Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00568

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 27 001/ХТ2021/00568

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэр,

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******,******* холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХААИС-ийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн. 2018.11.20-ны өдөр захирал Н.Сүхбаатарын тушаалаар албан ёсоор 12-р сургуульд нягтлан бодогчоор томилогдон 2018.12.10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2018.11.22-ны өдөр тухайн сургуулийн захирал солигдож Ж.Маанийдаарий томилогдон ирсэн. Ажилд томилогдсон анхны өдрөөс авхуулаад намайг өрөөндөө дуудан оруулаад чи энд ажиллаад өрөнд орно, энд дандаа өр гардаг, тийм учраас чи хуучин нягтлангаар нь ажлыг нь дуусгуул, чи жилийн эцсээр 20 сая төгрөгийн өрөнд орно гэх зэрэг хууль бус үндэслэлгүй шаардлага тавьж, элдэв аргаар дарамт шахалт үзүүлэх болсон. Ажлаа авсны маргааш өглөө буюу 2018.12.23-нд ажлаа хуучин нягтландаа хүлээлгэж өг гэсэн. Би тэрний хариуд нь миний ажлаас халагдах тушаалыг өг би тушаалаа авч байж ажлаа хүлээлгэж өгнө гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл халах тушаал гаргаж өгөхгүйгээр ажиллах нөхцөл боломжийг минь цаг ямагт хязгаарлаж, чамтай хамтарч ажиллахгүй, чи яв гэж янз бүрээр дарамталсан. 2018.11.29-ний өдөр өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний өмнө ажиллаж байсан нягтлан Энхзулыг ажилд томилох тушаал гаргаж хүчээр ажил хүлээлцүүлэх гэсэн. Би халах тушаал гаргаж гардуулаагүй тул ажлаа өгөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Захирал Ж.Маанийдаарийгийн энэ хууль бус үйлдлүүдээс болж миний ажил тасалдаж улмаар сургуулийн нийт багш нар 11 сарын цалингаа авч чадахгүй болох нөхцөл байдал үүссэн. Ингээд 2018.12.03-ны өдөр багш нарын хурал зарлагдаж яагаад 11 сарын сүүлийн цалингаа одоо болтол өгөхгүй байгаа талаар сургуулийн нийт багш ажилчдын хурал хийсэн. Хурлаар нягтлан захирал нарын хооронд үүссэн асуудлыг хамт олноороо авч хэлэлцээд хурлын эцсийн шийдвэр нь нягтлан бодогч ******* нь ажлаас халагдах үндэслэл байхгүй, хуучин нягтлангийнх нь ажлыг бүрэн хүлээлцүүлээд ******* надтай хамтарч ажиллана гэсэн шийдвэрт хүрсэн боловч 2018.12.06-ны өдөр бас нэгэн өөр шинэ нягтлан томилж намайг бас л ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Ийнхүү ажил олгогчийн зүгээс буюу Ж.Маанийдаарий тус сургуулийн захирлаар томилогдон ирсэн 2018.11.22-ны өдрөөс хойш миний бие ******* нягтлан бодогчийн ажлаа хийж хэвийн ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байнгын хууль бус дарамт шахалтанд өртөх болсон. Миний бие 2018.12.10-ны өдөр шинэ нягтлан Б.Одсайханд ажлаа хүлээлгэж өг гэхэд нь намайг ажлаас халсан тушаалаа өг гэж нэхэхэд 2018.12.06-ны өдөр гэж огноолсон Б/71 дугаартай *******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэсэн илт үндэслэлгүй, тушаалыг надад өгсөн.

Би тус тушаалыг болон захирал Ж.Маанийдаарийгийн хууль бус үйлдлүүдийг анхнаасаа огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус сургуулийн нийт багш ажилчдын эрх ашгийг бодож Ж.Маанийдаарийгийн хууль бус удаа дараагийн үйлдлээс болж дахин цалингаа авч чадахгүй байх нөхцөл байдал үүсэх эрсдэлээс сэргийлж шинэ нягтлан гэх Б.Одсайханд ажлаа хүлээлгэж өгсөн. 2018.11.22-2018.12.10-ны өдрийг хүртэл захирал Ж.Маанийдаарий шинэ нягтлан авсан, тушаал хүчингүй болгосон, тус тушаалаа хүчингүй болгосон зэрэг хэд хэдэн хууль бус тушаалууд гаргасан бөгөөд төрийн байгууллагын тамга тэмдэг, албан бланкийг ашиглан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг өөрийн хууль бус үйлдлүүдээ албажуулж намайг ажиллах нөхцөл боломжоор хангах ёстой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эсрэгээрээ ямар ч үндэслэлгүй хууль бус дарамт шахалт үзүүлсэн. Миний тушаал бол Хонгорзул Энхзул хоёрыг ажил хүлээлц гэсэн тушаал байсан. 2018.12.06 өдөр ажлаа хүлээлгэж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Одоо ажилдаа эргэж орох, нийгмийн даатгал эрүүл мэндийг даатгал нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Маанийдаарий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Сүхбаатар нь нэхэмжлэгч Балдансүрэн овогтой Хонгорзулыг 2018.11.12-ны өдөр хуучин нягтлан бодогч Б.Энхзулыг эмнэлэгт хэвтэж байхад хүчээр дуудан ирүүлж нягтлан бодогч нарын ажлыг хүчээр хүлээлцүүлсэн. Ингэж хүлээлцүүлэхдээ ажил хүлээлцэх комисс ажиллаагүй. Ингээд ******* нь 2018.11.12-ноос ажил хүлээж аваад 2018.11.20 хүртэл огт ажил хийгээгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан. Гэтэл төрийн сангийн хэлтсийн даргын 2018.11.20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичгээр Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 2.1.5 дахь заалтыг хангахгүй байна. Цаашид хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан тоот ирсээр байтал 2018.11.20-нд намайг ирэх сургаар шууд хууль зөрчин дахин томилсон. Энэ үед огт ажил хүлээлцээгүй.

Дээрх үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Энэ зүйл заалтуудад хуучин нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Төрийн сан зөвшөөрвөл шинэ нягтлан бодогч авах тухайгаа зөвшилцөх ёстой. Гэтэл хуучин нягтлан бодогчийг зөвшилцөх тухай огт санал оруулаагүй, харин түүний хууль ёсны эрхийг зөрчин 2018 оны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавихад нь шийдвэр гаргаагүй, жирэмсэн учир эмнэлэгт хэвтэх хүсэлт тавьж чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 2018.11.12-нд ажлыг нь хүлээлцүүлсэн. Гэтэл ******* нь Б.Энхзул ажлаа хүлээлгэж өгөөгүй гэдэг. Ингээд миний бие 2018.11.22-нд ажилдаа ороод төрийн санд шаардлага хангахгүй нягтлан бодогчтой ажиллахгүй тухайгаа албан тоотоор холбогдох баримтын хамт явуулсан. Ингээд хуучин нягтлан бодогчийг буцааж ажиллуулахаар зөвшилцсөн. Гэтэл ******* нь элдвээр доромжлоод чи энэ захиралтайгаа идэх гэж ирлээ, ичих нүүр алга уу гэх мэтээр ажлаа хүлээлгэн өгөхгүй 10-аад хонож төрийн ажил гацсан. *******аар 11 сарын цалин хөлс олгуулахаар бодож баталгаажуулаад 2018.11.30-нд Төрийн санд хүргүүлсэн боловч чөлөөлөх нягтлан бодогчоо зөвшилцөөгүй шаардлага хангахгүй нягтлан бодогчоор гүйлгээ хийлгэхгүй гээд цалингаа олгож чадаагүй. Ингээд 2018.12.12-нд олгосон гэх мэтээр 2018 оны 11 сараас 2018 оны 12 сард санхүүгийн үйл ажиллагаа доголдсон. 2018.12.06-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймээс Н.Сүхбаатар захирал нь Төсвийн тухай хуулийг зөрчин хууль бусаар нягтлан бодогчийг томилсон тул 2018.12.11-ний өдрийн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад татгалзаж байгаа вэ гэхээр захирал Сүхбаатар нь анх хөдөлмөрийн гэрээ байгуулж Хонгорзулыг ажилд авахдаа хууль зөрчиж авсан байдаг. Хонгорзул тайлбартаа хэллээ нягтлан бодогчоор ажиллах шалгууруудын нэгийг хангаагүй байсан гэж. Сангийн сайдаас баталсан байгууллагын ахлах нягтлан бодогчийг авахдаа төрийн сантай зөвшилцөх ёстой байдаг юм байна. Гэтэл шууд ажилд авсан нь хувийн сонирхол байна гэж хардаад байгаа. Яагаад тэгж бодож байгаа вэ гэхээр Хонгорзулыг 2 удаа тушаал гаргаж авсан байгаа юм. Хонгорзул би Б/62 дугаартай тушаалаар ажилд орсон гэж яриад байна. Гэтэл хавтаст хэргээс харахад 2 тушаал байдаг. Нэг хүнийг 2 тушаалаар томилно гэж байхгүй 2018.11.12-ны өдрийн Б/61 тоот тушаал нь ямар учиртай юм бэ. Энэ тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт Засгийн газрын 2008.08.22-ны 264 дүгээр тогтоолыг үндэслэн томилсон боловч, 8 хоногийн дараа Б/62 гэх тушаал гаргаж *******ыг томилсон байдаг. Хонгорзулыг анх ажилд авахдаа эрх зүйн зөрчилтэй тушаал гаргасан. Аль нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн тушаал гэдэг нь ойлгомжгүй байгаа. Б/62 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн сантай зөвшилцөхгүйгээр томилсон. Ямар нэг байдлаар хамаатан танил тал нь юм уу, юу нь юм бүү мэд... Тэгэхээр аль нэг байдлаар Сүхбаатар захирал Төсвийн тухай хуулиа зөрчөөд шууд ажилд авсан... үүнийгээ дараа нь мэдсэн байгаа юм. Хуучин нягтлан бодогчийг ч ажлаас халахдаа төрийн сантай зөвшилцөх үүрэгтэй байдаг. Гэтэл Энхзулыг өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад нь дуудаж ирээд ажлыг нь хүлээлцүүлсэн байдаг. Нэг эрх зүйн акт хүчингүй болоогүй байхад дахиад яг ийм тушаал гаргасан байдаг. Ажилд авсан эхний процесс нь буруу байгаа юм.

Маанийдаарий захирал ч халъя гээд халсан юм биш. Аймгийн Төрийн сан, Боловсролын газраас шаардлага ирүүлсэн. Наад авсан Хонгорзул гэх хүн чинь Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тэгэхээр манай төрийн сан энэ хүнийг ажилд томилохыг зөвшөөрөхгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Маанийдаарий захирал төрийн сан хүлээж аваагүй учир ажлаас халсан. Хонгорзулыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Энэ хүнийг Төрийн сан гүйлгээг нь хүлээж авахгүй байсан учир Б/71 тоот тушаалыг гаргасан. Би ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэж ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажил хийх шаардлага хангаагүй байсан гэж үзсэн. Урьд нь ажилд авсан Б/61, Б/62 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 135/ШШ2019/00118 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990,746 төгрөгийг хариуцагч ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 98,528 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинд 990,746 төгрөгийг хариуцагч ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч *******д олгож гэснийг Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 990,746 төгрөгийг хариуцагч ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулиас нөхөн гаргуулж нэхэмжлэгч *******д олгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,528 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 118 тоот шийдвэр, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 49 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хуулийг буруу тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргах нь: 1. Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй түүнчлэн энэ тухай маргааныг шийвэрлэхдээ тус хуулийг баримтлах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын маргаж буй албан тушаал нь сургуулийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд буюу төсвийн байгууллагын ерөнхий буюу ахлах нягтлан бодогчийн үүргийг хүлээсэн нягтлан бодогч ажилтанг Хөдөлмөрийн гэрээ байгуулан авч ажиллуулах харилцаанд маргаан үүссэнийг анхаарч үзээгүй. Энэхүү Нягтлан бодогчийн албан тушаалд авч ажилуулахдаа Хөдөлмөрийн хууль тогтоомжоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан ажиллах үүрэгтэй. Холбогдох хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг нэхэмжлэгч ******* хангахгүй байгаа талаарх эрх бүхий байгууллага буюу ******* Засаг даргын тамгын газрын 2018.11.20-ны өдрийн 7-10/1230 албан тоотыг /55хх/ ажил олгогчид ирүүлсэн. *******тай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Төсвийн тухай хуулийн 19.6.3 дахь заалт түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын 2012 оны 294 тоот журмын 2-р зүйлийн 2.1.5 дахь заалт, 3-р зүйлийн 3.1.10 дахь заалт, 3.2 дахь заалтыг зөрчсөн. Хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан эрх байгууллагын албан тоотыг хүлээн авч хэрэгжүүлэн тушаалын үндэслэл шийдвэр гаргасныг үгүйсгэсэн няцаасан нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд нэхэмжлэгч тушаалын үндэслэл болгосон баримтыг үгүйсгээгүй байхад шүүх санаачилгаараа баримт биш гэж үзсэн нь үндэслэлгүй.

2.Ажилтан ******* нь тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллах шаардлагыг хангахгүй байгаа өөрөөр хэлбэл нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх шаардлагыг хангаагүй /73хх/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар буюу нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй нь төсвийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллах боломжгүй болгосон энэхүү үндэслэлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. ******* нь төсвийн байгууллагын нягтлан бодогч буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу ялангуяа уг хуулийн 18-р зүйлийн 5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх нягтлан бодогчоор ажиллах байсан бөгөөд тухайн албан тушаалд ажиллах шаардлага буюу Төсвийн тухай хуулийн 19.6.3 дахь заалт түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын 2012 оны 294 тоот журмын 2-р зүйлийн 2.1.5 дахь заалт, 3-р зүйлийн 3.1.10 дахь заалт, 3.2 заалтын дагуу Аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөний дагуу ажиллах эрх бүхий албан тушаал болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дээрх хуулийн шаардлагыг хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоо нэхэмжлэгч нотлоогүй. Энэхүү хуулиар шаардаж буй харилцааг зөрчин хуулийн шаардлагыг үл биелүүлэн ажилтанг уг тушаалд авч болох, хэний ч зөвшөөрөлгүй ажиллуулж болох ойлголтыг шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

3. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018.12.06-ны өдрийн Б/71 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой гэж үзэж буруутгажээ. Ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хууль баримталсан бөгөөд хуулийн заалт холбогдох үндэслэлээ тушаалдаа дурдсан. 2018.11.20-ны өдрийн Б.69 тушаалыг үндэслэн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг эрх байгууллагаас тогтоож, хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсанаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжлэх боломжгүй болсон үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй. Энэхүү асуудлыг шаардах эрх бүхий байгууллага биш гэх тайлбартайгаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгээ болгон дүгнэсэн. Энэхүү шаардах эрх бүхий байгууллага биш гэж нэхэмжлэгч үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт гаргаж өгөөгүй байхад энэхүү дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн энэхүү харилцаанд бусад холбогдох хууль тогтоомж нь хамааралтай бөгөөд үүнийг шүүх анхаарч дүгнээгүй.

4. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт зарлан, сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдийг аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөнөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй талаар ирүүлсэн албан тоот нь хариуцагчийн мэтгэлцэж буй үндэслэл бөгөөд үүнийг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт байхгүй байхад хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 152 тоот хурлын тэмдэглэл /79хх/-ээс харахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хэлэх зүйл байгаа эсэхийг асуухад хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг хасуулах санал хүсэлт гаргасныг хүлээн авч, нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Хэрэгт ирүүлсэн баримтыг нотлох баримтаас 2 үндэслэлээр хасах бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хасах тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалтад заасан үндэслэлээр, мөн хуулийн 25-р зүйлд зааснаар зохигчид хуурамч гэж үзвэл хасуулах эрхтэй болохыг заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110-р зүйлийн 3-т заасан үндэслэлээр хуурамч гэдгийг мэдсэн этгээд нотлох үүрэгтэй, нотлогдвол хасна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь уг баримтыг хэрэг хамааралгүй, давхцсан гэх үндэслэлээр буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан үндэслэлээр хассан байх ба энэхүү үндэслэлээр хасч байгаа тохиолдолд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170-р зүйлийн 170.1 дэх заалтын дагуу гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн төгсгөлд нотлох баримтыг хасч шүүхийн шийдвэрт үндэслэснийг давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяад эрх үүргийг нь 2019.01.28-нд танилцуулсан баримт /35хх/ хэрэг танилцуулсан баримт /37хх/ 2019.01.28-ны өдөр танилцуулсан баримт хэрэгт авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн итгэмжлэл ******* Дархан сумын 12-р сургуулийн захирлын 2019.01.07-ны өдрийн 02 тоотоор олгогдсон баримт /38хх/ авагдсан. Үүнээс өмнө 2019.12.28-ны өдөр хэрэг танилцуулсан гэх баримтууд /66хх, 72хх/ авагдсан. Анхан шатны шүүх хурал нь 2019.01.28-ны өдрийн 09 цагт /67хх/ товлогдон 10 цагт /75хх/ эхэлсэн гэх шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн дагуу оролцож эхэлснээс хойш эрх үүрэг, хэргийн материалыг нэг өдөр буюу шүүх хурал болох өдөр танилцуулсан байх ба шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-р зүйлийн 67.1.1-д зааснаар эрх, үүргийг тайлбарлан өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйл, 26-р зүйл, 38-р зүйл, 72-р зүйлийн 72.2 дахь заалтад заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хариуцагчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэх баримтууд хэрэгт авагдсаныг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрлээгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 118 тоот шийдвэр, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 49 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь ******* Дархан сумын 12 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэж чадаагүй, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ******* Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын 2018.11.12-ны өдрийн Б/61, 2018.11.20-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Б.Хонгорзулыг ахлах нягтлан бодогчоор томилон ажиллуулжээ. Гэвч тус сургуулийн захирлын 2018.11.30-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар ...Б.Хонгорзулыг хууль зөрчиж, төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөлгүй, ...сонгон шалгаруулалтгүй, туршилтын хугацаа заалгүй томилсон. ...хууль бус шийдвэрүүдийн улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулж, ажилчдын цалин олгоогүйгээс хамт олны эрх зөрчигдөн, байгууллага болон сургалтын үйл ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл бий болсон гэсэн үндэслэлээр ажилд томилсон Б/61, Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгосон, үүний дараа тус сургуулийн захирлын 2018.12.06-ны өдрийн Б/70 тушаалаар, ...Б/61, Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь ...цалин олгох, нийгмийн даатгалын төлөлт хийх, дэвтэрт бичилт хийх боломжгүй болгосон гэж үзэн, Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч эдгээр тушаалтай маргаагүй байна.

 

Харин, мөн сургуулийн захирлын 2018.12.06-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар, ...Б/66 дугаар тушаал хүчингүй болсонтой холбогдуулан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, ...Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3, ******* Засаг даргын тамгын газрын 2018.11.20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичиг, Боловсрол, соёл урлагийн газрын 2018.12.06-ны өдрийн 430 тоот албан бичгийг үндэслэжээ.

 

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр хуульчилсан. Мөн Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 2.1.5-д Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэж заасан байна.

 

Ажлаас халсан дээрх тушаалын үндэслэл болсон ******* Засаг даргын тамгын газрын 2018.11.20-ны өдрийн 7-10/1290 тоот албан бичгээр ...*******ыг томилохоор ирүүлсэн материалыг судалж үзэхэд Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 2.1.5 дахь заалтыг хангахгүй талаар хариу хүргүүлсэн, мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2018.12.06-ны өдрийн 430 тоот албан бичгээр ...Төсвийн тухай хуулийн 19.6, 19.6.3-т заасны дагуу төрийн сангийн хэлтэстэй зөвшилцсөн, нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг хангасан нягтланг яаралтай томилон, ...өөрийн байгууллага болон орон нутгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах-ыг шаарджээ.

 

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч ******* нь ************** ахлах нягтлан бодогчийн ажилд анх томилогдохдоо хууль, журамд заасан дээрх зохицуулалтын дагуу төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөөгүй, мөн ахлах нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, эдгээрээс шалтгаалж нэхэмжлэгч нь ажилд томилогдсон хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг нь тогтоогдсон, иймээс тус сургуулийн захирлын Б/71 дүгээр тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан, ажил олгогчийн санаачилгаар буруу халсан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаар шийдвэр, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,528 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ