Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 195

 

 

Б.Ө-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ө-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хөтөлийн “Ц” ХК-д 2010 онд гүйцэтгэх захирлын 552 тоот тушаалаар ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр орж ажилласан. Миний өдөр тутамдаа хийдэг ажил нь байгууллагын захиргаа, үйлдвэрийн цехүүдийн урсгал болон их засвар орон нутгийн спорт заал, эмнэлгийн байр, зочид буудлын гэх мэт төсөвт ажлуудад барилгын зураг, төсвийг бие даан удирдан зохион байгуулж ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ингээд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 645 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөж “Бэйзмент” ХХК буюу одоогийн “Х” ХХК-д төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр хугацаагаар барилгын инженерээр ажиллах болсон. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн ажил дууссан гээд ажлаас халсан гэж утсаар ярьсан бөгөөд ямар нэг тушаал шийдвэр өгөлгүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. “Х” ХХК-д хэд хэдэн удаа ажлаас чөлөөлсөн тушаал болон бичиг баримтаа авахаар очиход “Цемент шохой” ХК-иас тойрох хуудас авч ирсэн хойно өгнө гэсээр өдийг хүрсэн. Тухайн асуудлаар хуульчаас зөвлөгөө авч ажлаас халсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх талаар бичиг баримт гаргуулах хүсэлт бичүүлэн “Х” ХХК-д өгтөл 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн. Үнэнч шударгаар ажлаа хийснийхээ төлөө ажлын байргүй, цалин хөлсгүй болж хохирч байна. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд ажил эрхэлж байсан “Х” ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгаж өгнө үү…гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай А/46 дугаартай тушаалаар төслийн барилгын инженер ажилтай Б.Ө-г энэ өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Өнөрмаа нь тухайн үедээ ажлаас чөлөөлөх тушаалтай маргаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...чөлөөний хугацаанд төслийн ажил дууссан хаана ажиллах, хэнтэй уулзах нь тодорхойгүй өнөөг хүрч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 4 сараар тасалдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд миний урьд ажиллаж байсан хичээл зүтгэлийг минь үнэлээд 2015 оны 10, 11, 12 cap 2016 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөс гаргуулан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцлийг хангахад тусалж өгнө үү гэх агуулгатай өргөдөл ирүүлсэн байдаг.

Дээрх өргөдөл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг мэдсэн, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасанд нийцэхгүй байна. Тодруулбал ажлаас халагдах тушаал гарснаас хойш 2 cap 22 хоногийн дараа тушаалын үр дагаврыг хэрхэх асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан хэрнээ 22 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг харуулж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхэд хандах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалын хуулийн үндэслэлийг хянах, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хэлэлцэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь манай компанид “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 тоот тушаалаар төслийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар шилжин ирсэн байдаг. Гэсэн атлаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Хөтөл” ХХК-ийн барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхэр хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг “Цемент шохой” ХК-д холбогдуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд гаргасан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Х ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Б.Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгч Б.Ө нь 2016 оны 02 дугаар сараас эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх ба энэ үеэс шаардах эрхийг тоолох нь зүйтэй" гэсэн нь бодит байдлыг буруу дүгнэсэн. Хариуцагч компани нь утсаар халлаа гэж хэлэхтэйгээ хамт орон тоо гартал түр хүлээ, охин компани буюу Хөтөл цемент шохой ХК-д дүйцүүлэх ажил олж өгнө гэх зэргээр харилцан зөрчилтэй мэдээллүүдийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн ажилтан удаа дараа хүсэлт өргөдөл гаргаж удирдлагуудад хандахад ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийг өгөхгүй хадгалж, ямар үндэслэлээр ажлаас халсанаа хэлэхгүй, ажил хүлээлцэн хэрэглэж байсан эд хөрөнгө, сандал ширээг хүлээн авахгүй байсан тул би халагдаагүй гэсэн итгэл үнэмшлийг ажилтад төрүүлж байсан байна. Хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ хангалттай тодорхой биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож буйг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс буюу халагдах тушаал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцох нь шудрага ёсны зарчимд болон хуулийн шаардлагад аль алинд нь нийцэж байна. Нэхэмжлэгч Б.Ө нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу “Х” ХХК-д ажиллаж байх хугацаандаа хэт ажлын ачааллаас шалтгаалж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгт 2 сартай жирэмсний хяналтад орсон боловч 3 cap гарантай болоход өсөлтгүй гэсэн оноштойгоор жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалбар болгожээ. Тэрээр эмчилгээтэй байсан хэдий ч 2016 оны 6 дугаар сард ажилд орох талаар өргөдөл бичээд уулзсан боловч түүнд хүлээж бай гэсэн хариултыг өгсөн. Б.Өнөрмаа нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд" кесвер хагалгаагаар Д.Хүслэн охиноо өлгийдөж авсан ба хүүхэд нь тархины даралттай төрсөн учраас байнгын эмчийн хяналтад байж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өөрийн бие болон нялх хүүхдээ явдлын аян даах чадвартай болох хүртэл асарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Цэц билэг хуулийн байгуулагаар дамжуулж ажлаас чөлөөлөх тухай А/46 тушаал болон нийгмийн даатгалын дэвтэрээ гардан авч энэ өдөр өөрийгөө ажлаасаа халагдсан гэдгээ бүрэн ойлгосон байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлыг тайлбарлан түүнийг нотлох баримтыг гарган хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож хэргийг шийдвэрлэн өгнө үү гэдэг хүсэлт, тайлбарыг гаргасан. Гэтэл шүүх энэ талаар огт дурдаагүй гэж буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ө хариуцагч “Хө” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдан, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч нь Ерөнхий механикийн хэлтэст барилгын инженерээр ажиллаж байсан ба хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/46 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

       /хх 8, 36-37 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага А/46 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ө-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг заажээ. Нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гардуулсан үйл баримт тогтоогдсон энэ талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.      /хх-8 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн ажил дууссан гээд ажлаас халсан гэж утсаар ярьсан бөгөөд ямар нэг тушаал шийдвэр өгөлгүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, “Х” ХХК-д хэд хэдэн удаа ажлаас чөлөөлсөн тушаал болон бичиг баримтаа авахаар очиход “Цемент шохой” ХК-иас тойрох хуудас авч ирсэн хойно өгнө гэсээр өдийг хүрсэн” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 51 дүгээр талд нэхэмжлэгч Б.Ө-н 2016 оны 2 дугаар сары 22-ны өдөр “Бейзмент” ХХК-д “миний бие цаашид уг компанид ажиллана гэсэн зорилготойгоор өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл суралцахаар чөлөө авсан. Гэтэл чөлөөний хугацаанд төслийн ажил дууссан хаана ажиллах, хэнтэй уулзах нь тодорхойгүй өнөөг хүрч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 1 сараар тасалдаж ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд миний урьд ажиллаж байсан хичээл зүтгэлийг үнэлж 2015 оны 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөс гаргуулан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцлийг хангахад туслаж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдөл гаргасан байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг хооронд харьцуулан  дүгнэвэл хариуцагч нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгийн хэлбэрээр гардуулсан боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан болохыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар мэдсэн тул энэ үеэс шүүхэд хандан гомдол гаргах боломжтой байсан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв. Хариуцагч байгуулага нэхэмжлэгч Б.Ө-г ажлаас чөлөөлсөн тухай А/46 тоот тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж бичгийн баримт үйлдээгүй нь хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг тоолохгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн жирэмсний хяналтанд байсан эмнэлэгт үзүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ