Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 181/2020/01389/И |
Дугаар | 001/ХТ2021/00669 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00669
Э.Цэнгэлмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01476 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1700 дугаар магадлалтай,
Э.Цэнгэлмаагийн нэхэмжлэлтэй,
Моннис Моторс ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, өмгөөлөгч Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Моннис групп ХХК-д 2012 онд ажилд орсон. Моннис моторс ХХК-д 2018 оны 12 дугаар сард томилогдож ажиллаж эхэлсэн. Дөнгөж ажиллаж эхлэхэд байгууллага дээр татварын шалгалт болон аудитын шалгалтууд зэрэг болж байсан. Шалгалтаар бүх мэдээлэл, материалуудыг гаргуулж байсан. Намайг Моннис моторс ХХК-д ажиллахаас өмнө өөр нягтлангийн механик алдаа болон тайлан гаргахад гаргасан алдааг татварын шалгалтаар илрүүлсэн. Гэтэл ерөнхий захирал чи орж ирээд засчихлаа гээд намайг буруутгасан. Гэтэл тэр нь 2016 оноос 2017 оны баримтын шалгалт байсан. 2019.07.20-ны өдрөөс яригдаж эхлээд гүйцэтгэх захирал солигдсон. Гүйцэтгэх захирал солигдсоноос хойш үргэлжлүүлэн ажиллах тал дээр асуудал үүссэн. Ерөнхий захирал удаа дараа өрөөнд орж ирж чамайг халах гэж байгаа, чи ажлаа өг, яг одоо яв гэх мэтээр маш олон хүмүүсийн өмнө хэлж байсан. Ажиллаж байх хугацаандаа би банкнаас зээл авах гээд байгууллагаас тодорхойлолт авъя гэтэл надад гаргаж өгөөгүй. Намайг удахгүй ажлаас халах гэж байгаа учраас тодорхойлолт гаргаж өгөхгүй гэх хариуг өгсөн. Би хоёр долоо хоног хөөцөлдөж байж гаргуулж авч байсан. Намайг цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгсний дараа жилийн эцсийн балансаа гаргаж өгөөд ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг тавьсан. Байгууллагаас ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь би ажлаа хүлээлгэж өгье, санхүүгийн ажлыг нэг өдөр хүлээлгэж өгөх боломжгүй дараагийн нягтлан орж ирэхээр юмаа зааж өгөөд явъя гэж хэлсэн боловч он гараад 1 сар хүртэл ямар ч дагалдан нягтлан орж ирээгүй. 2020.01.13-ны өдөр нэг хүн орж ирсэн. Тэр хүнийг 2020.02.10-ны өдөр хүртэл дагалдуулан ажлыг нь зааж өгсөн. Моннис моторс ХХК-ийн санхүүгийн менежер н.Наранцацралтад ажлаа хүлээлгэж өгье, өргөдлөө гээд гэнэт халагдсаны тэтгэмж авахаар тохиролцсон. Надад санхүүгийн менежер ерөнхий захиралд 2020.02.28-ны өдөр хүртэл ажиллуулаад тэтгэмжийг өгөөд өргөдлөө авахаар тохиролцсон гэж хэлж байсан. Гэвч 2020.02.21-ний өдөр ерөнхий захирал өөрөө болон гүйцэтгэх захирал н.Мөнхбаатар, хүний нөөцийн захирал н.Батцэцэг нар өрөөнд орж ирж намайг дуудаж хурлын өрөө рүү дагуулж ороход оройны 17 цаг 30 минут болж байсан. Намайг ажлаа хийж чаддаггүй, чадамжгүй учраас ажлаас чөлөөлж байна, чи яг одоо ажлаа хүлээлгэж өгөөд яв, өргөдлөө бичиж өгөхгүй байгаа учраас тэтгэмж өгөхгүй гэж хэлээд 18 цагт бүх компьютер, и-мэйлийг хааж, ил байсан бичиг баримтуудыг тоолж аваад намайг ажлаас гаргасан. Намайг 2012 оноос хойш ажиллаж байх хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гээд бичгээр сануулга өгч байгаагүй. Буруутгасан процесс нь надад хамааралгүй байсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал солигдсоноор би ажлын байрандаа удаан ажиллах боломжгүй болсон. Өөрийн биеэр ажлаас гарч байгаагаа бичиж өг гэж шаардсан. Өөрийн хүсэлтээр гэж бичиж өгөхгүй бол цаашид мэргэжлээрээ санхүүгийн чиглэлээр ажиллах боломжгүй болгоно, чи ямар ч компанид ажиллаж чадахгүй, насаараа ажилгүй явмаар байна уу гэж хүний нөөцийн захирал н.Батцэцэг надад тулгасан. Ерөнхий захирал уурлаад намайг бичиж өгвөл дараагийн ажлын байранд маш сайхан тодорхойлолт бичиж өгнө гэх дарамт шахалтад орж өргөдлийг бичиж өгсөн. Моннис моторс ХХК нь 2019 оны 10 дугаар сард тушаал гаргахдаа нэг орон тоотой байсан. Уг орон тоонд Э.Цэнгэлмаа халагдах хүртлээ ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацаанаас халагдах хүртэл орон тоо хэвээр хадгалагдаж байсан. Ямар нэгэн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй байж байгаад 2019 оны 08 дугаар сард компанийн гүйцэтгэх захирал солигдож н.Мөнхбаатар гэх хүн томилогдсон. Үүнээс хойш компанийн аль нэг ажилтныг сольдог буруу жишгээр Э.Цэнгэлмааг дарамталж эхэлсэн. Э.Цэнгэлмаа нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Байгууллагаас комисс гаргаж шийдвэрлэж дүгнээгүй байж ямар ч үндэслэлгүйгээр ажлаа хүлээлгэж өг гэж шахаж, дарамталж сэтгэл санааны дарамтад оруулж олон нийтийн өмнө хууль бус үйлдэл гаргаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т аж ахуйн нэгж байгууллагын удирдлага солигдсоноор хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй, тус хуулийн 40.3-т албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно гэж заасан. Моннис моторс ХХК нь эдгээр заалтуудыг зөрчиж байна. Байгууллага болгоны удирдлага солигдож дарамтлаад ажлаас халах юм бол Хөдөлмөрийн хууль байх утгагүй. Ажилтныг хамгаалахын тулд Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тогтоол гарсан. Уг тогтоол дээр ажилтан өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх гэдэг юу болохыг тодорхой тайлбарлаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажил олгогчийн ямар нэгэн шахалт, шаардлага зүй бус нөлөөлөлгүйгээр хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээг ажилтан зөвхөн өөрийнхөө хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлтийг хэлнэ гэж бичсэн байгаа. Гэтэл Э.Цэнгэлмаа өргөдөл дээрээ 2019 оны 10 дугаар сараас хойш удаа дараа удирдлагын гаргасан шийдвэр, шахалтад орж өргөдлөө өгч байна гэж тодорхойлолт бичсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг баримталсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Цэнгэлмаа өөрөө өргөдлөө өгсний үндсэн дээр манайх Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ерөнхий нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ 2019.12.02-ны өдөр дууссан байна. Э.Цэнгэлмааг ямар нэгэн байдлаар дарамталсан удирдлагын шийдвэр гэж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болохоор ажлаа хүлээлгэж өг гэж амаар хэлсэн. Байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй гэсэн санаа зорилго байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна, үүнийг цааш сунгахгүй гэх санаа зоригийг ажил олгогчийн зүгээс илэрхийлсэн. Дарамталж шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол үүнийг шүүхээр биш өөр хуулийн байгууллагаар тогтоолгох ёстой байх. Байгууллага өөрийнх нь хүсэлтээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл дээр маргах байх гэж үзэж байна. Мөн Э.Цэнгэлмаа нь өргөдөл дээрх гарын үсэг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөндлөнгийн нөлөөлөл байгаа гэж үзэж байгаа бол үүнийг тусад нь тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 181/ШШ2020/01476 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар хариуцагч Моннис моторс ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Цэнгэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Цэнгэлмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.05-ны өдрийн 1700 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 181/ШШ2020/01476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна. Мөн талууд бүрэн мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Нэхэмжлэгч Э.Цэнгэлмаа нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдөл гаргасны дагуу Моннис моторс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.02.27-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2020.03.16-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь 2020.04.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2020.06.02-ны өдөр хэргийн хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүрэг гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл хоёр сарын хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авсан тухай баримтаа гаргаж өгөөгүй, шүүхэд гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг байсан. Мөн анхан шатны шүүх Э.Цэнгэлмааг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотой ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дүгнэсэн. Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд болон шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Э.Цэнгэлмаа, Моннис Моторс ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, ажилтны гаргасан хүсэлтээр тушаал гарган ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан ба хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.
Хэргийн 35 дугаар талд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай огноогүй хүсэлт гэх баримт авагдсан байна. Уг хүсэлтэд удирдлагын шийдвэрээр ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэсэн байгаа ба талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2020.04.13-ны өдөр гаргасан болохыг анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 181/ШЗ2020/05310 дугаар шүүгчийн захирамжид тэмдэглэгдсэн байх ба хуульд заасан хугацаанд гаргаагүй үндэслэлийн талаар талууд мэтгэлцээгүй, тодорхой бус үлджээ.
Иймд ажилтан өөрийн санаачилгаар, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх, нэхэмжлэлийг гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйгээс талууд маргааны талаар мэтгэлцэж чадаагүй, эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан тус шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, хуулийн үндэслэл бүхий магадлалыг хэвээр үлдээв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1700 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД