Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 96

 

 “ЭИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭИ” ХХК-ийн, хариуцагч Б.Аод холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 74 527 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ЭИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б.Атой 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 21 тоот машин борлуулалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу цагаан өнгөтэй, WDCYR71EX8X172027 арлын дугаартай Мерседес бенз класс автомашиныг худалдаж, хариуцагч Б.А нь үнийг тодорхой хуваарийн дагуу манай компанид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу манай компани хариуцагчид автомашиныг шилжүүлсэн. Харин хариуцагч гэрээний урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлж, уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Мөн тэрээр уг автомашинтай холбоотой ямар нэгэн эвдрэл, гэмтэл болон аливаа эрсдлийг өөрт нь хамаарах болохыг хүлээн зөвшөөрсөн.

            Мөн хариуцагч Б.А нэмж 8 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 57 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд төлбөрөө барагдуулаагүй. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас манай компанид мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлээрээ гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс Б.Аод гэрэгэээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан.

            Гэрээний 9.2.1-д худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй бол төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутам 0.06 хувийн алданги төлөхөөр заасны дагуу хариуцагч Б.Аын алдангийн хэмжээг тооцоход 416 хоногийн алданги 14 227 200 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 000 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 9.2.1-т заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги болох 14 227 200 төгрөг, бусад үйл ажиллагааны төлбөрт 3 300 000 төгрөг, нийт 74 527 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аоос 68 457 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ЭИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 070 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 500 235 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Энэрэл-Интернэшнэл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ манай гэрийн хаягийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, 104 дүгээр байр, 28 тоотод оршин суудаг гэжээ. Хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор Б.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста хотхон, 401 дүгээр байр, 803 тоотод оршин суудаггүй гэж тодорхойлсон тодорхойлолт авагдсан. Харин нэхэмжлэлийг хүлээн авсан баримтад Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 103 дугаар байрны 3-48 тоот хаягт оршин суудаг гэж бичсэн байна. Түүнчлэн албан ёсны иргэний бичиг баримт болон амьдарч буй хаяг нь мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103 дугаар байрны 3-48 тоот хаяг болохыг нотолж байна. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл гэж заасан байх тул нэхэмжлэлийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх ёстой байсан.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 9.2.1-д төлөгдөөгүй үнийн дүнгийн дагуу төлөх ёстой өдрөөс бодит төлсөн өдөр хүртэл өдөр бүрийн 0.06 хувийн торгууль төлнө гэж заасан байхад шүүх алданги тооцохоор тохиролцсон байх тул гэж өөрөө дураар, илт хариуцагч талд хохиролтойгоор, нэхэмжлэгч талд ашигтайгаар, хариуцагч тал оролцож мэтгэлцээгүй байхад гэрээг тайлбарлаж, 11 457 000 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин шүүх хүү, алданги, торгуулийг илт их байвал хасч тооцох эрхтэй байдаг. Иймд шүүх гэрээний талуудаас гэрээгээр хэрхэн яаж тохиролцсон эсэхийг тодруулж, хооронд нь мэтгэлцүүлж, хэргийг бодитой, үнэн зөв шийдвэрлэх ёстой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч “ЭИ” ХХК шүүхэд хандан, хариуцагч Б.Аоос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 74 527 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтад заагдсан зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн үйл баримтыг няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болжээ.

Өөрөөр хэлбэл, талууд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “машин борлуулалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр WDCYR71EX8X172027 арлын дугаар бүхий Мерседес бенз Жи-55 И Эм жи автомашиныг Б.Аод 85 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаанд 20 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 65 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Дээрх гэрээний дагуу худалдагч тал буюу “ЭИ” ХХК нь гэрээний зүйлийг хариуцагч Б.Аод шилжүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн 28 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч “ЭИ” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдан авсан хөрөнгийн үнийн үлдэх төлбөрийг, мөн гэрээний 9.2.1-д заасны дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зөрчилд нь хариуцлага тооцон төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.06 хувиар анз шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

Хэлцэл хүчин төгөлдөр байх гол нөхцөл бол хэлцэл хийгч субьектын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагавар гэсэн гурван нэгдэлтэй байхыг шаарддаг. Талуудын гэрээний 9-ын 2.1-д “... хэрвээ худалдан авагч тал цаг тухайд нь төлбөрөө төлж чадахгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн дагуу төлөх ёстой өдрөөс бодит төлсөн өдөр хүртэл өдөр бүрийн 0.06 хувийн торгуулыг төлнө ...” гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар  зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлохоор заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Б.А нь нэхэмжлэгч “ЭИ” ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр автомашины үндсэн төлбөрт 57 000 000 төгрөг, гэрээний дагуу бодогдсон алданги 11 449 200 төгрөгийн төлбөрийг барагдуулах болохоо бичгээр мэдэгдэж байсан байна. Иймээс түүнийг гэрээнд бичсэн торгууль гэдэг үгийг алданги гэж талууд ойлгосон, зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл нь алдангийн тохиролцоо байсан гэж үзэх тул шүүх хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцнэ. Түүнчлэн анзын хэмжээ илт их гэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй учир давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэрэглэн алдангийг багасгах боломжгүй байна. Иймд алданги төлүүлсэн, алдангийг багасгах ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болохоор зохицуулжээ. Уг ажиллагаа нь талуудын хүсэлтээр хийгддэг ба нэхэмжлэгч, хариуцагч нар хэргийн харьяаллын талаар тайлбар шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн, хэргийг шилжүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хоорондын нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн эсэх нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                         Ч.ЦЭНД