Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00607

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 02 001/ХТ2021/00607

 

 

 

Ш.Балжиннямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

Ш.Балжиннямын нэхэмжлэлтэй,

Баяндулаан-Уул ХХК-д холбогдох,

Дутуу олгосон цалингийн зөрүү 11,929,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.05.07-ны өдөр Ш.Балжинням миний бие Баяндулаан-Уул ХХК-д малчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019.12.12-ны өдөр хүртэл ажилласан юм. Анх ажилд ороход малчны үндсэн цалин 400,000 төгрөг, малын тоо толгой нас хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан. 2019 онд 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцуулан ажиллуулсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу өгдөг байдлаас болж ажил олгогч бидний хооронд маргаан үүсч улмаар цаашид хөдөлмөрөө мөлжүүлэн ажиллах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлж 2 сарын өмнө ажлаас халагдах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад 2019.12.12-ны өдөр миний хариуцсан малыг комисс гарган хүлээн авсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байна. Цалин дутуу өгсөн талаар санхүүгийн ажилтнаас асуухад нэг бүрийн үнэ 25,000,000 төгрөгийн үнэтэй 2 толгой үхэр үхүүлсэн тул 50,000,000 төгрөгийн 95%-иас хөнгөлж, 5% буюу 2,500,000 төгрөгийг төлүүлнэ гэж хэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь мал муудах үед малын эмч болон санхүүгийн удирдах дарга нартай хэлж малын эмч авчирч үзүүлдэг. 2018 оны 10 сард хоёр үхрийн бие муу байгаа талаар хэлж газар дээр нь малын эмч ирж үзээд өвчилсөн байна, үүнийг алж хогийн цэг дээр аваачих шаардлагатай гэж хэлээд өөрөө цусалж хогийн цэг дээр чирч аваачиж хаясан байтлаа хуурамчаар акт үйлдэж, миний гарын үсгийг хэн нэгнээр зуруулж зүй бусын хоргодол гаргасан гэж хорогдсон малд олгох тодорхойлолт бичсэн байдаг. Миний бие зөвхөн 2019 оныхоо авах ёстой цалинг тооцон өгөөгүй үлдсэн зөрүү цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2019 оны 12 сар хүртэл ажиллахад 1-11 сарын цалин 17,807,600 төгрөгийн цалин авахаас 5,877,995 төгрөгийн цалин надад олгосон байдаг. Үүнийг би өөрийн дансанд шилжүүлсэн цалингаа түүвэрлэн тооцож үзсэн. Тэгэхэд 2019.02.03-ны өдөр 690,560 төгрөг, 218,600 төгрөг, 2019.02.22-ны өдөр 846,900 төгрөг, 2019.03.07-ны өдөр 239,927 төгрөг, 2019.03.19-ний өдөр 992,150 төгрөг, 2019.04.03-ны өдөр 257,142 төгрөг, 2019.04.12-ны өдөр 282,600 төгрөг, 2019.05.09-ний өдөр 298,600 төгрөг, 2019.07.10-ны өдөр 119,253.50 төгрөг, 2019.07.18-ны өдөр 119,263.50 төгрөг, 2019.08.09-ний өдөр 263,600 төгрөг, 2019.08.29-ний өдөр 191,160 төгрөг, 2019.10.07-ны өдөр 268,600 төгрөг, 2019.11.07-ны өдөр 263,600 төгрөг, нийт 5,877,995 төгрөгийн цалин энэ онд авсан байгаа. Гэтэл миний бие үндсэн 400,000 төгрөгийн цалингаас гадна маллаж байгаа малынхаа тоо толгойн нэг бүрийн хөлс болох дараах цалинг нэмж авах ёстой байсан боловч өгөөгүй үүнийг нэг бүрчлэн жагсаавал: 2019 оны 01, 02, 03-р сард 1,473,000х3=4,419,000 төгрөг, 04-р сард 1,485,000 төгрөг, 05-р сард 1,035,600 төгрөг, 06-р сард 1,045,200 төгрөг, 07-р сард 1,041,900 төгрөг, 08-р сард 1,044,300 төгрөг, 09-р сард 822,300 төгрөг, 10-р сард 1,259,700 төгрөг, 11-р сард 1,254,600 төгрөгийн нийт 13,407,600 төгрөг дээр үндсэн цалинг нэмэхэд 400,000 төгрөгийг 11 сараар үржүүлэхэд 4,400,000 төгрөг бүгд цалин 17,807,600 төгрөг болж байгаа билээ. Ингээд 17,807,600 төгрөгийн авах ёстой цалингаас авсан 5,877,995 төгрөгөө хасахад надад олгогдоогүй цалингийн зөрүү 11,929,605 төгрөг болж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас Ш.Балжиннямын 2019 оны цалингийн тооцооллыг санхүүгийн баримтнаас нэг бүрчлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Эндээс харахад Ш.Балжиннямд үндсэн болон нэмэгдэл цалинг сар бүр олгож байсан бөгөөд хуулинд зааснаар хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас хасаж тооцон олгож байсан байна. Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн компаниас авсан эд зүйл болон өвлийн идэш гэх мэт зүйлүүдийн төлбөрийг цалингаас тооцож суутгадаг. Нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд сар болгон үндсэн болон урамшууллын цалин орсон байдаг. 2019 онд 12 сараас бусад өгөх ёстой бүх цалингаа тооцож олгосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.7-д Туршилтын хугацаа дуссаны дараа гэрээг сунгасан тохиолдолд зөрүү цалин олгох ба зөрүү цалин нь тухайн малчны маллаж буй малын төрөл, нас хүйс зэргээс хамааран Малчны зөрүү цалин олгох журам-ын дагуу тооцогдоно гэж заасан боловч Ш.Балжиннямд туршилтын хугацаанд зөрүү цалинг сар бүр олгож байсан байна. Урьд шүүх хурлаас хойш өнөөдрийг хүртэл Ш.Балжинням нь ажлаа бүрэн гүйцэд хүлээлгэн өгч тооцоогоо хийж дуусгаагүй байгаа. Сар бүрийн цалин олгосон баримтаас харахад үндсэн цалин болон урамшууллыг нэхэмжлэгчид олгосон гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-иас Ш.Балжиннямд дутуу олгогдсон үндсэн болон урамшуулалт цалин нийт 5,454,623 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,474,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-иас 102,224 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 513 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Нийт 5.454.623 төгрөг гэснийг 3.611.128 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.318.477 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,824 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,728 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 103,860 төгрөгөөс гомдол хангагдсан үнийн дүнгээс тооцож 72,728 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр ИХШХШТХ-ийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Гомдлын утга: Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ хариуцагч талаас нотлох баримт болгон ирүүлсэн санхүүгийн баримтууд дээр түшиглэн дутуу олгосон цалингийн тооцооллыг хийсэн болохыг дурдав гэжээ... Шүүхээс 2019 оны 01-р сараас 2020 оны 11-р сарын үндсэн цалин болон урамшуулалт цалинг тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, санхүүгийн баримтанд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэснээ дурдсан атлаа тухайн санхүүгийн баримтанд нэхэмжлэгч Ш.Балжиннямын хувийн хэрэгцээнд авч хэрэглэсэн хүнсний зүйл /гурил будаа, элсэн чихэр/, хүнсний хонь, ямаа болон уналгын морь, эмээл хазаар гэх мэт цалингаас хийгдсэн суутгалуудыг анхаарч үзээгүй. 2019 оны 06, 07, 08, 09-р саруудын зөрүү цалинг дээрх авлагад суутгасан болохыг дүгнээгүй, 2019 онд Ш.Балжинням нь Баяндулаан-Уул ХХК-д 3,200,000 төгрөгийн өр авлага үүсгэсэн байсан. Үүссэн өр авлагад нэхэмжлэгч тал маргаагүй, няцаах баримт гарган ирүүлээгүй атал зөрүү цалингаас олгогдоогүй гэх 3,531,128 төгрөгийн тооцоо гаргасан. Хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн нотлох баримтанд зөрүү цалингаас ямар суутгалууд хийгдэж байсан нь маш тодорхой байтал шүүх үнэлээгүйд мөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд 2020.09.22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 64 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Балжинням ...анх ажилд орохдоо малчны үндсэн цалин 400.000 төгрөг, малын тоо, толгой, нас, хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан, ...2019 онд 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцуулан ажиллуулсан боловч цалингаа бүрэн өгдөггүй, дутуу өгснөөс болж ажил олгогч бидний хооронд маргаан үүссэн, цаашид хөдөлмөрөө мөлжүүлэн ажиллах хүсэлгүй... гэж марган, дутуу олгосон цалингийн зөрүү 11,929,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжилсэн төлбөрт 5,454,623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 6,474,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс 3,611,128 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч ...иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 51 дүгээр зүйлийн 51.1-д Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж тус тус заасан.

 

Баяндулаан уул ХХК-ийн захирлын 2017.5.09-ний өдрийн 55 дугаар тушаалаар Ш.Балжиннямыг тус компанид малчнаар ажиллуулж, Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай /2017.5.08-ны өдрөөс 2021.5.25-ны өдрийг хүртэл/ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр талууд үндсэн цалинг 400,000 төгрөгөөр, ...үндсэн цалин дээр бусад нэмэгдэл цалин олгохоор, ...талуудын хүлээх хариуцлагын талаар харилцан тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн байхад, анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг 2 өөрөөр буюу хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах харилцаа үүссэн гэж, мөн давж заалдах шатны шүүхээс ...энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх шинжтэй, гэрээний зүйл нь мал маллах ажиллагаа бөгөөд хөлсийг сар тутамд тооцож өгч авахаар тохиролцсон, ...гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон... гэж тус тус дүгнэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5,454,623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны үндсэн цалин болон түүнээс хийсэн шимтгэлүүдийг тооцож, нэхэмжилсэн цалингаас нийтдээ 5,510,182 төгрөг олгогдсон гэж дүгнэн, 3.611.128 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжилсэн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн нотлох баримтанд зөрүү цалингаас ямар суутгалууд хийгдэж байсан нь маш тодорхой байхад..., мөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна. ...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хариуцагч Баяндулаан уул ХХК-иас 3,611,128 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Балжиннямд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,318,477 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ