээс 6.4 сая төгрөгийн орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн, гадаад оюутны сургалтын төлбөр, буфет, заалны түрээсийн төлбөр, хандивын орлого болон тендерийн материалын 2 451.1 сая төгрөгийн орлогыг бэлнээр хүлээн авч зарцуулсан ба кассын бүртгэлийн дэвтэрт огт хөтлөгдөөгүй байсан байна.

Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүйгээр 30 752.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, 19 080.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг данснаас хассан байна.

Тэрээр тайлант онд 5 996.7 сая төгрөгийн худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан тоот мэдэгдэл хүргүүлэхгүйгээр явуулсан нь санхүүгийн аудитын шалгалтаар илэрсэн байна.

Иймд Ц.Бгийн санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон байна.

М Сургууль болон Ц.Бгийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрхи зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохуйц ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон тул М-ын Захирлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/233 тушаалаар Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Тиймээс Ц.Бгийн хууль зөрчсөн санхүүгийн ноцтой зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.” гэжээ.

 

Хариуцагч М Сургуулийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж байгаа. 2018 оны 3 сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газраас хаалттай дүгнэлт гаргахдаа 6 төрлийн зөрчил гарсан гэдэг үйл баримт тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч сая хэлэхдээ 2018 оны 4 сарын 4-ний өдөр Үндэсний аудитын газраас гаргасан хаалттай дүгнэлтийн талаар авч хэлэлцсэн. Аудитын дүгнэлт гараад зөрчил арилгуулах актууд ирсэн. Мөн М-ийн захиргааны зөвлөлийн хурлаараа авч хэлэлцсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 заасан зөрчил гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж харж байна. Мөн Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийн 5.3.2-т ажилтан хөдөлмөрийн гэрээний сахилгыг зөрчлийг давтан гаргасан, эсвэл М-ийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж байна. Энэ дотор сая дурьдсан байгууллагын санхүүтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагаас тогтоогдсон байна гэж заасан. Үүнийг үндэслэж ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч М Сургуульд холбогдуулан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлөх, бичилт хийлгэх, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М Сургууль нь Ц.Бгийн санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч М Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандахад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандахын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хариуцагчид Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/164 дүгээр тушаалын хуулбар, № А0248482 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;”, 40.1.5-д “... ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэж заасан.

 

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.1.1, 3.1.2-т нэхэмжлэгч нь М-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүргийг бүрэн биелүүлэх үүрэг хүлээсэн болох нь Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/164 дүгээр тушаалын хавсралт болох Ажлын байрны тодорхойлолтын Чиг үүрэг хэсгийн 1, Ажлын байрны үндсэн үүрэг зорилтын 3, Ажлын байранд хийгдэх ажил, гол үйл ажиллагаа хэсгийн 3-ын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон зохистой ашиглалтыг хангах, санхүүгийн байдлын талаарх тайланг хууль болон стандартын дагуу цаг хугацаанд нь, үнэн зөв гаргах, М-ийн санхүүгийн нэгдсэн тайланг гаргах явцыг удирдлагаар хангах үүрэгтэй болох нь ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, санхүүгийн тайлан буюу нягтлан бодох бүртгэлийн хяналт, удирдлага, зохион байгуулалтыг хариуцсан этгээд болох нь Хөдөлмөрийн гэрээний болон Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно.” гэж заасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны А/341 дүгээр тушаалаар 2017 оны жилийн эцэст 42 222 300 000/дөчин хоёр тэрбум хоёр зуун хорин хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн үндсэн хөрөнгөд тооллого хийх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны тооллогын тайланг эцэслэн гаргаагүй байх ба тооллогын дүнг эцэслэн нэгтгэлгүйгээр санхүүгийн тайлан гаргасан зөрчил гаргасан болох нь Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 06/761 санал дүгнэлт болон тайлангийн хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан нэхэмжлэгчийн санхүүгийн байдлын талаарх ажил, үүрэгтэй холбоотой буюу хариуцагчийн 2017 оны санхүүгийн тайланд нийт 100 959 800 000/нэг зуун тэрбум есөн зуун тавин есөн сая найман зуун мянга/ төгрөгийн алдаа зөрчил илэрсэн болох нь Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 06/761 санал дүгнэлт болон тайлангийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/1201 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

 

Төрийн Аудитын Тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар Үндэсний аудитын газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд аудит хийх эрх бүхий этгээд болно.

 

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.3.2-т ноцтой зөрчилд байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсоныг тооцох талаар заасан болох нь Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.3.2-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 06/761 санал дүгнэлт болон тайлангийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/1201 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан болохыг хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр илрүүлж 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 тушаалын хуулбар, Захиргааны зөвлөлийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлийн хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалтад зааснаар хариуцагчийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5/233 дугаар тушаал нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрсөн байх тул хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5/233 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хариуцагчид профессорын албан тушаал ажиллаж байгаа болох нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалын болон профессорын албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шийдвэрлэх тул тус шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5/233 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.Бг хариуцагч М Сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч М Сургуульд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж, үлдсэн цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5/233 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.Бг хариуцагч М Сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч М Сургуульд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж, үлдсэн цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

                                                                                                                                               

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ