Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00606

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 02 001/ХТ2021/00606

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн *******холбогдох,

 

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Л.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Л.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.08.28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******Түүх нийгмийн ухааны багшийн ажилд орсон. Ийнхүү ажиллаж байх хугацаанд сургуулийн захирал Л.Оюунцэцэг нь намайг хавчин гадуурхаж, хичээлийн анги танхимаар хангаж өгдөггүй байсан. Улмаар 2019.12.04-ний өдрийн Б/54 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үндэслэлгүй халсан. Энэхүү тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2020.02.04-ний өдрийн 181 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч энэхүү шийдвэрийг огт биелүүлээгүй байна. Шийдвэрийг биелүүлэх талаар олон удаа захиралд хандаж амаар хүсэлт тавьсан боловч огт биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019.12.04-ний өдрөөс 2020.02.04-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсны олговорт 2,363,154 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие энэхүү шийдвэрт заасан цалин хөлсөө одоо болтол авч чадалгүй явж байна. Иймд хариуцагчаас 2020.02.04-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь тус сургуульд 2019.08.29-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн ухааны багшаар түр томилогдон ажиллаж байсан. Багш *******той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн захирлын 2019.12.04-ний өдөр Б/54 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ******* нь 2019.12.30-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрээр *******г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан /2019.12.04-ний өдрөөс 2020.02.04-ний өдөр хүртэлх/ хугацааны цалин 2,363,154 төгрөгийг сургуулиас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, олговроос зохих суутгал хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тус шүүхийн 2020.04.06-ны өдрийн 142/ШЗ/2020/01979 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, №363, №364 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, үүний дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагааг хийж байна. Одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төсвийн эрх нээгдээгүй байгаа бөгөөд зохих байгууллагаас санхүүжилт орж, сургуулийн төсвийн эрхийг нээсний дараа *******гийн ...ажилгүй байсан хугацааны цалин 2,363,154 төгрөгийг сургуулийн данснаас татан суутгуулахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон болно. Мөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш М.Оюунтуяа нь 2020.02.14-ний өдөр түүх нийгмийн ухааны багшийн ажилдаа эргэж орох өргөдлөө сургуулийн захиргаанд гаргасан бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу М.Оюунтуяаг тус сургуулийн 2020.02.17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажилд нь эгүүлэн авсан болно. Нэхэмжлэгч ******* нь М.Оюунтуяа багшийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар буюу түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3,018,091 төгрөгийг гаргуулан *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Орхон аймаг Баян-Өндөр сумын *******даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 63,239 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...******* нь тус сургуульд 2019.08.29-ний өдрөөс эхлэн түүх нийгмийн ухааны багшаар үндсэн дээр тус сургуулийн захирлын 2019.12.04-ний өдөр Б/54 түр /жирэмсний болон амаржсаны амралттай байгаа багш М.Оюунтуяаг ажилдаа эргэж орох хүртэл/ томилогдон ажиллаж байсан ******* нь 2019.12.30-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрээр *******г Орхон аймаг, Баян-Өндөр сумын *******түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Шүүх тухайн асуудлыг дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд болон ажилд анх авсан тушаалд *******г түүх нийгмийн ухааны багшаар түр ажиллуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ажил олгогч ажилтан нарын хооронд хугацаатай байгуулагдсан түр гэрээ гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь жирэмсний болон амаржсаны амралттай байгаа М.Оюунтуяа багшийг ажилдаа эргэж орох хүртэлх хугацаатайгаар ажиллаж байсан нь нотлогдсон тул шүүх *******г түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр одоо хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагч Ерөнхий боловсролын 3-р сургууль нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай шийдвэрийг биелүүлэн *******г 2020.02.12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авсан. Гэтэл 2020.02.14-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралттай, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа М.Оюунтуяа багш түүх нийгмийн ухааны багшийн албан тушаалдаа эргэж орох хүсэлтээ гаргасан тул тус сургуулийн захирлын 2020.02.17-ны өдрийн тушаалаар түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд ажиллаж байсан *******г ажлаас чөлөөлж, М.Оюунтуяаг түүх нийгмийн ухааны багшийн ажилд нь авсан байна. Сургуулийн захирлын үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш харин ч хуулийг биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан ба ******* нь түүх нийгмийн ухааны багшийн түр албан тушаалд ажиллаж байх хугацаанд М.Оюунтуяа багшийн ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх бөгөөд ажилдаа эргэж орсноор *******гийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 142/ШШ2020/00658 дугаартай шүүхийн шийдвэрээр ...*******г ажлаас чөлөөлсөн гэх боловч тухайн тушаалуудаа түүнд мэдэгдэж, танилцуулаагүй, гардуулаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн ...захирал *******д тушаал гарсан гэж хэлсэн гэсэн, тушаалаа ав гэхэд авалгүй гараад явсан гэсэн, тушаалаа авахгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сонирхолтой байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нотлогдоогүй гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч ******* нь ...Б/02, Б/04 дугаар тушаалуудыг өнөөдөр л харж байна, энэ тушаалуудыг нөхөж гаргасан байх. Би сургууль дээр 2020.05.06-ны өдрийг хүртэл байнга очиж байсан. Захирал надад тушаалын талаар юу ч хэлээгүй. Харин ч яасан нь мэдэгдэхгүй таг болчихоор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан. Анх надад Оюунтуяа багшийн оронд түр ажилд орж байгаа гэж хэлээгүй. Бүр орон тоон дээр орж байгаа гэчхээд тушаал гаргахдаа түр гэж гаргасан байсан... гэсэн нотлогдсон эсэх нь тодорхойгүй тайлбарыг үндэслэн хэргийн оролцогчийн тэгш оролцох боломжийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна. Хариуцагч талаас *******д ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн талаарх тушаал гарсан талаар удаа дараа мэдэгдсэн боловч тушаалаа ирж, гардаж аваагүй бөгөөд дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарсантай холбоотойгоор сургуулийн сургалтын болон дотоод үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосон ба багш нарыг сургууль дээр цуглуулахгүй, гэрээсээ цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах болсонтой холбоотойгоор *******д тушаалуудыг нь удаа дараа мэдэгдэж байсан хэдий ч албан ёсоор гардуулж чадаагүй болно. *******д 2020.05.27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн байна. М.Оюунтуяа багш нь 2020.02.17-ны өдрөөс хойш цалингаа авсан болохыг нотолсон, түүний нийгмийн даатгалын дэвтрийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх үнэлэлгүй дан ганц тушаал гардуулаагүй гэдэг үндэслэлээр 2020.02.04-ний өдрөөс 2020.05.19-ний өдрийг хүртэл цалинг нь давхардуулан гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Төсвийн байгууллага нь нэг ажлын байран дээр нэг л хүнд цалин өгөх ёстой байдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр даргалагч шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухдаа дараагийн багшийг ажилд аваад цалин өгсөн гэж байна. Багш М.Оюунтуяагийн нийгмийн даатгалын дэвтэр яагаад баталгаажаагүй юм бэ? гэж асуусан бөгөөд шүүхэд М.Оюунтуяа багшийн нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 03, 04-р саруудын цалингийн зохих бичилтийг хийж, Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчаар баталгаажуулаад нотариатчаар гэрчлүүлээд анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байхад баталгаажуулаагүй байна гэж нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 142/Ш32020/02640 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг 2020.05.19-ний өдрийн 10:30 минутанд хэлэлцүүлэхээр шүүх хуралдааны товыг тогтоосныхоо дараа шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой хүсэлтийг шүүгч 2020.05.12-ны өдрийн 142/Ш32020/02641 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Цолмонгийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, тус шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаартай *******гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн *******холбогдох хэргийг шүүх хуралдаан дээр бүхэлд нь судлахаар шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжпэгч ******* 2020.05.15-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүгч 2020.05.15-ны өдөр 142/Ш32020/02768 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагаас М.Оюунтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл хэзээнээс төлөгдөж эхэлсэн талаарх баримтыг 2020.05.19-ний өдрийн дотор тус шүүхэд ирүүлэхийг даалгасан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэгт 2020.05.15-ны өдрийн нэхэмжлэгч *******гийн гаргасан хүсэлтүүдийг болон 2020.05.15-ны өдөр 142/Ш32020/02768 дугаартай хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг мэдэгдэж, танилцуулалгүй шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн үйл ажиллагааны /процессийн/ ноцтой алдаа гаргалаа. Мөн тус шүүгчийн захирамжаар М.Оюунтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл хэзээнээс төлөгдөж эхэлсэн талаарх баримтыг 2020.05.19-ний өдрийн дотор гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдааныг 2020.05.19-ний өдрийг дуусгахгүйгээр 2020.05.19-ний өдрийн өглөөний 10:30 минутанд шүүх хуралдааныг хийсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд бүрдүүлж өгөх хугацааг олголгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагуудыг тус тус хангаагүй, шүүхийн дотоод үйл ажиллагаандаа хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй процессийн алдаа гаргасан байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 142/ШШ2020/00658 дугаартай шүүхийн шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг баримтлан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын 3,018,091 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* нь жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш М.Оюунтуяагийн оронд түр ажиллаж байсан. М.Оюунтуяа багш сургуулийн захирлын 2020.02.17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилдаа эргэж орсон тул *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар гарган маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******2019.8.29-ний өдрөөс түүх, нийгмийн ухааны багшаар томилогдон ажиллаж байгаад, тус сургуулийн захирлын 2019.12.04-ний өдрийн Б/54 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Улмаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 142/ШШ2020/00181 дугаар шийдвэрээр *******г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд 2 шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020.02.04-ний өдрөөс 2020.5.19-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн олговорт 3,018,091 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагчаас, *******г сургуулийн захирлын 2020.02.12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажилд авсан боловч багш М.Оюунтуяа ажилдаа буцаж орсноор сургуулийн захирлын 2020.02.17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн, цалин давхардах үндэсгүй гэж маргах боловч нэхэмжлэгчийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн гэх дээрх тушаалуудыг нэхэмжлэгчид мэдэгдэж, танилцуулаагүй, мөн гардуулаагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунцэцэгийн гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00658 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Б.УНДРАХ

 

Г.ЦАГААНЦООЖ